Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00004

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 21 210/МА2022/00004

 

 

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/04383 дугаар шийдвэртэй, Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Г, Н.Т нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 14,736,955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А.Г нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г.Бтай ЗГ4705109389 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Мөн А.Г, Н.Т нар 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ4705109389 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 4,300,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл авсан. Зээлдэгч А.Г нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗГ4705115161 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 1,600,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. А.Г, Н.Т нар ЗГ4705109389 тоот Зээл болон барьцааны гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 934 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7,355,103.85 төгрөг, үндсэн хүүнд 4,583,539.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 436,449.53 төгрөг, нийт 12,375,092.31 төгрөг, мөн А.Г ЗГ4705115161 тоот Зээл болон барьцааны гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 905 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,371.722.15 төгрөг, хүүнд 906,760.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 83,379.13 төгрөг, нийт 2,361,862.18 төгрөг тус тус төлөөгүй байна. Иймд А.Г, Н.Т нараас нийт 12,375,092.91 төгрөгийг, А.Гаас 2,361,862.18 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Бинд олгуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч А.Гийн татгалзал, тайлбарын агуулга:

Г.Б 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад дахин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие ажил хийдэг байхдаа зээл авч өөрөө хэрэглэсэн нь үнэн бөгөөд хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь Н.Тыг гуйж гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгчийн анхны гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Хариуцагч Н.Тын татгалзал, тайлбарын агуулга:

А.Г зээл авахдаа намайг дуудаад гарын үсэг зурах хүн хэрэгтэй байна, та ирээд гарын үсэг зураад өгөх үү, нийгмийн даатгал төлдөг хүн хэрэгтэй байна гэсний дагуу би Г.Бинд ирж, А.Гийн авч байгаа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тэр зээлсэн мөнгөөс би нэг төгрөг ч аваагүй. Би Г.Бинд нэг бус удаа очиж энэ хүнээрээ зээлийг нь төлүүлээч, тэгэхгүй бол надад зээл олдохгүй байна гэж хэлж байсан. Миний хувьд зээлээс нэг ч төгрөг аваагүй тул зээлийг төлөлцөх ямар ч боломж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Гаас 14,736,955.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Н.Тт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гаас 231,635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгод шийдвэрлэсэн.

5.Нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Банк, эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19, 20, 20.7, 21 дүгээр зүйлд заасныг удиртгал болгон Иргэний хуулийн 186, 187, 187.2, 189.1, 193.1, 196, 196.1.2, 196.1.7, 199, 200, 242.2-т тус тус заасны дагуу зээлийн гэрээнд талууд харилцан тохиролцож, үндсэн болон хамтран зээлдэгч нар зээлийн нөхцөл шаардлага хэрэгцээг өөрсдийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ баталгаажуулан зээл авсан гэж үзсэн.

5.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын зүгээс мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар өгч байсан ч зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэл нь шүүх хурлын үеэр дурдагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нотлох баримтуудыг цуглуулах, гаргаж өгөх хугацаа хангалтгүй, эрхээ эдэлж чадаагүй гэж үзэж байна.

5.в. Банк, эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зүйлд зааснаар үндсэн болон хамтран зээлдэгч нартай харилцан тохиролцож зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн.

5.г. Иргэний хуулийн 204.2-р зүйл буюу хуульд заасан үндэслэлээс бусдаар гэрээний үүргээс чөлөөлөгдөх эрхгүй. Иргэний хуулийн 241.7, 242.3, 242.6, 242.11-д тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх үндэслэлгүй гэжээ.

6.Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч А.Г, Н.Т нарт холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 12,375,092.91 төгрөг, хариуцагч А.Гт холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,361,862.18 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Г нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн болох 13,667,775 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг татгалзаж, хариуцагч Н.Т нь зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлээс ашиглаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч тус тус маргажээ.

3.Г.Б ХХК нь А.Гтай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ4705109389 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗГ4705115161 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 1,600,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус олгохоор харилцан тохиролцжээ.

Зохигчид дээрх ЗГ4705109389 тоот гэрээнд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 4,300,000 төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн зээлийн гэрээний хугацааг 36 сараар тооцохоор тохирч, хамтран зээлдэгчээр Н.Т гарын үсэг зурсан байна. (хэргийн 7-12 дахь тал)

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б ХХК, хариуцагч А.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

5.Мөн шүүх дээрх зээлийн нэмэлт гэрээгээр хариуцагч Н.Тт хамтран зээлдэгчийн эрх, үүрэг хэрхэн үүссэн нь тодорхойгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах ба дээрх нэмэлт гэрээ байгуулагдах үед мөрдөж байсан 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч Н.Т нь зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацаа зэргийг тодорхойлсон өргөдөл, банкинд гаргасан хувийн хэрэгт хамаарах баримт хавсаргаж өгсөн талаар баримт байхгүй, банк хэрхэн судалж тогтоосон нь тодорхой бус байхаас гадна үндсэн гэрээгээр зээлдэгч А.Гийн авсан зээлийн үлдэгдэл 5,633,611 төгрөг дээр нэмж 4,300,000 төгрөгийн зээл олгох байдлаар нэмэлт гэрээ хийгдсэн зэргээс дүгнэхэд, хариуцагч Н.Тыг хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

6.Дээр дурдсанаар, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч Н.Тт холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

7.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр 13,667,775 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр 1,069,179 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сард дууссан тул уг тооцоог шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн байна.

8.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч А.Гаас 14,736,955.09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/04383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА