Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 619

 

С.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар магадлалтай, С.А-т холбогдох 2035000510064 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Н у овогт С-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н у овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон Найман ургийн овогт Сайнбилэгийн Анхбаярыг цагаатгаж,

шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.А нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.А-т холбогдох эрүүгийн хэргийг Увс аймгийн прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.А гаргасан гомдолдоо “Намайг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олон нийтийн цахим сүлжээн дэх “Увсад тавтай морил” фейсбүүк хаягт өөрийн Сайнбилэгийн Анхбаяр гэх фейсбүүк хаягаас Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ц.Цэнгэлбаярын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт перитонит буюу хэвлийн хялтангийн үрэвсэл гэх оношоор 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж эмчилгээ хийгдэх явцад өвчтөнтэй холбоотой хөтлөгдсөн баримт болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ыг хохирогч Ц.Цын зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай цагаатгах тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон цагаатгаж” шийдвэрлэсэн. Харин Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот магадлалаар “анхан шатны шүүхийн 90 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж” шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот магадлалаар “анхан шатны шүүхийн  90 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж” шийдвэрлэхдээ “хууль тогтоогч “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлд зааснаар, харин хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлд зааснаар тус тус хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг задруулсан гэх мэдээллийг ямар арга замаар олж авсан, өөрөөр хэлбэл уг мэдээллийг хэрхэн олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хувь хүний нууцыг задруулсан гэх үйл баримтанд дүгнэлт хийх нь хэргийн үйл баримтанд бодитой дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлнө” гэж дүгнэсэн.

Тус эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийг давхар шалгасан бөгөөд хохирогч Ц.Цэнгэлбаярын хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан үйлдэл нь 2016 оны 06 дугаар сард үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа

1. үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

2. Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно гэж тус тус хуульчилсан. Эндээс харвал хохирогч Ц.Цэнгэлбаярын хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар 2016 оны 06 дугаар сард үйлдэгдсэн байдаг. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжсэн тул дээрх үйлдлийг одоогийн Эрүүгийн хуулиар бус 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох ёстой. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуульд хувь хүний нууцад халдах гэсэн гэмт хэрэг байдаггүй бөгөөд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан” үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй нөхцөл байдал байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хохирогчийн эрүүл мэндийн нууцад хамаарах баримтыг ямар арга замаар, хэрхэн олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хувь хүний нууцыг задруулсан гэх үйл баримтанд дүгнэлт хийх нь хэргийн үйл баримтанд бодитой дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлнө” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж санал нийлэхгүй байна. Иймд надад холбогдох тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байхад хэргийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйл. Гэм буруу

1. Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.

2. “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Миний бие хохирогч Ц.Цэнгэлбаярын эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын 2 ширхэг зурган мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэхдээ хохирогчийн хувийн мэдээлэл болох овог нэр, РД гэсэн хэсэгт байсан мэдээллийг цагаан өнгийн зүйлээр дарж нууцлаад тавьсан. Тус зурган мэдээллийг нийтлэхдээ анхнаасаа хохирогч Ц.Цэнгэлбаяр гэдэг хүний эрүүл мэндийн нууцыг задруулах, нэр төрд нь халдах хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн санаа зорилго агуулаагүй болно. Түүнчлэн миний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нийтэлсэн тус зурган мэдээллийг уншсан хүн тухайн мэдээлэл нь хохирогч Ц.Цэнгэлбаяр гэдэг хүний мэдээлэл гэдгийг мэдэх боломжгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан миний фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 47-57 дугаар талд/ нотлогддог. Мөн тухайн үед миний олон нийтийн цахим сүлжээнд оруулсан зурган мэдээлэл, бичсэн нийтлэл, түүний доор бичсэн сэтгэгдлүүдэд хохирогчийн нэр огт тусгагдаагүй байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.А- надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гэж үзэж байх тул Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч С.А- нь хохирогчийн эрүүл мэндийн нууцад хамаарах баримтыг 2016 оны 06 дугаар сард олж авсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх мэдээллийг хэрхэн олж авсан нь тодорхойгүй, албан тушаалтан ажилдаа хайнга хандсан эсэхийг шалгаагүй зэрэг үндэслэлүүдээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд тухайн үйлдэл нь 2016 оны 06 дугаар сард болсон учир 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэх ёстой. 2002 оны Эрүүгийн хуульд хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлоогүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэрэг тусгагдсан хэдий ч гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хэргийн хөөн хэлэлцэх дууссан учир яллагдагчаар татаж болохгүй үндэслэл юм. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч С.А-ын олон нийтийн цахим сүлжээнд оруулсан зурган мэдээлэл, бичсэн нийтлэл, түүний доор бичсэн сэтгэгдлүүдэд хохирогчийн нэр огт тусгагдаагүй байдаг. Тийм учраас тухайн мэдээллийг уншсан хүмүүс хохирогч Ц.Цэнгэлбаярынх гэдгийг мэдэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд С.А- нь Ц.Цэнгэлбаярын хууль ёсны ашиг сонирхол, нэр хүндэд хор уршиг учруулах санаа зорилгогүй байсан. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.А- нь Ц.Цэнгэлбаярын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт перитонит буюу хэвлийн хялтангийн үрэвсэл гэх оношоор 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж эмчилгээ хийгдэх явцад өвчтөнтэй холбоотой хөтлөгдсөн баримт болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ыг цахим сүлжээнд байрлуулсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч нь тухайн мэдээллийг 2016 оны  06 дугаар сард олж авсан гэж мэдүүлэх боловч тухайн баримт нь Увс аймгийн нэгдсэн эмнэлгээс 2019 оны 01 дүгээр сард гарсан. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар огт шалгаагүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.А-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.А-ыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн цахим сүлжээ болох “Увсад тавтай морил” фейсбүүк хаягт өөрийн Сайнбилэгийн Анхбаяр гэх фейсбүүк хаягаас хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц буюу Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ц.Цэнгэлбаярын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт перитонит буюу хэвлийн хялтангийн үрэвсэл гэх оношоор 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж эмчилгээ хийгдэх үед өвчтөнтэй холбоотой хөтлөгдсөн маягт болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ыг хохирогч Ц.Цын зөвшөөрөлгүйгээр задруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр С.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Увс аймгийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйл нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн тухайн хүний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулж үл болохыг үүрэгжүүлж, задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан заасан.

Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ, 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “эрүүл мэндийн нууц” гэдэгт “тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” ойлгох ба шүүгдэгч С.А-ын олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт” нь хувь хүний эрүүл мэндийн нууцад хамааралтай мэдээлэл болно.

“Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувь хүний хуулиар хамгаалагдсан хувийн нууцыг агуулсан мэдээ сэлт, бичиг баримт, зураг бичлэг, бусад биет зүйлсийг хөндлөнгийн хүмүүст ярих, мэдээлэх, үзүүлэх, харуулах, хэвлэл мэдээлэл болон бусад олон нийтийн сүлжээгээр мэдээлэх байдлаар тараасан байхыг ойлгох ба заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэсэн хэдий ч хувь хүний нууцыг задруулсан үйлдэл нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол, хор уршиг учруулж болзошгүй шинжийг агуулсан эсэхээс хамаарч нийгэмд аюултай үйлдэл эсэх нь тодорхойлогдоно. Ингэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож дүгнэх нь чухал.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч С.А- нь “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ын 2 ширхэг зургийг олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ Ч.Чимэдийн нэр хүндэд халдаж, түүний эхнэртэй холбоотой хууль бус үр хөндөлтийн талаар мэдээлэх зорилготой байсан ба харин хохирогч Ц.Цэнгэлбаярын эрүүл мэндийн нууцыг задруулах, нэр хүндэд нь халдах санаа зорилго агуулаагүй болох нь “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтад хохирогчийн овог нэр, регистрийн дугаар зэргийг цагаан өнгийн зүйлээр дарж, нууцалж тавьсан нь тогтоогдож байх бөгөөд тус үйлдлээс болж хөндлөнгийн хүмүүст хохирогч Ц.Цэнгэлбаярын хувь хувийн нууц задарч, түүний нэр төр, алдар хүндэд илтэд хохирол, хор уршиг учирсан гэж үзэх боломжгүй байна.

Үүнээс үзвэл шүүгдэгч С.А- нь өөрийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг биш гэж ойлгож, үйлдлээ хэрэгжүүлсэн боловч тэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг байх бөгөөд тэрээр санаа сэтгэлдээ гэмт хэрэг биш гэж бодсон боловч бодит байдалд гэмт хэрэг үйлдсэн байна. Үүнийг Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн хууль цаазны андуурал /errir juris/ гэж авч үздэг, өөрөөр хэлбэл, тухайн этгээд өөрийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэх, Эрүүгийн хууль зөрчсөн эсэх, өөрийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой ямар зүйлд заасан гэмт хэрэг болох талаар буруугаар ойлгосныг хамааруулна.

Хэдийгээр С.А- нь бусдын зөвшөөрөлгүйгээр хувь хүний нууцыг задруулсан нь эрх зүйн хэм хэмжээнд харшилсан үйлдэл мөн боловч эрүүгийн гэмт хэргийн үндсэн шинж болох нийгмийн хор аюул, бодитой учирсан хор хохирол үгүйсгэгдэж байх тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр  байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН