Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00222

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04563 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Хосбаяр, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

“А” ХХК нь Б-тай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000.00 төгрөгийг 5,5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор УБЭ 13-61 улсын дугаартай Toyota highlander маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэй барьцаалсан. Гэрээ байгуулах үед Б.Чинзориг өөрийгөө Б-ы ах гэж танилцуулаад зээлийг авч автомашиныг унаж явсан. Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй тул автомашиныг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст автомашиныг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ч олдоогүй. Б.Чинзоригийг цагдаагийн газарт шалгуулсан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй цагаатгаж шийдвэрлэсэн. Б-, Б.Чинзориг нар зээлийн хүүд 2018 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг төлсөн. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд эрүүгийн хэрэг хянагдаж байсан тул хугацаа алдсан. Б.Чинзориг нас барсан тул Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд Б-аас 15,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б- мөнгөн хөрөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.Чинзориг нь Б-тай хамт ирсэн.  Зээлийг Б.Чинзориг авсан. Дансны хуулгыг харж зээл өгсөн гэсэн тул Б- зээлийн гэрээ байгуулж түүний данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Чинзориг нь уг мөнгөн хөрөнгийг авсныг зээлдүүлэгч мэдэж байгаа. Б.Чинзориг болон “А” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн.

2.2. Зээлийн гэрээний үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгах байсан. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна. “А” ХХК  2020 оны 04 сарын 09-ний өдөр анх цагдаад хандсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул хойш хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж [D1] 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэгт шалгагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамаарахгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлгүй. “А” ХХК нь цагдаагийн байгууллагад Б.Чинзоригт холбогдуулан гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б-аас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Б- нь зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. Шүүх “... Б-ы өгсөн мэдүүлгээс үзвэл анх Б.Чинзориг, Т.Хонгор, З.Гэсэрбадам нарын талаар буюу зээлийг чухам хэн авах, юунд зориулж авч байгаа талаар “А” ХХК-ийн төлөөлөгч Г.Хосбаярт хэлээгүй, харин Б- нь зээлийг Б.Чинзоригийн хамт авч ашиглах итгэл үнэмшлийг төрүүлж, харилцан тохиролцож зээлийг авсан байх тул тэдгээрийг зээлдэгч буюу хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх Б.Чинзориг, Б- нарыг хамтран зээлдэгч гэж дүгнэхдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...мөн хохирогч Б.Хосбаяраас зээлийн гэрээ байгуулсны дараа зээлдэгч Б-аас энэ зээлийг хариуцахгүй, Б.Чинзориг дангаараа хариуцна” гэж, гэрч “ ... энэ гэрээ байгуулах үед Б- нь зээлийн төлбөрийн мөнгийг Б.Чинзоригийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулахад оролцож мөнгийг Б.Чинзоригийн дансанд шилжүүлсэн талаар “А” ХХК-д гаргасан хүсэлт зэрэг баримтуудаас үзэхэд тэрээр гэрээ байгуулахаас өмнө эсхүл байгуулагдах үед зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Б.Чинзориг дангаараа хариуцахыг мэдэж байсан үйл баримт тогтоогддог бөгөөд энэ нь хохирогчийг хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт хэрэгтний үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг сайн дураараа, ухамсарт хандлагаар шилжүүлэн өгсөн гэх шинжийг үгүйсгэж байна” гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн дүгнэлтийг анхаараагүй.

Дээрх шийтгэх тогтоолын дүгнэлтээс үзвэл зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж авах хүсэлтэй тус зээлийн эргэн төлөлтийг хариуцах этгээд нь Б.Чинзориг байх бөгөөд үүнээс гадна Б.Хосбаяр нь Б.Чинзоригийг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахыг мэдэж байсан атлаа зээлийн гэрээг Б-тай байгуулсан нь зээлийн шаардлага хангаагүй хамтран зээлдэгч Б.Чинзоригт зээл олгохын тулд Б-тай гэрээ байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй.

4.2. Зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүх “Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заажээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл гэдгийг хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд гаргасан гомдлыг ойлгох боловч төрийн эрх бүхий байгууллага болох цагдаагийн байгууллагад эрүүгийн гэмт хэргийн талаар гомдол гаргаж, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж болохгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хуульд тодорхой заасан урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласан. Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг байгуулж барьцаанд автомашин тавьсан. “А” ХХК цагдаагийн байгууллагад хандаж Б.Чинзоригийг шалгуулсан. Учир нь барьцаа хөрөнгө нь алга болсон байсан тул н.Чинзоригоос шаардаж байсан. Б-ыг хамтран зээлдэгч гэж түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх үндэслэлгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч тухайн харилцааг зохицуулсан зээлийн гэрээний заалтыг баримтлаагүй нь буруу болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. “А” ХХК болон Б-, Б.Чинзориг нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 045 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “А” ХХК нь 15,000,000 төгрөгийг зээлдэгч Б-, Б.Чинзориг нарт зээлдүүлэх, зээлдэгч нар 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 5,5 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Б-д шилжүүлснээр  талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. (хх-ийн 9-12)

 

3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Зээлдүүлэгч “А” ХХК нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгч Б-д шилжүүлэн өгсөн болох “Голомт банк” ХХК-ийн гүйлгээний баримтаар тогтоогджээ. (хх-70-84)

 

4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Б-, Б.Чинзориг нар дээрх зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК нь  мөн хуулийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх тул хариуцагч Б-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хууль болон гэрээнд үндэслэгдсэн тул Б.Чинзориг мөнгөн хөрөнгийг авсан тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэх Б-ы тайлбар болон гомдол үндэслэлгүй.

5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/381 дугаар магадлалаар З.Гэсэрбадам, Б.Чинзориг нар 13-61 УБЭ дугаар улсын дугаартай Toyota highlander маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэй барьцаалж  “А” ХХК-аас 15,000,000 төгрөг зээлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 17-42)

 

Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч “А” ХХК нь хохирогчоор оролцож байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй.” Гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.” гэж тус тус заасан тул “...Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан тул мөн өдрөөс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байна. Гэвч “А” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамтран зээлдэгч Б.Чинзоригт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх нэхэмжлэгчид ашигтайгаар хуулийг өргөжүүлж тайлбарласан гэх гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан тул нэхэмжлэгч “А” ХХК нь З.Гэсэрбадам, Б.Чинзориг нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд хариуцагч Б- нь зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна зээлийн гэрээг бичгээр байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нь түүний гарын үсэг зурсан бичгийн гэрээгээр тогтоогдож, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч нөгөө зээлдэгчид шилжүүлж захиран зарцуулсан гэж үзэх тул хариуцагч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлалаар гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд “А” ХХК-аас зээлсэн 15,000,000 төгрөгийг Б.Чинзориг, Б- нарын хэн нь хариуцан төлөх эсэх асуудлыг шийдвэрлээгүй тул “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн дүгнэлтийг анхаараагүй....” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

7. Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй, харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04563 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтын “286 дугаар зүйлийн 286.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                       ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Н.БАТЗОРИГ

 

 


 [D1]Ойлгосонгүй энэ хэсгийг