Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00095

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00095

 

 

 

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/03452 дугаар шийдвэртэй Ч.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Ө.К ХХК, Х.А.Х.С.З.Д, Х.А.Х.С.Г.Д нарт холбогдох, С.Ө.К ХХК-д олгосон нэгж талбарын ... дугаартай ... га, ... дугаартай ... га, ... дугаартай ... га, нийт ... га газрын эрхийг Ч.Т-т шилжүүлэхийг даалгах, Х.А.Х.С.З.Дд С.Ө.К ХХК-ийн эзэмшдэг ... га газрын эрхийг Ч.Т-т шилжүүлэхийг даалгах, Х.А.Х.С.Г.Д д ... га газарт Ч.Т-тай газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэгж талбарын ... дугаартай ... га газар, ... дугаартай ... га, ... дугаартай ... га газар, нийт ... га маргаан бүхий газрын эрхийг дуудлага худалдаагаар худалдаж газрын төлбөрийг Ч.Т- өөрийн эд хөрөнгөө барьцаанд тавьж төлснөөр газар эзэмших эрхийг С.Ө.К ХХК-нд олгосон. Ч.Т- газрын дуудлага худалдааны үнэ болох 73,000,000 төгрөгийг хохирлын хамт нэхэмжлэхэд зуучлагч Б.А- нь уг мөнгийг газарт зарцуулсан гэх ба Б.А-од ямар ч эд хөрөнгө байхгүй. С.Ө.К ХХК-ийн 67%-ийг эзэмшдэг, энэ 67%-ийг газрын төлбөр төлсөн учир эзэмшдэг байдал нь тодорхой болсон. Улмаар Б.А- нь газрын эрхээр баталгаажсан С.Ө.К ХХК-ийн 67%-ийг эзэмшиж байсан эрхээсээ татгалзаж Ж.Б гэдэг хүн рүү хувьцаагаа шилжүүлсэн байх ба С.Ө.К ХХК нь ямар ч эд хөрөнгөгүй зөвхөн газрын эрхтэй компани байна. Иймээс С.Ө.К ХХК-аас Б.А-ын эзэмшиж байсан эрхийг авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөд С.Ө.К ХХК нь Ч.Т-тай эрх зүйн харилцаанд ороогүй гэж тайлбарладаг. Дээрх тайлбарыг үндэслэн шаардлагаа өөрчилж газрын эрхийг шилжүүлэхийг С.Ө.К ХХК-нд даалгах гэж өөрчилсөн.

Манай шаардлага хангагдах үед Засаг даргаас захирамж гаргах, газрын даамал гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүсэх ба хэрэв шүүхээс шийдвэр гаргаж, газрын эрх олгосон захирамж гаргахгүй бол дахин өөр маргаан үүсэх учир засаг даргыг болон газрын даамлыг хариуцагчаар татах шаардлага үүссэн.

Шүүхээс гарах шийдвэр биелэгдэх боломжтой байхын тулд хамтран хариуцагчийг татан оролцуулсан байгаа ба хариуцагч болох Х.А.Х.С.З.Д, Х.А.Х.С.Г.Д нарын хариу тайлбараар хариуцагч байх эсэх нь шийдэгдэх ба газрын төлбөр төлсөн бөгөөд нэхэмжлэгч этгээд болох Ч.Т- нь засаг дарга, газрын даамлыг хариуцагчаар оролцуулах эрхийн хүрээнд хамтран хариуцагчаар татсан болно.

Иймд Ч.Т-ын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул С.Ө.К ХХК-д олгосон ... га газрын эрхийг Ч.Т- руу шилжүүлэхийг даалгаж, тухайн газрыг эзэмших гэрээг Ч.Т-тай байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч С.Ө.К ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ярьдаг. 2017 оны 3 дугаар сард энэ асуудал яригдаж эхэлсэн бөгөөд хэлцлээр мөнгө өгч, авсан асуудал байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан гэрээний бус биш гэрээтэй холбоотой маргаан. Хариуцагч Б.А- өмнө нь мөнгө авсан болох нь үнэн гэдэг хариу тайлбар өгч байсан. Иймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Хүмүүс хоорондоо зээлийн гэрээ байгуулсан болохоос компани мөнгө аваагүй. Хэрвээ компани авсан бол компанийн данс руу мөнгөө хийх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн нь хохирлыг бүрэн тогтоох асуудал байсан болохоос газрыг аваарай гэх асуудал яригдаагүй. Зээлээ төлнө гэдэг асуудал нь гэрээний бус харилцаа буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан асуудал биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Х.А.Х.С.З.Д болон газрын даамал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Дулааны энгэр гэх газарт Х.А.З.Д-ын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн а/41 тоот захирамжийн дагуу тариалангийн зориулалтаар газар эзэмших дуудлага худалдааг нийтэд зарласан. Дуудлага худалдааны журмын дагуу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хэрлэн сумын иргэний танхимд дуудлага худалдаа зохион байгуулагдаж, С.Ө.К ХХК нь дуудлага худалдаанд ялалт байгуулсан. Ингээд Х.А.З.Д-ын захирамж гарсан. Тус компани нь 2021 онд нийт талбайн 200 га-д тэжээл тариалж байсан ба 2022 оны байдлаар тус газрыг ашиглаагүй буюу тариалалт эрхлээгүй байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар С.Ө.К ХХК, Х.А.Х.С.З.Д, Х.А.Х.С.Г.Д нарт холбогдуулан гаргасан С.Ө.К ХХК-д ... бүхий ... га, ... нтд бүхий ... га, ... нтд ... га ... га газрын эрхийг Ч.Т-т шилжүүлэхийг даалгах, Х.А.Х.С.З.Дд С.Ө.К ХХК-ийн эзэмшдэг ... нтд бүхий ... га, ... нтд бүхий ... га, ... нтд ... га бүхий ... га газрын эрхийг Ч.Т-т шилжүүлэхийг даалгах, Х.А.Х.С.Г.Д д ... нтд бүхий ... га, ... нгд бүхий ... га. ... нтд ... га бүхий ... га газарт Ч.Т-тай газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,458,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

С.Ө.К ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хурал дээр амаар хэлсэн тайлбарууд нь бүгд С.Ө.К ХХК нь Ч.Т-тай эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээний үүрэг үүсээгүй гэх утгатай байдаг. С.Ө.К ХХК нь Ч.Т- нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй байтал Ч.Т-аас мөнгө Б.А-оор дамжаад Хэнтий аймгийн Х.А.З.Д-ын тамгын газарт дуудлага худалдааны төлбөр болоод энэ төлбөрийн хариуд С.Ө.К ХХК ... га газар эзэмших эрх авсан байдаг.

Дансандаа мөнгөгүй, хөрөнгөгүй 1,000,000 төгрөгийн үнэтэй С.Ө.К ХХК нь гэнэт олж авсан хөрөнгийг хуулийн дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулж олоогүй, харин Ч.Т- гэдэг хүний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулж өндөр хүүтэй зээл авхуулаад эцэст нь Ч.Т-тай эрх зүйн харилцаанд ороогүй, юу ч өгөхгүй хохино гэж байгаа үйлдлийг шүүх зөвтгөж байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар С.Ө.К ХХК нь 73 сая төгрөгийн үнэтэй газрын эрхийг өөрийн мөнгөөр худалдан аваагүй буюу үндэслэлгүйгээр шударга бус аргаар олж авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, зээлийн гэрээ, дуудлага худалдааны баримт, прокурорын тогтоол, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул бусдын эд хөрөнгийг үндэслэлтэй шударга журмаар олж авсан нь тогтоогдохгүй байх тул хуульд заагдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. 800 га газрын төлбөр төлсөн Ч.Т-т шилжүүлэн өгч болохгүй хуулийн заалт байхгүй, 800 га газар нь хуульд заагдсанаар огт ашиглаагүй Х.А.З.Д-а үндэслэлтэй татгалзлаа гаргаагүй, хариуцагч С.Ө.К ХХК 800 га газрыг Ч.Т-т шилжүүлж болохгүй талаар үндэслэлтэй нотлох баримт, тайлбар гаргаж чадахгүй байгаа зэрэг нь манай шаардлага шударга ёсны шаардлага болохыг нотолно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 800 га газрын эрхийг Ч.Т-ын нэр дээр шилжүүлэхийг даалгасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан тайлбарын агуулга:

Ч.Т- нь анх нэхэмжлэл гаргахдаа болон цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа зээлсэн гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Ч.Т-, Б.А-, н.Мөнхсоёл нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Б.А-, Ч.Т-аас мөнгө авахдаа уг мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэхэд зээлийн зориулалттай бөгөөд миний хувьцаа эзэмшдэг компани газар авах гэсэн чинь мөнгө дутаад байгаа тул мөнгө зээлээч гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар газрыг тухайн мөнгөөр авч өгсөн гэх асуудал байхгүй бөгөөд хэрэгт авагдсан мэдүүлэгт тодорхой дурдагдсан. Ч.Т- болон Б.А-, н.Мөнхсоёл нарын хоорондох харилцаа одоо хүртэл хэвээр үргэлжилж байгаа бөгөөд хүчин төгөлдөр бусд тооцогдсон ямар ч нөхцөл байдал байхгүй. Б.А-, н.Мөнхсоёл нар нь өөрсдөө тухайн мөнгийг авсан нь үнэн бөгөөд мөнгийг нь төлмөөр байна. Гэтэл 280 гаруй сая төгрөг буюу хэтэрхий их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэж хэлсэн. Б.А- тухайн компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад болих үед н.Батбаяр нь Б.А-, н.Мөнхсоёл нарт хангалттай хэмжээний мөнгө өгч, гарсан асуудал байдаг. Б.А-, н.Мөнхсоёл нар тухайн мөнгөөр Ч.Т-ын мөнгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй нөхцөл байдал үүссэн тул маргасан. Уг асуудалд С.Ө.К ХХК нь ямар ч хамааралгүй гэдэг байр суурьтай байна. Тухайн асуудалд 2017 оноос хойш Ч.Т- хохирч байгаа нь үнэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн үндэслэлтэй гаргах ёстой. Гэтэл өөрсдөө үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул С.Ө.К ХХК хамааралгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ч.Т- нь анх зээлийн гэрээний үүрэгт 260,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.Мөнхсоёл, Б.А-, С.Ө.К ХХК нарт холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран ажиллахаар тохирсон болохыг тогтоолгох, С.Ө.К ХХК-ийн дундын хөрөнгө, эрхийн 70 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, 70 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгчийг бүртгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч М.Мөнхсоёл, Б.А- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дээрх шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж шийдвэрлэсэн, үүнд зохигч гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Ч.Т-аас хариуцагч С.Ө.К ХХК, Х.А.Х.С.З.Д болон газрын даамалд тус тус холбогдуулан С.Ө.К ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй ... га газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг тус тус даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээнд анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч С.Ө.К ХХК-ийг бусдын хөрөнгөөр газар эзэмших эрхийг олж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласныг хариуцагч С.Ө.К ХХК эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй, нэхэмжлэгчтэй гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй, харилцаа байхгүй гэж маргажээ.

4.Хэргийн баримтаас үзэхэд, Хэнтий аймгийн Х.А.З.Д-ын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаар захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд ялагч болсон С.Ө.К ХХК-д үр тарианы зориулалтаар ... га газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбарын ... дугаартай ... га талбайд 000311106 дугаартай, нэгж талбарын ... дугаартай ... га талбайд 0003111107 дугаартай, нэгж талбарын ... дугаартай ... га талбайд 000311108 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд тус тус олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон байна. (хэргийн 2 дахь хавтас 115-127 дахь тал)

5.Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Т-, хариуцагч С.Ө.К ХХК-ийн хооронд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч Ч.Т-ын шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр хариуцагч С.Ө.К ХХК газар худалдан авсан нөхцөл байдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэн үндэслэлд хамааруулж дүгнэх үндэслэлгүй.

6.Харин нэхэмжлэгч Ч.Т- нь М.Мөнхсоёл, Б.А- нартай харилцан тохиролцож мөнгөн хөрөнгө шилжүүлсэн буюу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

7.Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Ө.К ХХК-аас газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Т-т шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Түүнчлэн хариуцагч Х.А.Х.С.З.Д болон газрын даамалд холбогдох хэргийг хэргийн харьяалал зөрчсөн гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

8.Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохигчдын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг бүрэн тусгаагүйг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/03452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 492.1 гэснийг 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА