Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 009/2014/0011/З |
Дугаар | 221/МА2019/0142 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2019/0142
“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, гуравдагч этгээд С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.П, Б.М нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2018/0038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд С.Д, түүний өмгөөлөгч Б.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонихүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2018/0038 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 42, 46, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд С.Д давж заалдах гомдолдоо:
“... А. Шүүхийн шийдвэрт тусгагдсан үндэслэх хэсэгт заагдсан асуудалд дараах хариулт өгч тайлбарлаж байна.
1. ... “Б” ХХК-ийн захирал С.Д, “Х б” ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулжээ. Уг “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрэээгээр “Б” ХХК-ийн захирал С.Д-д Дундговь аймгийн Мандалговьд байрлах 7949 м.кв талбай бүхий газрыг “Х б” ХХК-ийн захирал Ц.С-т үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохирч энэхүү гэрээний 5 дахь хэсгийн нэмэлт нөхцөлд “үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээр хэмжээнд багтаж байгаа болно” гэж, мөн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралтад “Үйлчилгээний төвийн өмнөх тохижуулсан машины талбайг эзэмшлийн гэрчилгээтэй болгож, баталгаажуулж Ц.С-ийн мэдэлд” гэх тус тус зааж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж үндэслэсэн ...
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлөөр газрыг бусдад шилжүүлнэ гэж, Газрын тухай хуулиар заагаагүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн худалдан авах, худалдах гэрээний хавсралтад дурдсанаар газар шилжих хууль эрх зүйн үндэс байхгүй.
“Б” ХХК болон иргэн Ц.С нарын хооронд гэрээ байгуулахад үндэслэл болсон 1999 оны 06 дугаар сарын 24-нд бичигдсэн 018 дугаартай газар эзэмших гэрчилгээ байсан. Энэ гэрчилгээнд 7949 м.кв газартай болохыг тодорхой заасан гэрчилгээ байлаа. Энэ гэрчилгээнд 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар манайд эзэмшүүлсэн газрыг 1999 онд гэрчилгээндээ урьдчилж тусгаагүйг мэдсээр байж эх үүсвэрийг судлахгүйгээр шүүгчид шийдвэр гаргасан.
2. Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нь дээрх гэрээг үндэслэн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар ““Б” ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180 м.кв /0.418 га/, автомашины зогсоолын 1780 м.кв /0.178 га/ 2 нэгж талбар газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Х б” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байх тул дээрх “Б” ХХК-ийн захирал С.Д, “Х б” ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүчин төгөлдөр гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, шүүхийн шийдвэрүүдээр гуравдагч этгээд С.Д-ийн маргаж байгаа автомашины зогсоолын 1780 м.кв газрын эзэмших эрх “Х б” ХХК-д шилжигдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг захирамжийг үндэслэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь “Х б” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0208405 /4180 м.кв/, 000303495 /1780 м.кв/ тоот бүхий гэрчилгээнүүдийг олгожээ” гэж үндэслэсэн байна.
2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Дундговь аймгийн Засаг даргын 281 дүгээр захирамж нь гэрээ байгуулагдсан 7949 м.кв газрыг нягталж шалгахгүйгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь заалтуудыг зөрчиж 7949 м.кв машины зогсоолын 1780 м.кв газар байгаа эсэх, энэ нь ямар хугацаанд олгогдсон эсэх, нотариатаар гэрчлүүлсэн 7949 м.кв газарт ямар ямар газар байгааг нягтлаж шалгахгүйгээр газрыг шилжүүлсэн байна. Мөн “Б” ХХК-аас газар шилжүүлэх хүсэлтийг аваагүй байгаа нь Дундговь аймгийн захиргааны хэргийн шүүгч Ц-ийн хувийн хэрэгт үзлэг явуулсан материалд байгаагүйгээр нотлогдож байна.
3. Мөн дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар С.Д 2013 онд Дундговь аймгийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улмаар давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, дээрх 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон байна гэж үндэслэсэн.
2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Дундговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 500 дугаар шийдвэрт Засаг даргын захирамж өөрчлөгдөөгүй тул газрын талаарх маргааныг зөрчилтэй гэх боломжгүй, газрын тухай асуудлыг иргэний хэргийн журмаар биш захиргааны хэргийн журмаар шийдвэрлэх ёстойг зааж өгсөн.
4. Гэтэл хариуцагч Засаг дарга нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан “Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр” бол өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх, буцаахаар гэж заасныг зөрчиж иргэн С.Дийн Засаг даргад гаргасан гэх өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байхад судалж үзэж, нягтлан шалгалгүйгээр 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Нөгөөтээгүүр, иргэн С.Д нь дээрх Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжийг хүчингүйд тооцуулахаар Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч С.Д өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 41 дүгээр зүйлийн 41.3-д заасны дагуу С.Д дээрх Засаг даргын 281 дүгээр захирамжид заасан асуудлаар дахин маргах эрхгүй гэж үзэх боломжтой байна” гэж үндэслэсэн.
Би 2008 оны 08 дугаар сарын 21-ний аймгийн Засаг даргын 281 дүгээр захирамжийг хүчингүй тооцуулахаар хариуцагчаар аймгийн Засаг даргад холбогдох Захиргааны хэргийг 2013 оны 07 дугаар сарын 01-нд үүсгэсэн билээ.
Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнгүй болсон гэж Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн билээ. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.С, С.О-Э нарт энэ тухай асуудлыг удаа дараалан ярьж байсан бөгөөд “Х б” ХХК-ийн захирал Н.Б энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон болно. Иймд газартай холбоотой маргаан байгааг Н.Б нь сайн мэдэж байгаа бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамж гарсныг мэдсэн нь ойлгомжтой.
Үүнийг шүүх үзэхдээ энэ хэргийн материалд иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ны 529 тогтоол зэрэг баримт материалууд тус хэрэгт байсан тул тухайн шатны аймгийн Засаг дарга С, О-Э нар хэргийн материалтай танилцсан тул шүүхийн шийдвэрүүдтэй танилцсан. Үүнийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Өргөдөл гомдлын тухай асуудал бол тусдаа асуудал гэдгийг шүүх анхаараагүй байна.
Нэгэнт аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний А/391 тоот захирамж гарч аймгийн засаг даргын 2008 оны 281 дүгээр захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгосон тул миний эрх ашиг хангагдлаа гэж ойлгож 2014 оны 06 дугаар сарын 25-нд Төв аймгийн захиргааны анхан шатны 15 дугаар шүүхийн шүүгчийн 09 дүгээр захирамжаар нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Нэхэжлэлээсээ татгалзахдаа аймгийн Засаг даргын 2008 оны 281 дүгээр захирамжтай маргаангүй болсон ба харин 2014 оны 06 дугаар сарын 25-ны А/391 тоот захирамжид хэрэг үүссэн тул намайг гуравдагч этгээд мөн гэж шүүх оролцуулсан. Миний эрх ашиг зөрчигдсөн тул би тус хэрэгт гуравдагч этгээдээр орох хүсэлтээ өгсөн.
Харин шүүх дүгнэхдээ “Х б” ХХК-д гомдолд хариу тайлбар, нотолгоо гаргах, газар эзэмших эрхээ хамгаалах талаар боломж олгоогүй гэж тусгасан нь учир дутагдалтай байна.
5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий А/391 дүгээр захирамжаар иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил бүхий газрыг нийтийн эзэмшилд шууд шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль бус Газрын тухай хуулийн зохих заалтыг хэрэгжүүлээгүй гэж маргаж байгааг дүгнэвэл: Маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтаар “Дээрх захирамжийн зарим хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан “Б” ХХК, “Х б” ХХК-уудын хооронд газар эзэмших гэрчилгээг шилжүүлэхтэй холбоотой баримт материалын бүрдэл, газрын байршил, хэмжээ зэргийг нягтлан судлан тооцож уг газар дээр баригдсан 40, 20 айлын орон сууцны болон автомашины зогсоолын газрын асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нийтийн эзэмшилд шилжүүлж, талуудын эрх, ашиг сонирхлыг бүрэн хангасан байдлаар зохицуулж дахин шийдвэрлэхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /Л.Б/-т даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь дээрх компаниудын эзэмшил бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд шилжүүлэхдээ Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэхээр хуульчилсан байхад эрх мэдлээ хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр, хариуцагч болон гуравдагч этгээд нар маргаан бүхий автомашины зогсоолын талбайг анх С.Д-ийн хөрөнгөөр, дараа нь орон нутгийн хөгжлийн сангаас 90 сая төгрөг гарган засвар хийж тохижуулсан гэж тайлбарлах боловч үүнийгээ нотлох баримт материал байхгүй байна. Гэхдээ энэхүү өмч, хөрөнгийн талаар маргаантай бол иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болно гэж үндэслэжээ.
Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны А/391 дүгээр захирамжаар машины зогсоолын талбайг орон нутгийн хөгжлийн сангаас ахин тохижуулж сайжруулсныг нийтийн эзэмшилд авах тухай асуудлыг би аймгийн Засаг даргатай зөвшилцөж тохирсон билээ. Учир яагаад гэвэл надаас хууль бусаар газрын албаны нөхдүүдтэй хуйвалдаж авсан газрыг би төрөөс авсан тул төрд нь буцааж өгөхөөр тохиролцсон нь үнэн болно. Ямар ч утгаар ойлгосон би гэрээ хийхдээ үндэслэсэн 018 дугаар гэрчилгээтэй 1999 оны 06 дугаар сарын 24-нд бичигдсэн газар эзэмших гэрчилгээнд заагдсан 7949 м.кв машины зогсоолын зориулалттай 1786 м.кв газар энэ газарт ороогүй нь тодорхой байдаг.
Тухайлбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга 2000 оны 11 дүгээр сарын 27-ны 139, 2000 оны 09 дүгээр сарын 05-ны 86 тоот захирамжаар тус “Б” ХХК-д 2525 м.кв газрыг 018 дугаар гэрчилгээнд тодорхой бичиж, баталгаажуулсан. Тус 018 тоот гэрчилгээнд 1999 оны 06 дугаар сарын 24-нд бичигдэж, 5424 м.кв гэж ямар ч хүнд ойлгогдохоор бичсэн болно. Энэ 5424 м.кв газрыг хуучнаар “Б” ХХК-ны хашаалсан газар мөн болохыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны А/17 тоот тушаалаар томилогдсон шинжээч Д.Б, Л.М, С.О нар хэмжилт хийж, дүгнэлт гаргаж тус талбайг электрон тахеометр РЕМТАХ К-322 багажаар хэмжилт хийж, 5355 м.кв гэж гараар хэмжсэн 5424 м.кв-тай ойролцоо хэмжээ гарсан болно. Мөн энэ хэмжсэн газарт “Х б” ХХК-аас баруун тийш байрлах 1786 м.кв газар хамаарахгүй нь ойлгомжтой болно. Энэ хэмжилт хийсэн газрын талаар талууд маргаагүй болно.
“Б” ХХК үндсэн газар гэх гэрээ хийгдсэн, гэрчилгээнд бичигдсэн 5424 м.кв газар нь 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Газрын албаны мэргэжилтэн С.О-ийн зурсан зураглалд “Б” ХХК-ийн худалдаа үйлчилгээ аж ахуйн зориулалттай газар нь 5400 м.кв гэж тусгаснаар давхар нотлогдож байна.
Б. 1. “Б” ХХК иргэн Ц.С нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэсэн баримт бичиг болох 7949 м.кв газар нь 1999 оны 06 дугаар сарын 24-нд бичигдсэн Мандалговь сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 тоот захирамжийн дагуу баталгаажсан 018 тоот гэрчилгээ бүхий газар байсан. Мөн Сайнцагаан сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139, мөн 2000 оны 09 дүгээр сарын 05-ны 86 тоот захирамжаар тус тус баталгаажсан 2525 м.кв газрыг 018 тоот гэрчилгээний ард талд баталгаажуулж бичилт хийсэн. Энэ гурван нэгж талбар газар бүгд 7949 м.кв болж байна. Тусдаа гэрээгээр зохицуулагдах ёстой 1786 м.кв газрыг дээрх хэмжээнд багтаж байгаа болно гэж надад хэлэхгүй шударга бусаар нэмэлтээр бичиж хууль зөрчсөн байна. Нотариатч М нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2 хувь үйлдэж өөртөө нэг хувийг авч, С-т нэг хувийг өгч надад шаардлагагүй гээд өгөөгүй нь ийм учиртай байж. Хэргийн материалд байгаа Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 724 дүгээр шийдвэртэй хэргийн хуралдааны тэмдэглэлд М нь тод энэ талаар тодорхой хариулсан байдаг.
2. Шинжээч Д.Б, Л.М, С.О нар дүгнэлт гаргасан “Б” ХХК-ийн үндсэн газрын талаар хэмжилт хийж, энэ хэмжилтээр тогтоогдсон 5355 м.кв газарт Дундговь аймгийн ГХБХБГ-ын даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар томилогдсон Б.Т, Д.Б, Т.С нар аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 захирамжаар олгогдсон зам талбайн газар ороогүй болно гэж дүгнэлт гарсан.
Хэмжилт хийсэн 5355 м.кв газарт талууд маргаагүй бөгөөд энэ газрын хэмжээ нь 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Б” ХХК аж ахуйн зориулалттай 5400 м.кв газар гэж тооцож хүлээлгэж өгсөн Газрын албаны мэргэжилтэн Отгонтөгсийн зурсан зургаар давхар нотлогддог.
3. Дундговь аймгийн Засаг дарга С.С, С.О-Э, “Х б” ХХК-ийн захирал Н.Б нар 2013 онд үүссэн захиргааны хэрэгт хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож байсан тул 2014 оны 06 дугаар сарын 24-нд гаргасан А/391 тоот захирамжийг мэдэхийн ихээр мэдэж байсан ойлгомжтой болно.
4. Төв аймгийн Захиргааны анхан шатны шүүх шүүх хуралдааны явц дунд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг зогсоож, ахин шинжээч томилуулахаар шүүхийн санаачлагаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн болно. Энэ шийдвэртэй холбогдуулж 2018 оны 10 дугаар сарын 22-нд Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/35 тоот тушаалаар томилогдсон шинжээчдийн комисс дүгнэлт гаргасан.
Энэ дүгнэлтэд дурдахдаа: 1. Мандалговь сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамж, 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 018 тоот гэрчилгээгээр “Б” ХХК-д эзэмшүүлсэн газрын план зургийг 1-3 жилийн дараа үйлдсэн байх боломжгүй тул цаг хугацааны хувьд 2000 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн “Б” ХХК-ийн эзэмшлийн газрын план зураг /гарын үсэг, баталгаажуулсан тамга тэмдэггүй/ нь тус 018 тоот гэрчилгээ бүхий газарт хамаарахгүй ба “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр ... электрон тахеометр РЕNТАХ Р-322 багажаар хэмжсэн хэмжилтийн хавсралт зурганд “Б” ХХК-ийн үндсэн эзэмшил газрын хэмжээг 5355 м.кв ..., мөн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/34 тоот тушаалаар томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр ... тус 5355 м.кв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар олгогдсон талбайн газар ороогүй болно” гэснээс үзэхэд Мандалговь сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамж, 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 018 тоот гэрчилгээгээр “Б” ХХК-д эзэмшүүлсэн 5424 м.кв газартай ойролцоо байгаа тул Дундговь аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших гэрээ шинэчилж, гэрчилгээ олгох тухай” 157 дугаар захирамжаар “Б” ХХК-д машины зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн 1786 м.кв газартай давхцаагүй харагдаж байна.
2. Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот захирамжаар “Х б” ХХК-д эзэмшүүлсэн үйлчилгээний зориулалттай 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв газартай Сайнцагаан сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлсэн 2400 м.кв газар давхцаагүй, харин “Б” ХХК-ны автомашины 1780 м.кв газартай давхцуулж олгосон байна.
3. “Х б” ХХК-ийн эзэмшиж байсан үйлчилгээний зориулалттай 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв газартай иргэн Р.О-ын эзэмшлийн 70 м.кв газар давхцаагүй.
4. “Х б” ХХК-ийн эзэмшиж байсан үйлчилгээний зориулалттай 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв газартай бусад иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар давхцаагүй.
5. “Х б” ХХК-ийн эзэмшиж байсан үйлчилгээний зориулалттай 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв газартай нийтийн эзэмшлийн зам талбай давхцаагүй.
6. Дундговь аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ямар нэгэн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр төлөвлөөгүй байгаа болно гэж шинжээчид дүгнэлт гаргасан болно.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 19-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийх үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтад бичигдсэн “Б” ХХК автомашины 1780 м.кв газартай давхцуулж олгосон гэдгийг ойлгохгүй байна. Иймд ахин шинжээч томилуулах шаардлагатай байна гэж хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээж авахдаа шинжээчдийг дуудаж ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулах юм уу, нэмэлт тайлбар авахаар тогтсон болно. Энэ дагуу Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх дээр шинжээчид дуудагдаж ирж шинжээчдийн дүгнэлтэд нэмэлт тайлбар гаргаж өгсөн байна. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт тайлбарыг доорх байдлаар гаргаж өгчээ.
1. Дундговь аймгийн Мандалговь сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамжийн дагуу 1999 оны 06 дугаар сарын 24-нд Мандалговь сумын Засаг даргын гарын үсэг зурж баталгаажуулсан 018 тоот газар эзэмших гэрчилгээнд заасан 5424 м.кв газрын “Б” ХХК эзэмшүүлжээ.
Мөн Сайнцагаан сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 тоот захирамжаар “Б” ХХК-д компанийн байрнаас зүүн тийш орших 2400 м.кв газрыг бөөний худалдааны цэг байгуулах зориулалтаар, сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139 тоот захирамжаар “И-М” ХХК, “Г- С” ХХК-уудын хоорондох 105 м.кв газрыг үйлчилгээ явуулах цэг байгуулах зориулалтаар тус тус олгожээ.
Эдгээр захирамж бүхий газрын өөрчлөлтийг тэмдэглэж бичихдээ 2525 м.кв гэж тэмдэглэсэн нь бодит байдал дээр тооцоход 2505 м.кв /2400м.кв+105м.кв/ болж байна.
“Б” ХХК нь тухайн үед дээрх Засаг даргын захирамжуудаар 2505 м.кв газар, үйлчилгээний болон аж ахуйн зориулалттай 5424 м.кв газруудыг нэг гэрчилгээнд буюу 3 нэгж талбар бүхий газрыг эзэмшиж энэ тухай гэрчилгээний арын нэмэлт өөрчлөлт хэсэгт тусгажээ.
“Б” ХХК-ийн 018 тоот гэрчилгээнд бичигдсэн 7929 м.кв /5424м.кв+105м.кв+2400м.кв/ газартай байжээ.
Энэ газрын нягталж үзэхэд “Б” ХХК-ийн хашаалсан үндсэн газар нь 5355 м.кв болсныг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр тогтоож схем зураглал гаргаж баталгаажуулжээ.
Шүүхэд маргаж буй аль ч талууд тухайн үедээ энэ хэмжсэн газрыг алдаатай гэж маргаагүй хүлээн зөвшөөрсөн байна.
“Х б” ХХК-ийн Газрын албанд байгаа хувийн хэрэгт 2006 оны 06 дугаар сарын 12-нд газрын албаны мэргэжилтэн С.Отгонтөгсийн үйлдсэн зураглалд “Б” ХХК үндсэн газрыг 5400 м.кв байгааг тогтоожээ.
Үүнээс дүгнэж үзэхэд “Б” ХХК-ийн газар эзэмших 018 тоот гэрчилгээнд бичигдсэн 5424 м.кв газар нь хэмжилт хийсэн шинжээчдийн дүгнэлт, 2006 оны зураглал зэргээс үзэхэд хоорондоо маш ойролцоо харагдаж байна.
Газрыг хэмжихдээ 1999 онд гар аргаар метрийн хэмжээг гаргадаг байсан бол одоо электрон тахеометр РЕNТАХ Р-322 багажаар хэмжиж байгаа тул хэмжээний хувьд бага зэргийн зөрүү гарахыг үгүйсгэхгүй.
“Б” ХХК, иргэн Ц.С нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2008 оны 03 дугаар сарын 21-нд байгуулсан байна.
С.Д, Ц.С нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлд тусгасан үйлчилгээний өмнөх баруун талбай /машины тохижуулсан талбай/ нь дээрх хэмжээнд багтаж байгаа болно гэж бичилт хийсэн нь нягталж судлаагүй зөрчил үүсгэж нотариатч гэрчилсэн нь харагдаж байна.
Дундговь аймгийн Мандалговь сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамжийн дагуу 1999 оны 06 дугаар сарын 24-нд Мандалговь сумын Засаг даргын гарын үсэг зурж баталгаажуулсан 018 тоот газар эзэмших гэрчилгээнд заасан 5424 м.кв газрыг “Б” ХХК эзэмшүүлж захирамжид энэхүү 5424 м.кв газарт .... үйлчилгээний зориулалттай 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв газар хамаарна ... гэж дурдаагүй байгаа болно. “Х б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн газар нь 4180 м.кв+1780 м.кв=5960 м.кв болж байгаагаас үзэхэд 5424 м.кв газарт зогсоолын талбай ороогүй нь харагдаж байна.
Өөрөөр хэлбэл гэрээнд 018 тоот гэрчилгээнд бичигдсэн 7929 м.кв газарт хамааралгүй /Автомашины зогсоолын 1780 м.кв/ газрыг тусгаж бичсэн нь маргаан үүсгэсэн байна.
Дундговь аймгийн ГХБХБГазрын даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны А/34 тоот тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр:
Дүгнэлтийн хавсралт байршлын схем зурагт тусгагдсан 5355 м.кв газар болон гэрээ хийгдсэн 7929 м.кв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 тоот захирамжаар олгогдсон машины зогсоолын зориулалттай 1786 м.кв газар ороогүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх С.Д, Ц.С нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан 018 тоот гэрчилгээг үндэслэн 7929 м.кв газарт хамааралгүй машины зогсоолын зориулалттай 1786 м.кв газрыг “Х б” ХХК-д давхардуулж шилжүүлснийг дүгнэлтдээ тусгасан болно.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар ... эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. 38 дугаар зүйлийн 38.3-ийн 38.3.2-д шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээг нь хүчин төгөлдөр эсэх гэсэн заалтыг нягталж шалгаагүйгээс Газрын албанд байгаа “Х б” ХХК-ийн газрын нэгж талбарын хувийн хэрэгт “Б” ХХК-ийн хүсэлт байхгүй, газрын хэмжээ зөрүүтэй байгаа нь алдаатай харагдаж байна.
Эдгээрээс дүгнэж үзэхэд Дундговь аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр тохижуулсан /машины зогсоолын зориулалтаар олгосон/ 1786 м.кв газрыг шилжүүлэх асуудал тусдаа гэрээгээр зохицуулагдах байжээ гэж дүгнэлт гарсан.
5. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэрт тусгагдсанаар манай гурилын бөөний дэлгүүрийн барилгыг хууль бусаар өөрийн болгож авах санаархал байгааг шүүхийн шийдвэрт ингэж тусгагдсан болно.
Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэсэн тул гурилын бөөний худалдааны төвийн барилга, автомашины зогсоол талбай /байгууламж/ нь уг газрын үндсэн бүрдэл хэсэг мөн байна.
“Б” ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв талбай бүхий 2 нэгж талбар газрыг Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дугаар захирамжаар “Х б” ХХК-д шилжүүлж эзэмшүүлжээ.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т зааснаар газар эзэмших эрх, тухайн газар дээрх барилга, байгууламжийг эзэмших эрх нь салгаж үл болох эрх байх ба газар эзэмших эрх нь “Х б” ХХК-д шилжсэн тул нэхэмжлэгчийн гурилын бөөний худалдааны төв, автомашины зогсоолын талбайн эзэмших эрхтэй болохыг салгаж тогтоох үндэслэлгүй гэж үндэслэсэн.
Иймд аймгийн Засаг даргын А/391 тоот захирамжид дурдсан 4180 м.кв газарт манай эзэмшлийн гэх гурилын бөөний дэлгүүр байгаа тул энэ хөрөнгөө авч чадахгүй хохирч байна. Тухайлбал “Х б” ХХК манай энэ жижиг барилгаас сар бүр 440.000 төгрөгийн түрээс авч хүнд ашиглуулж байна. Энэ явдал нь үндсэн хуульд заагдсан хөрөнгийг шударгаар олж авах заалттай зөрчигдөж байгаа тул 4180 м.кв газрыг хүчингүйд тооцож байж өөрийнхөө гурилын бөөний дэлгүүрийг авахаас өөр аргагүй боллоо. Харин би шүүх хуралдаан дээр надад гурилын бөөний дэлгүүрийн доорх 40 м.кв газар олгоод эвлэрвэл би гомдолгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч Н.Б нь эвлэрэхгүй гэж зөрүүдэлж зүгээр олз олох санаатай байна.
Аймгийн Татварын албанд тус “Б” ХХК-ийн гурилын бөөний дэлгүүр зам талбайн байгууламж одоо хүртэл бүртгэлтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн татварыг жил болгон төлж байна. Энэ талаар татварын албанаас лавлагаа авахад 2014 оны улсын хэмжээний үл хөдлөх хөрөнгийн тооллогод хамрагдсан, жил бүр хөрөнгийн татвар төлж байгаа. Гурилын бөөний дэлгүүрээс “Х б” ХХК сар бүр 440000 төгрөгний түрээс авдаг гэдэг тодорхойлолтыг тус шүүхэд гаргаж өгсөн болно. Мөн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
2015 оны 10 дугаар сарын 26-ны 317 дугаар захирамжид зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр С.Дийн нэхэмжлэлтэй, татварын хэлтсийн дарга Т-т холбогдох иргэний хэрэгт холбогдуулан байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэгт зам талбайн байгууламж, гурилын бөөний дэлгүүрийн тухай тодорхой дурдагдсан болно. Тус гурилын бөөний дэлгүүрийг барьсан ажилчин Х, Ц нарын иргэний хэргийн шүүхэд албан ёсны хууль сануулж өгсөн мэдүүлэг хэргийн материалд байгаа. Энэ жижиг барилгыг 1968 онд барьсан биш 2002 барьсан эзэд нь мэдүүлэг өгсөөр байтал шүүх анхаараагүй.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүйд тооцож хэргийн бодит байдалд дүгнэлт өгөөгүй нотлох баримт үнэлээгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн болно. Энэ шүүхийн шийдвэрийн эсрэг бодит байдлыг тал бүрээс нь үнэлэхгүйгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалтууд зөрчигдсөн байгааг анхаараагүй Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2018/0038 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний А/391 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М миний бие Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 0038 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүхийн мэтгэлцээний шатанд хэлсэн өмгөөллийн үгийг маань огт тусгаагдаагүй, өмгөөлөгч Р.П-ын хэлсэн үгийг миний хэлсэн үг болгон бичсэнд гомдолтой байгаа учраас өөрийн хэлсэн өмгөөллийн үгийг бүрэн эхээр энд бичиж байна.
2. Өмгөөлөгч Б.М миний шүүх хуралдаанд хэлсэн өмгөөллийн үг: 1999 оны 06 дугаар сарын 24-ний 018 дугаар гэрчилгээгээр “Б” ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээ:
А/ 5424 м.кв - 2000 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 3 дугаар хавтасны 90- 92 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр “үндсэн барилга 4218 м.кв, тохижуулах талбай 1296 м.кв нийт 5424 гэж дүгнэсэн” бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “2000 оны 03 дугаар сарын 08- ны өдөр үйлдсэн “Б” ХХК-ийн эзэмшлийн газрын план зураг тус 018 тоот гэрчилгээ бүхий газарт хамаарахгүй”.
Б/ 5355 м.кв - 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “газрын албаны хувийн хэрэгт байгаа зураглалыг электрон багажаар хэмжихэд 5355 м.кв” болж байна.
В/ 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “5355 м.кв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 тоот захирамжаар олгогдсон зам талбайн газар ороогүй болно.
2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 тоот захирамжид “Б” ХХК-д өөрийн хөрөнгөөр тохижуулсан талбайг машины зогсоолын зориулалтаар 1786 м.кв” газар олгосон
Тайлбар: “Б” ХХК-д эзэмшүүлсэн 5424, 5355 м.кв газарт 1786 м.кв газар ороогүй болох нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан байна.
2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ - 7949 м.кв газар,
2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Засаг даргын 281 дүгээр захирамжаар “Х б” ХХК-д шилжүүлсэн газар:
А/ үйлчилгээний зориулалттай 4180 м.кв
Б/ зогсоол 1780 .мкв
Тайлбар: Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар “Х б” ХХК-д эзэмшүүлсэн үйлчилгээний зориулалттай 4180 м.кв, автомашины зогсоолын 1780 м.кв газартай “Б” ХХК-ийн 1780 м.кв газрыг давхцуулан олгосон байна.
2 дугаар хавтасны 35-41 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтийн хариулт 4-ийн 2 дахь хэсэгт ““Х б” ХХК дэлгүүр, контор, аж ахуйн газрын хэмжээ нь 4180, машины зогсоолын талбай 1780 м.кв хэмжээгээр туссан байна” гэж дурдсан.
1999 оны 018 тоот гэрчилгээнд заагдсан газар 5424 м.кв байсан: гэрчилгээний ар дээрх тэмдэглэлд 2525 мкв гэж бичигдсэн байгаа.
Уг газрыг: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 139 тоот захирамж, 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 тоот захирамжаар баталгаажуулсан.
Тайлбар: Гуравдагч этгээд С.Д-ийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн газар эзэмших эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж байгаа гэж хууль зүйн үндэслэлтэй.
3. Шүүх хэрэгт авагдсан 1780 м.кв газартай холбоотой шинжээчийн дүгнэлтүүдийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, газрын хэмжээ зөрүүтэй, давхцалтай байгаа зэрэг нөхцөл байдлыг огт харгалзалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн төдийгүй тус шүүхийн шүүгчийн санаачилгаар шинжээч томилогдож, захирамжид дурдагдсан асуултад хариулт өгч, газар хэрхэн давхацсан талаар бодитой дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй.
4. Шүүхийн шийдвэр 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн 3 шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэл үгүй. Гуравдагч этгээд уг гэрээнээс үүдэлтэй газрын хэмжээ, давхцалтай холбоотой төрийн захиргааны байгууллагын тухайн үед гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, ашгаа хэрхэн зөрчигдөж байгаа асуудлаар маргаан үүсгэн гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.
5. 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй холбоотой иргэний хэргийн 2 шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг маргааныг эцэслэн шийдвэрлэхээс өмнө энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг шүүх харгалзан үзээгүй.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0038 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Тус хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийг шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0679 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай албан бичгээр “... шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа тул хэргийн харьяалал тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тул тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/ЕШ2017/0343 дугаар захирамжаар уг захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр харьяал тогтоосон тул хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэрэг Ерөнхий шүүгч Б.Х-д хуваарилагджээ.
Уг хэрэг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ЗТ2018/047 дугаар тогтоол[1]-оор Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х-аас шүүгч Ч.О-д, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 123/ЗТ2018/049 дүгээр тогтоол[2]-оор шүүгч Ч.О-ээс шүүгч Д.З-т тус тус шилжиж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/102 дугаар албан бичиг[3]-ээр хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г оролцохоор болсон байна.
Үүний дараа анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 123/ЗТ2018/052 дугаар тогтоол[4]-оор хэргийг шүүгч Ч.О-ээс шүүгч Д.З-т шилжүүлжээ.
Гэтэл уг захиргааны хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Д.З-аас шүүгч Ч.О-д шилжүүлсэн зөвлөгөөний тогтоол байхгүй байхад мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 123/ЕШ2018/0036 дугаар захирамж[5] -аар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.З, шүүгч З.Г /Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/ нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Зүй нь, хэргийг шүүгч Д.З-аас Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О-д шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол байхгүй энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны даргалагчаар шүүгч Д.З-ыг томилсон шийдвэрийг албажуулах ёстой.
Улмаар шүүгчдийн зөвлөгөөний 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 123/ЗТ2018/066 дугаар тогтоол[6]-оор Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х-ийн ээлжийн амралт дуусч ажилдаа орсонтой холбогдуулан хэргийг шүүгч Ч.О-ээс Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х-д буцаан шилжүүлж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 123/ШШ2018/0038 дугаар шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.З, шүүгч Ч.О нарыг томилсон шийдвэрийг албажуулалгүй хэргийг хянан хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.2-т “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж тус тус заажээ.
Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэдэг нь шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа буюу дутуу бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн, хуваарийн дагуу томилогдоогүй, эсхүл шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамжид нэр нь заагдаагүй шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх таслах эрх олгогдоогүй, эрх нь дуусгавар болсон юмуу түдгэлзүүлсэн хүнийг шүүгчээр оролцуулсан зэргийг ойлгоно.
Энэ тохиолдолд уг захиргааны хэргийг “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэх бөгөөд Ерөнхий шүүгчийн шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 123/ЕШ2018/0036 дугаар захирамжид /үүнээс өөр шүүх бүрэлдэхүүн албажуулсан захирамж хэрэгт огт байхгүй/ нэр заагдаагүй шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 123/ЗТ2017/024 дүгээр тогтоолоор Ерөнхий шүүгч Б.Х-ийн ээлжийн амралтын хугацаа дуусч ажилдаа орсон гэсэн үндэслэлээр уг хэргийг шүүгч Ч.О-ээс Ерөнхий шүүгч Б.Х-д буцаан шилжүүлсэн байх боловч Ерөнхий шүүгч Б.Х-с шүүгч Ч.О-д хэргийг шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол хэрэгт байхгүй зэрэг алдаа байгааг дурдаж цаашид анхаарвал зохилтойг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2018/0038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 4ХХ-ийн 219-212 дугаар хуудас
[2] 4ХХ-ийн 230, 231 дүгээр хуудас
[3] 4ХХ-ийн 232 дугаар хуудас
[4] 4ХХ-ийн 237, 238 дугаар хуудас
[5] 4ХХ-ийн 239 дүгээр хуудас
[6] 5ХХ-ийн 77-79 дүгээр хуудас