Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/0221

 

“П л г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн

Татварын хэлтсийн татварын улсын

 байцаагч А.Т, О.Б  нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Ч.Тунгалаг

Шүүгчид:                         М.Батсуурь

                                              Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа          

Илтгэгч шүүгч:            Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “П л г” ХХК-д 264.274.055.30 төгрөгийн төлбөр ногдуулсан 230014075 дугаар актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0912 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О-ийг  оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0912 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №230014075 тоот акт /264.274.055 төгрөгийн төлбөр ногдуулсан/-ыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “П л г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 912 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсэгт “3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 230014075 дугаар актаар ногдуулсан 44,089,757.40 төгрөгийн торгууль, 73,218,440.00 төгрөгийн алданги, нийт 117,308,197.4 төгрөг төлөх хариуцлагаас “П л г” ХХК-ийг чөлөөлсүгэй.” гэсэн 3 дахь заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч нь эрх хэрэгжүүлсэн гэрээ байгуулагдсанаар эд хөрөнгө шилжигдсэн гэж үзэж давж заалдах гомдлын үндэслэлээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Иргэний хуулийн өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалт нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан бөгөөд татварын эрх зүйн харилцаанд шууд хэрэглэх боломжгүй. Учир нь тухайн иргэний эрх зүйн харилцааны хүрээнд хийгдсэн өмч, хөрөнгө олж авах, орлого, зарлагын, ажил гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн хийгдсэн татвар төлөгчийн санхүүгийн бүртгэл тайланд үндэслэн хуулийн дагуу татварыг ногдуулан төлдөг” гэж дүгнэсэн.

5. Аж ахуйн нэгж, байгууллага нь аливаа өмч, хөрөнгө олж авах, мөн орлого зарлагын, ажил гүйлгээг хийх, санхүүгийн бүртгэл, тайланг хийхдээ ямагт санхүүгийн анхан шатны баримтад үндэслэх бөгөөд ийнхүү үндэслэл болсон нотлох баримт болох анхан шатны баримт нь Иргэний хуульд заасан гэрээ байтал үүнд дүгнэлт өгөөгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийг 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргах үед тухайн хөрөнгө нь Монгол Улсын гаалиар орж ирээгүй байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт бодитой хийгдсэн гэж үзэхээргүй байна.

6. Гэтэл Татварын байгууллага тухайн хүсэлт гаргасан өдөр энэ байдлыг шалгалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ олгосон нь буруу бөгөөд алдааг залруулж, гэрчилгээг буцаан хураан авсан, энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байгаа болох нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр татварын байгууллагад гаргасан хүсэлт, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу сар бүр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож  байх тул 07 дугаар сард гэрчилгээг эргүүлж олгохдоо 02 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон гэрчилгээг буцаан олгосон нь хууль зөрчөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй.

7. Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх бүртгэлээс хасахад баримтлах журмын холбогдох зүйл заалтыг дүгнэж, хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй. Иймд дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Нэхэмжлэгч “П л г” ХХК нь “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 230014075 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргахдаа “тус компани нь 2013 оны 2 сарын 21-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө гаргаж 2 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээгээ авсан тул энэ өдрөөс эхэлж хуулийн дагуу өөрийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээр хасалт хийлгүүлэх эрхтэй” гэсэн үндэслэлээр маргасан, харин хариуцагч нар “нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болоогүй байхдаа НӨАТ-тай худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсоныг зөрчил гэж үзэж төлбөр ногдуулсан” гэсэн тайлбар гаргасан ба хариуцагчийн энэхүү тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

10. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.4-т “Дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно:… 6.4.2.үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам. доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн”, 6.5-д “Энэ хуулийн 6.4-т заасан ... хөрөнгө оруулалт нь сүүлийн нэг жилд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлого, татвар тодорхойлох хуудас болон орлогын албан татварын тайлангаар нотлогдсон байхаас гадна уг этгээд нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлж хэвшсэн байвал зохино” гэснээс үзвэл уг хуулийн 6.4.2-т заасан “хөрөнгө оруулалт хийсэн” гэх ойлголт нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр сайн дураар хүсэлт гаргасан этгээд нь 2.0 сая ам доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь холбогдох хууль болон олон улсын стандартын дагуу хөтөлсөн тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангаар /үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэнээр/ нотлогдсон байхыг ойлгохоор байна.   

11. Хэдийгээр иргэний гэрээ байгуулагдсанаар эрх шилжих боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар НӨАТ төлөгч болох харилцааг зохицуулахдаа гэрээ байгуулагдсанаар биш, харин гэрээгээр хийгдсэн хөрөнгө оруулалт хийгдсэнээр буюу татвар төлөгчийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн үеэс эхэлж үүсэхээр байх тул энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй, иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан “...ажил гүйлгээг хийх, санхүүгийн бүртгэл, тайланг хийхдээ ямагт санхүүгийн анхан шатны баримтад үндэслэх бөгөөд ийнхүү үндэслэл болсон нотлох баримт болох анхан шатны баримт нь Иргэний хуульд заасан гэрээ байтал шүүх үүнд дүгнэлт өгөөгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Татварын байгууллага нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан өдөр хөрөнгө оруулалт бодитой хийгдсэн эсэхийг шалгалгүйгээр НӨАТ-ийн гэрчилгээ олгосон нь буруу, уг алдаагаа залруулж, гэрчилгээг буцаан авч, 07 сард залруулга хийн буцаан олгосон, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “...шүүх Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх бүртгэлээс хасахад баримтлах журмын холбогдох зүйл заалтыг дүгнэж, хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй...” гэсэн /Тодорхойлох хэсгийн 6-7/ хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.

13. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт “татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хариуцлага буюу 2013 оны 07 дугаар сард гаргасан зөрчил нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актаар ногдуулсан хариуцлага болох торгууль, алдангиас чөлөөлсөн өөрчлөлтийг оруулсан нь зөв байна.

14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ТУНГАЛАГ     

                         ШҮҮГЧ                                                             Г.БАНЗРАГЧ