Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02097

 

Т.Г.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/03071 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Г.К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Т.Г.К ХХК нь хариуцагч Х.Б ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх, холбогдох цахилгааны хэрэгслүүдийн техник хэрэгсэл, бараа материалыг татан авах, ажилчдын ажлын хөлсөнд нийт 200,000,000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 12,5 хувь буюу 25,000,000 төгрөг, ажлын талбайд бараа материал татах үед 12,5 хувь буюу 25,000,000 төгрөг, ажил дууссаны дараа 75 хувь буюу 150,000,000 төгрөгийг төлөхөөр болж, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр 25,000,000 төгрөгийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Т.Дгийн Хаан банкны 5247008785 тоот данс руу шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 73 хоног буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байсан. Гэвч ажил гүйцэтгэгч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, гол нөхцөл болох барилгын гадна зураг төслийн ажлыг ч хугацаанд нь гаргаагүй. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн удаа дараа амаар болон бичгээр шаардлага тавьж, гэрээний хугацаа дууссанаас 3 хоногийн дараа 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр албан бичгээр мэдэгдэж гэрээг цуцалсан. Мөн гэрээний нийт үнийн дүнгээс Иргэний хууль болон гэрээний холбогдох заалтад нийцүүлэн алданги тооцсон. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 25,000,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 19,200,000 төгрөг, нийт 44,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан асуудлаар маргаагүй. Х.Б ХХК нь туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулсан. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг Гэрэл-Энержи ХХК-тай байгуулж, 12,000,000 төгрөг төлсөн. Мөн барилгын ажлын суурь тоосгоны төлбөрт Ц.Билхүүгийн данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэрээнд заасан угсралтын ажлын цэгийг тодорхойлуулах гэхэд нэхэмжлэгч зааж өгөхгүй, ерөнхий төлөвлөлтийг танилцуулахгүй удаашруулж байсан, хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаж өгөөгүй. Х.Б ХХК эхний байдлаар 18,000,000 төгрөгийн зардал гаргаад явж байхад Т.Г.К ХХК-ийн зүгээс өөрийн таньдаг компаниар ажлаа гүйцэтгүүлэх болсон гэдэг шалтгаанаар урьдчилгаанд шилжүүлсэн 25,000,000 төгрөгөө буцаан шаардсан албан бичиг ирүүлсэн. Мөн Т.Г.К ХХК нь "Х.Б " ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан учир алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүйн дээр гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн урьдчилгаанд шилжүүлсэн 25,000,000 төгрөгөөс гэрээний үүргээ биелүүлэх явцад зарцуулсан 18,000,000 төгрөгийг хасаж, мөн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 242 дугаар зүйлийн 242.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б ХХК-аас 25,225,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г.К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,975,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б ХХК-аас 284,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Г.К ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан 18,000,000 төгрөгийн зардал гаргасан нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн.

4.б. Нэхэмжлэгч гэрээнд заасан ТП угсралтын цэгийг заахгүй, ерөнхий төлөвлөгөөний зургаа өгч танилцуулахгүй удаашруулж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх үнэлээгүй.

4.в. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн атлаа алданги тооцсон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 18,000,000 төгрөг, алданги 225,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Ажил гүйцэтгэх гэрээг 73 хоногийн хугацаагаар байгуулсан. Гэрээний хугацаанд олон удаа шаардлага тавьж байсан боловч үр дүнд хүрээгүй. Гүйцэтгэгчээс 2 туслан гүйцэтгэгчид мөнгө шилжүүлсэн үйлдлээ ажлын үр дүн гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч талд нэг ширхэг тоосго ч хүлээлгэн өгөөгүй. Гэрч Ц.Билхүү мөнгө авсан нь үнэн боловч барилгын талбайд ямар нэг ажил гүйцэтгээгүй гэж мэдүүлсэн. Зураг төслийн компани төслийг хүлээн авснаас хойш 3, 4 сарын хугацаанд хийсэн, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасан. Гэвч ямар ч ажлын үр дүн хүлээлгэн өгөөгүй, гэрээ цуцалсан мэдэгдлийг хүргүүлсэн боловч үүнтэй холбоотойгоор маргаагүй. Алдангийг гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол гэж үзсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Уг ажлыг 73 хоногийн дотор гүйцэтгэх ёстой байсан ч хугацаанд нь гүйцэтгээгүй тул алданги тооцсон. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т.Г.К ХХК нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан үндэслэлээр урьдчилгаанд төлсөн 25,000,000 төгрөг, мөн алданги 19,200,000 төгрөг, нийт 44,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулан 18,000,000 төгрөг төлж зардал гаргасан үндэслэлээр 7,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 630 кВА-г ХТП (ХТП-3068)-г 800 кВА болгон өргөтгөх, ХТП-аас 800 кВ шугамыг ашиглалтад орох барилгад татаж, ашиглалтад оруулж, комисст хүлээлгэн өгөх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлс 200,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. (хэргийн 6-10 дахь тал)

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын хөлсний урьдчилгаа 25,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаангүй байна. (хэргийн 67, 71 дэх тал)

 

6. Хариуцагч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг анхан шатны шүүх зөв тогтоож, ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч цуцалсан нь үндэслэлтэй талаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

6.а. Хариуцагч нь гэрээний 2.2.1, 2.2.2-т заасан ажлын үр дүнг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд туслан гүйцэтгэгч Гэрэл-Энержи ХХК, Ц.Билхүү нарт 18,000,000 төгрөгийн хөлс төлсөн нь ажлын үр дүнд тооцогдохгүй.

 

6.б. Захиалагч барилгын ерөнхий төлөвлөгөөг өгөхгүй, ХТП барих газрыг чөлөөлөхгүй, гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй гэх хариуцагчийн татгалзал нотлогдоогүй байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна. Гэрч Т.Төмөрбагана, Ц.Билхүү нарын мэдүүлэгт захиалагчаас шалтгаалж ямар хугацаа алдсан нь тодорхойгүйн дээр энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг захиалагчийн үүргээ зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

 

6.в. Түүнчлэн туслан гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгэж, ажлын үр дүн бий болгосон гэх баримт хэрэгт авагдаагүй тул тэдний хариуцлагыг Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт зааснаар үндсэн гүйцэтгэгч болох хариуцагч хүлээнэ.

 

6.г. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж, улмаар гэрээ цуцлах талаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21/23 дугаар албан бичгээр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй байна. (хэргийн 13 дахь тал)

 

7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан ажлын үр дүн хүлээж аваагүй учир урьдчилан төлсөн ажлын хөлсний хэмжээгээр хохирсон гэж үзнэ.

Иймд хариуцагчаас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

 

8. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т заасан алдангийн талаарх тохиролцоог үндэслэн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг цуцлах хүртэл 3 хоногийн хугацаанд гэрээнд заасан хувь, хэмжээгээр 225,000 төгрөгийн алданги тооцсон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

9. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдангийн талаарх Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4 дэх хэсгийг тусгасан, мөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагчид хуваарилахдаа хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/03071 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 242 дугаар зүйлийн 242.4 гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА