Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00315

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00315

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04482 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.А , Б.Б, В.В, Г.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 88,132,985 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б,  А.А , В.В нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Б,  А.А, В.В нарын өмгөөлөгч Н.Оролжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ХХК нь 2019 оны 08 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нарт 55,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 08 сарын 25-ны өдөр дуусгавар болж, зээлдэгч нар зээлийг гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдүүлэгч удаа дараа төлөхийг шаардсан боловч ямар нэгэн төлөлт хийгдээгүй.

Иймд зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 55,000,000 төгрөг, зээлийн хүү 27,610,821.58 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 5,522,164 төгрөг нийт 88,132,985 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

1.2. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлд тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч В.В, Г.Г нараас зээлийн гэрээний үүрэг нийт 88,132,985 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А.А , Б.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204019495 дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, Токиогийн гудамж 0 байрны 0 тоот хаягт байрлах 0 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 710 815 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 668,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.Б А.А , В.В нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр болоод амаар тайлбар хүргүүлээгүй байхад шүүх нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй.

Гэсэн атлаа зохигчийн тайлбараар үйл баримтыг тогтоосон гэж дүгнэснийг тухайн хэрэгт авагдаагүй хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хариуцагч нараас тайлбар болон бичгийн нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангалгүй хууль бус шийдвэр гаргасан.

4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олго гэж заасан байхад хуулийг буруу тайлбарлаж, дутуу шийдвэр гаргасан.

Учир нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар А ХХК-аас зээл авахын тулд заавал хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элссэн, тухайн ХЗХ-нд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байхыг шаарддаг. Гишүүнээр элсэхдээ өргөдлөө заавал хоршооны тэргүүлэгчдийн хуралд гаргаж, улмаар тэргүүлэгчид 30 хоногт гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэсэн байхыг шаарддаг.

Хэрэв Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хариуцагч нарын гишүүнчлэлийг бүрэн шалгасан бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйл биш 281 дүгээр зүйлийг үндэслэж шийдвэрлэх байсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралгүй хуулийг заалтыг хэрэглэж Иргэний хуулийн 115, 116, 118 дугаар зүйлийг баримталсан нь ойлгомжгүй.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.

4.3. Хариуцагч В.В, Г.Г нар нь тус хоршоонд хуульд заасны дагуу бүтгүүлсэн эсэх тодорхойгүй, гишүүнчлэлээр авсан эсэх шийдвэр тодорхойгүй, байхад хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4.4. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд нь Б-н С болох нь А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг.

Хариуцагч нар зээлийн гэрээг Ү.Х-тай хийсэн байхад шүүх энэ байдлыг нягтлалгүй гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг зөрчиж нэг талыг оролцуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.5. Шүүхийн шийдвэр бичиг үсгийн алдаатай бөгөөд Б овогт А.А-ын РД-ыг бичээгүй, хариуцагч мөн эсэх нь тодорхойгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан ба энэ хугацаанд хариу тайлбар гаргах, өөрийн эрх ашгийг хамгаалуулах, хүсэлт гаргах боломжтой байсан.

Гэтэл шүүхэд хариу тайлбар гаргах болон нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй. Хариуцагч В.В, Г.Г нар одоо болтол хадгаламж зээлийн хоршооны гишүүн хэвээрээ байгаа атлаа эрхийг нь зөрчсөн мэт гомдол гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

5.2. Хадгаламж зээлийн хоршоо нь гүйцэтгэх захирал болон дарга гэсэн албан тушаалтан ба даргыг гэрчилгээндээ бүртгүүлж, гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдийн зөвлөлөөр томилдог. Ээнэ талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн.

Хариуцагч нар гишүүнчлэлийн талаар маргаантай байсан бол нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах боломжтой байсан. Хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн хөрөнгөөр зээл гаргадаг байгууллага биш бөгөөд хариуцагч нар зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл гишүүн биш байхад нь зээл олгосон гэж маргаж байгаагүй.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан. Гэхдээ энэ байгуулга нь хуульд заасны дагуу гэрээг байгуулсан, хууль зөрчөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус заасан.

Анхан шатны шүүхэд хэлэлцээгүй үйл баримтыг гомдолдоо дурдаж байгааг зөвшөөрөхгүй, хариуцагч нар гишүүнчлэлтэй холбоотой маргаж байгаа бол тусдаа гомдол гаргаж болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Б А.А , В.В нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч В.В, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 88,132,985 төгрөг гаргуулах, хариуцагч А.А , Б.Б нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. А ХХК нь В.В, Г.Г нартай 2019 оны 08 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 55,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх11-12/

4.а. Мөн өдөр А нь Г.Г-тэй барьцааны гэрээ байгуулж, А.А , Б.Б нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 0 байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 13-14/

4.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Тус хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэргийн 7 дахь талд авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцааг мөн хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэсэн нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь А нь хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа буюу банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн явуулдаг байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан зохицуулалтыг хэрэглэхгүй.

5.а. Зээлдүүлэгч А ХХК нь зээлийн гэрээний дагуу 55,000,000 төгрөгийг зээлдэгч В.В, Г.Г нарт шилжүүлэн өгсөн болох нь зээл хүүгийн тооцоолол, уг тооцоололд тодорхой хэмжээгээр мөнгөн хөрөнгө төлөгдсөн байдлаар тогтоогдсон гэж үзнэ. /хх15/

5.б. Харин хариуцагч нар нь сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

6. Зээлийн гэрээний 4.8-д зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг төлөх гэж, 4.9-д зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг ...хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хугацаа хэтэрсэн нийт төлбөр буюу зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүүгийн төлбөрийн нийлбэр дүнгээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу тооцсон нэмэгдүүлсэн хүүг зээдлүүлэгчид төлөх гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

6.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 55,000,000 төгрөг, хүү 27,610,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,552,164 төгрөг нийт 88,132,985 төгрөг гэж тодорхойлсон, нэхэмжлэгчийн тооцооллыг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэн, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

6.б. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж шүүхэд тайлбар өгөөгүй тул тэднийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Хариуцагч В.В, Г.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 88,132,985 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагч талын гаргасан хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр болон амаар тайлбар гаргаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй.

7. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.А , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан байна.

7.а. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8. Анхан шатны шүүх хариуцагч В.В-ын хүсэлтээр 2 удаа, түүний өмгөөлөгч Н.Оролжмаагийн хүсэлтээр 2 удаа нийт 4 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн болох нь тов мэдэгдсэн баримтаар тогтоогдсон байна. Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй. /хх44, 50, 55, 60/.

8.а. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг тэргүүлэгчид шийдвэрлэсэн эсэх, хоршооны гишүүнээр бүртгүүлсэн эсэх, гишүүнчлэлээр авсан эсэх талаар анхан шатны шүүхэд тайлбар нотлох баримт болон хүсэлт гаргаж мэтгэлцээгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч В.В, Г.Г, А.А нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б А.А , В.В нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ВВ-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 668,814 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ