Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0248

 

“Н н” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн төлөөлөгч З.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Б.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н н” ХХК-ийн гомдолтой, Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20120 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийдвэрээр: ”Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-т заасныг тус тус баримтлан “Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Н н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд ногдуулсан хариуцлага болох 27,935,013.54 төгрөг, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан 20 сая төгрөгийн зардлыг тооцож 2.000.000 төгрөг, 2013 оны “А” ХК-ийн борлуулалтын буцаалтын 4.090.000 төгрөгийн 10 хувь болох 409.000 төгрөг, нийт 30.344.013,54 төгрөгийг уг 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 105,952,040.3 төгрөгийн төлбөрөөс хасахыг хариуцагч нараас хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Гомдол гаргагч “Н н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө давж заалдах гомдолдоо: “2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 47.3-д татварын улсын байцаагч нар татвар төлөгч хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд нь туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахаар хуульчилсан.

        Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 32.1-д заасны дагуу ямар баримтад үндэслэн ямар зөрчлийг тогтоосон болох, зөрчил үйлдсэнийг нотлох үндэслэл хангалттай болж чадсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг цуглуулан үнэлж дүгнэсний эцэст шийдвэрээ гаргахаар байна.

        Татварын улсын байцаагч нар татвар төлөгчийн санхүү, татварын тайланг гаргасан нягтлан бодогч нас барж холбогдох тайлангийн тоон үзүүлэлттэй холбоотой тайлбарыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байтал зөрчил бүрээр тайлбарлан танилцуулсан, ярилцлага, мэдүүлэг авахад зөрчлийн дүн батлагдсан гэх үндэслэлгүй тайлбар хийсэн, мөн татвар төлөгчид туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулаагүй, энэ талаар шүүхэд тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй.

        Нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй, мөн татварын улсын байцаагч нар холбогдогчоос мэдүүлэг авч, оролцоог хангаагүй, зөрчилд холбогдох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, шийтгэлийн хуудсыг танилцуулах өдрөө санхүү, татварын тайланд тусгагдсан тоо, мэдээллийн мөн эсэхийг лавласнаа баримтаар нотлогдсон гэж үзсэн, холбогдогчид эрхээ эдлэх боломж олголгүй хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн.

        Шалгалтад хамрагдсан зөрчлийг үгүйсгэх цахилгаан, дулаан, цэвэр ус, холбоо, бичиг хэрэг, шатахуун, хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ, ажилчдын шагнал, урамшуулал, хүлээн авалт, засвар үйлчилгээний зардлыг орлого олсон мэтээр тооцоолол хийж, шийтгэл ногдуулсан.

        Иймд Багануур дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Гомдол гаргагч “Н н” ХХК-аас “Багануур дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол гаргажээ.

        Багануур дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар “Н н” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар тус компани 2013-2015 онд нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар болон үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хоцроож төлсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг давхар тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчлүүдэд 39,098,565.7 төгрөг, нөхөн төлбөрийн 66,853,504.6 төгрөг, нийт 105,952,040.3 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “Н н” ХХК-ийн 2013-2015 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх орлогоо бууруулж, татвараа дутуу төлсөн 33,396,329.77 төгрөгийн зөрчилд ногдуулсан 65,299.70 төгрөгийн хүү, 10,883,277.60 төгрөгийн торгууль, нийт 10,948,577.30 төгрөг,

        Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатайгаар бууруулсан 6,529,966.55 төгрөгийн торгууль, 10,346,55.69 төгрөгийн алданги, нийт 16,876,522.24 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварыг 2013-2014 онуудад хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 43,367.00 төгрөгийн торгууль, 20,836.00 төгрөгийн алданги, нийт 64,203.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 28,450.00 төгрөгийн торгууль, 13,619.00 төгрөгийн алданги, нийт 42,069.00 төгрөг, хувь хүний орлогын албан татварыг 2014 онд хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 2,412.00 төгрөгийн торгууль, 1,230.00 төгрөгийн алданги, нийт 3,642.00 төгрөг, бүгд 27,935,013.54 төгрөг,

        Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан 20,0 сая төгрөгийн зардлыг тооцож 2.000.000 төгрөг, 2013 оны “А т” ХК-ийн борлуулалтын буцаалтын 4.090.000 төгрөгийн 10 хувь болох 409.000 төгрөг, бүгд 30.344.013,54 төгрөгийг 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 105,952,040.3 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцохыг хариуцагч нар хүлээн зөвшөөрчээ.

        Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагч “Н н” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд хяналаа.

        Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 12 дугаар зүйлийн 12.1 /Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна/-д заасан татвар төлөгч болохын хувьд аж ахуйн нэгж, байгууллага нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 /Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана/-т зааснаар жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаах үүрэгтэй.

        Нөгөөтэйгүүр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /2006 оны/ тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна/-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж борлуулсан бүх төрлийн бараанд холбогдох албан татвар ногдуулах учиртай.

        Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1 /татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх/-д заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч албан тушаалтнууд татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ “Н н” ХХК-ийн 2013-2016 оны дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын албанд тайлагнан баталгаажуулсан санхүүгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа материалын данс бүртгэл болон санхүүгийн бусад баримт, анхан шатны баримт материалыг үндэслэснийг буруутгах үндэслэлгүй.

        Тодруулбал, “Н н” ХХК 2013-2016 онуудын борлуулалтын орлогоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус дутуу тусгаж тайлагнасан нь татварын албанд гарган тайлагнасан санхүүгийн тайлангийн баримт бичгүүдээр нэгэнт тогтоогдсоноос үзвэл хариуцагч албан тушаалтнуудын шийдвэр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 /Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ/-д заасанд нийцсэн байна.

        Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг шаардан гаргуулах боломжгүй, тухайн ач холбогдолгүй баримтуудыг үнэлэхгүй бөгөөд “Н н” ХХК-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, сүүлд нөхөн бүрдүүлж өгсөн баримтуудыг үнэлэх боломжгүй.

        Иймд гомдол гаргагчийн “борлуулсан бүтээгдэхүүний өртгийн дүнгээс тооцсон татвар ногдох орлогоо бууруулсан баримттай холбоотой гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх үнэлээгүй орхигдуулсан” гэх гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Гомдол гаргагч “Н н” ХХК-ийн тухайд борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус дутуу тусгаж тайлагнасан нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээр асуудлаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

        “Н н” ХХК-д ногдуулсан хүү, торгууль, алдангийг ногдуулсан шийтгэлийн нийт төлбөрөөс хасахыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул энэ талаарх гомдол гаргагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ гомдлын зарим хэсгийг хариуцагч албан тушаалтан хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон агуулгаар тусгасан нь хоорондоо зөрчилтэйгээс гадна баримталбал зохих хуулийг, хуулийн зүйл, заалтын оновчтой зөв баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсгийг нэгтгэж, “1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 105,952,040.3 төгрөгийн төлбөрийг 30.344.013,54 төгрөгөөр багасган, төлбөрийг 75,648,026.76 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н н” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР