Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 90

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н ургийн овогт С-ийн А-т холбогдох 2035000510064 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н ургийн овогт С-ийн А 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 10-22 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.А нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн цахим сүлжээ болох “Увсад тавтай морил” фейсбүүк хаягт өөрийн С-ийн А гэх фейсбүүк хаягаас хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц буюу Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ц.Ц-ын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт перитонит буюу хэвлийн хялтангийн үрэвсэл гэх оношоор 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж эмчилгээ хийгдэх үед өвчтөнтэй холбоотой хөтлөгдсөн маягт болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ыг хохирогч Ц.Ц-ын зөвшөөрөлгүйгээр задруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000510064 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ц.Ц-ын “...2016 оны 5 дугаар сарын 29-ны өдөр эмэгтэйчүүдийн тасагт эхийн сав авах хагалгаанд орсон. ...Одоо миний санаж байгаагаар 2019 оны 6 дугаар сарын эхээр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн хот дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж байх үед Б эмч миний утас руу залгаад “фейсбүүк ороод хараадхаач, чиний үр хөндүүлсэнтэй холбоотой мэдээллийг А тавьчихсан байна” гэж хэлэхээр нь би “надад фейсбүүк орох утас байхгүй байна” гэж хэлээд гар утасныхаа дуудлагыг тасалсан. Түүнээс хойш Б эмч надтай гар утсаар холбогдож яриагүй. Харин найз О Б эмч ярьсны хэд хоногийн дараа миний утас руу залгаад “найз 2016 онд чиний үр хөндүүлсэнтэй холбоотой мэдээлэл фейсбүүк орчинд тавигдсан байна” гэж хэлсэн. Б эмч О хоёр над руу утсаар залгаж хэлэх үед би миний 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үр хөндүүлсэнтэй холбоотой бичиг баримт фейсбүүк орчинд тавигдсаныг мэдсэн. Түүнээс биш ямар бичиг баримт фейсбүүк орчинд тавигдсан гэдгийг  мэдээгүй. Мөн фейсбүүк рүү орж хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-65 дугаар хуудас/,

- Хохирогч Ц.Ц-ын “Хохирогч Ц.Ц миний бие С.А-аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, цаашид гомдол санал нэхэмжлэх төлбөр байхгүй болно” гэх тодорхойлолт,

2. Гэрч Н.Б-ын “...2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ц гэдэг хүн надтай уулзаад би танай эмнэлгээр үр хөндөлт хийлгүүлэх гэсэн юм би 9 дэх удаагийн жирэмсэн урьд нь 4 удаа үр хөндүүлж байсан гэсэн анамнизтай байсан. Тэгээд би үзэхэд 9 долоо хоногтой байсан тул ураг томорсон тул улсын эмнэлэгт хийлгэх шаардлагатай байна гэж хэлээд бичиг хийж өгөөд явуулсан. Тухайн үедээ бичгээ аваад явсан. Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай эмнэлэг дээр ирээд уйлчихсан сууж байсан ба би өрөөндөө оруулаад чи очоод улсын эмнэлэгт хийлгүүлээч гэхэд улсын эмнэлэг 40’000 төгрөгөөр хийнэ гээд байна надад ямар ч мөнгө байхгүй байна гээд уйлаад суугаад байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ чи улсын эмнэлэгт очоод спраль тавиулаад хийлгэ одоо чадахгүй гэсэн тэгээд тэр хүн яваад өгсөн. Дахин 5 дугаар сарын 29-ны өдөр манай сувилагч намайг дуудаад эмчээ Ц ирчихсэн байна доош цус алдсан бие нь хөх няц болчихсон байна, нөхөртөө зодуулсан юм шиг байна гэхээр нь би дуудаж уулзаад Ц-т би хийж чадахгүй гэж хэлээд байхад чи улсын эмнэлэгт хийлгэчхээч гэж хэлчхээд доогуур үзлэг хийхэд доош нь цус гарч байсан тэгээд би умайн хөндийг цэвэрлэсэн. Цэвэрлэж байх явцад умай цоорсон гэдгийг оношилсон учраас зөвлөх эмч Ш-тэй ярихад та эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлчих гэсэн тэгэхээр нь би сувилагчаа дагуулаад төрөх эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Тэгээд маргааш нь Ш эмч хагалгаа хийж байхаар нь би түүнд шингэн дуслыг нь авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дугаар хуудас/

3. Гэрч Ч.Ч-ийн “...З, Д гэх хаягаас иргэн Ч намайг иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглаж эхнэрийнхээ хувийн эмнэлэгтэй холбоотой эрх ашгийн зөрчил бүхий шийдвэрүүдийг нөлөөлж гаргуулж байсан, эхнэрийнхээ хувийн эмнэлгийн хууль бус орлогоор хагартлаа баяжсан ... гэх мэтээр гүтгэн доромжилсон. Энэ доромжилсон үедээ эмнэлгийн өвчтөний албан баримтыг нотлох баримт болгон ашигласан нь хууль зөрчсөн мөн миний нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Зоригбаяр Доржоо-ийн тавьсан постыг С.А өөрийнхөө хаягаас шейрлэж тухайн өвчтөний амьдардаг баг эмнэлэг ямар үйлчилгээ авсан талаарх эмнэлгийн нарийн мэргэжлийн хүн мэдэх асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өгч постолсон. Тэр бүү хэл С.А-р нь би тэр хүнийг олоод ирье надад баримт нь байгаа гэж сэтгэгдэл хэсэгтээ бичсэн байгаа. ...Манай эхнэр Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт Баянтуруун төв дээр Блянхуа нэртэй үүдэн эмнэлэг ажиллуулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

4. Гэрч Д.О-ын “...Би энэ маягтыг бол олж хараагүй. Манай найз Ц өөрөө над руу утсаар яриад “миний хагалгаанд орсныг фейсбүүкт тавьсан байна гэнэ, чи ороод хараад өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед надад фейсбүүк ордог утас байгаагүй болохоор Ц-ын талаар юу гэж фейсбүүкт мэдээлэл оруулсныг би мэдээгүй. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Би хараагүй болохоор ямар материал байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/,

5. Гэрч Н.Ш-гийн “...үйлчлүүлэгчийн өвчний тухай бүх мэдээлэл нууцад хамаардаг...С.А нь фейсбүүкт хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд тарааж болохгүй. Түүнийг тавьж болохгүй устга гэж хэлсэн. Тэр үед А би задруулсныхаа хариуг 100 хувь хүлээн гэж хэлсэн. Тэр үед би энэ бол хувь хүнд өгөх баримт биш цагдаа прокурорын зөвшөөрлөөр гардаг баримт шүү чамд дамжуулж өгсөн хүн ч буруутай гэж хэлсэн. С.А нь тухайн үед фейсбүүкт та нар энэ мэдээллийг нууж дарагдуулсан гэж байсан. Би түүнийг нуусан зүйл байхгүй, журмынхаа дагуу АМ-17 маягт хөтөлж мэдээлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч     С.А-ын яллагдагчаар өгсөн “...Миний бие урьд зөрчлийн шатанд өгсөн мэдүүлэг дээр үнэн зөвөөр нь өгсөн. Миний бие 2016 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд тухайн үед би сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байхад миний хуувийн Сийн А гэсэн фейсбүүк хаяг руу нууц хаягаас 2 хуудас материал ирсэн. Тухайн үедээ Ч.Ч-ийн эхнэр Бын эмнэлэгт хүн үр хөндүүлсэн талаарх баримт аваад устгаарай гэсэн захидлын хамт ирүүлсэн тул би тухайн үед зураг хэлбэрээр ирсэн файлыг татаж аваад устгасан. Нууц хаяг байсан тул би тухайн хаягийн эзэмшигчийг олж чадаагүй. Тухайн үед би Ч.Ч гэдэг хүнтэй нэг тойрогт нэр дэвшиж байсан бөгөөд шударга өрсөлдье гэж бодоод тэр мэдээллийг олон нийтэд тараахгүй байлгаж байтал 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Ч нь жагсаал цуглаан зохион байгуулж тэр жагсаал дээрээ миний нэр хүндэд халдсан ялтан заазуур чинь гэх мэт мэдээллийг олон нийтэд тараасан учраас би 2016 оны 6 дугаар сард надад ирсэн байсан Ч.Ч-ийн эхнэртэй холбоотой 2 хуудас баримтыг Увс аймгийн нэгдсэн групп болох “Увсад тавтай морил”, “Бид Увсынхан” нэртэй фейсбүүк хаягт байршуулж олон нийтэд тараасан нь үнэн. ...Би тухайн мэдээллийг яагаад олон нийтийн сүлжээнд тавьсан бэ гэвэл Ч.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр жагсаал хийхдээ над руу дайрч давшилсан мэдээлэл олон нийтэд хүргэсэн тул надад 2016 онд ирсэн байсан түүний эхнэр Б нь үр хөндөлт хийсэн талаарх 2 хуудас баримтыг тухайн баримт дээр байсан хүний нэр, хаягийг дарж байгаад фейсбүүкт тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

7. Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт /хх-ийн 148-151 дүгээр хуудас/,

8.Фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-57 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.А нь “Ч.Ч, Ц.Б нарын хамт байгаа фото зураг 1 ширхэг, Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын 2 ширхэг зураг” зэрэг нийт 3 ширхэг зурагт мэдээллийг “С-ийн А” гэх өөрийн фейсбүүк хаягт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 25 минутад нийтэлсэн, мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 48 минутад “Увс аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд, 16 цаг 49 минутад “Увсад тавтай морил” фейсбүүк бүлгэмд нийтэлсэн болох нь Фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын 2 ширхэг зурагт мэдээллийн эхний зурагт Эцэг /эх/-ийн нэр, нэр гэсний ард бичигдсэн бичвэрийг цагаан өнгийн зүйлээр дарсан, Тогтмол хаяг аймаг/хот, сум/ дүүрэг, баг/ хороо гэсний ард гараар Увс аймаг, Улаангом сум, 10р баг  гэж бичсэн, 2 дахь зурагт мэдээлэлд “48. Эх хүндэрсэн тохиолдолд ямар нэгэн эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдал байсан эсэх: 1. Тийм 2 Үгүй” гэсэн хэсэгт “1. Тийм” гэснийг дугуйлсан, “49. Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал:” гэсэн хэсгийн доор бичигдсэн “49.1 Шок (зурх судасны хурц дутагдал)” гэх бичвэрийн дугаарыг дугуйлсан, “Үндсэн онош, Хүндрэл” гэх хэсгийн ард гараар бичсэн бичвэртэй зурагт мэдүүллүүд байна.

Шүүгдэгч С.А нь дээрх 3 ширхэг мэдээлэл бүхий зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэх болсон нь “2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Ч нь цуглаан зохион байгуулж, цуглааны үеэр С.А-ын нэр хүндэд халдсан” гэх шалтгаанаар гэрч Ч.Ч-ийн нэр хүндэд халдах зорилготой байсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууцыг задруулах, нэр хүндэд нь халдах санаа зорилго агуулаагүй болох нь Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын Эцэг /эх/-ийн нэр, нэр, РД гэсэн хэсэгт гараар бичигдсэн Ц, Ц, ....  бичвэрийг цагаан өнгийн зүйлээр дарсан байгаагаас тогтоогдож байна.

Мөн Фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн 3 ширхэг зураг болон бичсэн сэтгэгдлүүдэд хохирогч Ц.Цын нэр дурдагдаагүй байна.

Хохирогч Ц.Ц-ын “...Б эмч миний утас руу залгаад “фейсбүүк ороод хараадхаач, чиний үр хөндүүлсэнтэй холбоотой мэдээллийг А тавьчихсан байна” гэж хэлэхээр нь би “надад фейсбүүк орох утас байхгүй байна” гэж хэлээд гар утасныхаа дуудлагыг тасалсан” гэж мэдүүлснээс дүгнэхэд гэрч Н.Б нь Ч.Чимэдийн эхнэр, урьд нь мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа хохирогчийн эрүүл мэндийн нууцыг мэдсэн тул тухайн Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтыг хараад хохирогч Ц.Цын гэж мэдэх боломжтой байна.

Харин хохирогч Ц.Ц-ын “...найз О Б эмч ярьсны хэд хоногийн дараа миний утас руу залгаад “найз 2016 онд чиний үр хөндүүлсэнтэй холбоотой мэдээлэл фейсбүүк орчинд тавигдсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь гэрч Д.Оын “...Би энэ маягтыг бол олж хараагүй. Манай найз Ц өөрөө над руу утсаар яриад “миний хагалгаанд орсныг фейсбүүкт тавьсан байна гэнэ, чи ороод хараад өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед надад фейсбүүк ордог утас байгаагүй болохоор Цын талаар юу гэж фейсбүүкт мэдээлэл оруулсныг би мэдээгүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Тодруулбал Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтыг хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууцыг агуулсан баримт гэдгийг бусад этгээд мэдээгүй, мэдэх боломжгүй үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байх тул шүүгдэгч С.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...би фейсбүүкт энэ мэдээллийг тавьсан нь үнэн. Би энэ хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн прокурорын дүгнэлтийн хүлээн авч түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Гэрч Д.Д, Н.Ш, Н.Б, Ч.Ч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийг яллах үндэслэл болохгүй. Учир нь тэдгээр гэрчүүд нь Хувь хүний нууцын тухай хуульд заасан хувь хүний нууцыг тайлбарлах, тодорхойлох эрхтэй субъект биш юм.

Хувь хүний нууц гэдэг нь Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Хувь хүний нууцыг задруулах гэдэг нь тухайлсан хүний хувийн нууцыг агуулсан мэдээ сэлт, бичиг баримт, зураг бичлэг, бусад биет зүйлийг хөндлөнгийн хүмүүст санаатай тараасан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.А-ын нийтэлсэн Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт нь хохирогч Ц.Ц-ын хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй гэх шинжийг агуулаагүй, хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууц гэдгийг хөндлөнгийн хүмүүс мэдээгүй байна.

Хувь хүний нууцыг задруулах нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг хэдий ч хувь хүний нууцыг задруулсан үйлдэл нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол, хор уршиг учруулж болзошгүй шинжийг агуулсан эсэхээс хамаарч нийгэмд аюултай үйлдэл эсэх нь тодорхойлогдоно.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийг дөрвөн шинжээр тодорхойлох бөгөөд үүний нэг шинж нь л үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй юм. Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч С.А-ын үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна. Учир нь шүүгдэгч С.А нь Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын 2 ширхэг зургийг нийтлэхдээ хохирогчийн эцгийн, нэр, регистрийн дугаар зэргийг нууцалж тавьсан нь хохирогчийн нууцыг задруулах зорилгогүй, зөвхөн хууль бус үр хөндөлтийн талаар мэдээлэх зорилготой байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх тодорхой төрлийн, цөөн тооны үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр  тусгайлан заасан байдаг. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго болон гэмт үйлдэлдээ хандсан байдлыг шалгуур болгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эсэх үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч С.А-ын нийтэлсэн “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт” нь хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарах баримт боловч хохирогч Ц.Ц-ын хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол, хор уршиг учруулж болзошгүй шинжийг агуулаагүй, шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ц.Ц нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н ургийн овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон Н ургийн овогт С-ийн А-ыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.А нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Хохирогч Ц.Ц нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА