Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00268

 

 

 

У-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03102 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У-ХХК-ийн хариуцагч И-ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39,431,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

У-ХХК нь И-ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 108/2021/ФЭС/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. У-ХХК нь дээрх гэрээний дагуу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,000 литр буюу 5,970,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,000 литр буюу 5,970,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3,000 литр, 5,970,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 202 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,000 литр, 5,970,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 6,000 литр, нийт 5,970,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 4,000 литр, нийт 7,960,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлсэн. И-ХХК нь түлшний үнэ 43,780,000 төгрөг төлөхөөс 20,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 23,780,000 төгрөгийг төлөөгүй.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан шатахууны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна гэж, мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу эсхүл энэхүү гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан. И-ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг төлөөгүй тул алданги төлөх үүрэгтэй. Алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 15,651,100 төгрөг болно. Иймд И-ХХК-аас 39,431,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Тооцоо нийлсэн актаар 20,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс алданги тооцох ёстой. Манай байгууллага ББСБ биш учраас алдангийн талаар тохиролцох боломжтой. Үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И-ХХК /2701669/-аас 29,725,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У-ХХК /5272378/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,706,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306,575 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

У-ХХК газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39,431,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх И-ХХК-аас 29,725,000 төгрөгийг гаргуулж У-ХХК-д олгуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Үндсэн бүтээгдэхүүний үнэ 23,780,000 төгрөгийг төлөх боломжтой. Учир нь: У-ХХК нь санхүүгийн байгууллага биш тул алданги шаардах эрхгүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Санхүүгийн байгууллага биш учраас алданги нэхэмжлэх эрхгүй гэх гомдол үндэслэлгүй. Хуульд зааснаар аль ч байгууллага алданги нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хариуцагчтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан атлаа төлбөр төлөх 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн хоног тус бүрд, хэсэгчилсэн худалдан авалт бүрийн үнийн дүнгээс тооцож алдангид 15,651,100 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй, алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүрэг 23,780,000.00 төгрөгийн 50 хувь болох 11,890,000 төгрөгийн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Талууд гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан нь худалдан авагч төлбөрийг цаг тухайд нь төлсөн тохиолдолд гэрээний хугацаанд шатахууныг тасралтгүй нийлүүлэх зорилготой. Харин гэрээний 5.2.1-т заасан төлбөр төлөх 30 хоногийн хугацаа нь худалдан авагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа юм. Шатахууны төлбөрийг худалдан авагч нь 30 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол алданги тооцохоор тохиролцсон юм. Гэтэл хариуцагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх үлдэгдэл төлбөрөөс гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэлд алданги тооцсон. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг илт их гэж үзэж 50 хувиар багасгаж шийдвэрлэхдээ цар тахлын үед авч хэрэгжүүлсэн хөл хорио, үйл ажиллагааны хязгаарлалтын улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, санхүүгийн хүндрэлийг нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэсэн. Гэтэл талууд цар тахлын хөл хорио тогтоосон үед буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед И-ХХК нь цар тахлын үед өөрсдийн үйл ажиллагааг хэвийн явагдсан бөгөөд төлбөрийг төлөх боломжтой байсан. Анзын хэмжээг багасгах нь хэргийн нөхцөл байдлаас шалтгаалахаас гадна энэ талаар талууд мэтгэлцсэн байх нь ач холбогдолтой. Гэтэл хариуцагчийн зүгээс алдангийн хэмжээ илт их гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байхад үндэслэлгүйгээр алдангийн хэмжээг багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.8 дахь хэсэгт нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн алдангийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

1. Нэхэмжлэгч У-ХХК нь хариуцагч И-ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шатахууны үлдэгдэл төлбөр 23,780,000 төгрөг, алданги 15,651,100 төгрөг, нийт 39,431,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч шатахууны үлдэгдэл төлбөр 23,780,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч У-ХХК нь худалдан авагчид хавсралтад заагдсан хэмжээгээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч И-ХХК хавсралтад заасан шатахууны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ

 

1.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч У-ХХК нь дээрх гэрээний дагуу хариуцагч И-ХХК-д нийт 43,480,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлж, худалдан авагч нь 20,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 23,780,000 төгрөг төлөөгүй үйл баримтын талаа талууд маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч У-ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И-ХХК-аас шатахууны үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

1.2. Талууд гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу эсхүл энэхүү гэрээний 5.2.1-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагч И-ХХК нь шатахуун нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар болон У-ХХК болон И-ХХК-ийн хоорондын түлшний тооцооны баримтаар тогтоогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй байна. Иймээс нэхэмжлэгч У-ХХК хариуцагч И-ХХК-аас алданги гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй заасан тул шатахууны үлдэгдэл 23,780,000 төгрөгийн 50 хувь 11,890,000 төгрөгийг хариуцагч И-ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч У-ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч И-ХХК-ийн төлөх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар тооцсон тул Корона вируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоож байсан үйл баримтыг үндэслэн мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг шүүх дахин багасгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч И-ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шатахууны үлдэгдэл төлбөр 23,780,000 төгрөг, алданги 11,890,000 төгрөг, нийт 35,670,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Зууннаман-Ойл ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан анзын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул хариуцагч нь нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У-ХХК нь санхүүгийн байгууллага биш гэх үндэслэлээр хариуцагч нь алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 29,725,000 гэснийг 35,670,000 гэж, 9,706,100 гэснийг 3,761,100 гэж,

2 дахь заалтын 306,575 гэснийг 336,300 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 64,632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ