Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 712

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам-41, *******, тоотод үйл ажиллагаа явуулах Х ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 51 дүгээр гудамж Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб,

Гуравдагч этгээд: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Даваажавын гудамж, тоотод үйл ажиллагаа явуулах Ц******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Зэвсэгт хүчний жанжин штаб-ын Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендер шалгаруулалтанд манай компани хамгийн бага үнийн санал болгож тендерт ялсныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож гэрээ байгуулах эрхийг Ц******* ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг Х ХХК-д олгохыг Зэвсэгт хүчний жанжин штаб-д даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн Ерөнхий захирал Г.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Л.Н*******, гуравдагч этгээд Цагийн аяс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Ерөнхий захирал Г.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зэвсэгт хүчний жанжин штаб нь зэвсэгт хүчний ангиудын хэрэгцээнд зориулсан 2016-2017 оны нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/02 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр анх нээсэн. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тус тендерээс татгалзаж дахин зарлахаар болсон.

Үүний дараа хоёр дахь удаагаа ТХ-2016/03 дугаартай хязгаарлагдмал тендер шалгаруулалт зарлаж 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээсэн болно. Тус тендерт манай компани оролцож бусад өрсөлдөгчдөөс хамгийн бага үнэ санал болгосон. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д Шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, мөн хуулийн 28.7.4-д Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсэн заалтын дагуу тендерийн үнэлгээнд манай компани хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарах бүрэн үндэслэлтэй байсан.

Гэвч Зэвсэгт хүчний жанжин штабын тендерийн үнэлгээний хороо уг тендер шалгаруулалтыг дахин хүчингүй болгож, үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан.

Тендер шалгаруулалтаас дахин татгалзсаны дараа манай компаниас нүүрс бэлтгэн нийлүүлэх үнийн санал, эдийн засгийн нарийвчилсан тооцоолол зэргийг шаардаж, шаардсан баримт материалуудаа нэхэн авсан болно. Энэ нь хоёр дахь удаагаа зарласан тендер шаалгаруулалтанд нэмэлт материал болгон авч байгаа эсэх эсвэл 3 дэх удаагаа үнийн харьцуулалтын арга хэрэглэх гэж байгаа эсэх нь тодорхойгүй, ямар зорилгоор тухайн материалуудыг шаардаж авсан нь ойлгомжгүй байсан төдийгүй эдийн засгийн тооцооллын хамт хүргүүлсэн үнийн саналд эргэж ямар ч хариулт өгөөгүй болно.

Мөн тендер шалгаруулалтын үр дүн, үнэлгээний хорооны шийдвэрийг утсаар мэдэгдэж, тендерт шалгарсан компани болоод манай компанийн тендерт шалгараагүй үндэслэлийг тайлбарлаагүй нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан тендер шалгаруулалтын үр дүнг бүх оролцогчдод бичгээр мэдэгдэх хамгийн энгийн тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэж байна. (Зэвсэгт хүчний жанжин штабын тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үр дүнг бүх утсаар мэдэгдсэнийг албан бус гэж үзэж бид бичгээр хүсэлт гаргаж шаардсаны үндсэн дээр тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг албан бичгээр авсан болно).

Тус тендерийн мэдэгдлээр нүүрс бэлтгэн нийлүүлэх шаардлагыг хамгийн сайн хангасан компаниар Ц******* ХХК-ийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг илтэд зөрчсөн, тендер шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулаагүй хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын Тендерийн үнэлгээний хороо нь хоёр ч удаа тендерээс үндэслэлгүйгээр татгалзсаныг тендер шалгаруулалтыг холбогдох хууль журмын дагуу явуулаагүй гэж үзэж Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Монгол Улсын Сангийн яаманд удаа дараа гомдол гаргасан. Сангийн яам Зэвсэгт хүчний жанжин штабын Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээд шатны байгууллагад хандаж байгаа болно.

Иймд хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөрт тооцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу манай компанид гэрээ байгуулах эрхийг олгохыг захиалагч Зэвсэгт хүчний жанжин штаб-д даалгаж өнгө үү.

Мөн Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 22-ны №5/5261 дүгээр шийдвэр нь үндэслэлгүй хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...1. Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан Улаанбаатар хот, хот орчмын Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТХ-2016/02 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтанд компаниудаас ирүүлсэн тендерийг баримт бичиг шаардлага хангахгүй байсан учир Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хууль /цаашид Худалдан авах ажиллагааны тухай хууль гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн бүх тендерээс татгалзсан ба оролцогчдоос гомдол гараагүй.

2. Нээлттэй тендер амжилтгүй болсон тул хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг зохион байгуулсан ба Х ХХК, бусад хоёр, нийт гурван байгууллага тендерийн материал ирүүлсэн боловч мөн адил шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй.

Х ХХК-д хариуг мэдэгдсэн ба хариуг авч тус компани Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Сангийн яам хянан үзэж Зэвсэгт хүчний жанжин штаб буюу захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, цаашид хуульд нийцүүлэн тендер шалгаруулалтаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг ирүүлсэн.

Ингэснээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй хязгаарлагдмал тендер шалгаруулалтад оролцогчдын бүх тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тендерт Х ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 7.3 дахь заалт Тендерт оролцогч тендерийн баримт бичиг дэх бүх зааварчилгаа, нөхцөл, маягт болон техникийн тодорхойлолтыг нягталж үзэх нь зүйтэй.

Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл, баримт материалыг бүрдүүлэхгүй байх, маягтыг дутуу бөглөн ирүүлэх тухайн тендерээс татгалзах үндэслэл болж болно, 18.1(а) Тендерт оролцогч нь гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан захиалагчийн шаардсан чадварын шаардлагыг хангасан гэдгийг харуулах дараах мэдээллийг нотлох баримт болгон ирүүлнэ. Үүнд: (а) хэрэв ТШӨХ-д шаардсан бол тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг тендерт санал болгох тохиолдолд уг барааг Монгол Улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг 4 дүгээр бүлгийн маягтаас тохирох маягтыг ашиглан ирүүлнэ., 18.2(г) Тендерт оролцогч ТОӨЗ-ны 1.1-д заасан барааг нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: (г) бусад гэрээт ажилд ашиглагдах буюу ашиглаж буй хөрөнгө болон энэ гэрээний дагуу хийгдэж болох урьдчилгаа төлбөрийг оролцуулахгүйгээр түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээл нь ТШӨХ-д дурдсан дүнгээс багагүй байх шаардлагыг тус тус хангаагүй.

3. Нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг зохион байгуулсан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй учир Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 дахь заалтыг үндэслэн тендерийн үнэлгээний хороо гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхээр шийдвэрлэсэн.

Зэвсэгт хүчний жанжин штабын Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтын дагуу нэг буюу түүнээс дээш этгээдэд техникийн тодорхойлолт, бусад нөхцөл шаардлагыг ирүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлэн, хариуг хүлээн авч, тэдгээрээс аль нь илүү шаардлага хангаж байгааг магадлан үзэж, Ц******* ХХК Зэвсэгт хүчний 2016 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх шаардлагыг хамгийн сайн хангасан гэж шийдвэрлэн шууд гэрээ байгуулсан ба энэ талаар Сангийн яаманд тайлагнан ажиллаж байна.

Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн нүүрсийг тус бүр хэдэн төгрөгөөр нийлүүлэх, мөн эдийн засгийн нарийвчилсан тооцоолол хийсэн эсэх нь тодорхойгүй байсан учир тендерт оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудад үнийн санал болон эдийн засгийн нарийвчилсан тооцооллыг гарган ирүүлэхийг хүссэн нь шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдийг шалгаруулах зорилготой байсан болно.

Х ХХК нь илчит тэрэгний тоног төхөөрөмжийн худалдаа, зуучлалын үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нүүрсний худалдаа хийж эхэлснээс хойш их хэмжээний нүүрсийг нийлүүлсэн туршлага байхгүй, тус компанийн зах зээл дээр нүүрс худалдах үнэ болон гэрээгээр нийлүүлэх нүүрсний үнэ нь их хэмжээний зөрүүтэй зэрэг нь нийлүүлэх нүүрсний чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл ихтэй, нүүрс нийлүүлэх эдийн засгийн тооцоолол үндэслэлгүй байсан учир захиалагчийн шаардлагыг хамгийн сайн хангасан гэсэн үнэлэлтийг авч чадаагүй болно.

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт амжилтгүй болсноос 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж байгаа тохиолдолд 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг баримтлан гэрээ байгуулах этгээдийг шалгаруулах зохицуулалттай.

Тиймээс Х ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан зөвхөн бага үнийг санал болгосон этгээдийг шууд шалгаруулах зохицуулалт гэрээ шууд байгуулах арга болох Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 34.2 дахь хэсэгт байхгүй байна.

Харин тус хуулийн 34.2 дахь хэсэгт 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй гэрээ байгуулна гэснийг үндэслэн материал ирүүлсэн байгууллагуудаас тус шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа Ц******* ХХК-тай гэрээ байгуулсан болно.

Түүнчлэн нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалтаас татгалзсан шалтгаан, шууд гэрээ байгуулахаар шалгарсан байгууллагыг тодруулсан талаар албан бичгүүдийг тус тус хүргүүлж байна.

Улаанбаатар хот, хот орчмын Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Зэвсэгт хүчний жанжин штабын Тендерийн үнэлгээний хороо Худалдан авах ажиллагааны тухай хуулийг баримтлан худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан болно.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан 2 дахь шаардлага болох Сангийн яамны 2016 оны 5/5261 дүгээр албан бичгээр хүргүүлсэн шийдвэр нь Зэвсэгт хүчний жанжин штабын эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр биш тул тус шийдвэрийн хариуцагчаар Зэвсэгт хүчний жанжин штаб оролцох эрхгүй байна.

Иймд Х ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Манай компани нь Х ХХК-иас Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь 1994 онд гадаад, дотоод худалдаа, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан юм. Тэгээд 1998 оноос эхлэн нүүрсний борлуулалт, 2007 оноос газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн одоог хүртэл ажиллаж байна.

Нүүрсний борлуулалтын үйл ажиллагааг эрхэлж, эхэлснээс хойш дунджаар 270,000 тонн нүүрс борлуулсан ба улсын төсөвт 307,2 сая төгрөгийг татвар хэлбэрээр төлсөн байдаг. Энэ хугацаанд хамтран ажилладаг байгууллага, Аж, ахуй нэгжээс ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй бөгөөд Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан туршлагатай компани юм.

Манай компани 2016 оны 3 дугаар сард 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан нүүрсний тендерийг хэвлэл мэдээллээс олж авч тус тендерт оролцсон. Ингэж оролцохдоо тендерийн хуулийн дагуу холбогдох материалыг бүрдүүлж, цаг хугацаанд нь холбогдох байгууллага буюу Зэвсэгт хүчний жанжин штабад хүргүүлсэн болно.

Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тендерийн нээлт болж манай компани очиж оролцоход манай компаниас гадна 3 компани байсан бөгөөд тэр өдөр нээлтийн ажиллагаа болж оролцож байгаа компаниудаа зарласан юм. Түүнээс хойш уг тендерийн ажиллагаа Тендерийн хуулийн дагуу 2 удаа буцаж шат дараатай тендерүүд дахин явагдаж холбогдох материалаа бүрдүүлж өгсөн болно.

Ингээд 2016 оны 7 сард Зэвсэгт хүчний жанжин штабаас манай компанид гэрээ хийх урилга ирүүлсний дагуу гэрээ хийсэн.

Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс тендерийн хуулийн дагуу шалгаруулалтаа явуулж манай компанийг сонгосон байх гэж ойлгож байна. Харин Х ХХК нь урьд өмнө нүүрс бэлтгэн нийлүүлэх туршлага муу, мөн үнийн санал нь хэт доогуур буюу нүүрсний эцсийн цэгт хүргэх өөрийн өртөгөөс доогуур саналтай орсон нь шалгаруулалтад нөлөөлсөн байх гэж бодож байна.

Манай компани нь нүүрс бэлтгэн нийлүүлэхийн тулд Хас банкнаас 550 сая төгрөгийн зээлийг авч гэрээний дагуу нүүрс нийлүүлэлтийн ажиллагааг явуулж байгаа бөгөөд одоогоор 800 гаруй сая төгрөгийг зарцуулаад байгаа болно. Гэрээний дагуу нүүрс нийлүүлэлт одоогоор 80 хувьтай явж байна. Нэгэнт манай компани нь тендерийн хуулийн дагуу шалгарсан, гэрээний үүргээ цаг алдалгүй биелүүлж байгаа, мөн олон сая төгрөгийн хөрөнгө зарсан болохоор манай компанид олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй юм. Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр:

1. Зэвсэгт хүчний жанжин штаб-ын Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендер шалгаруулалтанд манай компани хамгийн бага үнэ санал болгож тендерт ялсныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрхийг Ц******* ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг Х ХХК-д олгохыг Зэвсэгт хүчний жанжин штаб-д даалгуулах,

3. Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №5/5261 дүгээр шийдвэр үндэслэлгүй хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь буюу хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 5/5261 дүгээр шийдвэрийг үндэслэлгүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

1. Зэвсэгт хүчний жанжин штаб-ын Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендер шалгаруулалтанд манай компани хамгийн бага үнэ санал болгож тендерт ялсныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрхийг Ц******* ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт амжилтгүй болсноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж байгаа тохиолдолд 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг баримтлан гэрээ байгуулах этгээдийг шалгаруулах зохицуулалттай. ...Энэ заалтад Х ХХК-ийн зөвхөн бага үнийг санал болгосон байхад шууд шалгаруулах зохицуулалт, гэрээ шууд байгуулах арга байхгүй байна. Харин тус хуулийн 34.2 дахь хэсэгт 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй гэрээ байгуулна гэснийг үндэслэн материал ирүүлсэн байгууллагуудаас тус шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа Ц******* ХХК-тай гэрээ байгуулсан болно. Худалдан авах ажиллагааны тухай хуулийг баримтлан худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан болно гэж маргаж байгаа хэдий ч дараах хууль зүйн үндэслэлээр дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэсний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 9/2980 дугаар албан бичгээр Сангийн яаманд ...Тендерийн үнэлгээний хороо худалдан авах ажиллагааны хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д заасныг үндэслэн гэрээ шууд байгуулахаар шийдвэрлэсэн. ...Уг шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулж Цагийн аяс ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан болно гэж уг аргыг хэрэглэх болсон үндэслэлээ тайлбарлажээ.

Тэгвэл дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулахаар заасан байна.

Хуульд шууд гэрээ байгуулах хэд хэдэн тохиолдлууд тусгайлан зааж өгснөөс үзэхэд тухайн маргааны тохиолдолд 2 нөхцөл шаардлагыг хангасан бол шууд гэрээ байгуулахаар тодорхой заасан байна.

Нэгд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулаад 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл гэжээ. Уг маргааны хувьд ийм байдал үүсээгүй, дахин нээлттэй тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй болно.

Хоёрт: Хэдийгээр хэргийн оролцогчид хязгаарлагдмал тендер зарлан явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргаагүй боловч шууд гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэстэй болсон эсэх дээр шүүх дүгнэлт хийхийн тулд 2 дугаар тендер буюу хязгаарлагдмал тендер сонгон шалгаруулалт зарласан нь дараах байдлаар хуульд нийцээгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.2-т энэ хуулийн 30.1.3, 30.1.4-д заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулахаар заасан байна. 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4-д заасан ерөнхий агуулга нь нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүх тендерүүдийн үнийн санал нь төсөвт өртгөөс 5 хувиар илүү гарсан. Тендерийн үнийн саналыг бууруулах талаар тендерт оролцогчидтой хэлэлцэн тохирч чадаагүй бол хязгаарлагдмал тендерийг зохион байгуулах хууль зүйн үндэслэл бүрдэх байжээ.

Гэтэл Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаар хуралдааны тэмдэглэлээр гишүүд тендер ирүүлсэн компаниуд баримт бичгийн шаардлага хангаагүй, санхүүгийн чадвар хүрэхгүй байгаа гэдэг шалтгаанаар хязгаарлагдмал тендерийг зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл: хуульд заасан хязгаарлагдмал тендер зохион байгуулах нөхцөл байдал үүсээгүй байхад дур мэдэн хязгаарлагдмал тендер зарласан байна. Тухайн тохиолдолд Цагийн аяс ХХК-ийн үнийн санал төсөвт өртгөөс 5 хувиар илүү гарсан. Бусад Тавин лан ХХК, Б******* ХХК, Х ХХК-иудын үнийн санал төсөвт өртөгт багтсан буюу бага үнийн санал ирүүлсэн гэж үнэлэгдсэн байна.

Ийнхүү хуулийн шаардлага хангаагүй нөхцөлд хязгаарлагдмал тендерийг зохион байгуулж мөн Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэлээр ...Бага үнийн санал ирүүлсэн 2 компани санхүүгийн болон гэрээ гүйцэтгэх чадварын шаардлагыг хангахгүй байна гэж үзээд бүх тендерээс татгалзаж, оролцсон компаниудаас нэмэлт мэдээлэл авсны үндсэн дээр шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх шийдвэрийг гаргажээ.

Шууд гэрээ байгуулах тендерт оролцогчийг шалгаруулахаар Үнэлгээний хороо 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, Х ХХК-ийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнийн санал ирүүлсэн нь зах зээлд сайн нүүрсээ нийлүүлээд манайд шигшсэн муу нүүрсийг нийлүүлэх магадлалтай, мөн туршлага багатай, Б******* ХХК-ийг Багануурын нүүрс нийлүүлэх магадлалтай, мөн их хэмжээний өртэй гэсэн шалтгаануудаар татгалзаж, Цагийн аяс ХХК-тай Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын захиалгаар өмнө нь Цагийн аяс ХХК олон удаа зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд нүүрс нийлүүлж байсан туршлагатай гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүд өгч байгаа ч өнөөгийн зах зээлийн үед шударга өрсөлдөөнийг бий болгох, үнийн монополь байдлыг үгүй болгох шаардлагын үүднээс сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн шударгаар явуулах нь зүйтэй байна.

Иймд Зэвсэгт хүчний жанжин штаб-ын Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий үндсэн зарчим болох бага үнийн саналыг зөрчсөн, мөн шууд гэрээ байгуулах хууль зүйн шаардлага, нөхцөл хангагдаагүй байхад Цагийн аяс ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэсгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-д энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн байдлыг бий болгосон гэж үзээд Зэвсэгт хүчний жанжин штабын Цагийн аяс ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээг хууль бусад тооцон, хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг Х ХХК-д олгохыг Зэвсэгт хүчний жанжин штаб-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Нэгэнт Зэвсэгт хүчний жанжин штабын Цагийн аяс ХХК-тай байгуулсан Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээг хууль зүйн шаардлага, нөхцөл үүсээгүй байхад хийсэн хууль бус үйл ажиллагаа болсон гэж шүүх дүгнэсэн байхад энэ шат дамжлагаар шууд гэрээ байгуулах тендерт оролцсон Х ХХК-тай уг гэрээг шууд байгуулах нь зүйтэй гэж даалгах хууль зүйн үндэслэл байхгүй учир нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4, 30.4, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2, 34.3, 42 дугаар зүйлийн 42.1.3-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зэвсэгт хүчний жанжин штабын Цагийн аяс ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээг хүчингүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4, 30.4, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2, 34.3-д заасныг тус тус баримтлан Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг Х ХХК-д олгохыг Зэвсэгт хүчний жанжин штаб-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №5/5261 дүгээр шийдвэр үндэслэлгүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА