Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 37

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Улиасны хэв 10-49 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, ОО79012560 регистрийн дугаартай, Монголмууд овогтой Цэндээгийн Баясгалангийн нэхэмжлэлтэй,  

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОВ63101001 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Санжийн Пүрэвжавд холбогдох,

       20.985.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 10 дугаар сард миний бие Улаангом сумын 3 дугаар багийн нутаг хуучин Сакура дэлгүүрийн хашаанд баригдаж буй барилгын эзэн С.Мөнбатын барилгад хөрөнгө оруулахаар тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Х.Нямсамбуу маань өөрийнхөө том оврын ачааны машинаар Улаанбаатар хот руу чацаргана ачиж, 15.000.000 төгрөг, мөн 20.000.000 төгрөгийн 2 төрлийн зээл Хас банкнаас авч барилгын материалд явсан. Гэтэл манай нөхөр хотод барилгын материалаа аваад эхэлж байтал уг барилгын 2 давхрын асуудал яригдаж С.Мөнхбаттай хамтарч барилга барьж байсан С.Пүрэвжав надтай уулзаж, барилгын захиалагч болох хэсэг хүмүүсийн хамтаар надтай тохиролцож Улаанбаатар хотоос барилгын материалаа татуулахаар ярилцаж хуралдсан. Тухайн хурлаар уг барилгын 1, 3 давхарын материалыг манай нөхөр Х.Нямсамбуу, С.Мөнхбат нар авч ирээд хийхэд 2 давхарт цонх, сангийн материал, цахилгаан, цонхны тавцан хийгдэхгүй бол дулаанаа өвлөөс авч чадахгүй бас 1 жил өнжихөөр болох байсан. Иймд энэ асуудлыг шийдсэн тохиолдолд олон хүний эрх ашиг хөндөгдсөн асуудал шийдвэрлэгдэх тул хуралд маш их ач холбогдол өгсөн. С.Пүрэвжавын гуйлтаар уг бараа материалын үнийн дүнг бодоход 10.000.000 төгрөг болсон. Тухайн үед би хот руу нөхөр лүүгээ ярьж барилгын 2 давхарт дутуу байгаа материалыг нь захиж авахуулсан боловч материал ирж барилга баригдсаны дараа С.Пүрэвжав тооцоо гаргахдаа уг материалын орсон хэмжээгээр нь /байранд тавьсан трубаг хэмжиж тооцсон болно/ тооцож гарсан хаягдалаа тооцохгүй орхисон юм. Ингээд С.Пүрэвжавын өөрийн хэмжсэн бодсон мөнгө дүн 8 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч хуралдаж, олон хүний гэрчтэйгээр тохиролцсон болно. Би энэ мөнгөө тохиролцсон ёсоор 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулахгүй бол 0.5% алданги тооцохоор хэлэлцээр хийсэн. Гэтэл ярилцаж хэлэлцсэний дагуу С.Пүрэвжав мөнгөө өгөөгүйгээс манай гэр бүл банкны хүү төлж, санхүүгийн алдагдалд ороод байна. Би С.Пүрэвжавд тохиролцсон хурлынхаа протоколыг барьж хэлэлцээрийнхээ дагуу явахыг сануулсан боловч надад мөнгө өгөхгүйгээр өөр хүнд Хорлоо багшийн байрыг өгөх гэж удаа дараа оролдож зальдахыг завдаж байна. Би энэ байранд хөрөнгө оруулаагүй бол С.Пүрэвжав ноцтой байдалд орж олон хүний өр зээлэнд баригдах байсан бөгөөд би энэ хүнийг зээлийн эрсдлээс аварсан юм. Намайг барилгын материалыг авахад хөрөнгө оруулахад С.Пүрэвжав нь Х.Хорлоо гэгч багшийн байрыг барьцаалсан ба одоо барьцаалсан байраа өөр юманд зарцуулахаар хэд хэдэн удаа завдсан болно. Мөн уг барилга нь 2013 онд баригдаж эхлэхдээ барилгын зураггүй эхэлсэн ба уг барилгыг улсын комисс хүлээж авахгүй, мөн банкны 0,8 хувийн зээлэнд хамрагдах боломжгүй байгааг харгалзан үзэж Дархан-Уул аймаг дахь барилгын зургийн Дархан Дизайн ХХК-иар 14.000.000 төгрөгөөр гэрээ хийж барилгын зургыг зуруулсан юм. Энэ мөнгийг С.Мөнхбат, С.Пүрэвжав 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Барилгын зургийг экспертизд заавал оруулах шаардлагатай болсон тул тухайн компанид экспертизийн үнэ 1.650.000 төгрөг өгсөн болно. Уг мөнгөний 50 хувь 825.000 төгрөгийг С.Пүрэвжав надад өгөх ёстой юм. Энэ мөнгөө өнөөдрийг хүртэл бас төлөөгүй болно. Миний оруулсан хөрөнгө оруулалтаар энэ барилга одоогийн байдлаар ашиглалтанд орсон байгаа. Миний бие С.Пүрэвжаваас болж банкны зээлийн өрөнд орж, их хэмжээний хүү төлж, маш их хохирч байна. Иймд С.Пүрэвжаваас барилгын материалын 8.000.000 төгрөг, түүний алданги 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 2016 оны 2 дугаар сарын 26-ны хүртэл өдрийн 40.000 төгрөгөөр бодоход 5.160.000 төгрөг, барилгын зургийн 7.000.000 төгрөг, түүний экспертизийн үнэ 825.000 төгрөг, нийт 20.985.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ. 

       Хариуцагч С.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын иргэн Ц.Баясгалангийн нэхэмжилж байгаа 20.985.000 төгрөгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл Ц.Баясгалан гэдэг хүн хууль бусаар бидний гэрээ хийж хамтран барьж байсан барилгын дундуур орж ирж бидэнд асар их хохирол учруулсан хүн. Өөрөө энэ барилгад хөрөнгө оруулсан гэж хүний нэр төрийг гутааж худал цуу тарааж явдаг хүн. Би энэ барилгыг 2013 оны 6 дугаар сараас эхлэн барьж эхэлсэн. Энэ барилгыг 2 давхар болтол нь бүх өрөө тасалгааг нь таслаад шавардах ажлуудыг нь би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийж дуусгаад цаашаа банкны зээл авч барилгаа үргэлжлүүлэх гэсэн боловч нэгдүгээрт намар орой болсон, хоёрдугаарт хамтрагч маань зээл авах эрхгүй болчихсон байсан учраас түр зогссон. Энэ үед хамтрагч маань Баярсайхан, Хосбаяр 2-той нийлж миний авч байсан зээл тоосгоор 3 давхрын өрлөг өрөөд дээр нь банз тавиад өвөлжүүлсэн. Дараа хавар нь цаашид үргэлжлүүлээд барих гэж байтал Ц.Баясгалан гэдэг хүн, хүний хамтарч гэрээ хийж барьж байгаа барилга гэдгийг мэдсээр байж энэ барилгын газрыг хууль бусаар шилжүүлж аваад, энэ барилгын ажлыг бүтэн 1 жил 6 сараар саатуулсан. Энэ барилгыг барьж байгаа эзэд нь нэг ч төгрөгний зээл авч чадаагүй байхад Ц.Баясгалан энэ барилгын 2 ордерийг салгуулж аваад Хас банкинд тавьж зээл авчихаад энэ барилга руу оруулахгүй бүтэн 1 жилийн дараа С.Мөнхбатад 25 сая төгрөг өгч 1, 3 давхрын заслын ажил хийлгүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Тэр үед С.Мөнхбат түүний нөхөр 2 Улаанбаатараас материал авч ирэхээр явчихсан байсан. Гэтэл нэг өдөр Ц.Баясгалан надыг дутуу байсан 5 ширхэг цонх, 2 давхрын 15 ширхэг цонхны тавцан, 2 давхрын паар, турбог надаас ав тэгэхгүй бол ажил зогсооно, С.Мөнхбатад мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Би цонхны тавцангаа аваад ирчихсэн байсан. Цонхоо Тэсхүүд захиалчихсан байсан. Паарыг Ганхуяг гэдэг хүнээс авахаар тохирсон байсан боловч би тэр 3-ыг чамаас авъя гэсэн. Хэдэн хүмүүстэй хамтарч хурлын тэмдэглэл хөтөлнө гэсэн. Би тэр тэмдэглэлийг бичсэн. Барилгын чанар, шаардлагын үүднээс авахаар боллоо гэж бичсэн. Үнэ мөнгөний асуудлыг авч ирээд надад хүлээлгэж өгнө, хотын үнээр өгнө гэж хэлсэн. Харамсалтай нь Ц.Баясгалан гэдэг хүн энэ бичсэн дээр өөрөө дур зоргоороо тоо тавьсан байна. Харин нэг өдөр аз болж шүүхийн шийдвэрийн хүмүүсийн дэргэд нэг бүрчлэн тоолж, үнэ мөнгийг нь хотын биш эндэхийн үнээр өгсөн гэсэн ч бид тохиролцож нийт 5.552.000 төгрөгний материал авсан. Ажлын хөлс 1.700.000 төгрөгийг ажил хийсэн Хүрлээд өгөх ёстой болохоос Ц.Баясгаланд өгөх шаардлага байхгүй. Мөн Ц.Баясгалан эдгээр материалуудыг Увсын ханшаар өгсөн тул тээврийн хөлс тооцох үндэслэл байхгүй. Би энэ барилгын 2 давхрын заслын ажил хийхдээ Ц.Баягалангийн авч ирж өгсөн энэ 3 материалаас гадна 30 гаруй сая төгрөгийн материал авч ажлаа хийж дуусгасан. Ц.Баясгалан эдгээр материалуудыг Эрээнээс авч ирж шахаагүй бол би бас хайж олоод хийх л байсан. Энэ барилгын ажлын 60%-ийг хийж гүйцэтгэхэд маань Ц.Баясгалан хүчээр 5.000.000 төгрөгийн материал шахчихаад би барилгын хөрөнгө оруулсан гээд яваад байдаг хүн. Энэ барилгын яг ямар ажлыг хийхэд Ц.Баясгалангийн мөнгө орсныг би дахин шүүхэд өгч үнэлгээ хийлгэж тогтоолгох болно. Би энэ барилгыг 2013 онд барихдаа иргэн Баярхүүгээр зураг хийлгэж зургийн дагуу бариулсан. Энэ барилгыг барьсан бүх хүмүүс мэдэж байгаа. Гэтэл энэ Ц.Баясгалан барилга бариад дууссаны дараа дахин зураг хийлгэсэн мөнгө өг гээд байгаа. Би өнөөдөр нэг ч зураг Ц.Баясгалангаас аваагүй. Би захиалаа ч үгүй. Барилга хүлээлцэхэд зураг хэрэгтэй боловч бид анх хийсэн зургаараа хүлээлцэнэ. Бид тус барилгыг хувиараа барьсан учраас хувиараа зураг хийлгэж энэ барилгыг бариулсан. Намар нэг удаа барилгын зургаа үзүүлээч гэхэд үзүүлээгүй. Түүнээс хойш би дахин зургийн тухай сонсоогүй учраас зургийн мөнгө өгөхгүй. Би 2 давхраа 10 дугаар сард бариад дууссан. Шатны ажил 3 давхрыг хүлээж байгаад сарын дараа хийсэн. Би алданги, хүү тооцуулахаар нотариатаар батлуулаагүй. Ц.Баясгалан өөрийнхөө тамгыг дарсан байсан. Би энэ авсан материалын үнэд хүү өгөхгүй болно. Би Ц.Баясгалангаас хохирол барагдуулахаар нэхэмжлэл гаргах болно” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Баясгалан нь хариуцагч С.Пүрэвжавд холбогдуулан, барилгын материалын үнэ 8.000.000 төгрөг, түүний алданги 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 2016 оны 2 дугаар сарын 26-ны хүртэл өдрийн 40.000 төгрөгөөр тооцож 5.160.000 төгрөг, барилгын зургийн 7.000.000 төгрөг, түүний экпертизийн үнэ 825.000 төгрөг, нийт 20.985.000 төрөгийг гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

        Нэхэмжлэгч Ц.Баясгалан, хариуцагч С.Пүрэвжав нар нь 16-н айлын орон сууцны 2 дугаар давхарын заслын болон бусад дутуу баригдсан хэсгийг гүйцээх зорилгоор хамтран ажилласан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, мөн хэргийн 53-57 дугаар хуудаст авагдсан гэрч Ж.Мягмар, С.Мөнхбат, Л.Моломнамсэм, Б.Хорлоо нарын мэдүүлгээр нотлогдож байна.

        С.Пүрэвжав нь Ц.Баясгалангаас барилгын материал авч, уг барилгын 2 дугаар давхрын ажлыг хийж дуусгахаар тохирсон байх бөгөөд хэргийн 21-22, 97-98 дугаар хуудаст авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж өгсөн тооцооны баримтаас үзэхэд нийт 15 ширхэг турк пар, 18 ширхэг орцны орос пар, 15 ширхэг цонхны тавцан, 5 ширхэг ваакум цонх, 3 ширхэг балконы хаалга, 18 кг-ын нэг ширхэг резинэн будаг, 10-12 уут цемент, 2 ширхэг изгон, 16 ширхэг уйтник, 4 ширхэг булан, 15 ширхэг хаалт, 12 ширхэг тройник, 8 ширхэг дөрвөлөгч, 30 ширхэг шилжүүлэгч, 4 ширхэг бохирын тройник, 15 ширхэг бохирын хаалт, 11.20 метр бохирын трубо, 72.60 метр цэвэр усны трубо зэргийг Ц.Баясгалан авч ирэх буюу энэхүү барилгыг барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр шүүхийн санаачилгаар “Увс финанс аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд уг шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 127 тоот дүгнэлтийг үндэслэн 17 ширхэг орос парны үнэ 306.000 төгрөг, 140х50 см хэмжээтэй 6 ширхэг турк парны үнэ 1.200.000 төгрөг, 100х50 см хэмжээтэй 7 ширхэг турк парны үнэ 1.260.000 төгрөг, 90х50 см хэмжээтэй 1 ширхэг турк парны үнэ 160.000 төгрөг, 70х50 см хэмжээтэй 1 ширхэг турк парны үнэ 140.000 төгрөг /нийт 15 ширхэг турк пар/, 15 ширхэг цонхны тавцангийн үнэ 1.050.000 төгрөг, 5 ширхэг ваакум цонх буюу 1.50х1.20 м.кв 2 ширхэг цонхны үнэ 396.000 төгрөг, мөн 0.80х1.50 м.кв хэмжээтэй 3 ширхэг цонхны үнэ 396.000 төгрөг, 0.70х2.50 м.кв хэмжээтэй 3 ширхэг балконы хаалганы үнэ 660.000 төгрөг, 18 кл резинэн будаг 1 ширхэгийн үнэ 180.000 төгрөг, 10 уут цементийн үнэ 1.450.000 төгрөг, 2 ширхэг изгоны үнэ 5.000 төгрөг, 16 ширхэг уйтникийн үнэ 56.000 төгрөг, 4 ширхэг булангийн үнэ 8.000 төгрөг, 15 ширхэг хаалтын үнэ 97.500 төгрөг, 12 ширхэг тройникийн үнэ 42.000 төгрөг, 8 ширхэг дөрөвлөгчийн үнэ 20.000 төгрөг, 30 ширхэг шилжүүлэгчийн үнэ 90.000 төгрөг, 4 ширхэг бохирын тройникийн үнэ 18.000 төгрөг, 15 ширхэг бохирын хаалтын үнэ 90.000 төгрөг, 11.20 метр бохирын трубоны үнэ 112.000 төгрөг, 72.60 метр цэвэр усны трубоны үнэ 435.600 төгрөг, нийт 8.172.100 төгрөгийн барааг Ц.Баясгалан нь С.Пүрэвжавд авч ирж өгсөн байна.

    Гэвч нэхэмжлэгч нь уг бараа, материалын нийт үнэд 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, уг 8.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

      2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 129 хоногт ногдох 5.160.000 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлгүй байна.

      Мөн 16 айлын орон сууцны барилгын зураг төслийг иргэн Х.Нямсамбуу /Ц.Баясгалангийн нөхөр/ “Васт сайз констракшн” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбаярын нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  “Зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулагдсан байх боловч тухайн ажлын зургийг Зураг төсөл судалгааны “Дархан Дизайн” ХХК, 2014 онд зурсан байна.

      Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар барилга байгууламж нь “Зураг төслийн дагуу баригдсан байх” шаардлагатай. Гэтэл энэхүү 16 айлын орон сууц нь нэхэмжлэгч Ц.Баясгалангийн гаргаж өгсөн “Дархан Дизайн” ХХК-ийн зургийн дагуу баригдаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

     Иймд барилгын зургийн 7.000.000 төгрөг, түүний экспертизийн үнэ 825.000 төгрөг нийт 7.825.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

      Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас барилгын материалын үнэ 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.985.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Хэргийн 77-94 дүгээр хуудаст авагдсан Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 63/1216 тоот захирамж, Увс аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/381 тоот захирамж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 91 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 98 тоот тогтоол зэрэг нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар хэргийн 106 дугаар хуудаст авагдсан кассын орлогын ордерыг үндэслэн шинжээчийн зардал 20.000 төгрөгийг зохигчдоор хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 142.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгох нь зүйтэй.  

      Хариуцагч С.Пүрэвжавд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Ц.Баясгалан нь нь “Шүүх хуралдааны тов мэдэгдээд ирээгүй тул хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас 8.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.985.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.875 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 142.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баясгаланд олгосугай. 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баясгалангаас 10.000 /арван мянга/ төгрөг, хариуцагч С.Пүрэвжаваас 10.000 /арван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж “Увс финанс аудит” ХХК-д олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР