Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
    Нэхэмжлэгч: Д.Мөнхжаргал
    Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга
    Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд өгсөн мэдэгдэл болон тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах, мөн аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас зарласан Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн төлөөлөгч С.Мөнгөнзаяа, хариуцагч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
    Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дарамбазар овогтой Мөнхжаргал миний бие 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Архангай аймгийн Засаг даргын Б/06 дугаар захирамжаар Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаар Засаг даргын захирамжаар жинхлэн томилогдсон. Д.Мөнхжаргал миний биеийг жинхлэн томилохдоо Авилгатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/10278 дугаартай ашиг сонирхлын зөрчилгүйг тодорхойлсон албан бичиг, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Архангай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга А.Амгаланбаатарын “2014 онд сонгон шалгаруулалтад орж Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлаар түр томилогдсон Д.Мөнхжаргалыг 2015-2016 оны хичээлийн жилийн үр дүнг харгалзан жинхлэн томилоход татгалзах зүйлгүй” гэсэн албан бичиг, Боловсрол, соёлын газрын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж бүртгэгдсэн дүнг үндэслэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн заалтын дагуу Д.Мөнхжаргал миний биеийг Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилсон хууль зүйн үндэслэлтэй захирамж гарсан билээ.
Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.Мөнхнасан “Таны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, хууль журамд нийцүүлэх шаардлагатай байгааг мэдэгдье” гэсэн утга бүхий мэдэгдэл ирүүлсэн. Ингээд уг мэдэгдлийн дагуу засаг даргад тухайн албан тушаалд сул орон тоо гараагүй талаарх мэдэгдлийн хариуг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн боловч засаг дарга нь хууль тогтоомжийг зөрчиж сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг Боловсрол соёл, урлагийн газарт хүргүүлсэн байна. Үүний дагуу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас сонгон шалгаруулалт зарласныг олж мэдлээ. 
Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын сул орон тоо гараагүй байхад хууль зөрчиж сул орон тоо гэж сонгон шалгаруулалт зарлаж байгааг эс зөвшөөрч байна. “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-дэх хэсэгт “...Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөл болон аймаг нийслэлийн боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ..” гэж заасан байдаг.
    Иймд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр засаг дарга Ц.Мөнхнасангийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд өгсөн мэдэгдэл болон спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг аймгийн засаг даргад даалгуулж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл, урлагийн газарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нь Д.Мөнхжаргалыг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан.
Мөн захирамжийн 3 дахь хэсгээр Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дүнг танилцуулахыг аймгийн Боловсрол соёлын газрын даргад үүрэг болгосон байдаг.
Гэтэл    дээрх захирамжаар өгсөн үүрэг биелэгдээгүй байхад Д.Мөнхжаргалыг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар жинхлэн томилон ажиллуулсан байна. Д.Мөнхжаргалыг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд томилохдоо Боловсрол соёлын газрын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилсон нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1.4.3., 1.5., 2.1., 2.2., 3.1., 3.2., 7.5. гэх мэт заалт, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6.1.2., 8.1.1. дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн хэсгийг тус тус зөрчжээ.
Спортын    төрөлжсөн сургалттай сургууль нь 2015 оны 1 дүгээр сард байгуулагдсан шинэ сургууль иймд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5 дахь хэсэгт заасны дагуу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэснийг зөрчин Д.Мөнхжаргалыг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. дэх хэсэгт заасны дагуу /нийтийн эрх ашиг сонирхолд илт хохирол учруулахаар/ Д.Мөнхжаргалтай боловсрол, мэргэжил, ажлын туршлага ижил түвшний хүмүүсийг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд зарлагдсан сул ажлын байрны сонгон шалгаруулалтад орох эрхийг хааж байна. Д.Мөнхжаргал 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын сул орон тоо гэж үзэж зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг даалгасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. 
Иймд Д.Мөнхжаргалын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын сул орон тоо гэж үзэж зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг даалгасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 
      Хариуцагч Ц.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхжаргалын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан болохын хувьд - Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгалтанд орж томилогдох ёстой. Д.Мөнхжаргалыг томилохдоо “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1., 2.2., 3 дугаар зүйлийн 3.1., 3.2., 7 дугаар зүйлийн 7.3., 7.5, 8 дугаар зүйлийн 8.4. дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Аймгийн засаг даргаас таны ажлын байрыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарлана гэсэн мэдэгдэл ирсэн. Үүний дагуу Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Архангай аймгийн Биеийн тамирын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр сонгон шалгаруулалтын зар гарсан. Миний бие аймгийн Боловсролын газраас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан захирлуудын сонгон шалгаруулалтад орж 60-аас дээш хувийн үнэлгээ авч тэнцсэн. Тухайн жил болсон төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцсэн. 2015 оны 1 дүгээр сард тухайн үеийн Засаг дарга байсан Бат-Эрдэнэ намайг дуудаж тус сургуулийн үйл ажиллагааг удирдаж явуул гэж түр тушаалаар захирлын албан тушаалд томилсон. 2016 оны 6 сарын 30-нд намайг жинхэлж томилсон. Иймд би тус сургуулийн захирлын албан тушаалыг сул орон тоо гэж үзэхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэгэнт хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн хойно ажлын байрыг нь сул орон тоо гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь сонгон шалгаруулалтыг дүнг Боловсролын тухай хуульд заасны дагуу үндэслэж Д.Мөнхжаргал гэдэг хүнийг Спортын сургалттай сургуулийн захирлаар түр томилж, Засаг даргаас энэ хүнийг ажиллаж чадах юм бол жинхэлнэ гэсэн давхар шалгуурыг тавьсан байдаг. Энэ сургуулийн үйл ажиллагааг жигдрүүлээд авч явж чадаж байна. Мөн Боловсрол соёл, урлагийн газрын санал, Авилгатай тэмцэх газрын ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг зэргийг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Засаг дарга жинхэлсэн байдаг. Тэгээд хөдөлмөрийн гэрээ байгуулаад, үр дүнгийн гэрээ байгуулаад, хөдөлмөрийн харилцаа үүсээд нэг жил болж байтал сул орон тоо гэж ажлын байранд нь сонгон шалгаруулалт зарласан байдаг. Сул орон тоо гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд тухай ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, нас барсан, ажлаас халагдсан гэх үндэслэлүүдээр Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолыг яриад сул орон тоо юмаа гээд дараагийн албан тушаалтыг томилох зохицуулалт байхад үүнийг хольж хутгаж байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаар аймгийн Засаг даргын захирамж хүчинтэй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад хариуцагч талаас сул орон тоо гээд тайлбар хийгээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Д.Мөнхжаргал гэдэг хүнийг томилсон талаар бид өнөөдөр маргаагүй. Бид энэ хүнийг ажиллаж байхад нь ажлын байрыг нь сул орон оо гэж сонгон шалгаруулалт зарласанд л маргаж байгаа. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-.д “Аймаг нийслэлийн Боловсролын газрын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, үр дүнгийн гэрээний дүн болон аймаг нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 30-нд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг томилсон байдаг. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй гэдгийг дахин дахин хэлмээр байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Мөнхжаргалыг томилсон үйл явц нь хэн нэгэнд давуу байдал олгосон гэдэг нь гэрч А.Амгаланбаатарын мэдүүлгээс харагдаж байна. Сул орон тооны талаар Улсын дээд шүүхийн 32 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-ийг зөрчсөн бол сул орон тоо гэж үзнэ. 2013 оноос өмнө энэ асуудлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулдаг байсан. Тухайн менежер бүр дээр сонгон шалгаруулалт явуулна гэсний дагуу төсөв захиран зарцуулж байгаа хүнийг заавал сонгон шалгаруулж авдаг байсан. Энэ хууль 2013 оноос эхлэн хэрэгжихээ больж уг харилцаа зохицуулалтгүй болсон тул Төрийн албаны зөвлөлөөс төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтыг сонгон шалгаруулах журмыг баталж дагаж мөрддөг болсон. Уг журмыг зөрчиж томилсон тул тус ажлын орон тоо нь сул орон тоо юм гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан. Д.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, жинхлэн томилсон захирамж хоорондоо зөрчилтэй байгаа. Түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо сонгон шалгаруулалт явуул гэж үүрэг болгож өгчхөөд захирамж нь биелэгдээгүй байхад жинхлэн томилсон нь өмнөх гаргасан захирамжаа зөрчсөн байна гэжээ.
 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар аймгийн Засаг дарга 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 тоот захирамжинд 1 дэх хэсэгт түр орлон гүйцэтгэгчээр томилоод, 3 дахь хэсэгт Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дүнг танилцуулахыг аймгийн Боловсролын газрын дарга А.Амгаланбаатарт үүрэг болгосон байдаг. Тухайн үед Д.Мөнхжаргал нь түр томилогдоод ажиллаж байсан. Захирамжаар сонгон шалгаруулалт явуулах үүрэг өгчихсөн явж байсан. Ингэж үүрэг өгсөн нь томилох эрх мэдэл бүхий субъект болох аймгийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.7., 30 дугаар зүйлийн 30.1.15., Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт явуулаад дүнг танилцуулах үүргийг хууль хэрэгжүүлэх зорилгоор үүрэг өгсөн. Ингээд жил таван сарын дараа Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын орон тоон дээр ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар Д.Мөнхжаргалыг жинхлэн томилсон. Уг захирамж нь юуг үндэслэж гарсан бэ гэхээр 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн, Боловсрол соёлын газрын албан бичиг “2015, 2016 оны хичээлийн шинэ жилийн үр дүнг харгалзан жинхлэн томилоход татгалзах зүйлгүй гэсэн” байдаг. Уг албан бичгийг тайлбарлая: Тус сургуулийн захирлын албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуул гэдэг үүрэг өгчихсөн байхад үүргийг биелүүлээгүй, 2015, 2016 оны гэрээний хэрэгжилтийг харж сургуулийн захирлыг томилно гэсэн хуулийн заалт байхгүй. 2014 оны 9 сарын 12-ны өдөр Д.Мөнхжаргал шалгалт өгсөн гэх боловч аймгийн Засаг дарга хуулийн дагуу ажлын байрны захиалга  2014 оны 08 сарын 15-ны өдрийн 2/1131 гэсэн албан бичгээр Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн аймгийн Засаг дарга томилдог болсонтой холбогдуулан сонгон шалгаруулалт зарлаж өгнө үү гэсэн албан бичгийг Боловсрол, соёлын газрын даргад явуулдаг. Уг албан бичигт нэлээн хэдэн сургууль, цэцэрлэгийн нэр байдаг ч Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн нэр дурддаггүй. Боловсрол, соёлын газар аймгийн Засаг даргын захиалгын дагуу 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалт явуулдаг. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дараах хүмүүсийг томилж өгнө үү гэсэн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 281 тоот албан бичигт Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн нэр бас байдаггүй. Д.Мөнхжаргалын хувьд шалгалтанд ороод 1 дүгээр байраар гарч ирээгүй 5 дугаар байрт орсон онооны жагсаалт байдаг. Тэрнээс бол ямар материал бүрдүүлж авсан болон сонгон шалгаруулалттай холбоотой баримтууд байдаггүй. Зөвхөн онооны жагсаалт байдаг. Хариуцагчийн зүгээс Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.7, 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг зөрчиж Д.Мөнхжаргалыг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар томилсон байна. Д.Мөнхжаргалыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилоогүй болохоор бид хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилохоо яриад байгаа юм. Сонгон шалгаруулалт явуулах талаар хууль, журам байгаа. Иймд сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй байна гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    Иргэн Д.Мөнхжаргалаас Архангай аймгийн Засаг дарга /цаашид аймгийн Засаг дарга гэх/, тус аймгийн боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд өгсөн мэдэгдэл болон тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах, мөн аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас зарласан Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Сонгон шалгаруулалт зарлах тухай” мэдэгдлийг тус аймгийн Спортын сургалттай сургуулийн захирал Д.Мөнхжаргалд хүргүүлжээ .
Дээрх мэдэгдэлд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг тус аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажилд жинхлэн томилохдоо одоо эрхэлж байгаа ажлын байр буюу спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй, 2014 онд Өлзийт сумын сургуулийн захирлын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тухайн албан тушаалд томилсон нь Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5, “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэсэн зохицуулалтад нийцээгүй байна.
Иймд таны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, хууль журамд нийцүүлэх шаардлага байгааг мэдэгдье. Тухайн зарласан сонгон шалгаруулалтанд орох эрх танд нээлттэй болно гэжээ. 
Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281..1.7., Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 315 дугаар тушаалын 2.7. дахь заалтыг тус тус үндэслэн Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд ажиллахыг хүсэгч иргэдийн сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явуулахаар зарлажээ . 
Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал тус аймгийн Засаг дарга нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар намайг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд томилохдоо  Боловсрол, соёлын газрын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилсон. Иймд дээрх захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул тус сургуулийн захирлын орон тоо нь сул орон тоо биш юм. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тус аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургууль нь шинээр байгуулагдсан сургууль учраас Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5, “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явагдах ёстой гэж маргажээ.
Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/13 дугаар захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IY багт байрлалтай Спортын төрөлжсөн сургалттай сургуульд тусгай зөвшөөрөл олгосноор Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургууль үүсгэн байгуулагдсан байна .
Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ .
Тус захирамжийн 3 дахь заалтаар ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дүнг танилцуулахыг аймгийн Боловсролын газрын дарга А.Амгаланбаатарт үүрэг болгосон байна. 
Дээрх захирамжаар үүрэг болгосон сонгон шалгаруулалтыг явуулалгүйгээр Боловсрол, соёлын газрын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг тус сургуулийн захирлаар жинхлэн томилсон байна. 
Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь “Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Төвшрүүлэх, Мөрөн, Өндөр-Улаан сумын Хануй, Жаргалант сумын Хоолт багийн сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулж өгнө үү” гэсэн аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2/1138 дугаар бичгээр  ирүүлсэн саналын дагуу аймгийн Боловсролын газраас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан гэх ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалтанд оролцож 62.6 оноо авч, нийт оноогоор V  дугаар байр эзэлсэн байна .
2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтын материалыг хэрэгт нотлох баримтаар авахаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын баримт бичигт шүүхээс үзлэг хийхэд сонгон шалгаруулалтын дүнг аймгийн Засаг даргад хүргүүлэх тухай Боловсролын газрын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 281 дүгээр албан бичиг, шалгалтын үнэлгээний хуудас /нэг хуудас / баримт байсан бөгөөд өөр баримт байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Мөн хэргийн оролцогчид Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын  албан тушаалын сул орон тоог зарлаж, тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалт явагдаагүй гэсэн асуудал дээр маргаагүй болно.
Боловсролын тухай хуулийн Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйл. “Аймаг, нийслэлийн боловсролын газар”, 281 дугаар зүйлийн 281..1.7. “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;”, 30 дугаар зүйл. “Аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”, 30 дугаар зүйлийн 30.1.15. “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга томилох зохицуулалттай байна. 
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулж байна.
Дээрх журмын долдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах., 7 дугаар зүйлийн 7.3. “Сонгон шалгаруулалтын дүнг нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Салбар зөвлөл ажлын 3 хоногт, орон нутаг дахь Салбар зөвлөл ажлын 7 хоногт багтаан хуралдаанаар хэлэлцэж, тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргана. Боловсролын газар нэр дэвшүүлэх асуудлаа зохих журмын дагуу шийдвэрлэнэ.”, 7 дугаар зүйлийн 7.5. “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна.”, Наймдугаар зүйл. Нэр дэвшүүлэх., 8 дугаар зүйлийн 8.1.3. “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх;” гэж тус тус заажээ.
Журмын дээрх зүйл, хэсгүүдээс үзвэл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргах бөгөөд бусад тэнцсэн иргэдийг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд нөөцөд бүртгэдэг эрх зүйн зохицуулалт байхгүй байна. 
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургууль тус аймагт 2015 онд шинээр байгуулагдсан байх бөгөөд тус сургуулийн захирлын албан тушаалын орон тоог зарлаж сонгон шалгаруулалт явуулаагүй, тухайн албан тушаалыг ижил төрлийн өөр байгууллагад шалгалт өгч тэнцсэн иргэдээс нэр дэвшүүлэн томилох эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа тул тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн хариуцагч нарын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас шүүхэд гаргасан “Архангай аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд өгсөн мэдэгдэл болон тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах, мөн аймгийн боловсрол, соёл урлагийн газраас зарласан Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйл. 28..1.7., 30 дугаар зүйлийн 30.1.15. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын “Архангай аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд өгсөн мэдэгдэл болон тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах, мөн аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас зарласан Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ