Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/03282

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/03282

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, Бага тойруу ... хаягт байрлах, Т ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, ... тоот хаягт байрлах, Ц.Б ХХК /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, ... тоот оршин суух, Х овогт Б-гийн У /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, ... тоот оршин суух, О. Т овогт О-ын Б/РД: ЙР68121905/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар давхарт байрлах, З.Б.Д.С /РД: .../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас 276,116,020 төгрөг, З.Б.Д.Сгаас 129,725,595 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Р.Зоригт,

Хариуцагч Ц.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал,

Хариуцагч З.Б.Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Р.Зоригт нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц.Б ХХК, хамтран хариуцагч Б.У, О.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 172,967,460 төгрөг, зээлийн хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөг, хариуцагч З.Б.Д.С-гаас батлан даалтын гэрээний үүрэгт 129,725,595 төгрөг тус тус гаргуулж, хариуцагч нар төлбөрөө сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлдэгч Ц.Б ХХК болон хамтран зээлдэгч Б.У, О.Б нар Төрийн банктай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 445,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай буюу 10 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай Барьцааны гэрээг талууд байгуулж, Улаанбаатар хот, ... дүүргийн ... хороо, ... гудамжны ... тоот хаягт байрлах 176.4 м/кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, ... дүүргийн .. хороо, .. гудамж, ... тоот хаягт байрлах, 677м/кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Улаанбаатар хот ... дүүргийн, ... хороо, ... хороолол, ... гудамж, .. байрны ... тоот хаягт байрлах, 59.32 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот ... дүүрэг, ...захад байрлах ... тоот талбай, Алтай-900 маркийн хөрөө 1 ширхэг, Тайр-3 маркийн хөрөө 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн ... улсын дугаартай, ... арлын дугаартай ... маркийн ачааны автомашин зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр З.Б.Д.С-тай БГД-... дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан, уг гэрээгээр З.Б.Д.С нь Үндсэн зээл 445,000,00 төгрөгийн 60 хувьд батлан даалт гаргаж үүрэг хүлээсэн. Т ХХК нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчийн ... тоот дансанд 445,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгийг олгосон. Зээл нь "Зиг Заг хавтангийн үйлдвэр-ийн төсөл хэрэгжүүлэх зориулалтай, Батлан даалтын сангийн эх үүсвэрийн батлан даалттай байсан.

 

Зээлдэгч нар зээлээ авч зориулалтын дагуу ашиглаж зээл, түүний хүүг 2019 оны 06 дугаар сар хүртэл хэвийн төлж байсан боловч дараагийн 07 дугаар сараас хойш төлөхгүйгээр хугацаа хэтрүүлж зээлийн муу ангилал руу орж тус банкны Тусгай активын албанд шилжиж ирсэн. Энэ хугацаанд зээлд үүссэн зөрчлийг арилгуулах талаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш банкны зүгээс удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан боловч үүргээ гүйцэтгээгүй. Зээлдэгч Ц.Б ХХК, хамтран зээлдэгч Б.У, О.Б нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 12,581,350 төгрөг, үндсэн хүүнд 74,518,266.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 114,145 төгрөг, нийт 87,213,762 төгрөг төлсөн. Харин З.Б.Д.С нь Батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлд 129,725,595 төгрөг төлснөөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлдэгч нар болон батлан даагч нар хамтран 217,002,356.39 төгрөг төлөөд байна. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Ц.Б ХХК, хамтран зээлдэгч Б.У, О.Б нар нь үндсэн зээл 302,693,054.84 төгрөг, үндсэн хүүнд 102,267,748.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,811.13 төгрөг, нийт 405,847,614.22 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс З.Б.Д.Стай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БДГ-... дугаар Батлан даалтын гэрээний 1.1, 3.1.3, 3.4.2-т тус тус заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 302,693,054.84 төгрөгийн батлан даалтын үлдэгдэл дүнгийн 50 хувь болох 129,725,595 төгрөгийг Батлан даалтын сангаас гаргуулж, харин хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас үндсэн зээлд 172,967,460 төгрөг, зээлийн хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөгийг гаргуулж өгнө үү, хариуцагч Ц.Б ХХК хамтран хариуцагч Б.У, О.Б нар үүргээ сайн дураар гүйцэтгэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч Ц.Б ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал нарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Ц.Б ХХК болон иргэн О.Уранбүтээл, О.Б нар нь анх 2002 оноос эхлэн Улаанбаатарт хотод бэлэн бүтээгдэхүүн борлуулах худалдааны бизнес эрхэлдэг байсан. Ц.Б ХХК-г үүсгэн байгуулж 2018 онд импортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах ажлын байрны төсөл хэрэгжүүлэхээр Төрийн банкнаас нийт 445,000,000 төгрөг авсан. Энэ төсөл нь 335,010,000 төгрөгийн санхүүжилтэйгээр хэрэгжиж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сараас эхлээд бид нар өөрсдөө санхүүжилтээ авснаас хойш тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрийн байр барих өргөтгөл барих эдгээр ажиллагаанууд хийгдэж байсан. Бэлэн бүтээгдэхүүнээ бид нар борлуулаад үйл ажиллагаа явуулахад цар тахлын үйл ажиллагаа нөлөөлж орж ирнэ. Байгаль орчны яамны 2020 оны 183, 184 дугаар тушаалаар үндсэн түүхий эдийн төлбөрийг 2.8 дахин нэмэгдүүлсэнээс шалтгаалан импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ёстой байсан зиг заг хавтангийн үйлдвэрлэлийн өртөг нь импортын бараа бүтээгдэхүүнээс даруй 1.5 дахин өндөр үнэтэй борлогдохоор тооцоолол гарснаар зах зээлд өрсөлдөх боломжгүй болоод ирсэн. Гэсэн хэдий ч бид үйл ажиллагаагаа явуулаад үндсэн үйл ажиллагаагаар зээлийн эргэн төлөлтөд 87,213,762 төгрөгийг төлчихөөд байна. Үйл ажиллагаа бол цар тахлын улмаас болж доголдсон зээлийн төлбөрийг эргэн төлөх боломжгүй болсон. Зээлийн төлбөрийн нөхцлийн уяан хатан болж өгөөч гэж удаа дараа хүсэлт өгч байсан боловч өнөөдрийн байдлаар шийдвэрлэж өгөөгүй. Мөн батлан даалтын гуравласан гэрээ байгаа, Төрийн банкнаас 2020 оны 06 дугаар сард мэдэгдэх хуудас ирж байсан. Үүнээс даруй 22 сарын дараагаар батлан даалтын сангаас 129,00,000 төгрөгийг Т ХХК гаргуулж авч байгаа нь бизнес эрхлэгч байгууллага болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг зээлийн хүүгийн дарамтад оруулж байна гэж үзэж байна. Бидэнд 54 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм бол санхүүгийн тооцоолол хийгээд үргэлжлүүлээд зээлийн үүргээ дөрвөн жилийн хугацаанд төлөөд явах боломж байна. Бид нарт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаас өөр арга байхгүй.

 

Хариуцагч Ц.Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Үүнд үндсэн зээлийн төлбөр болох 172,967,460 төгрөгийг, хүүгийн төлбөрт 47,954,294 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 221,808,566 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Харин хүүгийн төлбөрөөс 54,313,450 төгрөгийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ц.Б ХХК нь дэлхий нийтийг хамарсан корона вирусийн халдвар гарч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үлдэгдэл хүүгээ ямар нэг зөрчилгүй биелүүлж байсан. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлигаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай зарлиг гарсан. Тус зарлигийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын засгийн газар нь бэлэн байдлын зэрэгт Монгол улсыг шилжүүлсэн. Засгийн газрын 2020 оны 64, 137,188, 234, 231, 270, 103, 159 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж бэлэн байдлын зэргийг сунгасан. Монгол Улсын Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай гэх 183 дугаар тогтоолыг гарсан байна. Тус тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар зүйлд зааснаар Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр хойшлуулж, зээлдэгчид ямар нэг дарамт үүсэхгүй, төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Т.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт даалгасан. Үүний дараагаар бэлэн байдлын зэргийг 2020 оны 11 дүгээр сарын 29-нд буулгасан. Дэлхий нийтэд тархсан коранавируст цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлээд 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр цуцлагдсан байна. Монгол улс нийт 54 сарын хугацаанд халдварт цар тахлаас улбаалан бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Хариуцагч Ц.Б ХХК нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгууллагын үйл ажиллагаа нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсонги байдалд орсон учир гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломж байгаагүй. Мөн Ц.Б ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид зээлийн гэрээний эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт өгсөн боловч холбогдох хариуг Т ХХК-иас огт өгөөгүй. Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаар тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолд дурдсанчлан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөн зээлдэгчид ямар нэг байдлаар төлбөрийн дарамт үүсгэхгүй байх ёстой. Коранавирус цар тахлын хугацаанд буюу давагдашгүй хүчин зүйлийн шалтгааны улмаас 2020 оны 05 дугаар сарын 15-наас 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүүгийн төлбөр болох 54,313,450 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна Т ХХК нь манайхаас 274,116,020 төгрөг авах гээд байгаа юм уу? эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж энэ мөнгөө гаргуулах гэж байгаа юм уу? хоёр утгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэв.

 

3. Хариуцагч З.Б.Д.Сгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ц.Б ХХК нь Т ХХК-иас 445,000,000 төгрөгийн зээлийг манай сангийн батлан даалтаар авсан. Азийн хөгжлийн банк болон Монгол улсын Засгийн газар хооронд байгуулагдаж, Улсын их хурлаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр соёрхон батлагдсан хэлэлцээрийн дагуу 60,000,000 долларыг Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас зээлж авсан. З.Б.Д.С нь Т ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Батлан даалтын ерөнхий гэрээ байгуулсан. Энэ гэрээнд ямар нөхцөлтэйгөөр батлан даалт гарах уу? ямар нөхцөлтэйгээр батлан даалтын дүнгээс чөлөөлөгдөх үү? ямар нөхцөлд хүрсэн тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэхээс татгалзах вэ? гэсэн үндсэн батлан даалттай холбоотой харилцаануудыг зохицуулж өгсөн. Ц.Б ХХК-ийн 450 сая төгрөгийн зээлд батлан даалт гарсан тул гурван байгууллагын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Батлан даалтын гуравласан гэрээ байгуулсан ба энэ гэрээ нь 2017 оны ерөнхий гэрээний хүрээнд байгуулагдсан учраас талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд ерөнхий гэрээний заалтыг баримтлах ёстой. Гуравласан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүргээ гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Иймд З.Б.Д.Сгаас батлан даалтын үүргээ гүйцэтгэх нөхцөл бүрдсэн үү? үгүй юу? гэдгийг ерөнхий гэрээний заалтуудаас харах хэрэгтэй. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ерөнхий гэрээнд сан нь батлан даалтын гэрээний үүргээ хоёр хувааж төлнө, зээл чанаргүй болох, 90 дээш хоног хугацаа хэтрэх тохиолдолд батлан даасан үүргийн 50 хувиар батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ. Мөн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн төлбөрийн 50 хувийг төлнө. Энэ хоёр дүнгийн нийт дүн нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараах үлдэгдэл дүнгийн 60 хувиас хэтрэхгүй байх ёстой, хэрвээ хэтэрсэн байвал банк буцааж өгнө гэсэн ерөнхий агуулгатай гэрээ байгуулсан. Нэхэмжлэл дээр З.Б.Д.С нийт дүнгийн 50 хувь буюу 129,725,545 төргийг төлсөн. Тухайн мөнгийг төлсөнтэй холбоотой маргаан байхгүй учраас баримтыг гаргаагүй. Зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа төлбөр үлдэх үү? үгүй юу? хэрвээ төлбөр үлдсэн тохиолдолд тухайн үлдсэн дүнгээс өмнө өгсөн 129,725,545 төгрөгийг хасаад үлдсэн дүнг манай байгууллага төлнө, тэр дүн нь 60 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж ерөнхий гэрээний 2 дугаар зүйлийн 3-ийн Б-ийн 1 дэх хэсэгт, мөн 2.3-ийн Б-ийн 2 дахь хэсэгт тус тус заасан. Иймд нэхэмжлэлийн өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.У, О.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет, зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, Ц.Б ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03/69 дүгээр албан бичиг, меморалын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БДГ-... дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18/51 дүгээр мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 18/759 дүгээр мэдэгдэл, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 08 дугаартай мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 05 дугаартай мэдэгдэл, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 01 дугаартай мэдэгдэл, З.Б.Д.Сгийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/656 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/39 тоот, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/162 тоот албан бичиг, Ц.Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан акт, зээлийн хяналтын тайлан, хариуцагч нарын нэхэмжлэгчид гаргасан хүсэлт, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Утэй уулзсан тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн болно.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1864 тоот худалдах-худалдан авах гэрээ, Ц.Гантулга, О.Уранбүтээл нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ц.Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хөдлөх хөрөнгийн эзэмшигч мөн болох баталгааг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн болно.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Батлан даалтын ерөнхий гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 276,116,020 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах, хариуцагч З.Б.Д.Сгаас батлан даалтын гэрээний үүрэгт 129,725,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлдэгч Ц.Б ХХК болон хамтран зээлдэгч Б.У, О.Б нар Т ХХК- тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 445,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай буюу 10 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай Барьцааны гэрээг талууд байгуулж хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр З.Б.Д.Стай БГД-... дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан, уг гэрээгээр З.Б.Д.С нь үндсэн зээл 445,000,00 төгрөгийн 60 хувьдд батлан даалт гаргаж үүрэг хүлээсэн. Зээлдэгч нар зээлээ авч зориулалтын дагуу ашиглаж зээл, түүний хүүг 2019 оны 06 дугаар сар хүртэл хэвийн төлж байсан боловч дараагийн 07 дугаар сараас хойш төлөхгүйгээр хугацаа хэтрүүлж зээлийн муу ангилал руу орсон. Хариуцагч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 12,581,350 төгрөг, үндсэн хүүнд 74,518,266.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 114,145 төгрөг, нийт 87,213,762 төгрөг төлсөн. Харин З.Б.Д.С нь Батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлд 129,725,595 төгрөг төлсөн гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг татгалзсан. Татгалзлын үндэслэлээ Дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр Монгол улсад хөл хорио тогтоосон, бүх нийтийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр компанийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан тул энэ хугацааны зээлийн хүүгийн төлбөр 54,313,450 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулах чиглэл өгсний дагуу манай компаниас зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлт өгсөөр байхад банкны зүгээс огт хариу өгөөгүй гэжээ.

 

4. Хариуцагч З.Б.Д.С нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ерөнхий гэрээнд сан нь батлан даалтын гэрээний үүргээ хоёр хувааж төлнө, зээл чанаргүй болох, 90 дээш хоног хугацаа хэтрэх тохиолдолд батлан даасан үүргийн 50 хувиар батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ. Мөн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн төлбөрийн 50 хувийг төлнө. Энэ хоёр дүнгийн нийт дүн нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараах үлдэгдэл дүнгийн 60 хувиас хэтрэхгүй байх ёстой, хэрвээ хэтэрсэн байвал банк буцааж өгнө гэсэн ерөнхий агуулгатай гэрээ байгуулсан. Нэхэмжлэл дээр З.Б.Д.С нийт дүнгийн 50 хувь буюу 129,725,545 төргийг төлсөн гэжээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Цолхун бадрах, Б.У, О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ байгуулж 450,000,000 төгрөгийг 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай буюу 10 жилийн хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай Барьцааны гэрээг талууд байгуулж, Улаанбаатар хот, ... дүүргийн ... хороо, ... гудамжны ... тоот хаягт байрлах 176.4 м/кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, ... дүүргийн .. хороо, .. гудамж, ... тоот хаягт байрлах, 677м/кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Улаанбаатар хот ... дүүргийн, ... хороо, ... хороолол, ... гудамж, .. байрны ... тоот хаягт байрлах, 59.32 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот ... дүүрэг, ...захад байрлах ... тоот талбай, Алтай-900 маркийн хөрөө 1 ширхэг, Тайр-3 маркийн хөрөө 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн ... улсын дугаартай, ... арлын дугаартай ... маркийн ачааны автомашин зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр З.Б.Д.Стай БГД-... дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан, уг гэрээгээр З.Б.Д.С нь Үндсэн зээл 445,000,00 төгрөгийн 60 хувьд батлан даалт гаргаж үүрэг хүлээжээ.

 

7. Зохигчдын хооронд буюу нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, харин нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б, З.Б.Д.Сгийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д зээлийн хүү сарын 1, жилийн 12 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

8. Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2028 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр дуусгавар болох хэдийг ч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардаж байсан болох нь Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18/51 дүгээр мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 18/759 дүгээр мэдэгдэл, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 08 дугаартай мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 05 дугаартай мэдэгдэл, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 01 дугаартай мэдэгдлүүдээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсноос үзвэл энэ өдөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээ цуцлах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

9. Хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нар нь нэхэмжлэгч Т ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж зээлийн хөрөнгө болох 450,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар, мөн зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 12,581,350 төгрөг, хүүнд 74,518,266.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 114,145 төгрөг, нийт 87,213,762 төгрөг, хариуцагч З.Б.Д.С нь батлан даалтын гэрээний үүрэгт 129,725,595 төгрөгийг төлсөн талаар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 302,693,054.84 төгрөг, үндсэн хүү 102,267,748.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 886,811.13 төгрөг, нийт 405,847,614.22 төгрөгийн үлдэгдэлтэй буюу тооцооллын талаар тус тус зохигчид маргаагүй.

 

10. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас үндсэн зээлд 172,967,460 төгрөг, хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн батлан даалтын гэрээний үүрэгт хариуцагч З.Б.Д.Сгаас 129,725,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

11.         Хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нар нь Дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр Монгол улсад хөл хорио тогтоосон, бүх нийтийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр компанийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан тул энэ хугацааны зээлийн хүүгийн төлбөр 54,313,450 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулах чиглэл өгсний дагуу манай компаниас зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлт өгсөөр байхад банкны зүгээс огт хариу өгөөгүй гэх татгалзлаа хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа саатсан, зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон гэх баримт /гэрчилгээ/-ыг шүүх гаргаж өгөөгүй болно дүгнэлээ. Харин хариуцагч З.Б.Д.С нь нэхэмжлэгч Т ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээнд зааснаар хариуцагчийн төлөөгүй үлдсэн зээлийг барьцаа хөрнгөнөөс хангуулж, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд үлдэх хэсгийг батлан даалтын гэрээний дагуу сан барагдуулах ёстой гэж татгалзал үндэслэлгүй. Учир нь Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3 дугаар зүйлийн в заалтын ii-д Нэхэмжлэхэд заасан батлан даалтын нийт дүнгийн үлдсэн 50 хувиас тухайн шалгуур хангасан зээлийн хувьд банкинд эргэн төлөгдсөн аливаа зээлийн эргэн төлөлтийн дүнг хассаны дараах мөнгийг ЗБДС-нд шаардлагатай баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 хоногийн дотор төлнө; Шаардлагатай баримт бичигт тухайн шалгуур хангасан зээлийг бүрэн эргэн төлүүлөхийн тулд банк холбогдох хууль тогтоомж, банкны өөрийн холбогдох дотоод журам, зааварт заасны дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах болон шаардлагатай бөгөөд боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай тайлбарыг тусгана гэх зүйл, заалыг буруу ойлгон тайлбарлаж татгалзлын үндэслэлээ болгожээ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,257,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,608,730 төгрөгийг, хариуцагч З.Б.Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 806,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас үндсэн зээлд 172,967,460 төгрөг, хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

 

- Улаанбаатар хот, ... дүүргийн ... хороо, ... гудамжны ... тоот хаягт байрлах 176.4 м/кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

- Улаанбаатар хот, ... дүүргийн .. хороо, .. гудамж, ... тоот хаягт байрлах, 677м/кв талбай бүхий эзэмших эрхтэй газар,

 

- Улаанбаатар хот, ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

 

- Улаанбаатар хот ... дүүргийн, ... хороо, ... хороолол, ... гудамж, .. байрны ... тоот хаягт байрлах, 59.32 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

 

- Улаанбаатар хот ... дүүрэг, ...захад байрлах ... тоот талбай,

 

- Алтай-900 маркийн хөрөө 1 ширхэг, Тайр-3 маркийн хөрөө 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн ... улсын дугаартай, ... арлын дугаартай ... маркийн ачааны автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч З.Б.Д.Сгаас батлан даалтын гэрээний үүрэгт 129,725,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,257,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б ХХК, Б.У, О.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,608,730 төгрөгийг, хариуцагч З.Б.Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 806,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР