Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02051

 

 

 

 

 

 

 

 

2022 11 30 210/МА2022/02051

 

 

 

 

Х.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/02606 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,256,646 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гарьдхүү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр кредит картын гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, жилийн 24 хувь, бэлэн зарлагын хүү сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй байхаар тохиролцож, 12 сарын хугацаагаар зээлж авсан. Карт эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан хэдий ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, энэ зээлийг аваагүй, манай захирал авч хэрэглэсэн гэх тайлбар хэлдэг ба карт хариуцсан мэргэжилтэн картыг эзэмшигчид хүлээлгэн өгдөг. Тухайн карт пин кодтой, нууцлалтай учир өөр хүн ашиглах боломжгүй. Иймд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зарцуулсан дүн 4,967,935 төгрөг, хүүгийн авлага 3,241,718 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 8,993 төгрөг, шимтгэлийн авлага 32,000 төгрөг, нийт 8,256,646 төгрөгийг хариуцагч Б.Дгээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Ти Би импайр ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа захирал Г.Гарьдхүүгийн хүсэлтээр 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар банкинд кредит картын зээлийн шалгуурт тэнцэн, ямар ч зээл судлалгүй зээлийн гэрээнд шууд зуруулж авсан. Харин карт нь 2-3 хоногийн дараа гарна гэж хэлж байсан. Миний бие картыг гартаа ч барьж үзээгүй бөгөөд Улаанбаатар банк өөрсдөө картыг авч, миний зөвшөөрөлгүйгээр 5,000,000 төгрөгийг Ти Би импайр ХХК-ийн зээлд хийсэн байсан. Компанийн захирал Г.Гарьдхүү нь зээлийг хариуцан төлж барагдуулна гэж байсан боловч бизнес нь хүнд байдалд орж одоог хүртэл төлөөгүй. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар гэрээний дагуу 5,685,296 төгрөгийн төлөлт хийсэн нь кредит картын дансны хуулгаас харагддаг. Шүүхэд өгснөөс хойшхи хугацаанд нэхэмжилж буй хүүгийн авлага 3,241,718 төгрөгөөс өмнөх хүү тооцооллыг хасаагүй, дахиад хүү нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус эргэлзээтэй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Ти Би импайр ХХК-ийн захирал Г.Гарьдхүүгээр төлүүлж надад үүссэн хохирлыг барагдуулахыг хүсч байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр кредит картын гэрээ байгуулж, зээлийн карт авах захиалга өгсөн. Кредит карт миний гар дээр ирээгүй байхад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр банк картаас 3 удаагийн давтамжтай пос машинаар 5,000,000 төгрөг татсан байсан. Б.Д нь гар дээрээ картаа аваагүй, өөрийнх нь эзгүйд картаас мөнгө татах эрхийг хэнд ч олгоогүй байхад банк дур мэдэн картын таталт хийж, Ти Би импайр ХХК-ийн зээлд суутгасан. Холбогдох хуульд банкнаас зээл олгоход зээлийн хувийн хэрэг байна гэж заасан, гэтэл хувийн хэргийн бүрдүүлбэрийн дагуу материал бүрдүүлээгүй, зээлийн шаардлага хангаж байгаа эсэхийг судлаагүй. Иймд Х.Х.Б болон Б.Д нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан хэлбэрийг зөрчиж хийсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 8,256,646 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаардаг. Тус зээлийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулах шаардлага тавигддаг, талууд кредит картын гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан. Үндсэн зээл, хүүгийн авлага, хугацаа хэтрэлтийн шимтгэл, шимтгэлийн авлага, зарцуулсан дүнгийн нарийн задаргаа нь тухайн зээлийн гэрээн дээр тодорхой байгаа. Иргэний эрх зүйн зарчмаар тэгш эрх, сайн дурын үндсэн дээр 2 тал зөвшилцөж гэрээ байгуулдаг. Банкнаас олгох зээлтэй холбогдох харилцааг Иргэний хуулиас гадна бие даасан хууль болох Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулах бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 8,256,646.19 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, хариуцагч Б.Дгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ККГ1901/191021 тоот кредит картын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,056 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 147,057 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс 147,057 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч Б.Д нь кредит картыг гар дээрээ аваагүй, зээлийн судалгаа хийлгүй шууд гэрээнд зуруулсан бөгөөд нэхэмжлэгч тал карт хэрхэн гардуулж өгсөн баримтаа гаргаж өгөөгүй, зээлийн картыг дур мэдэн давуу эрхээ ашиглан өөрсдийн ПОС машин, бэлэн мөнгөний АТМ зэргээс гаргаж бусдын/Ти Би импайр ХХК-ийн зээлд хасалт хийж эргэн төлөлт болгож, өр төлбөр төлсөн байхад энэ тухай баримтаа гаргаж мөн карт зурсан ПОС машины байршлыг тогтоох хүсэлт гаргасан байхад тухайн хүсэлтийг хүлээн авалгүй хэт нэг талын эрх ашгийг хангасан байдлаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмж нотлох баримтыг гаргуулсны дараа анхан шатны шүүх хуралдааныг явуулах үндэслэлийг хангаж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргасан хүсэлтийг шүүх тухай бүр шийдвэрлэж байсан. Хариуцагч талаас кредит картны эхний 3 гүйлгээ гарсан пос машины байршил, камерын бичлэг зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангахгүй орхисон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, тайлбарыг нотлох баримтуудыг талууд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрээс пос машины байршил, камерын бичлэг зэрэг нь заавал шүүхийн журмаар гаргуулах баримт биш байна гэж дүгнэсэн нь харагдаж байгаа. Шүүх аль нэг талд давуу байдал олгож, хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь хариуцагч Б.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,256,646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл үр дагаврыг шаардах байтал энэ талаар шаардлага гаргаагүй, сөрөг нэхэмжлэл нь татгалзлын үндэслэл байхад шүүх хүлээн авч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт нийцэхгүй.

Улаанбаатар хотын банк ХХК-ийг нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-тай нэгтгэсэн талаар 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийцсэн. (хэргийн 4 дэх тал)

 

3. Улаанбаатар хотын банк ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Дтэй ККГ1901/191021 дугаартай кредит картын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг 12 сарын хугацаатай ашиглах, бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, зээлийн хугацаа хожимдуулсны шимтгэл сарын 1 хувь байхаар харилцан тохиролцсон байна. (хэргийн 13-16 дахь тал)

Б.Д нь банк түүнээс зөвшөөрөл авалгүй картыг дур мэдэн ашиглаж 5,000,000 төгрөгийг Ти Би импайр ХХК-ийн зээлд төлүүлсэн гэж маргасан хэдий ч тэрээр Ти Би импайр ХХК-ийн захирал Г.Гарьдхүүтай тохирсны үндсэн дээр кредит картын зээлийн гэрээг Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан, мөн тухайн зээлд эргэн төлөлтүүд (нийт 2,135,294.90 төгрөг) хийгдсэн талаар талууд маргаагүй, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

4. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн зээлдэгчээс зээлийн зарцуулалт болон эргэн төлөлт хийсэн зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчлийг зээлийн дансны хуулга, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн шүүх тогтоож, гүйцэтгээгүй үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн. (хэргийн 9, 51-55 дахь тал)

5. Харин нэхэмжлэлд дурдсан зээлийн үлдэгдэл 4,967,935.10 төгрөг, зээлийн хуримтлуулсан хүү 3,241,718.33 төгрөгийн тооцоолол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

5.а. Хариуцагч 12 удаагийн гүйлгээгээр нийт 7,103,230 төгрөгийн зээл авч, үүнээс зээлд 3 удаагийн гүйлгээгээр 2,135,294.90 төгрөг, зээлийн хүүд мөн 3 удаагийн гүйлгээгээр 394,605.10 төгрөг, шимтгэл 20,000 төгрөг, нийт 2,549,900 төгрөг төлсөн байна.

5.б. Хариуцагчаас зээлийн төлбөрт төлсөн гэх 5,685,296.23 төгрөг нь картын дансны хуулгын төлөлт баганын нийт дүн бөгөөд үүнд 3,134,175.99 төгрөгийн хүүний залруулалт багтсан буюу бодитой төлөлт биш байна.

5.в. Мөн хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сүүлийн зарцуулалт буюу 3,500 төгрөгийн зээл авсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн тооцоололд хэсэгчлэн авсан зээл тус бүрд ашигласан хугацаагаар хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

6. Харин хугацаа хэтрүүлсний шимтгэлийн талаарх талуудын тохиролцоо хуульд заасан шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал, зээлийн гэрээний 2.7-д төлбөр төлөх өдрөөс өмнө заавал төлөх төлбөрийг төлөөгүй бол заавал төлөх төлбөрийн хэмжээнээс хугацаа хожимдуулсны шимтгэл сарын 1 хувь (хамгийн багадаа 10,000 төгрөг)-иар тооцно гэж тусгасан нь нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тодорхой заах тухай Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчид энэ төрлийн хүү шаардах эрх үүсэхгүй тул хугацаа хэтрэлтийн шимтгэл 8,993 төгрөг, шимтгэлийн авлага 32,000 төгрөг шаардсаныг хангах үндэслэлгүй.

7. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан гэх 6,000 төгрөгийн зардлын хувьд, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчил, хохирлын шалтгаант холбоо тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Хариуцагч давж заалдах гомдолдоо ... карт зурсан ПОС машины байршлыг тогтоох хүсэлт гаргасан байхад тухайн хүсэлтийг хүлээн авалгүй хэт нэг талын эрх ашгийг хангасан гэж дурдсан ба шүүх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн тул уг гомдол үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт, мөн нэхэмжлэлийн шаардлагын 8,209,653 төгрөгт холбогдох хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/02606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дгээс 8,209,653 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс 147,056 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,057 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч Б.Дд олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,057 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА