Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Хосбаяр |
Хэргийн индекс | 142/2016/0198/Э |
Дугаар | 000004 |
Огноо | 2016-12-20 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Г.Эрдэнэбаатар |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 000004
Н.Энхтөрд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2016/0198/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Эрдэнэбаатар
Ялтан Н.Энхтөр
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолтой Н.Энхтөрд холбогдох, 201614000447 дугаартай, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 13-17 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жил 11 хоног хорих, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сар 23 хоног хорих, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ФБ85111179 регистрийн дугаартай, Олгонууд овогт Нямсүрэнгийн Энхтөр.
Ялтан Н.Энхтөр нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран хас” дэлгүүрийн үүдэнд Б.Өнөрчимэгийн I Phone 6 plus загварын гар утсыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Олгонууд овгийн Нямсүрэнгийн Энхтөрийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Н.Энхтөрийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Н.Энхтөрийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Н.Энхтөрийн цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
Ялтан Н.Энхтөр нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж ялтай байхдаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран хас” дэлгүүрийн үүдэнд Б.Өнөрчимэгийн I Phone 6 plus загварын гар утсыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн 201614000447 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Ялтан Н.Энхтөр өмнө нь 9 удаа ял шийтгэгдэж хорих ял эдлэж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т “хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдлэж байсан, анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ...ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэсний дагуу түүний хорих ял эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэх хуулийн заалттай байна.
Харин ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөхийн тулд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1.т заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтдээ:
Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Олгонууд” овогт Нямсүрэнгийн Энхтөр нь ялтай байхдаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран хас” дэлгүүрийн үүдэнд Б.Өнөрчимэгийн I Phone 6 plus загварын гар утсыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Өнөрчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...дэлгүүр лүү явж байхад бор царайтай дунд зэргийн нуруутай уруулын зүүн дээд хэсэгт сорвитой өтгөн биш шингэвтэр үстэй залуу араас дагаад байх шиг санагдсан таксинаас буухад утас маань байсан юм. Дэлгүүр явах замдаа утсаар ярихад байж байсан ороод гарж ирээд утсаа үзтэл байхгүй болчихсон байсан би тэр араас дагаад байсан хүнийг сэжиглэж байгаа..., ...цэс лүү ормогц миний бүх файлууд байна. Миний утас мөн болохыг таньсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11, 12-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ё.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Баян” худалдааны төв дотор явж байтал Энхтөр гэх залуу намайг утас авах уу гээд ямар утас юм гээд асуутал galaxy g7 гэж байсан. Тэгээд үзье гэтэл I phone 6 plus байсан тэгээд юун утас юм гэж асуухад манай эгчийн утас гэж хэлсэн..., ...манай эгчийн утас байгаа юм 60.000 төгрөг авчих гээд байсан юм. Би сайн танихгүй ээ зүс мэдэх төдий захын ойр орчмоор л архи уугаад явж байгаа харагддаг сүүлд хүнээс сураг сонсоход хулгай хийдэг хүн гэж сонссон. Тэр утсыг авах үедээ би хулгай хийдэг хүн гэж мэдээгүй байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25, 26-р хуудас/
Ялтан Н.Энхтөрийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:
“...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран хас” дэлгүүрийн үүдэнд согтуу явж байгаад нэг эмэгтэй хүн миний урд явж байхлаар нь урт ноосон цамцных нь баруун халаасанд байсан гар утсыг нь суйлаад авчихсан юм. Тэгээд нөгөө утсаа тэр өдрөө Анхаа гэдэг хувиараа шивээс хийдэг залууд 60.000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 86, 87-р хуудас/
“...нэг эмэгтэйн карманаас гар утас нь цухайсан явж байсан. Тэгээд утсыг нь аваад зүс таних Анхбаяр гэдэг залууг утас авах уу гэсэн үзээд 60.000 төгрөг байна гээд авсан. Тэр мөнгөөрөө архи уусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/-үүд болон хавтаст хэрэгт цугларч анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх ялтны гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна гэж үзлээ.
Харин шүүх Н.Энхтөрд оногдуулсан 2 жил хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг хэрэглээгүй байх тул дээд шатны прокурорын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлах шаардлагатай...” гэсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 317 дугаар зүйлийн 317.1.4., 321 дүгээр зүйлийн 321.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧИД Ц.ТУЯА З.ХОСБАЯР