Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0519

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0519

Улаанбаатар хот

 

“Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, гуравдагч этгээд Барилга хот байгуулалтын яамны “Дэд төсөл”-ийн захирал А.Энхманлай, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэйэжт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Эй Жи Жи Эс” ХХК-ийн захирал Г.Сономжамц 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/611 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг захирамжийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Шинэ яармаг хорооллын болон авто замын трассын зураг төслийг боловсруулах болон барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр:

“1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 46 дугаар 46.1, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр 31.1, 31.2-т тус тус заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дүгээр захирамжийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженерийн шугам сүлжээний зориулалтаар газар эзэмшүүлснээс нэхэмжлэгч “Эй Жи Жи Эс” ХХК-ийн ашиглаж байгаа газарт давхацсан хэсэг нь илт хучин төгөлдөр бус шийдвэр болохыг хүлээн зөвшөөрөхийг;

2.Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18.1, 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.5.5, 25.7-д тус тус заасныг баримтлан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ118-56/2014 дугаартай “Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг” орон сууцны хорооллын усан хангамжийн шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар”-ын дагуу “Авто зам, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоох”-оор хийгдсэн зураг төсөл боловсруулсан болон барилга угсралтын ажлын зураг, төлөвлөлтийн нэхэмжлэгч “Эй Жи Жи Эс” ХХК-ийн ашиглаж байгаа газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байна...” гэжээ.

Уг маргаан бүхий газар буюу Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан нутаг дэвсгэрт ерөнхий төлөвлөгөө боловсруулах тухай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 193 дугаар тогтоол гарч “Яармаг шинэ хотхон” барьж байгуулах ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлж, ерөнхий төлөвлөгөөний төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгасан. тогтоолын дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын дарга, нийслэлийн Засаг дарга “Яармаг шинэ хотхон”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврыг 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталсан бөгөөд зургийн даалгаврын дагуу Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, НӨҮГ Бүгд найрамдах Солонгос улсын “ВКВ” групптэй хамтран боловсруулж, холбогдох яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа алба, хэлтсээс санал авч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Яармаг шинэ хотхон”-ын ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч батлах тухай 101 дүгээр тогтоолоор тухайн орчмын ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг.

Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/45 дугаар “Нийслэлийн 2010 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор шинээр 2012 онд баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, ТЭЗҮ боловсруулах шийдвэр гарсныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/63 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ТЭЗҮ боловсруулах тухай шийдвэр гаргаж нийслэлийн Зураг төслийн хүрээлэн НӨҮГ техник эдийн засгийн үзүүлэлт, ерөнхий төлөвлөгөөг дахин шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн.

Шүүх хуралдааны үед дээрх тогтоол, шийдвэрийн дагуу “Яармаг шинэ хотхон”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил үе шаттай хэрэгжиж ирсэн тухай хариуцагчийн төлөөлөгч миний бие удаа дараа тайлбар, нотлох баримтыг нэмж авах талаар тайлбар гаргаж байсан боловч шүүгч тухайн баримтууд хэрэгт авагдаагүй, газар ашиглуулах эрх олгосноос өмнөх шийдвэрүүд хэрэгт хамааралгүй мэтээр тайлбарлан хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан ба нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй, хариуцагч тухайн хэрэгт чухал ач холбогдол бүхий захиргааны актыг удаа дараа дурдсан байхад түүнийг үнэлэлгүй шийдвэр гаргаж дээрх заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.

“Эй Жи Жи Эс” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулын Нүхтийн аманд 10 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2011/115 дугаар гэрээний дагуу эзэмшдэг бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно”, 24,1.1-т “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж тус тус заасан бөгөөд “Эй Жи Жи Эс” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь “Яармаг шинэ хотхон”-ын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах үе шатны төсөл хэрэгжиж байгаа газарт Хот байгуулалтын тухай хуулийг зөрчиж газар олгосон нь илт хүчин төгөлдөр бус шийдвэр юм.

“Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тухай” Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоол, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах тухай” нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар захирамж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн чиг хандлагын тухай” 75 дугаар тогтоол үе шаттайгаар гарч улмаар Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хуульчлан баталсан.

Уг тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд туссан зам, шугам сүлжээний ажлын жагсаалтыг Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоол, 2014 оны “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолууд гарч “Яармаг” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалт батлагдсан.

Засгийн газраас “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах тухай” шийдвэр 2010 онд гарсан байтал 2011 онд Засгийн газрын бүтцийн яам Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүйгээр төлөвлөсөн газар нь газар ашиглуулах тухай шийдвэр гаргасан нь Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу ерөнхий төлөвлөгөө, цаашлаад Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг үгүй болгож байна.

Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд “Яармаг” орчмын маргаан бүхий газар нь Орон сууцны хорооллын бүсэд хамрагдаж байгаа бөгөөд тухайн газар дээгүүр 22 м-ийн өргөнтэй 2-4 эгнээтэй зам байхаар төлөвлөгдсөн.

Хотын чанартай инженерийн шугам сүлжээг төлөвлөхдөө Барилгын Норм ба Дүрмийн 30-01-04 буюу Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын ном дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “инженерийн шугам сүлжээг ихэвчлэн гудамж, замын дагуу улаан шугам дотор дараах байдлаар байрлуулна” гэж заасан байдаг.

Үүнд “Авто ба явган хүний гарц дотор, тусгаарлах зурвас болон хонгил дотор, тусгаарлах зурвас дотор ахуй болон хур борооны ус, хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, улаан шугам ба барилгажилтын бүсийн хооронд нам даралтын хийн болон кабелын шугам сүлжээ, гудамж талбай зорчих хэсэг 22 метрээс их үед усны хоолойг хоёр талд нь байрлуулна” гэж заасан. “Шинэ Яармаг” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу цэвэр усны инженерийн шугам сүлжээг Барилгын Норм ба дүрмийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгчийн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан барилга барих хүсэлтийг газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 10 дугаартай тогтоолын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтэц бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хүртэл хугацаагаар тухайн байршилд барилга барих, газар олгох асуудлыг түр зогсоосон байсан тул шийдвэрлэх боломжгүй дүгнэлт гарсан.

“Шинэ Яармаг” хорооллын цэвэр усны шугамын трассыг тогтоохдоо Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд нэхэмжлэгч “Эй Жи Эс” ХХК-д “Шинэ Яармаг” хорооллын цэвэр усны шугамын трассын байршлыг танилцуулан зөвшилцөхөөр удаа дараа уулзалт зохион байгуулах тухай албан бичиг хүргүүлсэн боловч зөвшилцөлд хүрээгүй. Нэхэмжлэгчээс цэвэр усны түгээх шугамын трассыг өөрчлөх хүсэлтэй байгаа бөгөөд шугамын трассыг өөрчлөх боломжгүй болохыг дараах байдлаар тайлбарласан.

“Шинэ Яармаг” хорооллыг цэвэр усаар хангах ус хангамжийн гидровлик тооцоог “Монхидроконстракшн” ХХК хийсэн. Уг тооцоогоор “Шинэ Яармаг” хорооллыг цэвэр усаар хангах систем нь Богд уулын арын энгэр байгаа усан сангаас цэвэр усны шугам усаар тэжээгдэж усан сангийн даралт буюу түрэлтээр хорооллын нутаг дэвсгэрт тараагдахаар тооцсон болно.

Нэхэмжлэгчийн хүсч буй хэсгээр шугамын трассыг өөрчлөх тохиолдолд тухайн газрын цэвэр усны түгээх шугамын өндөржилтийн түвшин ихсэн, цэвэр ус нь түгээх шугамаар усан ангийн түрэлтээр явах боломжгүй болж нэмэлт насос станц байршуулах шаардлагатай болно. Нэмэлт насос станц нь 450.000.000 орчим төгрөг бөгөөд ашиглалтын зардал, цахилгааны төлбөр, ажиллах хүчний цалин гэх мэт зардал өдөр бүр гарах тул улсад асар их хэмжээний хохирол гарахаар байгаа юм. “Монхидроконстракшн” ХХК нь “Шинэ Яармаг” хорооллын ус хангамжийн гидровлик тооцоог 40000 айлтай хорооллын хэмжээнд гаргаж, шугамын ажлын зураг төслийг боловсруулж батлагдсан ажлын зургийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

“Эй Жи Жи Эс” ХХК нь Улсын Их Хурлын “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулан ирж батлуулах шаардлагатай. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь холбогдох хууль, тогтоол, дүрэм журмын хүрээнд нийтийн эрх ашгийг эрхэмлэж ажилласан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон “Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна бодитоор хэрэгжих боломжтой байх шаардлагатай. Хэргийн оролцогчдын тайлбар болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2015/626 дугаар актаас үзэхэд “Шинэ яармаг” орон сууцны хорооллын 15.0 км цэвэр, бохир усны шугамын ажил бүрэн хийгдэж, байнгын ашиглалтад хүлээн авчээ. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дүгээр захирамжаар Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөтгөлийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 9, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 236911 мк газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, харин инженерийн байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, газрын мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгосон байх бөгөөд цаг хугацааны хувьд энэхүү захирамж гарахаас өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ЗГ118-56/2014 тоот зураг төсөл боловсруулах даалгавар хийгдсэн байна.

Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/392 тоот мэдэгдэлд дурдсанаар инженерийн ажлын 1-р цариг шугамын ЦУХ-22, ЦУХ-26 хэсэг нь “Эй Жи Жи Эс” ХХК-ийн ашиглах эрх бүхий газраар дайран өнгөрч байгаа гэх ч энд чухам хэдэн мк газар хамаарч байгаа болох талаарх нотлох баримтыг цуглуулаагүй атлаа анхан шатны шүүхээс дээрх захирамжийн нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газарт давхацсан хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн нь буруу.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/9240 тоот албан бичгээр Байгаль орчин,  ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандаж энэ талаарх баримтыг шаардсан хэдий ч холбогдох баримтыг гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Түүнчлэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 06/2689, 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 06/3439 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчтэй хамтран ажиллах талаар тус тус мэдэгдсэн, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд Барилга, хот байгуулалтын яамны “Дэд төсөл”-ийн захирал А.Энхманлай “...нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний болон Ус сувгийн удирдах газрынхантай байлцаж техникийн нөхцөл, шугамын холболтыг хийх, худаг нэмж суурилуулах байдлаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох талаар удаа дараа ярилцсан...” гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар буюу хамтарч ажиллая гэсэн саналыг анх удаа сонсож байна...” гэсэн тайлбар гаргасан, иймд энэ талаарх нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Учир нь Шинэ яармаг хорооллын усан хангамжийн гидровлик тооцоог зөвхөн тус хороололд зориулж бус цаашид Яармагт баригдах 40000-60000 айлын орон сууцны хорооллын хэмжээнд цогцоор нь тооцож гаргасан гэж хариуцагчийн тайлбар Яармаг суурьшлын шинэ төвийн усан хангамжийн гадна шугам сүлжээний ерөнхий  М1:14000-аар батлагдаж байгаа болно.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11/1264 тоот итгэмжлэлээр томилогдсон Ц.Цогтжаргал, Д.Оюунжаргал нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан тухай баримт үйлдэгдээгүй, мөн тэдгээрт хэргийн материал танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй байх тул эдгээрийг хэргийг дахин анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

Харин давж заалдах гомдолд дурдсан 1-р хавтаст хэргийн 28-30 дахь талд авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 09/5731 тоот албан бичиг 222 дахь талд, Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/392 тоот албан бичиг 219 дэх талд тус тус нотлох баримтын шаардлага хангагдсан байдлаар авагдсан, мөн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийх талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн болох нь 55 дахь талд авагдсан үзлэгийн тов мэдэгдсэн баримтаар батлагддаг, энэ үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдаагүй байсан учраас тэдэнд тов мэдэгдээгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН