Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00205

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00205

 

2023.01.20 210/МА2023/00205

 

О.Шын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Шын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Ш.Г.Е.Гт холбогдох,

Гэм хорын хохиролд 38,726,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад, А.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.2009 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш охин У.О, У.О нарт тэтгэлэг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад маш олон удаа гомдол гаргасан. Хууль зүйн яам, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, холбогдох бүх газарт удаа дараа хүсэлт, өргөдөл гаргаад ч ажилтандаа арга хэмжээ авдаггүй, төлбөр барагдуулах ажиллагаа хийгддэггүй.

1.2.Д.Ур хорих ангид ял эдэлж байхдаа 500,000 төгрөг өгч байсан, ажил хийж цалин авч байсан. 2010 онд Хууль сайдаад гомдол гаргаж байж 200,000 төгрөг авсан. 2014 онд Д.Ураас 1,000,000 төгрөгийг надад хүүхдийн тэтгэлэгт төлөөгүй байхад тэтгэлэг төлснөөр хасаад байгааг зөвшөөрөхгүй, төлбөрийн баримт гарч ирдэггүй. 2016 оноос өмнө Д.Ур 2 зуслангийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэлгүй зарчихсан, түүний мөнгөнөөс төлбөр барагдуулах ажиллагаа хийгээгүй. 2017-2020 онуудад Д.Урын өвчний группын мөнгөнөөс нь тэтгэлэг төлж байсныг зөвшөөрч байна. Үүнээс өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй байсаар Д.Ур 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан.

1.3.Эд хөрөнгө битүүмжилсэн гэсэн мөртлөө ямар нэгэн хөрөнгө авч өгөөгүй. Д.Ур олдохгүй байна гэхээр нь би өөрөө хайж олж өгсөн ч арга хэмжээ аваагүй. Д.Урыг ажил хийж байхад, чадвартай байхад нь төлбөр барагдуулах талаар юу ч хийгээгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргээ биелүүлээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас авах ёстой хүүхдийн тэтгэлгийг авч чадаагүй бөгөөд тэдний өгсөн баримтаар 38,726,900 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас хохирол 38,726,900 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1426 дугаар шийдвэрийн дагуу 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Урын өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банкуудаас лавлагаа авахад дансны үлдэгдэлгүй гэсэн хариунууд ирүүлсэн. Д.Ур нь 2010-2017 онд хүүхдийн тэтгэлэгт 1,773,500 төгрөгийг хэсэгчлэн төлж, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн тэтгэмжээс 2018 онд 195,000 төгрөг, 2019 онд 1,180,000 төгрөг, 2020 онд 1,924,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгосон.

2.2.Д.Ур нь шүүхийн шийдвэрт заасан Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ХАА 30 дугаар байрны 21 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, тодорхой оршин суух хаяггүй тул удаа дараа эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэний дүнд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн урд байрлах, 2 давхар нийтийн байрны 204 тоот хаягт хамтран амьдрагч С.Лтай амьдардаг болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийх тухай тогтоол гаргаж үзлэг хийхэд төлбөрийн шаардлага хангахуйц ямар нэгэн хөрөнгө тогтоогдоогүй. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Ураас тайлбар авахад ямар нэгэн эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг байсан боловч сунгагдаагүй гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс тодруулахад 2020 оны 08 дугаар сараас нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн сунгалтыг хийлгэх ёстой байсан боловч бичиг баримтаа бүрдүүлээгүй учир сунгагдаагүй гэх тайлбарыг өгсөн.

2.3.Төлбөр төлөгч Д.Урыг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2020/ЗШ/805 дугаар шийтгэврээр 20 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Д.Ур нь 2021 оны 03 дугаар сарын байдлаар 2 хүүхдийн тэтгэлэгт нийт 30,848,000 төгрөг төлөх төлбөртэй байснаас нийт 4,072,500 төгрөгийг төлсөн. 2014 онд 1,000,000 төгрөгийг төлсөн гэж тооцож байсан боловч энэ талаарх баримтыг О.Шын хүүхдийн тэтгэлгээ авдаг байсан ХААН банк ХХК дахь ... тоот дансны хуулгыг шалгахад 1,000,000 төгрөг төлсөн гэх баримт гарч ирэхгүй байгаа тул уг дүнг хасаж тооцсон.

2.4.Д.Ур нь 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхээс 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлээд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ялаас суллагдсан, энэ хугацаанд ажил хийж байгаагүй, цалин хөлс авч байгаагүй гэсэн Хорих 427 дугаар ангийн тодорхойлолт ирсэн.

2.5.Д.Ур нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар нотлогдсон. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/58 дугаар тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ш.Г.Е.Г- гэм хорын хохиролд 4,108,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Шт олгож, нэхэмжлэлээс 34,618,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Шыг улсын тэмдэгтийн хураамж 351,585 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 80,692 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 34,618,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар төлүүлэх. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй хүүхдийн тэтгэлэг гаруулах ажил явуулаагүй буруутай гэж шүүх дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Төлбөр төлөгч Д.Ур 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хорих ялаар шийтгүүлэн, хорих ангид ял эдэлж байгааг олж тогтоон 2011, 2014 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг үндэслэн Д.Урыг хөдөлмөр бүтээмж өндөртэй ажлын байраар хангаж, хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийх тухай албан бичгүүдийг тухайн хорих ангид хүргүүлэхэд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, энэ хугацаанд ажил хийж байгаагүй, цалин хөлс авч байгаагүй тухай хариу ирүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 121 дүгээр захирамжид Д.Ур ял эдлэх хугацаандаа галчийн ажил, ногоо ялгах ажил, аж ахуйн бусад ажилд ажиллаж байсан гэснийг үндэслэн гэм хорын хохирлыг тус байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, ялтныг тухайн хорих анги нь ажлын байранд ажиллуулахдаа ажлын цагийг шагналын хоногоор болон хөдөлмөрийн хөлсөөр тооцон гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан эсэхийг тогтоогоогүй, тус албанаас хүргүүлсэн ажлын байранд цалин олгодоггүй гэсэн Хорих ангийн тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

О.Ш нь хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 38,726,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу ажиллагаа явуулсан гэжээ.

 

7.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

2009 оноос хойш 14 жил өнгөрсөн. 6 жилийн хорих ялын хугацааг хасахад үлдсэн 8 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаа огт хийгээгүй. Д.Урыг газар зараад байна, газрын алба руу бичиг явуул гэхэд юу ч хийгээгүй. Мөн Д.Урыг эрэн сурвалжилж байна гэсэн чинь энэ хүн нь номын баяр дээр ярилцлага өгөөд явж байсан. Би 4 үеийн сайдад гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад маш их гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч О.Ш нь хариуцагч Ш.Ш.Г.Е.Гт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйн улмаас учирсан гэм хорын хохиролд 38,726,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1426 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Шын охин У.О, У.О нарт эцэг Д.Ураас сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 229 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулснаар нийт 4,072,500 төгрөг (2010 онд 200,000, 2017 онд 573,500, 2018 онд 195,000, 2019 онд 1,180,000, 2020 онд 1,924,000) төлөгдөж, 26,775,500 төгрөг төлөгдөөгүй үлдсэн, төлбөр төлөгч Д.Ур 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нас барсантай холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/58 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй байна.

 

4.Анхан шатны шүүх хариуцагч Ш.Ш.Г.Е.Г-с 4,108,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Шт олгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх тул шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4.1.Хэргийн баримтаас үзэхэд, төлбөр төлөгч Д.Ур нь 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Ш.Ш.Г.Е.Г-ын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлсэн байх ба анхан шатны шүүх 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг 2012, 2013, 2014 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлэг төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагааг гүйцэтгээгүй гэж дүгнэж уг хугацаанд тооцогдох тэтгэлэгт 2012 оны 1,492,800 төгрөг, 2013 оны 1,728,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны 348,300 төгрөг, нийт 3,569,100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь, тус хуулийн зохицуулалтаар хариуцагч байгууллага нь хорих ангийн захиргаанд гүйцэтгэх баримт бичиг явуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичигт иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас хамаарах тул хариуцагчаас 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/561 дугаар албан бичиг хүргүүлснийг хуульд заасан гүйцэтгэх баримт бичиг явуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. (хэргийн 2 дахь хавтас 103 дахь тал)

Иймээс Д.Урт ажлын байранд цалин олгогдоогүй тухай хорих ангийн тодорхойлолтыг шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2.Мөн төлбөр төлөгч Д.Урт Б.З ХХК-аас 2014 оны 10 дугаар сард олгогдсон 772,500 төгрөгийн цалин хөлс, Т.А.Ө ХХК-аас 2015 оны 09, 10 дугаар сард олгогдсон 800,000 төгрөгийн цалин хөлсөөс нийт 539,800 төгрөгийг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт суутган тооцож төлүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.3.Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.2 дахь хэсэгт хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2010-2020 онуудад нэхэмжлэгчид төлбөр гаргуулахтай холбоотой арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн, тэдгээр нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 35, 36, 40, 53 дугаар зүйл, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 48, 49, 57, 58 дугаар зүйлд тус тус заасантай нийцсэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймээс төлбөр төлөгчийг ажил хийж байхад, чадвартай байхад нь төлбөр барагдуулах талаар юу ч хийгээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэх тайлбарт эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

4.4.Шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгч Ц.Б-ийн хариуцагч Ш.Ш.Г.Е.Г нь нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагаагаа явуулаагүй буруутай гэсэн дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5.Харин нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч тал бөгөөд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан байна. Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6.Дээрх үндэслэлээр зохигч талуудын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА