Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0279

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаарh221/МА2017/0279 

         Улаанбаатар хот

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.М нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйл. 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын “Архангай аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн мэдэгдэл болон тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах, мөн аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас зарласан Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагч аймгийн засаг дарга 2016 оны 11-р сарын 28-ны өдөр Сонгон шалгаруулалт зарлах тухай мэдэгдлийг тус аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.М-д хүргүүлжээ. Дээрх мэдэгдэлд нэхэмжлэгч Д.М-ыг тус аймгийн засаг даргын 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн Б/56 тоот захирамжаар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажилд жинхлэн томилохдоо одоо эрхэлж байгаа ажлын байр буюу спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй, 2014 онд Өлзийт сумын сургуулийн захирлын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тухайн албан тушаалд томилсон төрийн албаны зөвлөлийн 60-р тогтоолоор батлагдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын 7.5 “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэсэн зохицуулалтад нийцээгүй байна. Журмын дээрх зүйл, хэсгүүдээс үзвэл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргах бөгөөд бусад тэнцсэн иргэдийг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд нөөцөд бүртгэдэг эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургууль тус аймагт 2015 онд шинээр байгуулагдсан байх бөгөөд тус сургуулийн захирлын албан тушаалын орон тоог зарлаж сонгон шалгаруулалт явуулаагүй, тухайн албан тушаалыг ижил төрлийн өөр байгууллагад шалгалт өгч тэнцсэн иргэдээс нэр дэвшүүлэн томилох эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа тул тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн хариуцагч нарын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.” ... гэжээ. Тухайн шүүгчийн дүгнэлт нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.Үүнд:

Архангай  аймгийн  Спортын  төрөлжсөн  сургалттай  ерөнхий  боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр сул орон тоо гараагүй.

Аймгийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/56 дугаар захирамжаар жинхлэн томилохдоо Авилгатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 03/10278 дугаартай ашиг сонирхолын зөрчилгүйг тодорхойлсон албан бичиг, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Архангай аймгийн Боловсрол соёлын газрын дарга А.Амгаланбаатарын 2014 онд сонгон шалгаруулалтад орж, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлаар түр томилогдсон. 2015-2016 оны хичээлийн жилийн үр дүнг харгалзан жинхлэн томилоход татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг, Боловсрол соёлын газрын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн объект заагдаагүй төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж бүртгэгдсэн дүнг үндэслэн, Монгол улсын засаг захиргаа нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн заалтын дагуу М-ыг тус аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилсон. Б.М миний бие нь Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлаар түр болон жинхэлэн томилогдсоноосоо хойш хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ба хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн. Тухайн хариуцагч тал нь Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоо сул орон тоо гэж маргаж байгаа атлаа 2017 оны 01-р сард үр дүнгийн гэрээг Б.М миний биетэй аймгийн засаг дарга шинэчлэн байгуулсан. Уг 2017 онд байгуулсан гэрээг хавтаст хэрэгт нотлох баримт болгож гаргаж өгсөн.

Б.М миний бие нь Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлыг хашдаг Төрийн албаны тухай хуулийн 9-р зүйлд заасны дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан юм. Уг төрийн үйлчилгээний албан тушаалтан, албан хаагчдийн харилцааг Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу зохицуулагдах ёстой гэж үзэж байна. Миний биеийг ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 37, 38, 39, 40-р зүйлүүдэд заасны дагуу цуцалсан шийдвэр гараагүй буюу сул орон тоо гараагүй байхад Хөдөлмөрийн хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг анхан шатны шүүх шийдвэртээ үндэслээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолыг үндэслэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болоогүй байхад сул орон тоо гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн 60-р тогтоолыг үндэслэсэн.

Тухайн ажлын байранд сул орон тоо гарсан тохиолдолд уг журамд нийцүүлэх байсан. Сул орон тоо гэдэг нь тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн албаны насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, халагдсан, нас барсны улмаас тухайн албан тушаалтны ажлын байр суларсан байхыг хэлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10.1 Төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэг мэдлэг боловсрол туршлага ур чадвар мэргэшсэн байх явдал мөн.

Үүнээс үзэхэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч Д.М миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.М нь “... мэдэгдэл, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүчингүй болгохыг Засаг даргад, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёлын газарт тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны байгууллагын ямар үйл ажиллагаа /захиргааны акт/-г хууль бус гэж үзсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээр эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлийн 53.3-д заасны дагуу тодруулаагүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны актын шинжийг агуулаагүй сонгон шалгаруулалт явуулахыг мэдэгдсэн мэдэгдэл, захиалгыг хүчингүй болгохыг Засаг даргад даалгах, явагдаагүй сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу тодруулж шийдвэрлэх шаардлагатай.

 Нэхэмжлэгчийн “сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарласан ...” гэх нэхэмжлэл, гомдлын агуулгаас үзвэл хариуцагч нарын сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хууль бус гэж үзсэн байх боловч уг шийдвэр буюу захиргааны актын талаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс  дүгнэлт өгч гомдлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Д.М-ыг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар жинхлэн томилсон хариуцагч Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/56 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа, мөн хариуцагч аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны ... албан бичгээр 2014 онд сонгон шалгаруулалтад орж түр томилогдсон, ажлын үр дүнг харгалзан жинхлэн томилоход татгалзах зүйлгүй” гэж дурдсан, нэхэмжлэгч нь “... 2014 онд нийтлэг байдлаар захирлуудын сонгон шалгаруулалт болсон. Тухай бүр нь зарлаж байгаагүй ...” гэх тайлбар зэргээс үзвэл сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг урьд нь Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу орон тоо гарах бүрт нь зохион байгуулж байсан эсэх, ерөнхий боловсролын сургуулийн болон спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, албан тушаалд тавигдах шаардлага адил эсэх талаар баримтыг цуглуулж, “сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул сул орон тоо” гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан хариуцагчийн үйл ажиллагааг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай.

            Иймд дээрх ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

  

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ