Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/0204

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум

дахь Сум дундын шүүхийн Тамгын

газрын даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид:                         М.Батсуурь

                                              Д.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:           Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Л.Н-г оролцуулж,

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.6, 17 дугаар зүйлийн 17.7, 27 дугаар зүйлийн 27.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ш.О-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 9,675,648 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж байна. ...Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжээгүй гэдэг талаараа тайлбар өгсөн үйл баримтад шүүх дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.  Маргаан бүхий акт болох 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаал гаргах үед Д.Д, Ш.О  нарыг Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 3 дугаар сарын 6-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс нэр дэвшүүлэх тогтоолыг үндэслэн шүүгчийн туслахын албан тушаалд жинхлэн томилсон. Тиймээс хэн аль нь төрийн жинхэнэ албан хаагч байсан гэж үзэн сонгон шалгаруулалт явуулсан байхад үйл явдал болж өнгөрснөөс хойших Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний  өдрийн 52 дугаар албан бичгийг үндэслэн сонгон шалгаруулалт шаардлагагүй байсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй юм.

5. ...Маргаан бүхий захиргааны акт гарсны дараа Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн  нөөцөд бүртгэлтэй гэдгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түүний Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан “Төрийн албаны нөөцөд байгаа эсэхийг тогтоож өгнө үү” гэсэн гомдлын дагуу тогтоосон. ...Шүүх Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 52 дугаартай албан бичгийг үндэслэж Д.Д-г төрийн жинхэнэ албан хаагч гэж үзээд байгаа юм бол Ш.О-ийг ямар үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох болзол шалгуурыг хангасан гэж тогтоогоод байгаа нь учир дутагдалтай ойлгомжгүй, хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

6. Нэхэмжлэгч Ш.О нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалтгүй томилогдсон, түүнчлэн туслах түшмэлийн орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт 3 сар ажиллаж байгаад тус шүүхэд дэс түшмэлийн ангиллын албан тушаалд хууль зөрчиж томилогдоод байгаа асуудлыг шүүхээс шалгаж тодруулалгүй Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагч, хуулийн дагуу томилогдсон гэж үзээд байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт болох Б/14 дүгээр тушаал гарахаас өмнөх асуудал буюу Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны  3 дугаар сарын 6-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн Д.Д, Ш.О нарыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж сонгон шалгаруулалт явуулан Ш.О-ийг чөлөөлсөн байхад хэрэгт ач холбогдолгүй үйл баримтад шүүх  дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д ...“тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан байхад хариуцагчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн тайлбар, дүгнэлтийн агуулгад шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Шийдвэрт ...хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл ажлын хоногийн цалин 11.709.648 төгрөгөөс тэтгэмжийн 2.034.000 төгрөгийг хасч, 9675648 төгрөг гаргуулахаар буруу тооцож шийдвэрлэсэн. Тушаал гаргасан талаас түүнийг 2018 оны 12 дугаар сараас ажилдаа буцаж орох талаар уулзаж, ажилдаа орохыг хүссэн байхад, нэхэмжлэгч ажилдаа өөрөө ороогүйн төлөө хариуцагчаас цалин хөлс гаргуулах нь хуульд нийцэхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...хэрэв бага цалинтай ажил хийж  байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заажээ.

8.  Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Д.Д-г гуравдагч этгээдээр оролцуулах” нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах гомдлын “цалин хөлсийг буруу тооцсон” гэсэн тухайд зөвхөн үндсэн цалингаас тооцох үндэслэлгүй. Шүүх ажлын хоногийг буруу тооцсон бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох  журмын 7а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заасныг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “хэрэв бага цалинтай ажил хийж, байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заасныг зөрчсөн шийдвэр, магадлал болсон.

9. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж өөр ажил албан тушаал эрхэлж байгаа талаараа хэлж мэдүүлсээр байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс Ш.О-ийн ажилд орсон тушаал, холбогдох нотлох баримтуудыг шаардан гаргуулахгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн “анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”  гэснийг тус тус зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

11. Нэхэмжлэгч Ш.О нь “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/44 дүгээр шийдвэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын орон тоог гурав болгон тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсний дагуу тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Ш.О, Л.Х, Д.Д, Г.Х нарын үр дүнгийн гэрээний биелэлт, мэргэжил ур чадвар, ажлын туршлага зэргийг харгалзан дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хамгийн бага оноо авсан нэхэмжлэгч Ш.О-ийг маргаан бүхий акт болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан шүүгчийн туслахын үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон нь хууль ёсны юм.

13. Учир нь, уг акт гарахаас өмнө буюу сонгон шалгаруулалт явагдахаас өмнө тус шүүхийн Тамгын газрын дарга нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/06 тушаалаар нэхэмжлэгч Ш.О-ийг /2014 оноос хойш шүүгчийн туслахаар ажиллаж байсан/, мөн өдрийн Б/05 дугаар тушаалаар Д.Д-г /2015 оноос шүүгчийн туслахаар ажиллаж байсан/ шүүгчийн туслахын албан тушаалд жинхлэн томилсон бөгөөд эдгээр тушаалууд хүчин төгөлдөр байхад шүүгчийн туслахын орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн дагуу эрх зүйн ижил статустай төрийн жинхэнэ албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, хамгийн бага оноо авсан нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

14. Гэтэл шүүхүүд маргаан бүхий акт гарснаас хойших үйл баримт болох нэхэмжлэгчийн гомдлын дагуу Хэнтий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 64/01 дүгээр “...Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэж тооцох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг үндэслэн “төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй этгээдийг (Д.Д-г) шалгаруулалтад оруулсан хариуцагчийн үйлдэл хууль бус” гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

15. Нэгэнт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль ёсны буюу түүнийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6.“Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.“Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2.“Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1.“Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн хууль хэрэглэгдэхгүй, иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах боломжгүй.

16. Харин нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах үүднээс түүний “...шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээр дурдсан маргаан бүхий акт гарснаас хойших үйл баримт буюу нэхэмжлэгч нь төрийн албаны нөөцөд байгаа болох нь тогтоогдсон, энэ утгаараа тухайн байгууллагад ажиллаж байгаа гэж үзэх боломжтой, мөн хариуцагч 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Д-г тус шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлснөөр сул орон тоо бий болсон зэрэг нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгчийг өнөөдрийг хүртэл шүүгчийн туслахын албан тушаалд авч ажиллуулаагүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэн Ш.О-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах боломжтой, энэ нь Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 27 дугаар зүйлийн 27.1.2. “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” томилох журамтай харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

17. Мөн хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас нэхэмжлэгч Ш.О-ийг шүүгчийн туслахын албан тушаалд ажиллуулах боломжтой гэдгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Ш.О-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ш.О-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧ                                                          Г.БАНЗРАГЧ