Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01615

 

 

 

 

 

 

 

 

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02593 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***, *** нарт холбогдох, *** талбай бүхий *** 8 нэрийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, ***, хариуцагч нарын өмгөөлөгч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: *** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох ***ын өмчлөлийн *** хаягт байрлах 9x5 хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахаар *** дэлгүүрийг барьсан. Улмаар 8 нэрийн тусгай зөвшөөрөл хөөцөлдсөний дагуу *** ХХК-ийн *** хүнсний дэлгүүрт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны 11 сарын 17-ны өдөр *** тоот спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар *** тоот тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон. Энэхүү тусгай зөвшөөрлүүдийг хөөцөлдөх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тус компанийн захирал *** нь хариуцагч ***д 2018 оны 10 сарын 05-ны өдөр 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл авах асуудлаар бүхий л харилцаанд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, посс машин авах асуудлаар банктай гэрээ байгуулах, бараа материал авахад харилцагчидтай гэрээ байгуулж, тооцоо хийх эрх олгож, мөн өөрийнхөө хариуцагчтай хамтран эзэмшдэг *** ХХК-ийн *** тоот дансны картыг үлдээсэн юм. Учир нь *** нь Япон улс руу ажлын шугамаар явах болсон ба итгэмжлэлийг 8 сарын хугацаатай өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч *** XXK, *** нараас хариуцагч ***д хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл огт олгоогүй атал тэрээр нөхөр *** ын хамт зөвшөөрөлгүйгээр тус компанийн нэр, тусгай зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгө зэргийг ашиглан дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Мөн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч *** нь компанид хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгчид өгөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал *** нь Япон улсаас 2019 оны 05 сард ирсэн ба үүнээс хойш хариуцагч ***гаас дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг бусад бичиг баримт болон дэлгүүрийн барилгыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл шаардлагыг биелүүлэхгүй компанид хохирол учруулж байна. Нэхэмжлэгч *** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *** нь 2018 оны 08 сараас эхлэн 2018 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл өөрийнхөө данс дахь мөнгө болон хүмүүсээс орж ирсэн авлагын мөнгө, түүнчлэн Төв аймагт байсан хонь, ямаа, үхэр зэрэг өөрийн малаа нядлан зарж борлуулаад *** байрлалтай *** хүнсний дэлгүүрийн 45 м.кв талбай бүхий барилгыг дэлгүүрийн зориулалтаар барьсан. *** нь өөрийнхөө барьсан дэлгүүрийг тохижуулах, тусгай зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг бүрдүүлэх гэх зэрэгт өөрөөсөө хөрөнгө оруулалтыг 100 хувь гаргасан. Талуудын хооронд маргаан үүссэний дараа 2019 оны 07 сараас эхлээд сар бүр 350,000 төгрөгийг хариуцагч ***, *** гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Үүнийг хариуцагч ***ос ямар учиртай мөнгө вэ гэж асуухаар ...өрөө өгч байна... гэж хариулсан. Өмнө нь хариуцагч ***, *** нар ***д өртэй байсан. Тодруулбал, Приус-20 маркийн автомашин, ломбардад байсан эд зүйлсийн төлбөр, Приус-30 маркийн автомашиныг тус тус авч өгсөн бөгөөд сар бүр өгсөн мөнгийг бодвол нийт 39,000,000 гаруй төгрөг болсон байснаас 21,000,000 төгрөгийг дэлгүүрийн мөнгө, үлдсэн нь өмнөх өр гэж тайлбарладаг. Гэвч уг 39,000,000 төгрөгийг ямар утга агуулгатай, ямар хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч *** ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй ба *** хүнсний дэлгүүр бол компанийн өмч юм. Гэтэл хариуцагч *** нь өөрт олгосон итгэмжлэлийг далимдуулан бусдын хөрөнгийг хууль бусаар ажиллуулж, ашиг орлого олсон. Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийн хөрөнгөөр *** 8 нэрийн дэлгүүрийг барьсан учир нэхэмжлэгчийг уг дэлгүүрийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

 

2.   Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: *** хүнсний дэлгүүр нь *** хаягт байршилтай хариуцагч *** ын эзэмшлийн газар болон мөн хаягт байршилтай ***, *** нарын өмчлөлийн барилгад үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан *** хаягт байрлах газарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй, хоосон хашаа байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хоосон хашаанд ямар барилга бариад түүнийгээ чөлөөлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий газар дээр гэрчилгээ гараагүй ч засмал зам тавигдсан байсан учир ***, ***, *** нар ярилцаад, улмаар хариуцагч нар дэлгүүр барих хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэж хэлээд харилцан тохиролцсон тул *** мөнгө зээлдүүлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн малаа зарсан гэх боловч тухайн үед малыг нь маллах хүнгүй болсон учир нядалж, мах болгон зарсан, зарахад нь бид хоёр тус болж Сандэй плаза-д нийлүүлсэн. ***аас бид мөнгө зээлнэ гэж ярьсан болохоос биш өөр зүйл болоогүй. Би хамтран эзэмшдэг данснаас авсан мөнгөө тайлбартай нь бичээд *** руу явуулж байсан. Байшинд хариуцагч нар 21,131,500 төгрөгийн зардал гаргаж, буцаагаад 36,450,000 төгрөгийг өгсөн. *** хаягт тухайн үед газрын гэрчилгээ гараагүй байсан. Дэлгүүрийн асуудал яригдаж эхлэхээс өмнө газрын гэрчилгээ гаргуулахаар хариуцагч газар эзэмших хүсэлтээ өгсөн байсан. *** нь дэлгүүрийг *** ХХК-ийн өмч болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн дансанд орсон 39 сая гаруй төгрөг дээр маргадаггүй ба авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Дэлгүүр дамнан баригдсан *** тоот нь талуудын хэн алинд нь хамааралгүй. Хэрвээ нэхэмжлэгч хөрөнгө оруулсан бол ямар нэгэн байдлаар гэрээ, хэлцэл байгуулах ёстой байсан. Хариуцагч ***, *** нар ч гэсэн өөрийнхөө газар дээр байшин бариулах байсан бол хэрхэн хамтран ажиллах талаар нарийн тохиролцох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***, *** нарт холбогдох *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч *** ХХК-ийг *** хаягт байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *** ХХК-аас дутуу төлсөн 179,354 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, хариуцагч ***, *** нараас 249,554 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Иргэн *** болон бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлсэн мөнгөө бидний зүгээс буцаан шилжүүлсэн талаараа үнэн зөв тайлбар өгсөөр атал шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэж, зээлийн төлбөрөө төлсөн талаар бидний өгсөн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. ***ын тухайд зээлийн төлбөр болгон бидний шилжүүлж байсан мөнгөний талаар ямар учиртай мөнгө болох талаар үг үйлдэл гаргаж байгаагүй гэдгийг шүүх анхаарсангүй. Хэдийгээр бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч бидний хооронд зээлийн харилцаа үүссэн тул энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсье.

4.б. Шүүх гэрч ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгодог ч гэрч ***, ***, *** нар дэлгүүрийн эзэн хэн болох талаар огт мэдүүлээгүй, гэрч *** ...дэлгүүрийг *** барьсан, тэр хүн ажиллуулж байгаа... гэж мэдүүлсээр атал нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Дээрх гэрчүүд нь *** болон бидний дунд үүссэн зээлийн харилцааны талаар огт мэдэхгүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, зээлийн харилцаа үүссэн эсэхийг дүгнэх шийдвэрийг гаргахад эдгээр гэрч нарын мэдүүлэг үндэслэл болох учиргүй гэдгийг хэлмээр байна.

4.в. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *** ХХК-ийг ямар үндэслэлээр хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, хүнсний дэлгүүрийг барьсан хөрөнгийн эх үүсвэрийг талууд тодорхой заасан, харин тус данс дахь мөнгө 100 хувь ***ын өмч байсан эсэх, эсхүл хариуцагч нар зээлийн гэрээний дагуу ***аас мөнгө зээлж тус дэлгүүрийг барьсан эсэх асуудал маргаантай байна. Энэ тохиолдолд *** ХХК ямар үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг тодруулах шаардлагатай гэж хүчин төгөлдөр магадлалд заасан асуудлыг тодруулаагүйгээс шалтгаалан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэхүү шаардлагыг *** ХХК гаргах эрхтэй эсэх, *** ХХК-ийг уг үл хөдпөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох эсэхэд үндэслэлтэй дүгнэлт өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, *** гэх хүний өмчлөх эрхтэй холбоотой шаардлага байхгүй бөгөөд *** нь дэлгүүрийн хууль өсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Барилга барихад зарцуулсан мөнгө нь *** ХХК-ийн мөнгө огт биш.

4.г. Шүүхийн хийсэн үзлэгээр маргаан бүхий 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *** ын эзэмшлийн *** хаягт байрлах 699 м.кв талбайтай газар болон эзэмшигчийн талаар маргаантай байгаа гэх *** тоот хаягт байрлах газрын дунд хэсэгт барьсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, уг газар нь *** ХХК-тай ямар ч хамаралгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүх маргаан бүхий 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь *** болон *** тоот хаягт байрлах газруудаас салган авах боломжгүй тул эдгээр газрын өмчлөгч нарын өмч болох учиртай гэж дүгнэж байгаа атлаа уг газруудын өмчлөгч биш *** ХХК-ийг өмчлөгчөөр тогтоож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан талаар хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаж, нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нар гомдол гаргахдаа *** бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлсэн мөнгөө бидний зүгээс буцааж шилжүүлсэн талаар шүүхэд үнэн, зөв тайлбарласан атал шүүх дүгнээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч нар зээлийн харилцаа үүссэн талаар тайлбарлахдаа мөнгө зээлсэн гэж тайлбарладаг боловч хэдэн төгрөг, хэзээ, хаана зээлсэн болох нь тогтоогдоогүй. Иргэний хуулийн *** 2 дугаар зүйлийн *** 4.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Гэтэл талуудын хооронд уг харилцаа үүсээгүй бөгөөд хэдэн төгрөг зээлсэн, шилжүүлсэн талаар нотлоогүй. ***ын хувьд хариуцагч нарт барилга барих мөнгийг зээлдүүлээгүй бөгөөд 100 хувь өөрийн хөрөнгөөр 2018 оны 08 сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд *** ХХК-ийн нэр дээр 8 нэрийн барааны дэлгүүрийг барьсан. *** өөрийн дансны 2018 оны 08 сарын 03-ны өдрөөс мөн оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны орлого, зарлагын гүйлгээ болон уг барилгыг барихад хэдэн төгрөг зарцуулсан, өөрийн малаас хэчнээн мал худалдаж уг барилгыг барьсан талаар баримтуудыг шүүхэд маш тодорхой тайлбарлаж гаргаж өгсөн. *** нь дэлгүүрийг барихад нийт 18,320,900 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс гаргасан. Энэ талаар хариуцагч нар эс зөвшөөрдөг атлаа өөрсдийн хөрөнгөөр барьсан талаар нотолж чаддаггүй. Уг дэлгүүрийг барьж дууссаны дараа 2018 оны 10 сарын 05-ны өдөр *** нь Япон улс руу явсан бөгөөд ***д дэлгүүрийн согтуулах ундааны болон, тамхины зөвшөөрлийг аваарай гэж 8 сарын хугацаатай итгэмжлэл олгосон. *** уг итгэмжлэлийг авч ***ын найз болох н.Ууганбаяраас 10,000,000 төгрөг зээлж дэлгүүрийг дур мэдэн ажиллуулсан. Энэ талаар хариуцагч нар мэдэж 2020 оны 01 сарын 11-ний өдөр газрын гэрчилгээ гаргуулж, 2020 оны 02 сарын 11-ний өдөр үл эдлэх хөрөнгийн гэрчилгээ болон өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авсан тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд өмчлөлийнхөө асуудлыг шийдвэрлүүлсний дараа Улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэж хэргийг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа *** ын өмчлөлийн орон сууцны зориулалтаар баригдсан мэтээр худлаа гарсан. Тухайн үед *** ажилгүй байсан бөгөөд түүний нөхөр *** таксины жолооч байсан бөгөөд орлогогүй байсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Гэрчүүд *** өөрийн малаас худалдаж дэлгүүрийн барилгыг барьсан гэж тайлбарласан. Анхан шатны шүүх уг үл хөдлөх хөрөнгө нь *** ХХК-ийн өмч болохыг тодорхой тайлбарлаж, шүүхийн шийдвэрт тусгасан. Иймд хариуцагч нарын гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***, *** нарт холбогдуулан *** талбайтай бүхий *** 8 нэрийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... тус дэлгүүрийг 2018 оны 08 сараас 2018 оны 10 сарын хооронд миний 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан... гэж тайлбарладаг бол хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...тус дэлгүүрийг ***аас мөнгө зээлдэн авч барьсан, мөнгийг нь буцаагаад төлөөд дуусгасан... гэж тайлбарлан маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /1хх 6, 23/, газар эзэмших эрхийн гэрчилгээ /1хх 24/ зэргээр нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал *** *** хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр, хариуцагч ***, *** нар *** хаягт байршилтай, 45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, хариуцагч *** *** хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тус тус бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Харин маргаан бүхий 45 м.кв талбайтай *** 8 нэрийн дэлгүүр нь *** болон *** тоот газарт дамнуулан барьсан болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. /3хх 15-20/

 

4. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг.

 

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч *** ХХК-ийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд хариуцагч ***, *** нар бүртгэлтэй байх бөгөөд хэргийн баримтаар уг бүртгэлийг хуурамч, буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх ...*** ХХК-ийн төлөөлөгч *** нь дэлгүүрийн зориулалттай барилгыг барихтай холбоотой зардлыг санхүүжүүлсэн нь дансны хуулга, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон... үндэслэлээр нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. 

 

Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу газар эзэмших эрх авч, уг газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан өмчлөх эрхийг тухайн эд хөрөнгө бий болоход мөнгө зарцуулсан гэх үндэслэлээр өөр этгээдийн өмч гэж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

5.а. Түүнчлэн, хэрэгт авагдсан *** дахь *** тоот дансны хуулгаар /1хх 88-96/ маргаан бүхий 45 м.кв талбайтай барилгыг барихад иргэн ***аас мөнгөн хөрөнгө гарсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр *** ХХК-ийг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь тодорхойгүй байна. Энэ талаарх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

5.б. Нэхэмжлэгч *** ХХК-д Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгосон үйл баримт нь уг компанийг хариуцагч ***, *** нарын өмчлөлд бүртгэлтэй 45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэл биш болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ***, *** нарт холбогдуулан гаргасан *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бий болоход зарцуулсан мөнгөн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрхийг энэ магадлал хөндөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ***, *** нарт холбогдуулан гаргасан *** талбайтай бүхий *** 8 нэрийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 250,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР