Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 81

 

Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 273  дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт оршин суух, Монголмууд овогт Цэндээгийн Баясгалангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Зуутраг овогтой Санжийн Пүрэвжавд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Баясгалан, хариуцагч С.Пүрэвжав, нарийн бичгийн даргаар Б.Баясгалан нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн С.Пүрэвжаваас 20.985.000 төгрөг гаргуулах тухай.        

Нэхэмжлэлийн агуулга: “2013 оны 10 дугаар сард миний бие Улаангом сумын 3 дугаар багийн нутаг хуучин Сакура дэлгүүрийн хашаанд баригдаж буй барилгын эзэн С.Мөнхбатын барилгад хөрөнгө оруулахаар тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Х.Нямсамбуу маань өөрийнхөө том оврын ачааны машинаар Улаанбаатар хот руу чацаргана ачиж, 15.000.000 төгрөг, мөн 20.000.000 төгрөгийн 2 төрлийн зээл Хас банкнаас авч барилгын материалд явсан. Тухайн үед би хот руу нөхөр лүүгээ ярьж барилгын 2 давхарт дутуу байгаа материалыг нь захиж авахуулсан боловч материал ирж барилга баригдсаны дараа С.Пүрэвжав тооцоо гаргахдаа уг материалын орсон хэмжээгээр нь /байранд тавьсан трубаг хэмжиж тооцсон болно/ тооцож гарсан хаягдалаа тооцохгүй орхисон юм.

Ингээд С.Пүрэвжавын өөрийн хэмжсэн бодсон мөнгө дүн 8 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч хуралдаж, олон хүний гэрчтэйгээр тохиролцсон болно. Би энэ мөнгөө тохиролцсон ёсоор 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулахгүй бол 0.5% алданги тооцохоор хэлэлцээр хийсэн. Гэтэл ярилцаж хэлэлцсэний дагуу С.Пүрэвжав мөнгөө өгөөгүйгээс манай гэр бүл банкны хүү төлж, санхүүгийн алдагдалд ороод байна. Би энэ байранд хөрөнгө оруулаагүй бол С.Пүрэвжав ноцтой байдалд орж олон хүний өр зээлэнд баригдах байсан бөгөөд би энэ хүнийг зээлийн эрсдлээс аварсан юм. Мөн уг барилга нь 2013 онд баригдаж эхлэхдээ барилгын зураггүй эхэлсэн ба уг барилгыг улсын комисс хүлээж авахгүй, мөн банкны 0,8 хувийн зээлэнд хамрагдах боломжгүй байгааг харгалзан үзэж Дархан-Уул аймаг дахь барилгын зургийн Дархан Дизайн ХХК-иар 14.000.000 төгрөгөөр гэрээ хийж барилгын зургыг зуруулсан юм. Энэ мөнгийг С.Мөнхбат, С.Пүрэвжав 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Барилгын зургийг экспертизд заавал оруулах шаардлагатай болсон тул тухайн компанид экспертизийн үнэ 1.650.000 төгрөг өгсөн болно. Уг мөнгөний 50 хувь 825.000 төгрөгийг С.Пүрэвжав надад өгөх ёстой юм. Энэ мөнгөө өнөөдрийг хүртэл бас төлөөгүй болно. Миний оруулсан хөрөнгө оруулалтаар энэ барилга одоогийн байдлаар ашиглалтанд орсон байгаа. Миний бие С.Пүрэвжаваас болж банкны зээлийн өрөнд орж, их хэмжээний хүү төлж, маш их хохирч байна. Иймд С.Пүрэвжаваас барилгын материалын 8.000.000 төгрөг, түүний алданги 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 2016 оны 2 дугаар сарын 26-ны хүртэл өдрийн 40.000 төгрөгөөр бодоход 5.160.000 төгрөг, барилгын зургийн 7.000.000 төгрөг, түүний экспертизийн үнэ 825.000 төгрөг, нийт 20.985.000 төрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагчийн тайлбарын агуулга: “Улаангом сумын иргэн Ц.Баясгалангийн нэхэмжилж байгаа 20.985.000 төгрөгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл Ц.Баясгалан гэдэг хүн хууль бусаар бидний гэрээ хийж хамтран барьж байсан барилгын дундуур орж ирж бидэнд асар их хохирол учруулсан хүн. Би энэ барилгыг 2013 оны 6 дугаар сараас эхлэн барьж эхэлсэн. Энэ барилгыг 2 давхар болтол нь бүх өрөө тасалгааг нь таслаад шавардах ажлуудыг нь би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийж дуусгаад цаашаа банкны зээл авч барилгаа үргэлжлүүлэх гэсэн боловч нэгдүгээрт намар орой болсон, хоёрдугаарт хамтрагч маань зээл авах эрхгүй болчихсон байсан учраас түр зогссон. Энэ барилгыг барьж байгаа эзэд нь нэг ч төгрөгний зээл авч чадаагүй байхад Ц.Баясгалан энэ барилгын 2 ордерийг салгуулж аваад Хас банкинд тавьж зээл авчихаад энэ барилга руу оруулахгүй бүтэн 1 жилийн дараа С.Мөнхбатад 25 сая төгрөг өгч 1, 3 давхрын заслын ажил хийлгүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Тэр үед С.Мөнхбат түүний нөхөр 2 Улаанбаатараас материал авч ирэхээр явчихсан байсан. Гэтэл нэг өдөр Ц.Баясгалан надыг дутуу байсан 5 ширхэг цонх, 2 давхрын 15 ширхэг цонхны тавцан, 2 давхрын паар, турбог надаас ав тэгэхгүй бол ажил зогсооно, С.Мөнхбатад мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Би цонхны тавцангаа аваад ирчихсэн байсан. Цонхоо Тэсхүүд захиалчихсан байсан. Паарыг Ганхуяг гэдэг хүнээс авахаар тохирсон байсан боловч би тэр 3-ыг чамаас авъя гэсэн. Би энэ барилгын 2 давхрын заслын ажил хийхдээ Ц.Баягалангийн авч ирж өгсөн энэ 3 материалаас гадна 30 гаруй сая төгрөгийн материал авч ажлаа хийж дуусгасан. Ц.Баясгалан эдгээр материалуудыг Эрээнээс авч ирж шахаагүй бол би бас хайж олоод хийх л байсан. Энэ барилгын ажлын 60%-ийг хийж гүйцэтгэхэд маань Ц.Баясгалан хүчээр 5.000.000 төгрөгийн материал шахчихаад би барилгын хөрөнгө оруулсан гээд яваад байдаг хүн. Энэ барилгын яг ямар ажлыг хийхэд Ц.Баясгалангийн мөнгө орсныг би дахин шүүхэд өгч үнэлгээ хийлгэж тогтоолгох болно. Би энэ барилгыг 2013 онд барихдаа иргэн Баярхүүгээр зураг хийлгэж зургийн дагуу бариулсан. Барилга хүлээлцэхэд зураг хэрэгтэй боловч бид анх хийсэн зургаараа хүлээлцэнэ. Бид тус барилгыг хувиараа барьсан учраас хувиараа зураг хийлгэж энэ барилгыг бариулсан. Намар нэг удаа барилгын зургаа үзүүлээч гэхэд үзүүлээгүй. Түүнээс хойш би дахин зургийн тухай сонсоогүй учраас зургийн мөнгө өгөхгүй. Би 2 давхраа 10 дугаар сард бариад дууссан. Шатны ажил 3 давхрыг хүлээж байгаад сарын дараа хийсэн. Би алданги, хүү тооцуулахаар нотариатаар батлуулаагүй. Ц.Баясгалан өөрийнхөө тамгыг дарсан байсан. Би энэ авсан материалын үнэд хүү өгөхгүй болно. Би Ц.Баясгалангаас хохирол барагдуулахаар нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 273 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 232 дугаар зүйлийн 232.2, 232.6-д зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас 20.985.000 /хорин сая есөн зуун наян таван мянга/ төрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.875 /хоёр зуун жаран хоёр мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 262.875 /хоёр зуун жаран хоёр мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баясгалангаас 10.000 /арван мянга/ төгрөг, хариуцагч С.Пүрэвжаваас 10.000 /арван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Увс финанс аудит ХХК-д олгосугай” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Би Улаангом сумын иргэн С.Мөнхбаттай хамтран цэцэрлэг орон сууцны барилга 2013 оны 06 дугаар сараас эхлэн барьж эхэлсэн. С.Мөнхбат намайг хуурч байж энэ барилгыг эхлүүлсэнийг сүүлд мэдсэн. Учир нь банкинд 86 сая төгрөгийн зээлтэй барилга барьж байгаа газрыг барьцаалсан. Мөн өөрөө найдваргүй зээлдэгч болчихсон байсан. С.Мөнхбатын энэ байдлыг ашиглан Ц.Баясгалан 2013 оны 12 дугаар сараас энэ барилгыг булааж авах зорилгоор орж ирсэн. 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл С.Мөнхбатын зээлийг төлж өгч байсан. Шүүх илт нэг талыг барьж, хуурамч материалыг хэлцэл гэж үзэн шүүхийн шийдвэрийг нэг талд гаргасан явдалд гомдолтой байна. Би Иргэний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар өргөдөл гаргаж байна. Би Ц.Баясгалангаас 2 давхарын барилгын материалд нийт 5908600 төгрөгийн материал авсныг шүүх буруу бодож шийдвэр гаргасан байна. Барилга барьж эхлэхдээ цэцэрлэг орон сууцны барилгын зураг хийлгэж, энэ барилгыг барьсан үүнийг С.Мөнхбат гэрчилсэн боловч хуурамч зураг байсан гэж хэлсэн С.Мөнхбатын үгээр миний мөнгө гаргаж хийсэн зургийг үнэгүйдүүлж, барилга барьсаны дараа хийлгэсэн зургийн мөнгийг надаас гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Мөн Ц.Баясгаланд 5908600 төгрөгийн материал аваад 4 сар болж байхад 5160000 төгрөгийн алданги өгөх нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Би нэхэмжлэлийн шаардлагаас 5908600 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдсэн 15076400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож “өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч Ц.Баясгалан нь 20.985.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг С.Пүрэвжавт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг шүүхээс тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүхээс үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Нэхэмжлэгч нь С.Пүрэвжаваас барилгын материалын үнэ 8.0 сая төгрөг, түүний алданги 2015 оны 10 дугаар сарын 20-оос 2016 оны 2 дугаар сарын 26-н хүртэл өдрийн 40.000 төгрөгөөр бодоход 5.160.000 төгрөг, барилгын зургийн үнэ 7.0 сая төгрөг түүний экспертизийн үнэ 825.000 төгрөг нийт 20.985.000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан боловч тайлбарын үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй.

 Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан   худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан барааны үнэ, хамтран ажилласан ажлын гүйцэтгэл эсхүл хөлсөөр хийж гүйцэтгэсэн  ажлын хөлсөө нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаарлагыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хэргийн 6-7 дугаар хуудаст авагдсан бичгийн нотлох баримт нь олшруулсан /конандсан/ хуулбар хувь байх бөгөөд нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчлээгүй, гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчжээ. Энэ  баримтын үг үсэг, өгүүлбэр нь гаргацгүй уншигдахгүй бүдэг байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх  хуулийн шаардалагад нийцээгүй байна.Тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  дээрх нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулж аваагүй, нэхэмжлэлийн шаардлага бүрийг тодруулаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь   үндэслэлтэй байна.

 

 Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Увс  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                                    Н.ТУЯА