Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/0234

 

“Н н” ХХК-ийн  гомдолтой, Багануур дүүргийн  

Татварын хэлтсийн татварын улсын

 байцаагч Э.Б, Т.Б нарт холбогдох

 зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Ч.Тунгалаг

Шүүгчид:                        М.Батсуурь

                                             Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0124 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 248 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Ц.У, өмгөөлөгч С.С, хариуцагч Э.Б, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э  нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0124 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-т заасныг тус тус баримтлан “Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай 271720007 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Н н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд ногдуулсан хариуцлага болох 27,935,013.54 төгрөг, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан 20 сая төгрөгийн зардлыг тооцож 2.000.000 төгрөг, 2013 оны “А” ХК-ийн борлуулалтын буцаалтын 4.090.000 төгрөгийн 10 хувь болох 409.000 төгрөг, нийт 30.344.013,54 төгрөгийг уг 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 105,952,040.3 төгрөгийн төлбөрөөс хасахыг хариуцагч нараас хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 248 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсгийг нэгтгэж, “1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 105,952,040.3 төгрөгийн төлбөрийг 30.344.013,54 төгрөгөөр багасган, төлбөрийг 75,648,026.76 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н н” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэг. Татварын хяналт шалгалтын талаар: Татварын байцаагч нар нь шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн  18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн  өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.1.1 Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-ийн 3.4 дэх хэсэг, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл заалтуудыг үндэслэсэн нь Монгол Улсын хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн. Үүнд: ...Татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар нь ‘Н н” ХХК-ийн 2013-2016 оныг дуусталх хугацааны санхүүгийн баримтад иж бүрэн шалгалт хийх явцад зөрчил илэрсэн гэж үзээд шийтгэл ногдуулсан. Шалгалтын ажиллагааг явуулахдаа холбогдогчоос чухал мэдүүлэг авч, оролцоог нь хангаж зөрчилд холбогдох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, шийтгэлийн хуудсыг танилцуулах өдрөө компанийн эрх бүхий хүмүүсээс санхүү, татварын тайланд тусгагдсан тоо мэдээллийг мөн эсэхийг лавлаж мэдүүлэг авсныгаа баримтаар нотлогдсон гэж үзсэн.

5. Хэрэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж хэргийг хянан шийдвэрлэсэн бол Татварын улсын байцаагч нарын зөрчил гэж үзэж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдох орлого бууруулсан дүнг “Н н” ХХК хэрхэн тооцож гаргасныг шаардах, холбогдох мэдээллийг хавтас хэрэгт авахуулах тодорхой ажиллагаа явуулах байсан. Ийнхүү татварын улсын байцаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1.2-т заасан холбогдогчид эрхээ эдлэх боломж өгөлгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн. Шалгалтын явцад тайлантай холбогдох зарим анхан шатны баримтыг нягтлан бодогчоос авч чадаагүй гэдгийг ч татварын байцаагчид мэдэж байсан.

6. Тус компаниас шалгалтад хамрагдсан баримт материалаас зөрчлийг үгүйсгэх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус компанийн нягтлан бодогч асан санхүү, татварын тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгт удирдлага борлуулалтын үйл ажиллагааны татвар ногдох орлогоос хасагдах зардал болох цахилгаан, дулаан, цэвэр ус, холбоо, бичиг хэрэг, шатахуун, хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ, ажилчдын шагнал, урамшил, засвар үйлчилгээний зардлыг тусгасан нь анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, санхүүгийн тайлан, түүний тодруулгаар нотлогдсон байхад тэдгээрийг борлуулж орлого олсон мэтээр тооцоолол хийж, зөрчлийн дүнг өсгөж шийтгэл ногдуулсанд татварын байцаагч нар тайлбар гаргаж өгөөгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.1.12, 47 дугаар зүйлийн 47.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаарын тушаалаар батлагдсан “Татварын албаны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 1 дүгээр зүйлийн 1.3, 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.2, 6.4.3, 6.4.4-т зааснаар Татварын улсын байцаагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай зөрчлийн үндэслэл болох нотлох баримтуудыг цуглуулан, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст шийдвэр гаргах үүрэгтэй байна.

7. Татварын улсын байцаагчид татвар төлөгчийн санхүү, татварын тайланг гаргасан нягтлан бодогч нас барсан, холбогдох тайлангийн тоон үзүүлэлттэй холбоотой тайлбарыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа, өөрсдийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн татварын ногдлын үнэн зөв эсэхийг тодорхойлж, татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа татварын улсын байцаагч Э.Б шийтгэлийн хуудсыг танилцуулах өдрийн 10 цаг 50 минутаас 12 цаг 15 минутын хугацаанд тус компанийн менежер (нягтлан бодогч 3 сарын өмнө нас барсан тул түр орлож байсан) Ц.У-аас, 12 цаг 05 минутаас 12 цаг 15 минутад захирал З.Н-аас зөвхөн татвар, санхүүгийн тайланд тусгагдсан тоон мэдээлэлтэй холбогдох дүнг асууж мэдүүлэг авч, мөн өдрийн 13 цаг 50 минутаас 14 цаг 05 минутын хооронд 271720007 дугаарын “Шийтгэлийн хуудас”-ыг танилцуулсан байна.

8. Ийнхүү 4 жилийн өмнөх хугацаанд холбогдох татвар, санхүүгийн тайлан тооцоог гаргаагүй, мэргэжлийн бус хүмүүсээс шийтгэлийн хуудас танилцуулахаас хэдэн цагийн өмнө мэдүүлэг авч, анхан шатны баримт, татвар санхүүгийн тайлан тооцоог дахин нягтлах тайлбар, нотолгоо гаргах боломж олгоогүй, борлуулалтын орлого борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тооцож тайлагнасан талаар тайлбар, мэдүүлэг өгөөгүй байхад шүүхэд гаргасан тайлбартаа: “... тус компанийн 2013-2016 оны дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын албанд тайлагнан баталгаажуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа материалын данс бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийн дүн тооцооллыг захирал, нягтлан бодогч нарт зөрчил бүрээр тайлбарлан танилцуулж, ярилцлага мэдүүлэг авахад зөрчлийн дүн батлагдсан” гэх үндэслэлгүй тайлбарыг хийсэн.

9. Тус компанийн нягтлан бодогч асан санхүү, татварын тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгт удирдлага борлуулалтын үйл ажиллагааны татвар ногдох орлогоос хасагдах зардал болох цахилгаан, дулаан, цэвэр ус, холбоо, бичиг, хэрэг шатахуун, томилолт, хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ, ажилчдын шагнал, урамшил, засвар үйлчилгээний зардлыг тусгасан нь анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, санхүүгийн тайлан, түүний тодруулгаар нотлогдсон байхад борлуулсан бүтээгдэхүүний өртөгт орсон дээрх татвар ногдох орлогоос хасагдах үйл ажиллагааны зардлыг борлуулсан мэтээр тооцож, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, алданги, торгууль хүү ногдуулсан атлаа анхан шатны баримтыг үзэж бараа материалын данс бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийн дүн тооцооллыг захирал, нягтлан бодогч нарт зөрчил бүрээр тайлбарлан танилцуулсан гэж шүүхэд худал хэлсэн.

10.  “Н н” ХХК-ийн хувьд ч санхүү, татварын тайлан нь зөрүүтэй, санхүүгийн тайлангийн тодруулга дутуу хийгдсэн хэдий ч төрийн сан баталгаажуулсан. Татварын тайлан ч баталгаажсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ ч утгаараа Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахаар зохицуулалт хийж өгсөн гэж ойлгодог бөгөөд татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд энэхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын тулгалт хийж, мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох, шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, мэдээ, мэдээлэл зэрэг холбогдох бүх баримт бичигт үндэслэн татварын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, тайлбар тодруулгыг гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулан татварын төрөл тус бүрийн ногдуулалт төлөлтийн тооцооллыг хийж баталгаажуулахаар тусгасан байна. Гэтэл татварын улсын байцаагч нар татварын тооцооллыг хийхдээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэх бус санхүү татварын тайлангийн тоон мэдээллийг үндэслэн татвар төлөгчид аж ахуйн үйл ажиллагаа анхан шатны баримт нотолгоог гаргаж өгөх боломж олгоогүй нь татвар төлөгчийн эрх ашгийг үл хүндэтгэсэн, татварын хяналт шалгалтын ажлын дүрмийг зөрчиж хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, хууль бус шийдвэр гаргаж, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийг тулган шаардсан гэж үзэхээр байна.

11. Татварын улсын байцаагчид татвар төлөгчийнхөө анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргасан эсэхийг шалгаж, татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн хяналт шалгалтын үйл ажиллагаагаа явуулаагүй, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргасан атлаа шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй. Монгол Улсын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаас үзэхэд татварын улсын байцаагчид дээрх хуульд заагдсан хугацаанаас өмнөх захиргааны зөрчилдөө шийтгэлээр төлбөр ногдуулж Татварын ерөнхий хуулийн  14.1, 231.1,  28.1.4-т заасныг тус тус зөрчсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд дээрх хуулийн заалттай холбогдох төлбөрийг тус хуульд хамруулахдаа өөрсдийн хийсэн тооцоог баталгаажуулж тайлбарлаагүй бөгөөд 27.935.013.54 төгрөгийг хуулийн дагуу чөлөөлөхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

12. Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: Тус компани татварын улсын байцаагчийн “Шийтгэлийн хуудас”-ыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг авч хэлэлцэхгүй гэсэн тул гомдол гаргах боломж олдоогүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойшхи хугацаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлсэн бөгөөд энэ хэргийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт мөн учраас түүнийг шүүхээс хянахад захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нэгэн адил үйлчлэх ёстой.

13. Татварын улсын байцаагчид татвар төлөгчийн санхүү, татварын тайланг гаргасан нягтлан бодогч нас барсан, холбогдох тайлангийн тоон үзүүлэлттэй холбоотой тайлбарыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа, өөрсдийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн татварын ногдлын үнэн зөв эсэхийг тодорхойлох нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа шүүх хуралд зөвхөн татвар төлөгчийн татвар, санхүүгийн тайланг хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж, татвар төлөх үүргийг дурдаж байгаа нь тэдэнд эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, зөрчил дутагдлыг арилгах татварын байцаагчийн хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй гэж ойлгогдохоор байсан.

14. Шүүх хуралдааны явцад “Н н” ХХК нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдох борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд тусгагдсан удирдлага борлуулалтын зардлын худалдан авалтыг нэг бүрчлэн огноо, утга агуулгаар дэлгэрэнгүй гаргаж, нэгтгэж татварын байцаагчдаар дахин хянуулахаар болсон боловч татварын байцаагчид дээрх баримтыг нэг бүрчлэн нягталж үзээгүй, зөвхөн хяналт шалгалтад хамрагдаагүй шинээр гаргаж өгсөн баримтыг хууль бус хэмээн тайлбарлаж цэвэрлэгээний материалын дүнд орсон “А”, “Н х” ХХК-ийн худалдан авалтыг бүгдийг буруутгаж бусад зардлыг яагаад борлуулсан гэж үзэж байгааг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, үүнийгээ шинээр гаргаж өгсөн баримтыг урамшууллын зардалтай адилтган дүгнэж, татварын улсын байцаагчид давуу байдал олгон хэргийг шийдвэрлэсэн. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу манай тооцооллоор 28,935,013.54 төгрөг гаргаж, тайлбарыг тодорхой хэлсэн бөгөөд анхан шатны шүүх татварын улсын байцаагчдын 27,935,013.54 төгрөгийн хүү, торгууль, алдангийн дүнгээр төлбөрийг бууруулж, 972,878.61 төгрөгийг орхигдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан ойлгомжгүй шийдвэр гаргасан.

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим заалтыг өөрчилж, гомдлыг хангаагүй орхигдуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэхийг шүүхээс тогтоохдоо хариуцагч ямар баримтад үндэслэн зөрчлийг тогтоосон болох, тухайн баримтууд нь зөрчил үйлдсэнийг нотлох хангалттай үндэслэл болж чадсан эсэх талаар холбогдох баримтуудыг нь цуглуулан үнэлж, дүгнэсний үндсэн дээр шийдвэрээ гаргахаар байна. Иймд татварын улсын байцаагчдын илрүүлсэн гэх зөрчилтэй холбоотой татварын  хяналт, шалгалтын явцад гаргаж өгсөн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй орхигдуулж, хэрэг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар  зүйлийн 32.1-д заасантай нийцэхгүй байна.

16. Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар дүгнэлтэд “Хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг талууд бус захиргааны хэргийн шүүх хүлээх бөгөөд үүгээрээ захиргааны хэргийн шүүхийн үндсэн мөн чанар, онцлог тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх шийдвэрээ хэргийн оролцогчдын тодорхойлсон нөхцөл байдал, нотолгооны хүрээнд гаргадаггүй, нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх өөрөө цуглуулж, талуудын тэгш байдлыг хангадаг.” гэснээс үзэхэд улсын төсөвт учирсан төлбөрийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан татварын улсын байцаагчийн “Шийтгэлийн хуудас”-ыг анхан шатны шүүх хянахдаа нотлох зарчмыг хэрэгжүүлэх ёстой байсан. Иймд татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2017 оны  271720007 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

18. Маргаан бүхий акт болох Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч “Н н” ХХК-д 1. 2013 онд 1,438,716.9, төгрөгийн, нийт 2,556,045.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй 144-265 хоног хугацаа хожимдуулж төлсөн, 2. 2014 онд 1,364,760.0 төгрөгийн, 2016 онд 2,390,520.0 төгрөгийн, нийт 3,755,280.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй 7-224 хоног хугацаа хожимдуулж төлсөн, 3. 2013 онд 561,000.0 төгрөгийн, 2014 онд 381,000.0 төгрөгийн, нийт 942.000.0 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлбөл зохих хугацаанд төлөлгүй 81-188 хоног хугацаа хожимдуулж төлсөн, 4. 2014 онд 16348684 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 608,450.0 төгрөгийн падааныг давхар тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан, 5. 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн, 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн, нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан, 6. 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн, нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн нийт 675,788,371.52 төгрөгийн зөрчилд 66,853,504.60 төгрөгийн нөхөн татвар,   25,446,958.80 төгрөгийн торгууль, 13,572,263.00 төгрөгийн алданги, 79,313.90 төгрөгийн хүү, нийт 105,952,040.30 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

19. Уг шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгчээс хууль бус гэж маргахдаа “... хариуцагч нар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёсгүй байсан, 2013-2016 он тус бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн зөрчлийг ямар нотлох баримтаар тогтоосон нь тодорхой бус, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн хавсралт тооцооны татвар ногдох орлогын зөрүүг ямар үндэслэлээр тогтоосон болон торгууль алданги, хүүгийн тооцоолол нь ойлгомжгүй, 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тооцоонд баримтаар нотлогдох зардлын зөрүүг тооцоогүй, ...” гэж нэхэмжлэлийн нэг үндэслэлээ тодорхойлсон байна.

20. Гэтэл шүүхүүд дээр дурдсан маргаан бүхий актад заасан зөрчил тус бүрт буюу нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн зөвшөөрсөн хэсэгт буюу үндсэндээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хэсэгт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу, ийнхүү хэргийн үйл баримтыг бүрэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

21. Аливаа татварын зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар төлбөр оногдуулсан шийтгэлийн хуудас нь “захиргааны акт” бөгөөд тухайн акттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 болон 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх, 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг хэрэгжүүлэх учиртай.

22. Гэтэл шүүхүүд гомдол гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь татварын хяналтын шалгалтын үед байсан эсэх, цаг хугацааны хувьд маргаан бүхий актад /актад дурдсан зөрчилтэй/ хамааралтай эсэхийг нягталж шалгалгүйгээр “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, сүүлд нөхөн бүрдүүлж өгсөн баримтуудыг шүүх үнэлэхгүй” гэсэн үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэсэн нь буруу юм.

23. Ийм ч учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хэрэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн хялбаршуулсан журмаар биш зөрчлийн хэрэг нээж хэргийг шийдвэрлэсэн бол хариуцагч нарын зөрчил гэж үзэж байгаа аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдох орлого бууруулсан дүнг “Н н” ХХК хэрхэн тооцож гаргасныг шаардах, холбогдох мэдээллийг хавтаст хэрэгт авахуулах тодорхой ажиллагаа явуулах байсан, ... шүүх хуралдааны явцад “Н н” ХХК нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдох (шалгалтад хамрагдсан) борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд тусгагдсан удирдлага борлуулалтын зардлын худалдан авалтыг нэг бүрчлэн огноо, утга агуулгаар дэлгэрэнгүй гаргаж, нэгтгэж татварын байцаагчдаар дахин хянуулахаар болсон боловч байцаагч нар дээрх баримтыг нэг бүрчлэн нягталж шалгаагүй... байхад анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, ... татварын байцаагчдын илрүүлсэн гэх зөрчилтэй холбоотой татварын хяналт, шалгалтын явцад гаргаж өгсөн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй орхигдуулсан нь шүүх нотлох зарчмыг зөрчсөн...” гэсэн агуулга бүхий гомдолд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

24. Дээр дурдсан үндэслэлийг тодруулалгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0124 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 248 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ                

                 ШҮҮГЧ                                                              Г.БАНЗРАГЧ