Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00352

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04401 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Т-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 277,497,630 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т- болон А- ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 55 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 139,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн Ү-2201025696 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ найрамдлын 11-13 тоот хаягт байршилтай 98,2 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2201025892 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ найрамдлын 11-09 тоот хаягт байршилтай 96,3 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан. Т- нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүрийн 25-ны өдөр зөвхөн зээлийн хүү төлж, гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл тухайн сарын хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг олгосон цагаас эхлэн гэрээний үүргээ зөрчсөн. Тэрээр 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн хүү 43,952,134 төгрөгийг тооцон авч, үндсэн зээлээс 56,047,866 төгрөг төлөгдөж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 82,900,000 төгрөг, зээлийн хүү 22,189,567 төгрөг, нийт 105,089,567 төгрөгийн төлбөртэй байсан. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 77 дугаартай зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний хүүг 2,2 хувь болгон бууруулж, гэрээний хугацааг 6 сараар сунгасан. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 184 дугаартай зээлийн гэрээг байгуулж, Ү-2201024715 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 11-9 тоотод байрлах 97,2 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Хариуцагч Т- нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 82,952,134 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн хүү 194,545,487 төгрөг, нийт 277,497,621 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч байгууллагаас 139,000,000 төгрөгийг авсан. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар буюу 6 сарын дотор 100,000,000 төгрөгийг төлсөн. Энэхүү 100,000,000 төгрөгөөс ихэнх хэсгийг хүүгийн төлбөрт авч, үндсэн зээлийн төлбөрөөс зөвхөн 56,000,000 төгрөгийг хассан байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2014 онд дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацаа 2017 онд дуусгавар болсон. А- ХХК нь Т-тай хийсэн зээлийн гэрээг шаардах эрхээ алдах талаар тооцоолоогүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А- ХХК нь Т-тай байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т-ын гэр бүлийн хүн болох Л-ын нэр дээр шилжүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Т-тай зээлийн гэрээ дахин байгуулан, Л-ын нэр дээрх зээлийг хаасан байдаг. Зээлийн гэрээг шинэчлэн байгуулахдаа зээл олгоогүй, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулахдаа 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Л-ын нэр дээр уг зээлийг шилжүүлэх үед хуримтлагдсан гэх хүү 22,189,567 төгрөгийг Т-ын нэр дээрх үндсэн зээлийн үлдэгдэл 82,952,866 төгрөгийг нэмж 105,100,000 төгрөгийн зээл үүсгэсэн. Зээлийн хуримтлагдсан хүүгээс хүү бодсон, олгоогүй их хэмжээний мөнгийг олгосон мэтээр гэрээнд тусгаж хүү тооцсон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэх нөхцөл байдал үүсэж байна. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөх бусд тооцож өгнө үү гэжээ.

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дангаараа бие даасан шаардлага болдоггүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болно. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар хариуцагч Т-аас зээлийн гэрээний үүрэгт 277,497,630 /хоёр зуун далан долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг, нэхэмжлэгч А- ХХК-д холбогдох 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,615,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,545,438 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683,450 төгрөгийг хариуцагч Т-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

6.а.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талууд 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 8 жилийн дараа шүүхэд хандсан үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй. Зээлдүүлэгч нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот зээлийн гэрээний 6.2-т заасан эрх үүргээ яагаад хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас тайлбар нотолгоо аваагүй. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шаардах эрхээ урт удаан хугацаанд яагаад хэрэгжүүлээгүй талаар асуухад нэхэмжлэгч нь хууль зүйн үндэслэл бүхий, хүндэтгэн үзэх ноцтой шалтгаан бүхий тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх энэ мэт баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн. Нэхэмжлэгч нь анх 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дугаартай зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 105,100,000 төгрөгийн зээл аваагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг шаардлагыг шүүхээр тогтоолгосон тохиолдолд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй болох юм. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцсаны дараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бүхэлд нь өөрчилж, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан.

6.б.Т- нь анх 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 139,000,000 төгрөгийн зээл авсан ба энэ зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 82,900,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т-ын гэр бүлийн хүн Л-тай гэрээ хийж шилжүүлэн, энэ гэрээгээр Т-д холбогдох 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот зээлийг хааж, үүний дараа А- ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Т-тай дахин зээлийн гэрээ байгуулж, гэр бүлийн хүн Л-ын нэр дээрх зээлийг хааж, Т- дээр дахин авлага үүсгэсэн гэх мэт олон ноцтой үйл баримтууд байхад анхан шатны шүүх нь зөвхөн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот болон 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184 тоот зээлийн гэрээг сугалж, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж 2012 оны 05 дугаар сарын 25-ны зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгагдсан хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. Хэдийгээр зээлдүүлэгч /нэхэмжлэгч/ нь зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж чадахгүй байхад нэхэмжлэгч гэрээнд болон хуульд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ асар их хуримтлагдсан. Анхан шатны шүүх нь зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгагдсан хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2012 оны 05 дугаар сарын 25, 2013 оны 11 дүгээр сарын 21, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ тус бүрийн зээлийн хэмжээ, хугацаа, хүү, зээлдэгч нь өөр өөр, барьцаа хөрөнгүүдийг тухай бүр чөлөөлж шинээр барьцаалж, улсын бүртгэлийн газар болон зээлийн мэдээллийн санд зээлийг шинээр бүртгүүлж байсан, зээлдэгч нь тухай бурд солигдож байсан зэргээс харахад 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг сунгаж байсан үндэслэлгүй юм. Зээл хүүгийн тооцооллыг 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож, үндсэн зээл 56,047,866 төгрөг, хүү 44,452,134 төгрөг, нийт төлбөр 100,500,000 төгрөг. Үндсэн зээлийн үлдэгдэл 82,952,134, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 25,601,058, нийт 108,553,192 төгрөг байна. Хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүү 25,601,058 төгрөг, зээлийн үлдэгдэл 82,952,134 төгрөг нийт 108,553,192 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 277,497,630 төгрөгөөс 168,944,438 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Т-д 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 139,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээ байгуулагдсанаас 1 жил гаруй хугацааны дараа 100,000,000 төгрөг төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн хүү 43,952,134 төгрөгийг тооцон авч, үндсэн зээлээс 56,047,866 төгрөг төлөгдөж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 82,900,000 төгрөг, зээлийн хүү 22,189,567 төгрөг, нийт 105,089,567 төгрөгийн төлбөртэй байсан. Хариуцагч Т- нь А- ХХК-д зээлийн гэрээний хугацаа сунгуулах, хүүний хэмжээ бууруулах, барьцаа хөрөнгө өөрчлөх хүсэлт гаргасныг хүлээн авч гэрээг өөрчлөн байгуулсан ба тухайн гэрээг Т-ын гэр бүлийн хүн Л-тай байгуулсан. Тухайн үед 2012 онд барьцаалсан барьцаа хөрөнгийг сольж, хүүгийн хэмжээг бууруулж, гэрээний хугацааг сунгах байдлаар зохицуулалт хийж, гэрээ байгуулсан. Тус гэрээний хугацаа дуусаж, 2014 онд Т- дахин өөрийн нэр дээр гэрээ байгуулсан. 2014 оны байдлаар 82,000,000 төгрөг зээлийн үлдэгдэлтэй байсан ба түүнээс хойш 8 жилийн хугацаа өнгөрөхөд зээл, зээлийн хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл 2016 оны байдлаар төлөх ёстой байсан гэдэг тайлбар үндэслэлгүй юм. Мөн хэргийн 21 дүгээр хуудсанд Т-ын хүсэлт байдаг. Уг хүсэлтдээ гэрээний хугацаа сунгаж өгөхийг хүссэн байдаг. Нэхэмжлэгч талаас гэрээний хугацааг олон жил болсон учраас сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. 2012 оны зээлийн гэрээний хүүг тооцоолоод үзэхэд үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 280,000,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч тал анхнаасаа 277,000,000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан учраас энэ дүнгээрээ шаардлага гаргасан ба үндэслэл өөрчлөгдсөн боловч шаардлага өөрчлөгдөөгүй. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан. Уг барьцаа хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй байсан, түүнээс хойш ямар ч засвар үйл ажиллагаа хийгээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.а.Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 277,497,630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна.

2.б.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.а. Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Т-тай 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХХК нь 139,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Т- нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 139,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 66-68, 88-р тал/. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

3.б.Мөн нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Т-ын нөхөр Л-тай 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 82,900,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, барилгын халаалт зориулалтаар зээлдүүлэх, /хх-ийн 79-80-р тал/, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Т-тай дахин зээлийн гэрээ байгуулж, 105,100,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, барилгын шугам сүлжээний зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон бичгийн гэрээнүүд хэрэгт авагджээ. /хх-ийн 14-15-р тал/.

3.в.Талууд дээрх байдлаар нийт 3 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд сүүлийн хоёр гэрээ нь эхний зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор зээлийн үлдэгдэл дүнд байгуулагдсан буюу тус гэрээнүүдийн дагуу бодитоор мөнгөн хөрөнгө шилжээгүй талаар талуудын хэн аль нь тайлбарлажээ.

3.г.1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглана гэж тус тус заасан.

3.д.Гэвч сүүлийн хоёр гэрээ нь дээрх хуулийн заалтад нийцээгүй буюу эхний зээлийн гэрээний үлдэгдэл дүнд байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, зээл, хүү тооцсон дүнгээр гэрээ байгуулан, дахиж хүү тооцохоор гэрээнд тусгасныг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч А- ХХК нь тус гэрээнүүдийн дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

3.е.Хариуцагч Т- нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 100,500,000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 82,952,134 төгрөг болсон нь талуудын тайлбараар тогтоогдсон тул уг дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нь зүйтэй.

3.ё.1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Нэхэмжлэгч А- ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хүүг зогсоосон талаар нэхэмжлэлдээ бичсэн, мөн хариуцагч Т- нь 2019-2021 оны хооронд зээлийн гэрээний хугацааг сунгах, гэрээний үүргийг бүрэн биелүүлэхээ илэрхийлсэн хүсэлтүүдийг нэхэмжлэгчид гаргасан байх тул дээрх хуульд зааснаар сүүлийн төлөлт хийсэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 74 сар 20 хоногийн хугацаанд зээлийн үүргийг дараах байдлаар тооцов.

Үүнд: Зээлийн хүүг 2,2 хувиар тооцно гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн, үндсэн зээл 82,952,134 төгрөг, хүү 136,262,624 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,252,524 төгрөг, нийт 246,467,282 төгрөг /82,952,134 х 2.2% = 1,824,946 /сарын хүү/, 1,824,946 : 30 = 60,831 /хоногийн хүү/, 1,824,946 х 74 сар = 135,046,004, 60,831 х 20 хоног = 1,216,620, 135,046,004 + 1,216,620 = 136,262,624 /нийт хүү/, 136,262,624 х 20% = 27,252,524 /нэмэгдүүлсэн хүү/, 82,952,134 + 136,262,624 + 27,252,524 = 246,467,282/-ийн үүрэг хариуцагч Т-д үүссэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Т-аас нийт 246,467,282 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 31,030,348 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /хх-ийн 90-91, 102-р тал/

 

4.2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч А- ХХК нь тус гэрээнд заасан 105,100,000 төгрөгийг хариуцагч Т-д бодитоор шилжүүлээгүй, хүүгээс хүү тооцох байдлаар гэрээ байгуулсан байх тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5.Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг дутуу бичсэнийг залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04401 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 453.1 ... гэсний өмнө 453 дугаар зүйлийн гэж, ... 277,497,630 /хоёр зуун далан долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин/ төгрөг ... гэснийг 246,467,282 төгрөг гэж, ... олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 31,030,348 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч А- ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалт нэмж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Т- нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай. гэж,

3 дах заалтыг 4 гэж ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... 1,545,438 төгрөг ... гэснийг 1,390,286 төгрөг гэж, ... хариуцагч Т-д буцаан олгосугай. гэснийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А- ХХК-аас 683,450 төгрөг гаргуулж, хариуцагч Т-д олгосугай. гэж,

4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Т-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,673 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ