Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00239

 

2023.01.25 Магадлалын төсөл

 

СХДЗДТГ,

Н.Ө.Х.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03738 дугаар шийдвэртэй,

СХДЗДТГ, Н.Ө.Х.Г-ыннэхэмжлэлтэй,

MBC ХХК-д холбогдох,

Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо /18060/, ХМК-ийн .... дугаар байрны ... давхарт байрлах, .. өрөө, ...м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралт конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл,

Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо /18060/, ХМК-ийн .... дугаар байрны ... давхарт байрлах, 170.66 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, СХДЗДТГ, М.В.С ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч СХДЗДТГ- итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуул, С.Мөнхнаран, нэхэмжлэгч Н.Ө.Х.Г-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.СХДЗДТГ нь Нийслэлийн өмчид бүртгэлтэй хорооны орон нутгийн хүн амын нийтийн хэрэгцээнд зориулсан 700 м.кв газартай ба уг газарт байрших 2004-2005 онд барьсан дулаан, цэвэр, бохир усанд холбогдсон дэд бүтэцтэй, конторын барилгыг нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах зорилгоор М.В.С ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2007/02 тоот Бусдын газар дээр барилга, байгууламж барих тухай гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээ харилцан хамааралтай бөгөөд нэг талаас Засаг даргын Тамгын газрын ашиглаж буй хуучин барилгыг буулгаж газрыг чөлөөлж өгөх, газрыг хугацаатай ашиглуулах, нөгөө талаас буулгасан барилгын суурь газар дээр 20 айлын 62 дугаартай орон сууцны барилга барьж 2008 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах, уг барилгын 1 давхрын ...м.кв (тэнхлэгээр 12х16.6 м хэмжээтэй) талбайг эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, бусад бичиг баримтын хамт Засаг даргын Тамгын газрын өмчлөлд төлбөр шаардахгүйгээр шилжүүлэхээр тохиролцсон.

1.2.СХДЗДТГ нь тус дүүргийн .. дугаар хорооны барилга болон газрыг чөлөөлж, М.В.С ХХК нь 5 давхар 20 айлын орон сууцны барилга барьсан.

1.3.Дээрх гэрээний дагуу тус дүүргийн .. дугаар хорооны Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурал нь 62 дугаар барилгын 1 давхрын ...м.кв талбайг 2009 оноос одоог хүртэл ашиглаж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар өөрийн эдэлбэр газар дээр баригдсан 62 дугаар орон сууцны барилгын 1 давхрыг СХДЗДТГт эзэмшүүлж, ашиглуулахаар гэрээг жил бүр байгуулж сүүлчийн байдлаар 2021 оны 09 сарын 15-ны өдөр 3202 дугаар гэрээг байгуулсан.

Иймд хариуцагчтай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралт конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо /18060/, ХМК-ийн ... дугаар байрны ... давхарт байрлах, .. өрөө, ...м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Манай компани барилгыг ашиглалтад оруулах үед 165.45 м.кв үйлчилгээний талбайг Сонгинохайран дүүргийн Засаг даргын хүсэлтээр тус дүүргийн .. дугаар хороог өөрийн байртай болох хүртэл тодорхойгүй хугацаагаар үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулах зөвшөөрлийг өгч оруулж байсан. Харин 2016 оноос компанийн эдийн засгийн байдал хүндэрч, үл хөдлөх эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүй болж, СХДЗД-д удаа дараа албан бичиг хүргүүлж, эзэмшиж буй 165.45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн дагуу худалдан авах, түрээслэх, чөлөөлж өгөх талаар мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл компанийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөгүй, хууль бусаар эзэмшиж ашиглаж, компанийн өмчлөх эрх, өмчөө захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байна.

2.2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан үйл баримтуудыг өмнө нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4056 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгад дурдсан асуудлыг өмнө шүүх тогтоосон тул тухайн үйл баримтыг дахин тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй бөгөөд шүүх түүнийг дахин нотлохгүй болно.

2.3.Аливаа этгээд гэрээ байгуулах тохиолдолд гэрээ байгуулах талаар харилцан хүсэл зоригийн илэрхийллийг гаргаж, нөгөө тал түүнийг хүлээж авснаар хүчин төгөлдөр хэлцэл болдог. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэхээр заасан ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үздэг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ, хэлцэл хийсэн болохыг шүүхээр тогтоолгохоор шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр СХД/01 тоот Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Талууд дээрх хэлцлийг хэрэгжүүлэхээр Иргэний хуулийн 150 дугаар зүйлийг үндэслэн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2007/02 тоот Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээг байгуулсан. 2007/02 тоот гэрээгээр эрх олгогч СХДЗДТГ, эрх олж авагч М.В.С ХХК бөгөөд СХДЗД- 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжтай, 0135448 дугаар гэрчилгээтэй, төрийн албан хаагчдын орон сууцны зориулалттай, 15 жилийн хугацаатай, 700 м.кв талбайтай эзэмших эрхийн газар дээр орон сууцны барилга барих эрхийг М.В.С ХХК-д олгож, газрыг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, эрх олж авагч нь хариу төлбөр хийхээр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу "М.В.С" ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар эхний 61 дүгээр байрыг 2008 оны 10 дугаар сард, 62, 63 дугаар байрыг 2009 оны 09 дүгээр сард тус тус бүрэн барьж, улсын комисст хүлээлгэн өгч, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 075/2009 тоот акт гарч барилгаа бүрэн ашиглалтад оруулсан. М.В.С ХХК нь Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн буюу гэрээ бүрэн хэрэгжсэн.

3.2.Тухайн үеийн СХДЗД-ас дүүргийн .. дугаар хороог өөрийн гэсэн байртай болох хүртэл хугацаанд нь 62 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайд түр байрлуулж, үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулах тухай хүсэлт тавьж, М.В.С ХХК зөвшөөрсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу М.В.С ХХК нь 62 дугаар барилгын ... давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 165.45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө авахаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ү-....дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. 2016 оноос компанийн эдийн засгийн байдал хүндэрч, үл хөдлөх эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүй болж, СХДЗД-, .. дугаар хорооны Засаг дарга нарт удаа дараа албан бичгийг хүргүүлж, үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн дагуу худалдан авах, түрээслэх, чөлөөлж өгөх тухай мэдэгдэж байсан.

3.3.Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03245 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, давж заалдах, хяналтын шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд СХДЗДТГ нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М.В.С ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгэсэн бүртгэл болон ... дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаж, улмаар шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0338 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхээс М.В.С ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш гэж дүгнээгүй. Гагцхүү улсын бүртгэлд бүртгэл хийхдээ ажиллагааны алдаа гаргасан талаар шүүх дүгнэж, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нөгөөтэйгүүр тус шүүхэд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан тул М.В.С ХХК нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх, Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баярын хөрөнгө болно, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, ... болон хуулийн этгээд өмчлөгч байна гэх, М.В.С ХХК болон СХДЗДТГтай байгуулсан Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээний 4.4-т Эрх олж авагч нь барилга баригдсаны дараа орон сууцны тодорхой нэг хэсгийг гэрээгээр тохиролцсоноор эрх олгогчид худалдах ба үлдсэн хэсгийг зах зээлд өөрөө худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй гэх заалтыг тус тус үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргаж байна. М.В.С ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг СХДЗДТГ- эзэмшлийн газар дээр барьсан боловч 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан тул уг хөрөнгө нь М.В.С ХХК-ийн өмч хөрөнгө юм.

3.4.2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэлцэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлэх, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлбэл зохих хэлцэл юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч СХДЗДТГ- татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Талууд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СХД2007/02 тоот Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээг тус тус байгуулсан. Энэ хоёр гэрээ хамтдаа хэрэгжвэл хоёр талын ашиг сонирхол тэнцэгдэх, харилцан хамаарал бүхий төр, хувийн хэвшил түншилсэн хүсэл зоригуудын илэрхийлэл байдаг бол дангаар хэрэгжих тохиолдолд нэг талын эрх, ашиг сонирхол зөрчигдөх юм. Газрын асуудал нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр шийдвэрлэгдэх ба Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-42.7 дахь заалтад хамаарагдах газар гэж үзэж байна. Энэ гэрээнд орон сууцыг Засгийн газраас 2006 онд тогтоосон тариф үнээр 2007 онд багтаан худалдан авах эрхийг 8 багшид олгосон. Мөн .. дугаар хороо нь конторын барилгыг буулгах, газрыг чөлөөлөх, 62, 63 дугаар барилгыг эхлүүлэх, дуусгах хүртэл 1 жилийн хугацаанд 61 дүгээр орон сууцны барилгад түр байрласан. Иймээс Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ болон Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээтэй цаг хугацаа, гэрээний зүйл, эрх үүргийн нэгдлээрээ шууд хамааралтай гэж үзэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодотгож байна.

4.2.Талууд Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр энэ гэрээний хугацаа дуусч гэрээний хугацаа сунгагдаагүй ба М.В.С ХХК нь бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээний хугацаанд М.В.С ХХК нь 62, 63 дугаар орон сууцны барилгыг барьж 2009 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Харин Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээний дагуу 62 дугаар орон сууцны барилгаас 1 давхрыг бүхэлд нь СХДЗДТГ нь авах эрхтэй тул 2010 он гэхэд уг байранд шилжин орж одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байна.

4.3.М.В.С ХХК нь энэ гэрээний үүргийн дагуу уг барилгын 1 давхрын талбайн бичиг баримтыг шилжүүлэхгүй байх асуудал гаргаснаас улсын бүртгэлд СХДЗД- Тамгын газраар бүртгүүлж чадахгүй байна. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар СХДЗДТГ нь Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээний 4.4, 6.3, мөн Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээний 1.2, 1.4, 2.1, 2.2, 2.4-т заасны дагуу Ханын материалын .... дугаар орон сууцны барилгын 1 давхрын 213.6 м.кв талбайтай 137,921,520 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж байна.

4.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан заалтуудыг хариуцагч илт зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагч М.В.С ХХК нь ийм гэрээ, хэлцэл хийгээгүй гэж маргаж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо нь гэрээний нэг тал болж гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн орон сууцад байрлаж, хорооны нийт 9000 өрхөд төрийн үйлчилгээг үзүүлж, шударгаар эзэмшээд ашиглаад явж байна. Нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын тайлбарыг дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч СХДЗДТГ, Нийслэлийн өмчийн харилцааны газрыг Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ХМК-ийн .... дугаар байрны 1 давхрын 170.66 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч СХДЗДТГт холбогдох СХДЗДТГ, М.В.С ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо /18060/, ХМК-ийн .... дугаар байрны ... давхарт байрлах, 170.66 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч М.В.С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч СХДЗДТГ, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь улсын тэмдэгтийн хураамж 847,557 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.В.С ХХК-аас төлсөн 1,765,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 67,486 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн.

 

7.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1.Хариуцагч М.В.С ХХК нь нэхэмжлэгч СХДЗДТГ- 700 кв.м эзэмшил газар дээр 3 барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан тул барилгын өмчлөх эрх нь М.В.С ХХК-д үүссэн. Улмаар маргаан бүхий орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг М.В.С ХХК авсан байсан.

7.2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бусдад шилжих хэлцэл нь хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Энэ шаардлагыг хангаагүй 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Харин хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчимтай учир нэхэмжлэгч нарт өмчлөх эрх үүсэх учиргүй юм.

7.3.Анхан шатны шүүх нь Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

7.4.Мөн нэхэмжлэгч тал ...м.кв гэсэн талбайгаар шаардлага анх гаргаад үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаагүй байхад анхан шатны шүүх 170.66 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө гэж нэхэмжлэгчийн шаардаагүй өөр шаардлагыг хянан шийдвэрлээд байгаа нь шүүхийн шийдвэр хүчингүй болох нэг ноцтой зөрчил гэж үзэж байна.

7.5.Эцэст нь Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг шүүх тогтоосон, энэ шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгааг шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэсэн байтал анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт хайхраагүйг буруу гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга:

8.1.СХДЗДТГ болон М.В.С ХХК нь Бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээ, үүнд үндэслэсэн Ирээдүйд конторын байр хүлээн авах гэрээ байгуулсан. Тус 2 гэрээний үр дүнд .. дугаар хорооны конторын байр сайжирсан. СХДЗДТГ- эзэмшил газар дэд бүтэцтэй холбогдсон үнэтэй газар юм. Нийслэлийн хот төлөвлөлтөд баталгаажсан төрийн албан хаагчийн орон сууц барих эрхийг хариуцагчид 3 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн. Хариуцагч өөрийн хөрөнгөөр бий болгосон гэх боловч Үндэсний төв архивт хадгалагдсан баримтад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны 56 айлын орон сууцны барилгын санхүүгийн эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө гэж бичсэн байсан, өөрийн хөрөнгийн талаар байхгүй. Нийслэлийн өмчийн харилцааны газар болон СХДЗДТГ- барилгын хувийн хэргээс үзэхэд нэмж хөрөнгө оруулсан, хариуцагч талаас хөрөнгө бүртгэлд оруулаагүй.

8.2.Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэсэн бүртгэл, олгогдсон гэрчилгээ нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болсон.

8.3.Хариуцагч дэд бүтэц бүхий газрыг дуудлага худалдаагүйгээр авч, хөнгөлөлт эдэлсэн, барилга барих эрхийг үнэ төлбөргүй авсан. Ийнхүү давуу эрхтэйгээр орж өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулсан. Төлбөрт нь зориулалтын конторын барилгын 1 давхрын 165 м.кв талбайг шилжүүлж өгсөн. Үнэ цэнэтэй зүйлийг авсан атлаа конторын барилгаас өөр зүйл өгөөгүй, төрийн албан хаагчдаас орон сууцанд нь ороогүй, 61 дүгээр байранд 8 багш худалдах, худалдан авах гэрээний дагуу орсон. Гэтэл 1 давхрын .. өрөө байрыг өгөхгүй гэж тайлбарласан. Нийслэлийн өмчийн харилцааны газар болон СХДЗДТГ нь гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авсан бөгөөд 2009 оноос одоог хүртэл эзэмшиж ашиглаж байна.

8.4.Ирээдүйд конторын байр хүлээн авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргасан. Бусдын газар дээр барилга барих эрхийн гэрээ, Ирээдүйд конторын байр хүлээн авах гэрээний заалтууд биелэгдсэн, бичиг баримт шилжүүлэх асуудал орхигдсон. Улсын төв архивын хөмрөгт хариуцагчийн өгсөн материалд Ирээдүйд конторын байр хүлээн авах гэрээ байсан. Улсын бүртгэлийн газарт Бусдын газар дээр барилга барих гэрээг өгсөн байсан. Хариуцагч гэрээнүүдийг ашиглаж барилгыг ашиглалтад оруулсан тул гэрээг хүчингүй болгоно гэвэл Барилгын тухай хуулийг зөрчсөн болно. М.В.С ХХК нь Конторын гэрээг өгөхгүйгээр Бусдын газар дээр барилга барих гэрээг өгч өөртөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. 2014 онд манай талаас гэрээний үүргээ биелүүлж бичиг баримтаа өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах үед хариуцагч гэрээ байгуулаагүй гэж худал мэдүүлэг өгч, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Ийм ноцтой зүйлүүд байна.

8.5.Гэрээнд 213.6 м.кв талбай гэж тусгасан, энэ нь барилга баригдаагүй үеийн гэрээний заалт юм. Хариуцагчийн хийлгэсэн зургаас конторын хэмжээг авч гэрээнд тусгасан. Хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, дотоод ашиглалтын талбай байна, гадна хана зузаан учир гэрээнд заасан м.кв-тай дүйцэхүйц байна гэх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн.

8.6.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 3245 дугаар шийдвэр гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 0322 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн эзэмшсэн барилгын талбайг чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Энэ үеэс Нийслэлийн өмчийн харилцааны газар, СХДЗДТГ- гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхэлсэн. Удаа дараагийн шүүхийн шийдвэр гаргуулсан, эдгээр нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдана. Хариуцагч тал Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр тогтоолыг үндэслэлгүй гэж маргасан. СХДЗДТГ нь өмчийн тооллогын комиссын шийдвэрийн дагуу холбогдох материалыг өгөх буюу гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2056 дугаар шийдвэр гарсан. Үүнийг хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрээр өмчлөгч болохыг тогтоолгох, гэрээ байгуулсан, хэлцэл хийснийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудтай хольж тайлбарласан. Хэлцэл хийснийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нотлох баримт цуглуулах явцад гаргасан учраас хариуцагч тал хэлцэл хийснийг хүлээн зөвшөөрч, улмаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Өмчлөгчийн асуудал үлдсэнийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан.

СХДЗДТГ болон М.В.С ХХК нар гэрээ байгуулахаас өмнө уг газар дээр байсан объект нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлтэй байсан, одоо ч бүртгэлтэй, журмын дагуу бүртгэдэг, 4 жил тутамд тооллого хийдэг. Нийслэлийн балансад бүртгэлтэй объект учраас хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч СХДЗДТГ болон Нийслэлийн өмчийн харилцааны газар нь хариуцагч М.В.С ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо /18060/, ХМК-ийн .... дугаар байрны ... давхарт байрлах, ...м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралт конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч М.В.С ХХК нь нэхэмжлэгч СХДЗДТГт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо /18060/, ХМК-ийн .... дугаар байрны ... давхарт байрлах, 170.66 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, СХДЗДТГ, М.В.С ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигчид эс зөвшөөрч маргажээ.

 

3.СХДЗДТГ болон М.В.С ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ байгуулж, хүлээлгэн өгөгч М.В.С ХХК нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны конторын хуучин барилгыг буулган суурин дээр нь 5 давхар 20 айлын орон сууцны барилга барьж, барилгын А корпусын 1 дүгээр давхрыг бүрэн хэмжээгээр (тэнхлэгээрээ 12х17.6м хэмжээтэй) нийт 213.6 м.кв талбайг хурлын заал, конторын зориулалтаар хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэх, хүлээн авагч СХДЗДТГ нь энэ хугацаанд түр шилжин байрлаж, барилга баригдсаны дараа нүүж орохоор харилцан тохиролцжээ. Мөн гэрээний хавсралтаар хүлээн авагчид хүлээлгэн өгөх 1 дүгээр давхрын план зургийг баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч СХДЗДТГ нь гэрээ байгуулагдах үед СХДЗД- 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших гэрээ, 0135448 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг төрийн албан хаагчдын орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.

Зохигчдын хооронд дээрх гэрээний дагуу үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой. Нэг талаас СХДЗДТГ нь тус дүүргийн .. дугаар хорооны конторын хуучин барилгыг газар эзэмших эрхийн хамт шилжүүлэх, нөгөө талаас М.В.С ХХК нь 213.6 м.кв талбай бүхий хурлын заал, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээснээс үзвэл Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.

 

4.Хариуцагч нь гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй учир уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан ба үүргийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан тус гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх нь зүйтэй.

Иймээс зохигчдын байгуулсан арилжааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.Гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч СХДЗДТГ хуучин барилга болон газрыг чөлөөлж, хариуцагч 5 давхар 20 айлын орон сууцны барилга барьсан, улмаар улсын комиссын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 075/2009 дүгээр актаар барилгыг байнгын ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч .... дугаар барилгын 1 дүгээр давхрыг 2009 оноос эзэмшиж, ашиглаж байгаа болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон, зохигчид энэ талаар маргаагүй.

 

6.Нэхэмжлэгч СХДЗДТГ нь гэрээний 2.4-т заасны дагуу конторын хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардсан ба хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч СХДЗДТГ- нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж маргасан.

6.1.Хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгүүлэн ... дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулан авсан байх боловч уг улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 392 дугаар магадлалаар хүчингүй болгосон байна.

6.2.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4056 дугаар шийдвэрээр М.В.С ХХК-д холбогдуулан гаргасан 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээний үүргийг хангуулах, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны конторын байрыг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай СХДЗДТГ- нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрт зохигчдын маргааныг Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах /опцион/ гэрээний харилцаагаар тодорхойлж, үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар дүгнэсэн ба одоо нэхэмжлэгч өөр гэрээний буюу арилжааны гэрээний үүрэг шаардсан. Иймд өмчлөлийн маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж дүгнэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ийнхүү шийдвэрлэхэд дээрх шийдвэр саад болохгүй юм.

6.3.Үүнээс гадна дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчингүй болсонтой холбоотойгоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/ШТ2022/00440 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянаж, СХДЗДТГт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай М.В.С ХХК-ийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/03245 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 322 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосон байна.

6.4.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан бөгөөд зохигчид эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байсан тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэх үндэстэй.

 

7.Иймд нэхэмжлэгч СХДЗДТГ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны конторын хуучин барилгын суурин дээр орон сууцны барилга барьж, уг барилгын 1 дүгээр давхрыг бүрэн хэмжээгээр (тэнхлэгээрээ 12х17.6м хэмжээтэй) нийт 213.6 м.кв талбай бүхий хурлын заал, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн учир Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний өмчлөх эрхэд халдсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг ...м.кв хэмжээгээр тодорхойлж нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан 170.66 м.кв хэмжээгээр шийдвэрлэсэн нь зөв юм. Учир нь, гэрээний зүйл уг үл хөдлөх эд хөрөнгө мөн байх бөгөөд түүний хэмжээг шинжээч Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал /MNS 6058:2009/-ын дагуу тодорхойлсон нь гэрээний зүйлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд шүүх өөр шаардлагыг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 

8.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 274 дүгээр зүйлийн 274.1 гэж, 2 дахь заалтад 56.1.6, 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг 56.1.8, 101 дүгээр зүйлийн 101.1 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.В.С ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847,600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА