Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 116/2018/0024/З |
Дугаар | 221/МА2019/0155 |
Огноо | 2019-03-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2019/0155
“БХНСГХХ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч О.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “ПДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “БХНСГХХ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: ”Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “БХНСГХХ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Матад сумын Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоож, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “ПДТ” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БХНСГХХ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Ганцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “ПДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэлийн шаардлагыг “БХНСГХХ” төрийн бус байгууллагаас бус тус төрийн бус байгууллагын тэргүүн Д.Ганцогт гэх иргэнээс гаргасан гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д заасан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд буюу нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс энэ нэхэмжлэл гараагүй байна.
... “БХНСГХХ” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнээс гүйцэтгэх захирал, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Амараа овогтой Сүхбаатар. Уг төрийн байгууллагын нэрийн өмнөөс шүүхэд нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл гаргасан бол хавтаст хэрэгт авагдсан баримтаас Д.Ганцогт гэх хүн Ц.Пүрэвдоржийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь бас нэг үндэслэл болж байна.
Шүүх ... “БХНСГХХ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.3, 54 дүгээр зүйлийн 54.1.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг ноцтой зөрчсөн.
... Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 18 дугаар зүйлийн 18.3-д заасан 4 үндэслэлийн алинд хамааруулж, тэр нь дүрмийн зорилгодоо хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байхад шүүх хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж буй нэг үндэслэл болж байна.
Хэн, хэнийг, хэрхэн төлөөлж нийтийн ямар эрх, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэр Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, агуулга, зарчимд нийцээгүй.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь байгууллагынхаа дүрмийн зорилгод нийцүүлэхээс гадна хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар л нэхэмжлэл гаргах боломжтой.
Нэхэмжлэгч “БХНСГХХ” НҮТББ-ын тухайд өөрийн дүрмийн Зургаад заасан буюу “Байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгж, хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах” зорилгынхоо хүрээнд буюу хуульд заасан хүрээлэн байгаа орчны асуудлаар нэхэмжлэл гаргаж болохоор байна.
Тус төрийн бус байгууллагаас Дорнод аймгийн Матад сумын Засаг даргаас гадна “ПДТ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “ПДТ” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад даалгаж“ гэж тодорхойлж, нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.
Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу тодруулах, үүний тулд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас нийтийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэхээр нэхэмжлэгч хандсан, нэхэмжлэлийн шаардлага нь дүрмийн зорилгод нь хэрхэн нийцэж байгааг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч төрийн бус байгууллагын “Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, 2018 оны гэрээг “ПДТ” ХХК-тай байгуулахыг Матад сумын Засаг даргад даалгах” шаардлага нийтийн эрх, ашгийг төлөөлж гаргаж байгаа гэх зорилготой хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон “байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх”, “байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар гэрээ байгуулах” тухай Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг сурталчлан таниулахаас гадна “биелэлтийг хангуулж гэрээ байгуулахыг даалгах” шаардлагын зарим үндэслэлээ нэхэмжлэгч “... орон нутгийн иргэдийн 200 гаруй хүн ажилгүй байгаа, ... “ПДТ” ХХК-д түүхий тос олборлосноос хэдэн тэрбум долларын ашиг олж, хэдийг нь орон нутагт зарцуулах нь тодорхойгүй, ... сум, орон нутгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гараагүй, орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгийг тодорхой болгох“ гэх зэргээр тодорхойлсон нь тухайн төрийн бус байгууллагын дүрмийн зорилго болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-тай хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй байна.
Ялангуяа дээрх хуулийн заалтуудад дурдсан орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар гэрээ байгуулахыг шаардсан асуудалд шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Гэтэл анхан шатны шүүх энэхүү асуудлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл болно.
Үүнээс гадна нэхэмжлэгчээс “даалгах” шаардлага гаргасантай холбогдуулж, тухайн асуудлаар сумын Засаг даргад хандсан эсэх, хандсан бол сумын Засаг дарга “эс үйлдэхүй”-г хэрхэн гаргасан талаар дүгнэлт өгөх нь ач холбогдолтой байна.
Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР