Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02073

 

 

 

 

 

 

 

2022 12 05 210/МА2022/02073

 

Ж.Д.Ү.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02724 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Д.Ү.Гнэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК, Н.А холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 311,997,930 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч Н.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 49 дүгээр Агентлаг байгуулах тухай тогтоол, Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-273 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж.Д.Ү.Гт шилжүүлсэн. Зээлдэгч Б ХХК-ийг төлөөлж захирал Г.Цэвээнравдан нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 125/2017/3-19 тоот зээлийн болон 125/2017/Б-19 тоот барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, 200 тн хөргүүр, 5 тн гүн хөлдөөгч бүхий мах шулж, ангилах үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Н.Ариунболдын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Туул *хэсэг гудамж, * тоот хаягт байрлах, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, *3 гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, ажилчдын байрын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, * гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, * гэрчилгээний дугаартай, *м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах, * нэгж талбарын дугаартай, * гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, гахай шувууны аж ахуй, төмс хүнсний ногооны зориулалтай газрыг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн ба зээлийн төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж, 1609 хоног хугацаа хэтэрсэн тул зээлдэгчид зээл төлөх талаар мэдэгдэж, шаардлага хүргүүлж, төслийн үйл ажиллагаатай танилцах мониторингийн шалгалтын үеэр мөн мэдэгдсэн боловч төлөөгүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 16,013,680 төгрөг, алданги 95,984,250 төгрөг, нийт 311,997,930 төгрөгийг гаргуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Н.Ариунболдын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Туул *хэсэг гудамж, * тоот хаягт байрлах, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, *3 гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, ажилчдын байрын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, * гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, * гэрчилгээний дугаартай, *м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах, * нэгж талбарын дугаартай, * гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, гахай шувууны аж ахуй, төмс хүнсний ногооны зориулалтай газрыг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд хүсэлт гарган 5 тонн гүн хөлдөөгч, 200 тонн хөргүүртэй зоорь бүхий малын махыг шулж, ангилан зах зээлд нийлүүлэх зорилгоор зээл авсан. Зээлээ зориулалтын дагуу хэрэглэж 2017 оны 10 дугаар сард Авто хөргөлт ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 5 тонн хөлдөөгч 1 ширхэг, 100 тонн махны зоорь 2 ширхэг, мах ангилж, шулах үйлдвэрийн байр зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьсан. Зээлийн гэрээний 1.3-т заасан зээлийн хугацаа 60 сар дуусаагүй байгаа. Мөн үйлдвэрийн барилгын ажил нэг жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сараас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эхлэх үед дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэний улмаас өнгөрсөн 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, энэ хугацаанд зээлийн хугацааг хойшлуулахаар уулзсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн. Төслийг хэрэгжүүлэн эргээд олсон ашгаараа зээлсэн мөнгийг буцаан төлөх тооцооллын үндсэн дээр уг зээлийг авсан бөгөөд цар тахлын улмаас бизнес эрхлэх ямар ч нөхцөл боломж бүрдээгүй, хил гааль хаагдсан тул зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлэх шалтгаан болсон. Манай компанийн зүгээс зээлийг төслийн зориулалтын дагуу ашиглаж, гүн хөлдөөгч, зоорийн хөргүүр, үйлдвэрийн байр зэргээ бүрэн барьсан, энэ жилээс үйл ажиллагаа жигдрэх боломжтой буюу үйлдвэрлэл явуулан олсон орлогоороо зээлийг буцаан төлөх боломжтой учир цар тахлын улмаас үйлдвэрлэл явуулаагүй 3 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан тохиолдолд төсөл бүрэн хэрэгжих боломжтой. Зээлдүүлэгч тал нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн мөнгийг шүүхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд дээр дурдсаныг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 125/2017/3-19 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б ХХК, Н.Анараас 311,997,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д.Ү.Гт олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Ариунболдын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Туул *хэсэг гудамж, * тоот хаягт байрлах, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, *3 гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, ажилчдын байрын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, * гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, * гэрчилгээний дугаартай, *м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах, * нэгж талбарын дугаартай, * гэрчилгээний дугаартай, * м.кв талбайтай, гахай шувууны аж ахуй, төмс хүнсний ногооны зориулалтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б ХХК, Н.Анараас улсын тэмдэгтийн хураамжинд 1,707,940 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө Г.Цэвээнравдан хөдөө ажлаар явж байгаад автомашин нь эвдэрч сүлжээгүй буюу холбоо барих боломжгүй газар байсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл үүссэн. Өмгөөлөгчийн хувьд тус шүүх хуралдаанд хариу тайлбарт дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа баримт материалыг хуулбарлаж өгснийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн. Г.Цэвээнравдан хөдөөнөөс ирээгүй тул нотариатаар баталгаажуулсан баримт гаргаж өгөөгүй. Нотлох баримт гаргуулах, хариуцагч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй.

4.б. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой дурдаж, энэ талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн атал шүүхээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.в. Засгийн газраас цар тахалтай холбоотой зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсныг харгалзаж үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь зээлээр төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. 2022 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн зээлийн харилцаа 2022 оны 09 дүгээр сар хүртэл үргэлжлэх хугацаатай, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул энэ өвөл мах бэлтгэх үйл ажиллагаа явуулснаар зээлийн буцаан төлөх боломжтой. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.а. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, нотлох баримтын шаардлага хангасан баримт гаргахаар товлогдсон шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. Хойшилсон 14 хоногийн хугацаанд нотлох баримт гаргаж өгөх хугацаа хангалттай байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг хариуцагч талаас өгсөн.

5.б. Хэргийн 76 дугаар тал дахь Б.Ариунболдоос олгосон итгэмжлэлээр Г.Цэвээнравдан нь түүнийг төлөөлөх эрхтэй учраас Б.Ариунболдод хурлын товыг мэдэгдэх шаардлагагүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг шүүхээс хязгаарлаагүй учраас энэ нь хариуцагчийн хувийн зохион байгуулалттай холбоотой. Өмгөөлөгч хэргийн материал байхгүй, үйлчлүүлэгч ирээгүй учраас шүүхэд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх тайлбар өгсөн. Шүүх хуралдаан 14 хоногийн хугацаагаар хойшлоход өмгөөлөгч нь тухайн үйлчлүүлэгчтэй холбогдоогүй болох нь гомдолд дурдсан нөхцөлөөс тодорхой харагдах бөгөөд шүүх ямар нэгэн байдлаар саад учруулаагүй.

5.в. Цар тахалтай холбоотой зээл, хүүний төлөлтийг хойшлуулах арга хэмжээ аваагүй гэх боловч Засгийн газраас цар тахалтай холбогдуулан хүү төлөлтийг хойшлуулсан шийдвэрийг манайд ирүүлээгүй. Б ХХК зээл авснаас хойш 2,000,000 төгрөг төлснөөс үзэхэд зээлийг анх авахдаа хүү төлөх сонирхолгүй байсан нь харагдана.

5.г. Мөн зээлийг зориулалтын дагуу ашигласан хэдий ч цар тахлаас үүдэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарласан боловч зээлийг зориулалтын дагуу ашиглах ёстой. Энэ жил өвлийн мах бэлтгэхээр ажиллаж эхэлсэн гэх боловч 2022 он дуусахад сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2.а. Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г нь хариуцагч Б ХХК, Н.А холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 311,997,930 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ202/05482 дугаар захирамжаар зөвхөн Б ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэснээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй.

2.б. Б ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 311,997,930 төгрөг гаргуулах тухай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргажээ. Н.А холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй атлаа шүүх хуралдаанд хариуцагчийн хувиар оролцуулсан байна.

2.в. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч Ж.Д.Ү.Гнэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх тайлбар тусгагдаагүй. Дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.6 дахь хэсгийн Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

2.г. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлд алдангийн үндэслэл, тооцоолол тусгагдаагүйг тодруулаагүй, хариуцагч энэ асуудлаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

 

3.Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар шүүхэд баримт ирүүлээгүй, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүсэлт гарган оролцохоос татгалзсан, өмнөх шүүх хуралдаанаар хариуцагч талын нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан учир анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.Мөн давж заалдах шатны шүүхээс талуудын маргааны үйл баримтыг дүгнээгүй тул анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, цар тахалтай холбоотой нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02724 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,707,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА