Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02085

 

2022.12.07

 

Б.Үгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04048 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Үгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.К ХХК-д холбогдох, өмчлөлийн газар дээр баригдсан 1 давхар байшинг нурааж, шилжүүлэх, цэвэрлэх зэргээр газар албадан чөлөөлүүлэх, чөлөөлөх ажиллагааг 14 хоногийн дотор хийж гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Ү нь Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, Өлгийн гудамж * тоот хаягт байрлах 679 м.кв газрын хууль ёсны өмчлөгч юм. Миний газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа Х.К ХХК-тай 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2009 онд дууссан. Хариуцагч нь газар дээр барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулан, газар түрээслэх гэрээг өөр этгээдтэй байгуулсан байсан хэдий ч гэрээний хугацаанд надад ямар ч төлбөр төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш ч миний өмчлөлийн газар дээр миний оролцоогүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тухайн газрыг гэрээ ёсоор эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон ч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж, надтай ямар нэгэн байдлаар холбогдохгүй, олдохгүй, харилцаа тогтоохгүй зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн. Цаашид газраа өөрийн мэдэлдээ авч, түрээслэх, худалдах, газар дээрээ байшин барих, өөрөө оршин суух зэргээр хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, эрх зөрчигдөж байгаа тул газраа суллаж авах шаардлагатай байна. Анх хамтран ажиллах гэрээгээр үл хөдлөх хөрөнгө барьж, тавилгын үйлдвэрлэл явуулж, ашиг хуваах талаар тохиролцсон боловч нэг ч төгрөг өгөөгүй. 2009 оноос газраа эргүүлж авах талаар байнга яригдаж байсан. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны дараа газар худалдаж авах талаар ярилцаж тохиролцсон боловч мөнгөө өгөхгүй, сүүлдээ холбогдохгүй болсон. Ингээд 2016 оноос Б.Үг хууль бусаар дээрх газрыг авсан гэж гомдол гаргаж, шүүх Б.Үгийн өмч мөн болохыг тогтоосон. Иймд Б.Үгийн өмчлөлийн газарт баригдсан 1 давхар үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өөрийн зардлаар нурааж, шилжүүлэх, цэвэрлэх зэргээр албадан чөлөөлж, энэ ажиллагааг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би энэ компанид 2012 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон. Хүмүүс нь БНСУ-д амьдардаг. 2012 оноос 2016 он хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаад үйл ажиллагаа явуулахаа больсон. Манай захирал энэ гэрээ хэлцлийг байгуулж, нэхэмжлэгчтэй харилцаж байсан болохоос биш би харилцаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Гуравдагч этгээд А.С.И (An Seongil) нь маргаан бүхий газар дээр Х.К ХХК-ийн барьсан 278 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгч юм. Х.К ХХК нь An Seongil-ийн өмчлөлийн болон өөрийн хэсгийг хамтад нь ашиглаж, А.С.И (An Seongil)-д түрээсийн төлбөр өгөх байсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, хариуцагч компани барилгыг 100 хувь ашиглаж байсан. Б.Үгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ барилга хэн нэгэнд ашиггүйгээр нураагдаж байснаас өөрт оногдох 50 хувийн тэр хэсгийг хэрвээ Б.Ү авъя гэж хүсвэл үлдээхэд татгалзах зүйлгүй. Үнэхээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж байгаа. Монгол Улсад хуулиас гадуур өмчлөгчийн эрхийг зөрчих эрх байхгүй. Хариуцагчийн үйлдлийг хуулийн дагуу таслан зогсоох ёстой гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.К ХХК-д холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх, албадан чөлөөлөх ажиллагааг 14 хоногийн дотор хийж гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Үгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын үндэслэл, шүүхэд гаргасан нотлох баримтыг үгүйсгэсэн тайлбар хийгээгүй, талуудын хоорондын хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон талаар ямар ч тайлбар хийгээгүй, шүүгчийн асуултад ч хариулж чадахгүй байсан. Харин шүүгч хариуцагчийн өмнөөс хэргийн үйл баримтыг төсөөлөн тайлбарлаж, манай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлт хийж, илт нэг талд үйлчилсэн, эргэлзээтэй шийдвэр гаргалаа.

5.б. Шүүгч хоёр талын тайлбарлан мэтгэлцэж байгааг хөндлөнгийн байр сууринаас сонсон үнэлэлт дүгнэлт хийх үндсэн зарчмыг зөрчиж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ганц өгүүлбэрээр хэргийг шийдсэнд гомдолтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 42 дугаар зүйлийн 42.4-ийн зохицуулалт, зарчмын дагуу хариуцагчийн ямар ч тайлбар хийгээгүй буюу манай тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

5.в. Б.Үгийн өмчлөлийн газар дээр хууль бусаар барилга, байгууламж барьсан, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт шүүгч хийсэн. Бид газар дээр хууль бусаар барилга, байгууламж барьсан гэж огт яриагүй. Харин гэрээний хугацаа болон талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон, Х.К ХХК нь газар өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл хийсэн, тухайн газар дээр үйл ажиллагаа явуулахгүй, компанийнх нь үйл ажиллагаа зогссон гэж тайлбарлаж мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, эзэмшил хугацаатай байсан, мөн хугацаатай байсан эсэхээс үл хамааран миний өмчлөлийн газар дээр хариуцагч үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас үүдэн өмчлөгч өмчөө хамгаалах хууль ёсны шаардах эрхээ хэрэгжүүлсэн юм.

5.г. Энэ талаар шүүгч ямар ч дүгнэлт хийгээгүй боловч захирамжийн үндэслэл хэсэгтээ нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой нөхөн төлбөр шаардахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

5.д. Хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон цаг хугацаанаас эхлэн газар хариуцагчийн хууль бус эзэмшилд байна. Газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах тохиолдолд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшүүлэх ашиглуулах ёстой бөгөөд Засаг даргын зөвшөөрөлгүйгээр эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон. Энэ утгаараа миний хувьд Х.К ХХК-тай зөвхөн хамтран ажиллах гэрээний хүрээнд харилцаатай байснаас бус өмчлөлийн газраа эзэмшүүлэх, ашиглуулах талаар ямар ч тохиролцоо байгаагүй.

5.е. Шүүгч нэхэмжлэгчийн гаргасан 2014 онд Мёнпүм ХХК-д хүргүүлсэн газар чөлөөлүүлэхийг шаардсан бичиг, гуравдагч этгээдээс өгсөн 2013 оны Амлалтын бичиг зэрэг нотлох баримтын талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Х.К ХХК-д холбогдуулан өмчлөлийн газар дээр баригдсан байшинг нураах, шилжүүлэх, цэвэрлэх зэргээр газар албадан чөлөөлүүлэх, уг ажиллагааг 14 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн А.С.И (An Seongil) нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан.

 

3.Б.Ү Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Өлгийн гудамж * тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, * м.кв талбайтай газрын өмчлөгч болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зохицуулсан. (хэргийн 5, 61-63, 98 дахь тал)

 

4.а. Дээрх газар дээр анх Б.Ү, Мёнпүм ХХК (нэрээ өөрчлөн одоо Х.К ХХК) нар хамтран барилга барьж 50, 50 хувийн өмчлөгчөөр 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Б.Ү өөрийн өмчлөлийн хэсгийг А.С.И (An Seongil)-д 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн байна. (хэргийн 82-83, 174-191 дэх тал)

 

4.б. Улсын бүртгэлийн баримтаас үзэхэд, дүнз модон хийц бүхий уг барилгыг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэсэн Х.К ХХК, А.С.И (An Seongil) нарын өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчинтэй байх ба зохигч энэ талаар маргаагүй.

 

4.в. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх бөгөөд Х.К ХХК, А.С.И (An Seongil нарын өмчлөлийн уг барилга нь Б.Үгийн өмчлөлийн газрын бүрдэл хэсэгт хамаарч байна.

 

4.г. Б.Ү нь 2008 онд Х.К ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр уг барилгыг өөрийн өмчлөлийн газар дээр бариулсныг шүүх зөв тогтоосон байна. (хэргийн 109-111 дэх тал)

 

5. Иймд дээрх барилга нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр баригдаж, түүний өмчлөлийн газрын бүрдэл хэсэг болсон байх тул хариуцагчийг хууль бусаар уг газрыг эзэмшиж байна гэж дүгнэхгүй.

 

6. Мөн Б.Ү болон Х.К ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Б.Үгаас барилгын өөрийн өмчлөлийн хэсгийг 2009 онд А.С.И (An Seongil)-д шилжүүлснээр дуусгавар болсон боловч энэ нь маргаж буй барилгын эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэл, шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА