Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 000001

 

Д.Одончимэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 142/2016/0151/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Жавхлантуяа

            Ялтны өмгөөлөгч                           Б.Долгорсүрэн, О.Сарантуул

            Хохирогч                                           Д.Энхбилэг    

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолтой Д.Одончимэгт холбогдох, 201614000349 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хохирогч Д.Энхбилэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1957 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, Уурхайчин соёлын ордны уран сайхны удирдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-13-66 тоотод оршин суух Баянхайрхан овогт Дүгэрийн Одончимэг. /РД:УК57092907/

 

Ялтан Д.Одончимэг нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уурхайчин соёлын ордонд Д.Энхбилэгийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Баянхайрхан овгийн Дүгэрийн Одончимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар шүүгдэгч Д.Одончимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Д.Одончимэгээс 290.850 /хоёр зуун ерэн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-96 тоотод оршин суух Ломбо овогт Дүгэржанцангийн Энхбилэг /РД:ФМ68113042, Утас:99359041, 95349104/-т олгож, хохирогч Д.Энхбилэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3.т зааснаар шүүгдэгч Д.Одончимэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Одончимэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих заалтыг хэрэглээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгчийн өмгөөлөгч нар “хохирогч Д.Энхбилэгийн үйлдлийн улмаас Д.Одончимэгийн бие махбодид гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох” хүсэлтийг удаа дараа гаргаж, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаалгах санал гаргаж байх боловч хавтаст хэргийн материалд Д.Одончимэг нь “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолоо дараа гаргана” гэж мэдүүлснээр уг асуудлыг шалгаагүй, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй байх тул хэргийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Д.Одончимэг нь Д.Энхбилэгт цохиулж гэмтэл авсан гэх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаж шалгуулах эрхтэй болно...” гэж дүгнэлт хийгээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих заалтыг хэрэглээгүй, Д.Одончимэгийн хохирсон байдал болон  бусад байдлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

 

Шүүгдэгч Д.Одончимэг болон түүний өмгөөлөгч бид “хохирогч Д.Энхбилэгийн үйлдлийн улмаас Д.Одончимэгийн бие махбодид гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох” хүсэлтийг Орхон аймгийн Цагдаагийн газарт 2 удаа, Орхон аймгийн Прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорт тус тус өргөдөл, гомдол гаргасан ба эрүүгийн хэрэг шүүхэд шилжсэн шалтгаанаар энэ хэргийн Прокурорын байгууллага санаачилгаараа татаж, хэргийг дахин шалгаагүйгээс миний өмгөөлөлд байгаа Д.Одончимэгийн эрх зөрчигдөж, хохирсоор байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг... бусад байдал/ болох хэргийн талаар нотолбол зохих асуудал “хохирогч Д.Энхбилэгийн үйлдлийн улмаас Д.Одончимэгийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаар хангалттай нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа гэж үзэж байна.

 

Шүүх Д.Одончимэг нь “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ...дараа гаргана” гэж мэдүүлснээр уг асуудлыг шалгаагүй, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй талаар дүгнэлт хийсэн атлаа хэргийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хууль бус шийдвэр болжээ. Шүүх “Энхбилэгт цохиулж гэмтэл авсан гэх гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргаж шалгуулах эрхтэй болно” гэж дүгнэж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй дэндүү хийсвэр дүгнэлт болжээ.

 

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Энхбилэгийн үйлдлийн улмаас хохирсон Д.Одончимэгийн бие махбодид гэтэл учирсан эсэхийг тогтоолгохоор нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаанд буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Д.Энхбилэг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Хохирогч миний бие ялтны гэм буруугийн болоод оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохиролд нэхэмжилсэн 1.327.110 төгрөгөөс 290.850 төгрөгийг хангаж, 1.036.260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Миний бие нь ялтан Д.Одончимэгт зодуулсаны дараа толгой өвдөж эмчилгээ хийлгэн, нарийн мэргэшлийн шинжилгээ өгөх, оношлогоо хийлгэх зорилгоор Улаанбаатар хот руу автомашинаар явж “Рефлекс” мэдрэлийн эмнэлэг болон “Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн баримт байсаар атал анхан шатны шүүх нь хувийн автомашин хөлсөлсөн нь учирсан гэмтэлтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй байна. Гэтэл энэ эмнэлгүүд нь зөвхөн Улаанбаатар хотод л байдаг, би хот явахдаа, мөн үзүүлээд ирэхдээ явган яваагүй нь тодорхой шүү дээ. Гэтэл миний хот руу явсан унааны зардлыг хасаж шийдсэнд гомдолтой байна.

 

Түүнчлэн гэмтэл авснаас болж толгой доргиж, үүнээс үүдэн бие сайнгүй байсны улмаас бариа заслын эмчилгээ хийлгэсэн, мөн сувилалд хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх нь учирсан гэмтэлтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй гэжээ. Яагаад эргэлзээтэй байна гэдгийг ойлгохгүй байна. Хэрэв ялтан Д.Одончимэг намайг зодож гэмтэл учруулаагүй бол миний бие цаг заваа алдан Улаанбаатар хот явж үзүүлэх, сувилалд хэвтэн эмчлүүлэх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Миний биед хэдийгээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч би өөрийн цаашдын эрүүл мэнддээ санаа зовж төгс эмчлүүлэх нь буруу юм уу. Эмчилгээ хийлгэсэн зардлыг хасаж шийдвэрлэж байгаа нь хохирогч миний эрх ашгийг ноцтой зөрчиж, хохироож байна гэж үзэж байна.

 

Мөн “Очир увидас” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг маань нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн хассан, энэ эмнэлэгт учирсан гэмтлийн улмаас би хэвтэн эмчлүүлсэн нь үнэн байхад, мөн тухайн эмнэлгээс өгсөн баримтыг би тэр хэвээр нь гаргаж өгсөн байхад эмнэлэгт хэвтсэн зардлыг маань хассанд гомдолтой байна. Шүүх зөвшөөрөх аваас би “Очир увидас” эмнэлгээс дахин баримт бүрдүүлэн авчирч болно.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж, эмийн сангаас эм авсан, эмчилгээ болон эмнэлэгт үзүүлэхдээ явсан унааны зардал болох анхан шатны шүүхийн нэхэмжлэлээс минь хассан 1.036.260 төгрөгийн нэхэмжлэлийг маань бүрэн хангаж Д.Одончимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Д.Одончимэг нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Уурхайчин соёлын ордонд  хамт ажилдаг Д.Энхбилэгтэй маргалдаж түүний толгойн тус газарт нь гараараа цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

            Хохирогч Д.Энхбилэгийн “...2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил дээр Д.Одончимэг нь...хэрүүл маргаан хийж явж байгаад коридорт миний араас толгой руу цохьсон..., гомдолтой байна..., эмчилгээний зардал 1.327.110 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн  мэдүүлэг,

 

            Гэрч Д.Цэрэндолгорын “...Д.Одончимэг Д.Энхбилэг рүү гараараа чичлээд чамайг ажлаас чинь халуулна гэж хэлээд булан тойроод явсан..., дараа нь Энхбилэг ирээд наад камер чинь ажилладаг уу... Одончимэг миний толгой руу цохьсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 506 дугаартай “...Д.Энхбилэгийн биед тархи доргилт үүсчээ... уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..., гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..., Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шижээчийн дүгнэлт болон  “Уурхайчин” соёлын ордны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан дүрс бичлэгийн сиди, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирогчид учруулсан бодит хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэжээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, хохирогчийн нэхэмлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шаардлагатай бол нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдааныг ...ялтан Д.Одончимэг өвчтэй байгаа тул хойшлуулж өгнө үү... гэсэн хүсэлт ирүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.д зааснаар шийтгүүлсэн этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй байх тул түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой бөгөөд урьд нь  түүний хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно.

   

            Иймд ялтны өмгөөлөгчийн “...Хохирогч Д.Энхбилэгийн үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Одончимэгийн биед хохирол учирсан гэдэг нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэсэн, хохирогчийн “...хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Одончимэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хохирогч Д.Энхбилэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА                                                                                            

 

                ШҮҮГЧИД                                                           З.ХОСБАЯР

 

                                                                                                С.ЦЭЦЭГМАА