Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 101/2022/04276/И |
Дугаар | 210/МА2022/02075 |
Огноо | 2022-12-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2022/02075
2022 12 05 210/МА2022/02075
Б.И.Х ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/03994 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.И.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ат холбогдох 34,356,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүнзаяа, хариуцагч М.А, өмгөөлөгч Ш.Базаррагчаа, Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч Б.И.Х ХХК нь хариуцагч М.Атай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр захиалгын гэрээ байгуулж, Sunshine village орон сууцны хорооллын * блокод * м.кв талбайтай, * өрөө байр худалдсан. Гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, 2018 оны 01 дүгээр сард захиалагч М.Аийн өмчлөлд шилжүүлсэн. Гэрээний 2.2-т гэрээний үнийг захиалагч нь орон сууцыг ашиглалтад орох үед 100 хувь төлсөн байх, 2.4-т захиалагч нь төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Орон сууцны 1 м.кв-ын үнэ 2,400,000 төгрөг, 88.71 м.кв-ын үнэ 212,904,000 төгрөг бөгөөд үүнээс хариуцагч 190,000,000 төгрөгийг төлсөн. М.Ааас үлдэгдэл төлбөр 22,904,000 төгрөгийг төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч М.Ааас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 22,904,000 төгрөг, гэрээний 2.4-т заасан алданги 11,452,000 төгрөг, нийт 34, 356,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ааас 34,356,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И.Х ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас 329,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И.Х ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Шүүх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд орон сууцыг 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан, ийнхүү байнгын ашиглалтад орсноос хойш 2018 оны 01 дүгээр сард хариуцагч М.Ат хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг М.Ат хүлээлгэн өгсөн, түлхүүр гардуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр орон сууц хэний өмч болох, хаана, ямар хаягт байршилтай, хэдэн өрөө, хэдэн м.кв талбайтай тухай мэдээллийг бүртгэдэг, ийм гэрчилгээ хэрэгт авагдаагүй нь тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх боломжгүй. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 79 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг М.Аийн өмч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон.
4.б. Тухайн гэрээг худалдах худалдан авах гэрээ мөн гэж дүгнэсэн хэрнээ маргааны гол зүйл, үйл баримтыг тогтоох чухал ач холбогдол бүхий нотлох баримтгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бус, зайлшгүй нотлох баримтыг үндэслэж тогтоох үйл баримт байсан.
4.в. Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх, өмгөөлөгч авах, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй. Хэдийгээр шүүх хуралдаанд бэлтгэх зохигчийн үүрэг боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцорч байгаагаа илэрхийлэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай хурлын цагаас өмнө 5 удаа утсаар ярьсан байдаг ч шүүх хуралдаан эхэлсэн гээд оролцуулаагүй. Учир нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаан болох өдөр шүүгчийн туслах эзгүй, ажлаа өөрчилсөн, түүнийг орлох хүн байхгүй байсан бөгөөд оролцогчдыг бүрэн оролцуулах, тэднийг мэтгэлцэх боломжоор хангах нөхцөл, бэлтгэл байдлыг хангаагүй.
4.г. Хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд нэхэмжлэлийг гардан авснаас хойш шүүхэд шилжүүлсэн тухай захирамж, шинээр ирсэн баримтыг танилцуулаагүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.
4.д. Тус гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, хөтөлбөргүй нотлох баримтыг бүрдүүлж, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
Гэрээний дагуу * м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөх үүрэгтэй, хэрэв м.кв зөрүүтэй гэж үзсэн бол баримтаа гаргаж өгөх байсан. Гэтэл ямар учраас 79 м.кв гэсэн зүйл ярьж байгааг мэдэхгүй байна. Хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжит хугацааны өмнө товыг зарласан. Танхимд хэргийн оролцогч цугларч хариуцагчийг хүлээж байгаад ирээгүй тул шүүх хуралдааныг эхлүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан, хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийг гаргасан. Хэрэв гэрээнд гарын үсэг зураагүй бол энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Өөрөө төлбөрөө төлж байгаа тул үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр төрлийн гэрээ гэж байгаа боловч хэрэгт Б.И.Х ХХК-ийн өгсөн гэрээ байгаа. Өөр ямар нэг гэрээ нэхэмжлэгч талд байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч Б.И.Х ХХК нь хариуцагч М.Ат холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... М.Атай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр захиалгын гэрээ байгуулж, Sunshine village орон сууцны хотхоны * блокод * м.кв талбайтай, * өрөө орон сууц худалдсан, гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан.
3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
3.а. Б.И.Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцыг 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, М.Аийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан ба хэрэгт уг цаг хугацаанаас хойш буюу 2018 оны 04 дүгээр сарын 19, 30-ны өдөр М.Ааас 170,000,000 төгрөг төлсөн баримт авагдсан байна. (хэргийн 9 дэх тал)
3.б. Мөн талуудын хооронд хийгдсэн гэрээнд захиалагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд гүйцэтгэгч нь орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөх, өмчлөх эрх баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг өгөх тохиролцоо тусгагдсан байна. (хэргийн 6-8 дахь тал)
3.в. Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд, Б.И.Х ХХК нь гэрээний төлбөрийг захиалагчаас бүрэн авсны үндсэн дээр зохих бичиг баримтуудыг өгч, орон сууцны өмчлөх эрх М.Ат шилжсэн эсэх нь тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлснээр үүргийн зөрчил, зөрчилтэй холбоотой шаардах эрхийн үндэслэл, хөөн хэлэлцэх хугацааны талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
4.Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын маргааныг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан, хариуцагч түүнийг тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болсон гэдгийг нотолсон баримтгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/03994 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА