Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02086

 

 

 

 

 

 

 

 

2022 12 07 210/МА2022/02086

 

 

Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/03282 дугаар шийдвэртэй, Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б ХХК, Б.У, О.Б, З.Б.Д.С нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 276,116,020 төгрөг, батлан даалтын гэрээний үүрэгт 129,725,595 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч З.Б.Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал, З.Б.Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч Ц.Б ХХК болон хамтран зээлдэгч Б.У, О.Б нар Т.Б ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 445,000,000 төгрөгийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сар буюу 10 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Бага наран * дугаар гудамжны * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дээрх хаягт байрлах, * м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар бичил хороолол,* дүгээр байрны * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий * өрөө орон сууц, Баянгол дүүрэг, *дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * дугаар байрны * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий * өрөө орон сууц, Алтай-900 маркийн хөрөө, Тайр-3 маркийн хөрөө, *УБВ улсын дугаартай, KMFGA17PPWC136759 арлын дугаартай, хьюндай маяти маркийн ачааны автомашин зэрэг хөрөнгийг барьцаалсан. Мөн З.Б.Д.С батлан даалтын гэрээг байгуулж, зээл 445,000,000 төгрөгийн 60 хувьд батлан даалт гаргасан. Т.Б ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 445,000,000 төгрөгийг зээлдэгчийн 103800514571 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нар нийт 87,213,762 төгрөг, З.Б.Д.С зээлд 129,725,595 төгрөг, бүгд 217,002,356.39 төгрөг төлсөн, 2019 оны 07 дугаар сараас хойш төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл 302,693,054.84 төгрөг, үндсэн хүү 102,267,748.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 886,811.13 төгрөг, нийт 405,847,614.22 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Батлан даалтын үлдэгдэл дүнгийн 50 хувь болох 129,725,595 төгрөгийг З.Б.Д.Сгаас, хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас 276,116,020 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нар үүргээ сайн дураар гүйцэтгэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нарын татгалзал, тайлбарын агуулга:

Ц.Б ХХК болон иргэн О.Уранбүтээл, О.Б нар нь импортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах ажлын байрны төсөл хэрэгжүүлэхээр Т.Б ХХК-аас 445,000,000 төгрөг зээлсэн. Үйл ажиллагаа явуулж зээлийн эргэн төлөлтөд 87,213,762 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 172,967,460 төгрөг, хүү 47,954,294 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 886,812 төгрөг, нийт 221,808,566 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Дэлхий нийтийг хамарсан корона вирусын халдвар гарч, давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон учир гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломж байгаагүй. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт өгсөн боловч Т.Б ХХК-аас хариу өгөөгүй. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоолд дурдсанчлан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн төлбөрөөс чөлөөлөн зээлдэгчид ямар нэг байдлаар төлбөрийн дарамт үүсгэхгүй байх ёстой. Иймээс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү 54,313,450 төгрөгийг төлөх боломжгүй. Т.Бнаас 2020 оны 06 дугаар сард мэдэгдэх хуудас ирж байсан. Үүнээс 22 сарын дараа батлан даалтын сангаас 129,000,000 төгрөгийг гаргуулан авч байгаа нь бизнес эрхлэгч байгууллага болон бусад аж ахуйн нэгж байгууллагыг зээлийн хүүгийн дарамтад оруулж байна гэж үзэж байна. Бидэнд 54 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм бол санхүүгийн тооцоолол хийгээд үргэлжлүүлээд зээлийн үүргээ 4 жилийн хугацаанд төлөөд явах боломж байна гэжээ.

 

3.Хариуцагч З.Б.Д.Сгийн татгалзал, тайлбарын агуулга:

Ц.Б ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн батлан даалтын гуравласан гэрээгээр Т.Б ХХК-аас 445,000,000 төгрөгийн зээлийг манай сангийн батлан даалтаар авсан. З.Б.Д.С нь Т.Б ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр батлан даалтын ерөнхий гэрээ байгуулан батлан даалттай холбоотой харилцааг зохицуулсан. Нэхэмжлэлд З.Б.Д.С нийт дүнгийн 50 хувь буюу 129,725,545 төгрөгийг төлсөн талаар тусгасан, энэ талаар маргаан байхгүй. Зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа төлбөр үлдсэн тохиолдолд тухайн үлдсэн дүнгээс өмнө өгсөн 129,725,545 төгрөгийг хасаад үлдсэн дүнг манай байгууллага төлнө, тэр дүн нь 60 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж ерөнхий гэрээний 2 дугаар зүйлийн 3-ийн Б-ийн 1 дэх хэсэг, мөн 2.3-ийн Б-ийн 2 дахь хэсэгт тус тус заасан. Иймд нэхэмжлэлийн өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас үндсэн зээлд 172,967,460 төгрөг, хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Бага наран * дугаар гудамжны * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дээрх хаягт байрлах, * м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар бичил хороолол,* дүгээр байрны * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий * өрөө орон сууц, Баянгол дүүрэг, *дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * дугаар байрны * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий * өрөө орон сууц, Алтай-900 маркийн хөрөө, Тайр-3 маркийн хөрөө, *УБВ улсын дугаартай, KMFGA17PPWC136759 арлын дугаартай, хьюндай маяти маркийн ачааны автомашин зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч З.Б.Д.Сгаас батлан даалтын гэрээний үүрэгт 129,725,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,257,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,608,730 төгрөгийг, хариуцагч З.Б.Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 806,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5.Хариуцагч З.Б.Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. З.Б.Д.С нь Т.Б ХХК-аас Ц.Б ХХК-ийн авсан 445,000,000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргасан. Талуудын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БДГ-1038000514612 тоот батлан даалтын гурвалсан гэрээний 2.2, 2.3-т З.Б.Д.С болон Т.Б ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүрэг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэхээс татгалзахаар байсан.

5.б. Батлан даалтын ерөнхий гэрээнд З.Б.Д.С батлан даалтын гэрээний үүргийг хоёр хувааж төлөхөөр заасан. Банкны нэхэмжилсэн даруйд нэхэмжилсэн дүнгийн 50 хувийг, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн 50 хувийг төлнө. Энэ хоёр дүнгийн нийлбэр нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараах зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэтэрсэн тохиолдолд банк илүү төлбөрийг төлөхөөр заасан.

5.в. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3 дугаар зүйлийн в заалтын ii-д заасныг хариуцагч ямар учраас буруу ойлгон тайлбарлаж байна гэж үзэж байгаагаа хууль зүйн үүднээс тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл шүүгч яагаад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэх дүгнэлтэд хүрсэн тухайгаа дурдаагүй.

5.г. Батлан даалтын үлдсэн төлбөрийг шаардах эрх Т.Б ХХК-д үүсээгүй. Өөрөөр хэлбэл зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй, батлан даагчийн хариуцах үүргийн хэмжээ тодорхой болоогүй байхад үндсэн үүргийн хамт шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, З.Б.Д.Сд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч Т.Б ХХК давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчий тайлбарт:

Давж заалдах гомдолд гаргах тайлбаргүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Т.Б ХХК нь хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 276,116,020 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч З.Б.Д.Сд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 129,725,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нар нь 221,808,566 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, хариуцагч З.Б.Д.С нь шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй үндэслэлээр татгалзсан байна.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой дүгнэвэл зохих нөхцөл байдлыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

3.а. Хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ баримтаар авагдсан байх ба барьцааны гэрээний тал болох орон сууцны өмчлөгч У.Долгормаа, У.Билигт нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар зохигчоос тодруулаагүй. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхтэй боловч гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргах эрх бүхий этгээдийн талаар шүүх зохигчдод сануулах учиртай.

3.б. Гэрээнд барьцааны зүйлийг 4 үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлсон атлаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026806 дугаартай, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * хороолол, ЭТӨЧ * байр * тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцанд барьцааны эрхийн талаар улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэгээ хийгджээ. (хэргийн 25-26 дахь тал)

Үүнээс дүгнэвэл, барьцааны гэрээний зүйл болсон бусад 3 үл хөдлөх эд хөрөнгөд улсын бүртгэл хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, уг барьцааны гэрээг бүхэлд нь эсхүл 1 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгээр хүчинтэй эсэх зохигчдын байр суурийг тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.

4.Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

5.Давж заалдах шатны шүүхээс талуудын маргааныг дүгнээгүй тул хариуцагч З.Б.Д.Сгийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/03282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч З.Б.Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,577.97 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА