Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 0165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

Нарийн бичгийн дарга Т.Баялаг

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул

Хохирогч Д.Энхбилэг

Шинжээч Ж.Гэрэлмаа

Шүүгдэгч Д.Одончимэг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Баянхайрхан овгийн Дүгэрийн Одончимэгт холбогдох 201614000349 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Баянхайрхан овгийн Дүгэрийн Одончимэг, Монгол Улсын иргэн 1957 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорногдвь аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, Уурхайчин соёлын ордны уран сайханы удирдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-13-66 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, / РД:УК 57092907/.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

2.1. Шүүгдэгч Д.Одончимэг нь 2016 оны 06 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уурхайчин соёлын ордонд Д.Энхбилэгийг цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Энхбилэгийн “Манай Уурхайчин соёлын ордон 2016 оны 06 сард 1 сарын хугацаатай хөдөлмөрийн сахилга батын талаар аян явуулсан. Манай радио техникч Б.Бат-Өлзий хаана байгаа нь мэдэгдэхгүй ажилдаа ирэхгүй байхаар гэр бүлийн хүн болох уран сайханы удирдагч найруулагч Д.Одончимэгээс асуусан чинь Бат-Өлзий гадуур концертонд бэлдэж байгаа гэж хаацайлаад байсан. 2016 оны 06 сарын 24-нд ажил дээр Д.Одончимэгтэй таарч Б.Бат-Өлзийгийн талаар асуухад чи яагаад бичиг баримт хав дарсан байж энд тэнд очиж худал ярьж байдаг юм гээд хэрүүл маргаан хийж явж байгаад соёлын ордны коридорт миний араас толгой руу хүчтэй цохисон. Д.Одончимэг нэг бус удаа намайг хэл үгээр доромжилсон гомдолтой байна. Эмчилгээний зардал 1 327 110 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-23-24-р хуудас/

2. Орхон аймгийн шүүх шинжигээний албаны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 506 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.Энхбилэгийн биед тархи доргилт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-28-р хуудас/

3. Гэрч Д.Цэрэндолгорын “Д.Одончимэг Д.Энхбилэг рүү гараараа чичлээд чамайг ажлаас чинь халуулна гэж хэлээд булан тойроод явсан. Дараа нь Д.Энхбилэг гарч ирээд наад камер чинь ажилладаг уу намайг Д.Одончимэг толгой руу цохисон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-25-26-р хуудас/

4. “Уурхайчин” соёлын ордны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Дэлгэцийн цаана харагдах хаалга руу орох үед хамгийн ард явж байгаа саарал өнгийн цамцтай эмэгтэй нь урдаа явж байгаа гартаа цүнх барьсан эмэгтэйг баруун гараар толгойн тус газарт нь нэг удаа цохиж байгаа харагдана. Энэ үед цохиулсан эмэгтэй эргэж харж гартаа барьж яваа хар өнгийн цүнхээр түүний хүзүүн тус газарт нь нэг удаа цохиж байгаа харагдана. Энэ үед хамгийн ард явсан эмэгтэй дахин араас нь гараараа цохиж байгаа зураг харагдана” гэсэн  тэмдэглэл. /х/х-н 8-р хуудас/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан дүрс бичлэгийн Сиди, шинжээч эмчийн мэдүүлэг, Д.Одончимэгийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Одончимэг мэдүүлэхдээ  “хохирогчийг 1 удаа түлхсэн өөр зодож цохиогүй, гэм буруугүй учир хэргийг буцааж дахин шалгуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул нар нь мэтгэлцэхдээ “Хохирогч Энхбилэг нь Одончимэгийг цүнхээрээ цохьсноос түүний биед гэмтэл учирсан. Энэ асуудлыг шалгаж тогтоогүй учир нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаанд буцааж дахин шалгуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Энхбилэг мэдүүлэхдээ “Одончимэг намайг цохиж байгаа бичлэг байгаа. Гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Одончимэг нь 2016 оны 06 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Уурхайчин” соёлын ордонд Д.Энхбилэгийг цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, дүрс бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Прокурорын газраас Д.Одончимэгийг яллагдагчаар татаж, тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,  ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “хохирогч Д.Энхбилэгийн үйлдлийн улмаас Д.Одончимэгийн бие махбодид гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох” хүсэлтийг удаа дараа гаргаж, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаалгах санал гаргаж байх боловч хавтаст хэргийн материалд Д.Одончимэг нь “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдлоо дараа гаргана” гэж мэдүүлснээр уг асуудлыг шалгаагүй, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй байх тул хэргийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Д.Одончимэг нь Д.Энхбилэгт цохиулж гэмтэл авсан гэх гомдлоо цагдаагийн  байгууллагад гаргаж шалгуулах эрхтэй болно.

Шүүгдэгч Д.Одончимэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Хохирогч Д.Энхбилэг нь эмчилгээ, унааны зардал 1 327 110 төгрөгийг шүүгдэгч Д.Одончимэгээс нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага, түүнд холбогдох баримтуудын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаантай байх тул шүүх нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэргийн 48 дугаар хуудас “Энэрэхзаяа” эмийн сангаас 750 төгрөгийн худалдан авалт хийсэн баримт, хавтаст хэргийн 50, 55 дугаар хуудас компьютер томографийн шнжилгээний 150 000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 70 дугаар хуудас “Яргуйжин” эмийн сангийн 7 100 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 76 дугаар хуудас эмийн сангаас 18 500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримт, хавтаст хэргийн 79 дүгээр хуудас “рефлекс” эмнэлгийн үзлэгийн 70 000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 81 дүгээр хуудас “Сонгодо”эмнэлэгийн үзлэгийн 20 000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 107 дугаар хуудас “Монос” эмийн сангаас 24 500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримт, нийт 290 850 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ.

Бусад баримтуудын хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй, худалдан авалтын үнийн дүн ойлгомжгүй, шатахуун түгээх газраас шатахуун авсан, бүтэн биеийн бариа хийлгэсэн, хувийн “Ренж роверь” автомашин хөлсөлсөн, сувилалд эмчлүүлсэн зэрэг баримтууд нь хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. “Очир увидас” эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, санхүүгийн баримтгүй боловч хохирогч хэвтэж эмчлүүлсэн байх үндэстэй тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Энхбилэг нь “цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай тул зардлаа нэхэмжлэх эрхийг дурьдаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч мэдүүлэхдээ “хохирогчид учирсан гэмтэл нь 4 долоо хоногийн хугацаанд эдгэрэх гэмтэл” гэж байх тул хохирогчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Баянхайрхан овгийн Дүгэрийн Одончимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д.Одончимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960 000 / есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Одончимэгээс 290 850 /хоёр зуун ерэн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-96 тоотод оршин суух Ломбо овогт Дүгэржанцангийн Энхбилэг /РД: ФМ 68113042, Утас: 99359041, 95349104/-т олгож, хохирогч Д.Энхбилэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Д.Одончимэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Одончимэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС.