Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02081

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 07 210/МА2022/02081

 

 

 

 

Г.Х.М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03030 дугаар шийдвэртэй, Г.Х.М ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.С ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 499.07 м.куб мод гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Г.Х.М ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр М.С ХХК-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь 1,100,000,000 төгрөгийн үнэтэй, Оросын Холбооны Улсад бэлтгэсэн, 2,000 м.куб хэмжээтэй нарс мод (үүнээс 1 м.куб зүсвэрийн 60-70 хувь нь палк, 30-40 хувь нь банз, банзны 50 хувь нь 5-н хэмжээтэй банз, үлдсэн 50 хувь нь 2.5-3-ын хэмжээтэй банз)-ыг 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд нийлүүлэх, нэхэмжлэгч төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь урьдчилгаанд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 270,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 65,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 35,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 70,000,000 төгрөг, нийт 440,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч М.С ХХК нь 2021 оны 07 дугаар сард 165,528,000 төгрөгийн үнэ бүхий 300.93 м.куб модыг нийлүүлсэн. Үлдэгдэл 499.07 м.куб модыг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2.Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч М.С ХХК-аас 499.07 м.куб хэмжээтэй нарс мод (үүнээс 1 м.куб зүсвэрийн 60-70 хувьд нь палк, үлдэх 30-40 хувьд нь банз, банзны 50 хувь нь 5-ын банз, үлдсэн 50 хувь нь 2.5-3-ын хэмжээтэй)-ыг гаргуулж нэхэмжлэгч Г.Х.М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,530,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,530,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. М.С ХХК болон Г.Х.М ХХК-ийн байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-319 тоот бэлтгэн нийлүүлэх гэрээний хэрэгжилтийн явцад Оросын Холбооны Улсаас мод бэлтгэхтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд үүссэн юм. Үүнд: Оросын Холбооны Улсад ковид-19 цар тахал тархаж, тухайн улсад бүх нийтийн хөл хориог тогтоосон, хуурайшилт ихтэй байсны улмаас ойн түймэр ихээр гарч, ойг хааж, хөдөлгөөнийг хорьсон, мөн Оросын Холбооны Улс даяар мод бэлтгэлийн хугацаа оройтож, модны нийлүүлэлт эрс багассаны улмаас модны үнэ 2-3 дахин огцом өсөж, зах зээл дээр мод ховордсон. Эдгээр хүндрэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, манай компани гэрээгээр тохиролцсон үнээр зүсмэл мод нийлүүлэх боломжгүй болсон.

4.б. Одоогоор манай компани Г.Х.М ХХК-д 305 м.куб зүсмэл модыг хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд энэ модны үнийг модны өөрийн өртгөөр буюу 1 м.куб модыг 903,500 төгрөгөөр тооцон нийлүүлэх боломжтой гэдгээ албан бичгээр болон удаа дараагийн уулзалтаар Г.Х.М ХХК-д мэдэгдээд байгаа билээ.

4.в. Манай компани модны урьдчилгаа төлбөрт 440,000,000 төгрөг хүлээн авсан бөгөөд 1 м.куб модыг өртөг үнээр нь буюу 903,500 төгрөгөөр тооцон 275,567,500 төгрөгийг нийлүүлсэн модны үнэд тооцон хасаад үлдэгдэл 164,432,500 төгрөгт мөн 1 м.куб модыг 903,500 төгрөгийн өртөг үнээр нь тооцон нийлүүлж, уг гэрээг дуусгавар болгох нь саналтай.

4.г. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа анхан шатны шүүхэд илэрхийлж бичгээр хариу тайлбараа шүүх хуралдаанд гаргаж байсан. Мөн шүүх хуралдаанд 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд гэрчилгээ гаргуулахаар холбогдох материал, хүсэлтээ өгсөн, хүсэлтийг 10 хоногийн дотор шийдвэрлэхээр байгаа тухайгаа тайлбарлаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, холбогдох баримтуудыг өгсөн боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

4.д. Дээрх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаагүйтэй холбоотойгоор хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэж өгнө үү.

 

5.Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Г.Х.М ХХК нь хариуцагч М.С ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 499.07 м.куб мод гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3.Зохигчдын хооронд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч М.С ХХК нь Оросын Холбооны Улсад бэлтгэсэн, 2,000 м.куб хэмжээтэй нарс мод (үүнээс 1 м.куб зүсмэлд 60-70 хувь нь палк, 30-40 хувь нь банз, банзны 50 хувь нь 5-ын банз, үлдсэн 50 хувь нь 2.5 болон 3-ын банз)-ыг 2021 оны 04-07 дугаар сард нийлүүлэх, нэхэмжлэгч Г.Х.М ХХК нэг м.куб модны үнэд 550,000 төгрөг, нийт үнэд 1,100,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. (хэргийн 9-12 дахь тал)

 

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5.Мөн Г.Х.М ХХК урьдчилгаа 440,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд төлсөн, М.С ХХК 300.93 м.куб модыг 2021 оны 07 дугаар сард нийлүүлсэн, үлдэх 499.07 м.куб модыг нийлүүлээгүй талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

 

6.Хариуцагч талын Г.Х.М ХХК-д хандаж гаргасан Мэдэгдэх нь гэх нэг м.куб модыг 903,500 төгрөгөөр тооцох гэрээний санал илгээсэн агуулга бүхий баримтыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон буюу шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаа заасан байдлаас дүгнэвэл уг баримт үнэн зөв болох нь эргэлзээтэй байна. Түүнээс гадна нэхэмжлэгчид хүргүүлсэн нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. (хэргийн 94-96 дахь тал)

 

7.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэх үүрэг болох 499.07 м.куб мод шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар хандсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт хариуцагчаас гаргасныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14631 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдод эрх, үүрэг тайлбарлаж, татгалзал асуухад хариуцагч татгалзал гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдлаар тогтоогдсоноос гадна мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно гэж заасан тул шүүх хүсэлт хангаагүйтэй холбоотой шүүгчээс татгалзсан байдал хуульд нийцээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9.Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. гэснийг орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгээс өөр зохицуулалтыг баримталсан болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэж давтан бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03030 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэснийг хасаж, 2 дахь заалтын 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М.С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,530,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА