Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/0233

 

“А и”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдад холбогдох захиргааны

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     Ч.Тунгалаг

Шүүгчид:                       М.Батсуурь

                                            Б.Мөнхтуяа

                                            Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “А и”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0842 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0842 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “А и”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “А и”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. ...Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж заасны дагуу төрийн өмчийн газрыг энэ зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаал болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/353 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн “Арцатын ам”-нд 5.0 га талбай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5 дахь заалтыг тус тус зөрчин “А и”  ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг.

5. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйл болон 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтаар дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохыг хориглосон байхад дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг буруу хэрэглэн хууль зөрчиж “А и”  ХХК-д  дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон сайдын 2008 оны 258 дугаар тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр хуулийн тодорхой  заалтыг зөрчиж, буруу хэрэглэж тайлбарлан, аялал жуулчлалын зориулалтаар газар олгосныг дэмжсэнээр нийтэд илэрхий тодорхой харагдах тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын бүсэд 9-15 давхар түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр болсон.

6. Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч хуульд нийцсэн захиргааны акт гаргахад, анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд ирсэн тул гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дархан цаазат газрын харилцааг зохицуулах гол хууль болох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10,11,12 дугаар зүйлийн тодорхой заалт зөрчсөн, төрийн болон иргэдийн эрх ашиг зөрчигдсөн байхад итгэл хамгаалах зарчимд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн.

7. Иймд хуулийг үндэслээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчмаасаа ухарсан шийдвэр гаргасан тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” гэсэн үндэслэлээр хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг, түүний дотор нэхэмжлэгч “А и”  ХХК-д газар ашиглах эрх олгосон 2008 оны 258 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” боломжтой, харин уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглодог.

11. Гэтэл Байгаль орчны сайдын 2008 оны 258 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг үндэслэн нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд, түүний дотор нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль бус талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй, тодруулбал хариуцагч нь “дархан цаазат газар”-ын “хязгаарлалтын бүс”-д газар ашиглах эрхийг олгохдоо тухайн бүсэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны хүрээнд бус, харин “аялал жуулчлалын зориулалт”-аар /энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14, 17-д зааснаар “байгалийн цогцолборт газар”-ын “аялал, жуулчлалын бүс”-д зөвшөөрөгдөхүйц байхад/ буюу зориулалтын бусаар олгосон нь захиргаа хуульд заасан эрхээ буруу хэрэгжүүлсэн хууль бус захиргааны акт байна.

12. Гэвч захиргаа өмнө нь гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах ёстой, тухайлбал эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 48.2-т заасан үндэслэлээр л хүчингүй болгох ба ингэхдээ /хандсан этгээдийн зүгээс/ “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”-ээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох боломжтой /Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3/.  

13. Харин нэхэмжлэгчид 2008 онд газар ашиглах эрх олгосон /эерэг нөлөөлөл бүхий/ 258 дугаар тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий акт болох 2019 оны А/355 дугаар тушаалын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийн аль нэг нь хамаарч байгаа гэдэг нь тогтоогдоогүйгээс гадна хариуцагч өмнөх шийдвэрээ хүчингүй болгох боломжтой 5 жилийн хугацаа өнгөрсөн талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

14. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... шүүх аялал жуулчлалын зориулалтаар газар олгосныг дэмжсэнээр нийтэд илэрхий тодорхой харагдах тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын бүсэд орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр болсон, ... төрийн болон иргэдийн эрх ашиг зөрчигдсөн байхад итгэл хамгаалах зарчимд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн...” гэж /Тодорхойлох хэсгийн 5-6/ маргаж байгаа боловч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчингүй болсноор “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхол сэргэнэ” /ЗЕХ-ийн 48.2.2/ гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

15. Тодруулбал, нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын хил залгаа, эргэн тойронд байгаа бусад этгээдийн газар ашиглах эрх хэвээр, үйл ажиллагаагаа явуулж байгаа, тухайн орчны газар нь бүхэлдээ барилгажсан, олон нийтийн суурьшлын бүс үүссэн бодит нөхцөл байдалд тухайн бүсийн дунд байрлах нэхэмжлэгчийн 5 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор байгалийн унаган төрх сэргэж, сөрөг нөлөөлөл үзүүлэхээ больж, бусад иргэдийн буюу нийтийн эрх ашиг хамгаалагдана гэх үндэслэл бодитой бус буюу бодит байдалд хэрэгжих боломжгүй тул маргаан бүхий акт зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, иймээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.   

16. Түүнээс гадна, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2013 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийг баталсан ба үүгээр Шинэ Яармаг орон сууц, олон нийтийн ажил хэргийн бүс байхаар төлөвлөгдөж “Арцатын ам” дархан цаазат газрын хоригийг цуцлах бүсэд хамаарсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор дээрх “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн тодорхой байршлуудын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан, энэ дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Хан-Уул дүүргийн 4-10, 16 дугаар хороо Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрсөн, үүнд 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын “Арцатын ам” олон нийтийн суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөнөөс үзвэл маргаан бүхий газрын эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн, ингэснээр нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон актын хуулийн зөрчил арилахаар нөхцөл байдал бий болсон байхад үүнийг харгалзаж үзээгүйгээрээ маргаан бүхий акт нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

17. Иймд, “... Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч хуульд нийцсэн захиргааны акт гаргахад, шүүхүүд хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд ирсэн тул гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, дархан цаазат газрын харилцааг зохицуулах гол хууль болох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлийг үндэслээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчмаасаа ухарсан шийдвэр гаргасан...” /Тодорхойлох хэсгийн 6-7/ гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0842 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                      ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ