Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 626

 

Б.И-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1071 дүгээр магадлалтай, Б.И-т холбогдох 2005000000316 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ачаа-вагон хүлээлцэгч мэргэжилтэй, урьд 1998 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

1998 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 458 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.И-т шинээр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж бүгд 2 жил хорих ял,

2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд, мөн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, бүгд 2 жил хорих ял,

2002 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх 262 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгийн торгох ял,

2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

2006 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэгдсэн, С овогт Б.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.И-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар Б.И-аас 5,676,110 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.И нь “...миний бие хүнд туслах гэсэн өөрийн хөнгөмсөг зангаасаа болж хохирогчийг буудалд дагуулан оруулсан болохоос биш өш хонзонгийн сэдэл огтхон ч агуулаагүй. Өөрийн буруутай үйлдэл байвал тохирох хуулийн хариуцлага хүлээх хүсэлтэй байна. 15-ны өдөр хохирогчийг тогоруу хочит н.Г гэх хүн төмрөөр цохьсон... Би үр хүүхэдгүй, хараа муутай, сүрьеэ өвчнөөр өвчилж байсан, өндөр настай аавтай. Хохирогчид сайн санаж яваад л энэ гэмт хэрэгт холбогдсон. Анх прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн боловч хяналтын прокурор нь уг зүйлчлэлээ өөрчилж эрх зүйн байдлыг маань дордуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсгүүдийг ноцтой зөрчсөн зөрчлүүд байдаг. Миний үйлдэлд тохирох зүйлчлэлийг шударга ёсны хүрээнд тэнцвэртэйгээр тогтоож, гэм буруутай эсэхийг сайтар нягтлан, тохирох хариуцлагыг тооцон уян хатан байдлаар хорих ял шийтгэлийг оногдуулна уу” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Уг хэрэг дээр улсын өмгөөлөгч н.Долгорсүрэн хууль зүйн буруу зөвлөгөө өгсөн бөгөөд миний үйлчлүүлэгч хэргээ хүлээсэн байдлаар мэдүүлдэг. Б.И-н хувьд “хохирогчийг амь насанд аюултай байдалд гаргаж орхисон гэдгээ хүлээн зөвшөөрч” байна гэдэг агуулгаар гомдол гаргасан. Энэ гэмт хэрэг нь өөр хүний оролцоотой буюу хохирогч урьд тархиндаа гэмтэл авсан асуудлыг шалгаагүйгээс болж Б.И-н эрх зүйн байдал дордож, 13 жилийн хорих ял оногдуулсан байна. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Барс” захын хойд талд хохирогч нь тогоруу н.Г гэдэг хүнд толгойндоо цохиулсан талаар н.Б мэдүүлдэг. Мөн талийгаачтай хамт хог түүж явдаг хоёр хүн болсон үйл явдлыг харсан ба Б.И-н эгч нь гомдол гаргаж шалгуулсан байдаг. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн мөрдөн байцаах газар хүлээж аваад хэргийн тоо бүртгэлд бүртгэж оруулаад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх талаар прокурорт шилжүүлсэн боловч шалгаагүй дарагдуулсан. Энэ байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-д заасан “Энэ хуулийн хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлд хамаарна гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч н.А, шинжээч эмч нарыг оролцуулах хүсэлт гаргаж оролцуулсан ба шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт тусгай мэдлэг шаардсан дүгнэлт байна гэж мэдүүлсэн байдаг. Амь хохирогчийг 24 цагийн дотор гэмтэл авч нас барсан байна гэж дүгнэжээ, ямар үндэслэлээр 24 цаг гэж дүгнэсэн бэ, энэ талаар тайлбар байна уу гэхэд тайлбарлаж чадаагүй. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт тархи, нугасны нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээчээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж хүсэлт гаргасан. 24 цагийн дотор гэмтэл авч нас барсан гэж дүгнэсэн боловч тухайн хүн гэмтэл авснаас хойш 72 цагийн дараа нас барсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “үндэслэл бүхий сэжиг” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг хэлнэ гэж заасан. Эргэлзээтэй нөхцөл байдал үүссээр байтал зөвхөн Б.И-т хамааруулж шийдсэн нь үндэслэлгүй. Уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт байхгүй. Б.И нь хохирогчтой хоёулаа тухайн зочид буудалд орсон ба гудамжинд даарч, хөрчихвий нэг өдөр ч гэсэн буудалд дулаан амраасай гэдэг байдлаар дагуулж орсон байдаг. Логикийн хувьд бодоход түүнийг алах гэж байсан бол юу гэж буудалд авч ороод, өөрийгөө барьж өгөөд ийм асуудал болов билээ. Мөн хоёр шатны шүүх талийгаачийг буудлаас гаргаж өгсөн мэдүүлгийг энэ хэрэгт ач холбогдолтой гэж үздэг. Талийгаач буудалд ороод нэг шил архинаас 200 гр уугаад унтаад өгсөн байдаг. Анагаахын шинжлэх ухаанаар тухайн хүн урьд нь гэмтэл авсан байж байгаад архи уусан тохиолдолд тухайн хүний гэмтэл сэдэрдэг. Хэний гэм буруугаас шалтгаалж хохирогч нас барсан болох, тогоруу Ганбаатай холбоотой асуудлыг шалгаж тогтоох нь зүйтэй. Иймд Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.И-т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон. Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 20 минутад гэрч н.Бямбацогт мэдээлсэн. Амь хохирогч нь Б.И-н хамт зочид буудалд орсон ба энэ талаар буудал түрээслэн ажиллуулж буй гэрч хэлдэг. Маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн үед буудлаас гаргаж орхисон байдаг. Шинжээч эмч н.А-н тухайд “талийгаачид учирсан гэмтлүүд бүгд 24 цагийн дотор хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд, тархинд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хатуу хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдал ихтэй, аалзан хальс доорх цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэлтэй, тархины гэмтлийг авсан хүн хурхирах, өтгөн шингэнээ гаргах шинж тэмдгүүдээр илэрсэн. Яагаад шинэ гэмтэл гэж үзэж байгаа гэхээр мэс заслын үед цусан хураанаас гарч буй цус шингэн ягаан байсан учир 24 цагийн дотор гарсан гэмтэл гэж дүгнэсэн, гэмтэл аваад удсан тохиолдолд цусан хураанаас гарч буй цус өтгөн хар, урсах зүйлгүй байдаг талаар н.А мэдүүлдэг. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.И-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.И нь 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 9 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.А-г зодож зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доторх цус хуралт, цээж, ууцны зулгаралт, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтлийг учруулсны улмаас хохирогч А.А эмчлүүлж байгаад 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.И-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын зүгээс “Б.И нь амь хохирогчтой зодоон тэмцэл өрнүүлээгүй, шинжээчийн дүгнэлт дэх амь хохирогчийн нас барсан хугацаа  эргэлзээ бүхий, хохирогч өмнө уг гэмтлийг авсан байх бодитой нөхцөл байдал байсныг шалгаагүй, эмчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэхийг тогтоогоогүй, амь хохирогчтой хамт явдаг хоёр хүнээс мэдүүлэг аваагүй” гэх зэрэг үндэслэлийг дэвшүүлж, хэргийг прокурорт буцаалгахыг хүссэн гомдлыг гаргажээ.

 

Гэрч Ш.А, Б.Д, Д.М нарын мэдүүлэг, “Ганзүмбэрэл” дэн буудлын хүлээн авах үйлчилгээний өрөөний камерын бичлэгээр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр амь хохирогч нь шүүгдэгч Б.И-н хамт орохдоо биедээ шинжээчийн дүгнэлтэд заасан ил гэмтэл, шарх сорвигүй, мөн гавал тархины хүнд гэмтэл авсан клиникийн шинж тэмдэггүй өөрөө явж орсон боловч 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ухаан, мэдрэлгүй болсон амь хохирогчийг тухайн дэн буудлаас Б.И, гэрч Д.М нар дамжлан гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн газарт “дэн буудлын өрөөний угаалтуур, өрөөний хаалганы урд хана орчим цус мэт зүйлээр бохирлогдсон”, шүүгдэгч Б.И, хохирогч А.А нар нь хамтдаа хоёулаа байсан талаар буудлын ажилтан мэдүүлснээс гадна шүүгдэгч хүлээн зөвшөөрч буй зэргээс тэдгээрийн хооронд зодоон, тэмцэл өрнөж Б.И хохирогчийг зодож алсан гэж шат, шатны шүүхүүд тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.

 

Улмаар амь хохирогч А.А нь шүүгдэгчид зодуулсны улмаас хүнд гэмтэл авч, эмнэлэгт 3 хоног эмчлүүлж байгаад нас барсан боловч амь хохирогчийн биед учирсан зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доторх цус хуралт, цээж, ууцны зулгаралт, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй болохыг шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

Шинжээч Т.А-н мэдүүлэгт үндэслэж хэргийн үйл баримттай маргаж буй өмгөөлөгчийн гомдлын тухайд шинжээч Т.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...тархины гэмтэл бол нэг болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, цохиулаад унах үйлчлэлийн улмаас үүсэх гэмтэл юм. Талийгаачид учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтлүүд байсан. 24 цагийн доторхи хугацаанд үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж ойлгож болно. ...Хатуу хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдал ихтэй, аалзан хальсан доорх  цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэлтэй хавсарсан учир үйл хөдөлгөөн хийхэд муутай. Тархины гэмтлийг авсан хүн хурхирах, өтгөн шингэн гарах нь тархины хүнд гэмтлийн үед гардаг шинжүүд юм” /1хх-ийн 115/ гэж мэдүүлсэн байх бөгөөд амь хохирогч нь шүүгдэгч Б.И-т зодуулсны улмаас комын байдалд орох, үйлдэл хөдөлгөөн зогсох, өтгөн шингэнээ гаргах зэрэг шинжээч Т.А-н мэдүүлэгт дурдагдсан шинэ гэмтлийг авсан даруйд илрэх шинж тэмдгүүд бүрэн илэрсэн болохыг үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд нэр бүхий гэрч, шинжээчдийн мэдүүлгийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэл, нотолгоо сул гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.И нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлыг гаргасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн үйл баримттай маргаж байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломж хязгаарлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1071 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                       

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН