Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00306

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00306

 

 

 

А ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02691 дугаар шийдвэртэй

А ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, Б ТББ, А.Б нарт холбогдох

102,639,367 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нямгэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ТБАГУТҮГ нь Б ТББ болон батлан даагч А.Б нартай 2017 оны 09 сарын 12-ны өдөр Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Тус гэрээний дагуу А ТБАГУТҮГ нь Б ТББ-д төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 09 сард 200,000,000 төгрөгийн зээлийг эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон бөгөөд гэрээний 4.4-т зааснаар Мөнхий залуу гоо үзэсгэлэн ТББ нь гэрээ байгуулснаас хойш 22 дахь сард зээлийн 50 хувь, 24 дэх сард үлдэгдэл 50 хувийг тус тус төлж барагдуулах үүрэгтэй.

Гэтэл Б ТББ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, олгосон санхүүжилтээс нэхэмжлэл гаргах үед 101,400,000 төгрөгийг төлж үлдсэн 98,600,000 төгрөгийг төлөөгүй.

1.2. Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээний 4.7, 4.8-д заасны дагуу зээлдэгч үүргээ зөрчсөн тохиолдолд гүйцэтгэх ёстой үүргийг батлан даагч 100 хувь хариуцахаар А.Б гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Иргэний хуулийн 460 дугаар зуйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээнэ.

Мөн гэрээний 4.5-д хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцож, төлөхөөр тохиролцсон бөгөөд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрүүлэхгүйгээр алданги 21,077,768 төгрөгийг гаргуулна.

1.3. Б ТББ-тай 2022 оны 10 сарын 25-ны өдөр тооцоо нийлж үйлдсэн актаар 59,100,000 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн банкны баримтуудаар 2022 оны 10 сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг төлснийг тооцоо нийлсэн жагсаалтад 1,500,000 төгрөг гэж тусгасан байх тул 100,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж 59,000,000 төгрөг төлөөгүй байна.

Иймд "Б " ТББ, батлан даагч А.Б нараас зээлийн үндсэн төлбөр болох 59,000,000 төгрөг, алданги 21,077,768 төгрөг, нийт 80,077,768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б ТББ-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б ТББ нь нэхэмжлэгч А ТБАГУТҮГ-тай 2017 оны 09 сарын 12-ны өдөр Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулсан. Б ТББ нь тус хамтран ажиллах гэрээний дагуу нийт 141,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлсөн.

Нэхэмжлэгч болон Б ТББ-ын хооронд тооцоо нийлсэн актаар 2022 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар Б ТББ нийт 59,100,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан баталгаажуулсан боловч 100,000 төгрөгийн төлөлтийг тооцоогүй орхисныг нэхэмжлэгч тал зөвшөөрч байна.

Б " ТББ нь тус зээлийг төлсөөр байгаа бөгөөд хамтран ажиллах гэрээний эргэн төлөлтийн дагуу 59,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Харин ямар үүргээс алдангийг тооцох талаар тохиролцоогүй тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч А.Б гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. А.Б нь А ТБАГУТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, тус гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг аваагүй, зээлийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргийг хүлээгээгүй тул тус хэргийн хариуцагч биш юм.

3.2. Б ТББ нь 2017 оны 09 сарын 12-ны өдөр Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээг А ТБАГУТҮГ-тай байгуулж, тус гэрээний дагуу төслийн санхүүжилт 200,000,000 төгрөгийг хүлээн авч, зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн этгээд юм.

Б ТББ нь тус хамтран ажиллах гэрээний дагуу нийт 141,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлсөн ба нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн актын дагуу 2022 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар Б ТББ нь нийт 59,100,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан баталгаажуулсан болно.

Б ТББ нь зээлийн хугацаа хэтэрсэн хэдий ч үүргийг үргэлжлүүлэн идэвхтэй гүйцэтгэсээр байна.

Иймд А ТБАГУТҮГ-ын А.Б д холбогдуулан үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ТББ-аас 59,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ТБАГУТҮГ-т олгож,

нэхэмжлэлээс алданги 17,039,367 төгрөгийг хамт нийт 43,639,367 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч А.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч А ТБАГУТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч "Б ТББ-аас 452,950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн боловч алданги төлөхөөр заасан хэсгийг хүчингүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Анзын гэрээг бичгээр байгуулах шаардлага хангасан бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал алданги төлөх үүргийг хүлээхээр хуульд заасан. Зээлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн зүйлийн 232.7 дахь хэсгийг хэрэглээгүй.

5.2. Батлан даагч А.Б нь зээлийн гэрээнд батлан дааж гарын үсэг зурсан, эрх үүргээ ойлгосон байна. Батлан даалтын гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдах боловч заавал зээлийн гэрээнээс тусдаа бичгээр байгуулах биш батлан даагч ямар үүргийн гүйцэтгэл, үр дүнг батлан дааж байгаагаа мэдэж байх шаардлага тавигдана. Иймд өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг бүрэн батлан дааж зээлийн гэрээний батлан даагч гэсэн хэсэгт гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1. А.Б харицагч мөн эсэх, талууд алданги тохиролцсон эсэх, тохиролцсон бол хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар зохигчид маргадаг. Өмнө нь энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс талуудын байгуулсан гэрээний 1.9-д заасан батлан даалтын гэрээ хавсралтаар байгаа эсэхийг тодруулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхэд хэрэг дахин хэлэлцэгдээд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.9-д заасан батлан даалтын гэрээ хавсралтаар байгуулагдаагүй гэж дүгнэсэн.

Мөн нэхэмжлэгч тал А.Б г батлан даагчаар гарын үсэг зурсан учраас хариуцагч мөн гэж маргадаг. Гэтэл Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ нь батлан даагч гэрээний үүргийг хамтран хариуцахаар тухайлан заасан бол батлан даагч болон хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж нэхэмжлэх боломжтой.

Гэтэл хамтран ажиллах гэрээнд А.Б г батлан даагч мөн гэсэн зохицуулалт байхгүй тул А.Б хариуцагч биш юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2. Анхан шатны шүүх алдангийн зохицуулалт байгаа боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Гэрээнд алдангийн зохицуулалт байгаа хэдий ч ямар үнийн дүнгээс, хэрхэн нэхэмжлэх нь тодорхойгүй.

Шүүх ямар үүргээс хариуцлага тооцох нь тодорхойгүй учраас алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй. Иргэний эрх зүйн харилцаанд төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллага нэгэн адил, тэгш эрхийн үндсэн дээр оролцдог. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ТБАГУТҮГ нь хариуцагч Б ТББ, А.Б нарт холбогдуулан зээлийн төлбөрт 102,639,367 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б ТББ алдангийг эс зөвшөөрч, хариуцагч А.Б бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргажээ.

 

3. А ТБАГУТҮГ нь Б ТББ-тай 2017 оны 09 сарын 12-ны өдөр орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгчийн санхүүжилт 200,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 22 дахь сард 50 хувийг, 24 дэх сард үлдэх 50 хувийг төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх4-7/

 

Дээрх гэрээ нь хамтран ажиллах гэрээ гэх нэртэй боловч талуудын хүлээсэн эрх үүрэг, гэрээний шинж, агуулгаас үзвэл нэг талаас зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас буцаан төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болж, гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

3.1. Нэхэмжлэгч гэрээний 4.2-т гэрээний нийт үнийн дүнг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан А тал Б талын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 432001702 тоот харилцах дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу 200,000,000 төгрөгийг хариуцагч компанийн өмчлөлд шилжүүлсэн.

 

3.2. Хариуцагч компани гэрээний 4.3-т Б тал нийт олгогдох санхүүжилтийг гэрээгээр заасанд хугацаанд 100 хувь эргүүлэн төлнө. гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь талуудын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны баримтаар тогтоогдож байна. /хх157-158/

 

Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг нэхэмжлэгч А ТБАГУТҮГ-ын мэргэжилтэн Б.Гулзат, Б ТББ-ын нягтлан бодогч А.Б нар үйлдэж, уг баримтаар хариуцагч байгууллагын үндсэн өр төлбөр 59,100,000 төгрөг болохыг тодорхойлжээ.

 

3.3. Хэргийн 169 дэх талд авагдсан Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримтаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид 2022 оны 10 сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг шилжүүлсэн ба энэ нь дээрх тооцооны үлдэгдлийн баталгааны баримтад 1,500,000 төгрөг гэж бичигдсэнийг талууд зөвшөөрч маргаагүй байна.

 

Иймд хариуцагч Б ТББ нь нэхэмжлэгч А ТБАГУТҮГ-т зээлийн төлбөр 59,000,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын алданги 17,039,367 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.1. Учир нь талуудын хооронд орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулагдсан ба гэрээний 4.5-д энэхүү гэрээний 4.4 дэх заалтыг биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 %-ийн алданги тооцож А талд төлнө. гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

4.2. Иймд дээрх хуульд заасны дагуу анхан шатны шүүх алдангитай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж, хариуцагч Б ТББ-аас алданги 17,036,367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ТБАГУТҮГ-т олгоно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б ТББ-аас үндсэн зээл 59,000,000 төгрөг, алданги 17,036,367 төгрөг нийт 76,039,367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Нэхэмжлэгч А ТБАГУТҮГ нь гэрээний 4.7, 4.8-д заасны дагуу батлан даагч А.Б гаар нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжилсэн.

 

Хариуцагч А.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх үүргийг Б ТББ хүлээсэн ба үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа тул хариуцахгүй гэж маргажээ.

 

5.1. Зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөх хариуцлагын хүрээнд мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгүүлэхээр батлан даагчид холбогдуулан шаардлага гаргадаг.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.7, 4.8-д заасан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй тул А.Б д батлан даалтын гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч А.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 22-ний өдрийн 181/ШШ2022/02691 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...59,000,000 /тавин есөн сая/ гэснийг ...76,039,367 гэж, ...43,639,367 гэснийг ...26,600,000 гэж өөрчлөн,

...алданги 17,039,367 төгрөгийг хамт нийт гэснийг хасаж,

2 дахь заалтын ...452,950 /дөрвөн зуун тавин хоёр мянга есөн зуун тавин/ гэснийг ...538,147 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч А ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ