Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00399

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03768 дугаар шийдвэртэй

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ч.М-Д холбогдох

00-00 УУУ улсын дугаартай, Hyundai HD-120 маркийн, цагаан өнгийн өргөгч машины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С хариуцагч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч А.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М ХХК нь өөрийн өмчлөлийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, KMFLA19AF3C038187 арлын дугаартай, 00-00 УУУ улсын дугаартай, HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машиныг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил хэргийн шаардлагаар Ч.М-ын нэр дээр түр шилжүүлсэн.Ч.М нь манай автомашины өмчлөх эрхийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буцаан шилжүүлэхээр тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа шилжүүлэхгүй элдэв шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Манай компани уг тээврийн хэрэгслийг өнөөдрийн байдлаар эзэмшиж ашиглаж байна. Иймд 00-00 УУУ улсын дугаартай HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машины өмчлөх эрхийг хэлцлийн дагуу нэхэмжлэгч М ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие М ХХК-ийн эзэмшлийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, KMFLA19AF3C038187 арлын дугаартай, 00-00 УУУ улсын дугаартай, HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машиныг түр хугацаагаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь үнэн. Гуравдагч этгээдийн тайлбарт дурдагдсан мөнгө төлж байсан тухайд бол автомашиныг ашиглаж байх хугацаандаа зээлийг төлөх нь миний үүрэг байсан, 50,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг 7,000,000 төгрөг төлөөд авна гэж байхгүй. Үнийг төлөөгүй тул буцаан өгсөн гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: М ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.М-Д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Б.М миний бие нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ч.М нь Б.М миний нөхөр юм. Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Ч.С нь нөхөр Ч.М-ын төрсөн эгч. Нөхөр бид хоёр амьдралаа дээшлүүлэх гэж 2015 онд банкнаас зээл авах гэтэл шаардлагад нь нийцэхгүй байсан тул эгч Ч.С-т хэлж, түүний компанийн нэр дээр зээл авч, өөрсдөө cap бүр төлөхөөр тохиролцсон. Үүнийг Ч.С зөвшөөрч зээл авч байсан. Ингээд бид эгч, дүү, бэр учраас 2015 оны 3 дугаар сард Ч.С эгчийн эзэмшлийн М ХХК-ийн нэр дээр Голомт банкнаас 20,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авч, 00-00 УУУ улсын дугаартай HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машиныг худалдан авсан. Нөхөр бид хоёр 2015 оны 03 дугаар сараас хойш cap бүр 1,100,0001,200,000 төгрөгийг Голомт банкинд тушаан зээлийг бүрэн төлж дуусгасан учир 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. 2015 оны 03 дугаар сард машиныг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл нөхөр Ч.М нь өөрөө болон бусад хүмүүсээр жолоодуулан ажил гүйцэтгэж амьдралаа авч явдаг. Энэ хугацааны тээврийн хэрэгслийн даатгал, бусад төлбөрийг бид л төлж ирсэн. Миний бие энэ машины төлбөрт 2017 оны 05 дугаар сарын 30-нд 1,210,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 1,205,500 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-нд 1,180,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 1,156,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-нд 1,037,037 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-нд 1,100,000 төгрөг, нийт 7,292,537 төгрөгийг Голомт банкинд биечлэн төлсөн. Мөн өөр баримт надад байсан боловч алга болсон байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 00-00 УУУ улсын дугаартай, HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч автомашины эзэмших эрхийг нэхэмжлэгч Х ХХК /хуучин нэрээр М ХХК/-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Ч.М-Д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож гэр бүлийн маргаан шийдвэрлэгдэх явцад хуурамчаар хэлцэл байгуулж дундын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгчийн зүгээс гэр бүлийн маргаанаас үүдэлтэй хэрэг дээр өрийн асуудал улам нэмэгдэх учраас бүх эд хөрөнгөө дундын эд хөрөнгө гэж үзэх шаардлагагүй гэх зүйлийг хэлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж харж байна. Маргаан бүхий автомашин хариуцагчийн эзэмшилд 2015 оноос хойш байсан нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой татгалзал нь үндэслэлгүй гэж дүгнэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гуравдагч этгээдийн гаргасан гомдолд Ч.М, Б.М нар амьдралаа дээшлүүлэхээр 2015 онд банкнаас зээл авах гэтэл банкнаас тогтоосон тодорхой шаардлагыг хангаагүй байсан тул Ч.С эгчид хэлж, түүний компанийн нэр дээр зээл авч өөрсдөө сар бүр төлөхөөр тохиролцсон гэж худлаа бичсэн байна. Тухайн үед Ч.М, Б.М нар хамтран амьдарч байгаагүй, салж тусдаа амьдраад 7-8 жил болж байсан. Б.М манай бэр байгаагүй, ямар нэгэн холбоогүй, уулзаж байгаагүй. Хоёрдугаарт, компанийн нэр дээр авсан автомашиныг ашиглаад орж ирсэн орлогоос төлж байсан зээлийн төлөлтүүдийг Ч.М өөрөө төлсөн мэтээр хэлсэн. Зээлийг 2015 онд авсан, Ч.М, Б.М нар 2017 онд эргэж хамтран амьдарсан. Сүүлийн хэдэн жил Б.М гэртээ байж, Ч.М ажил хийдэг байсан. Ч.М ажилтай байх үедээ Б.М-ыг банк руу явуулж зээлийн төлөлтүүдээ хийлгэснийг өөрөө төлсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Гуравдугаарт, Ч.М, Б.М нар автомашиныг худалдаж аваагүй, үнэ төлсөн баримт байхгүй. Б.М-ын худлаа яриад байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Зохигч эгч дүү учраас дүр үзүүлж хэлцэл хийсэн, өөр нотлох баримтыг үнэлээгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт давхар нотлогдсон. Эдгээр баримтуудаар зээл авсан нь үгүйсгэгддэг. Хариуцагч, гуравдагч этгээд нар 2018 онд гэр бүл болсон, өмнө нь тусдаа амьдарч байсан бөгөөд тухайн автомашиныг бүртгүүлэх болон зээл авах үед гэр бүлийн харилцаа үүсээгүй байсан. Энэ нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа болон хариуцагч, гуравдагч этгээдээс гаргаж өгсөн гэр бүлийн маргаантай холбоотой нотлох баримтаар нотлогдоно. Талуудын хооронд гэрээ хэлцэл хийгдсэн. Талууд хоорондоо тохиролцоод эд хөрөнгөө шилжүүлэх гэхээр гэр бүлийн маргаан үүссэнтэй холбоотойгоор шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч эд хөрөнгө шилжүүлэхийг хязгаарласан. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Уг захирамжид гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Тухайн үед Б.М төлөөлөгч, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар бичгээр гаргасан гомдолдоо дурдаагүй атлаа шүүх хуралдаанд амаар тайлбарлаж байна. Тухайн үед хариуцагчийн зүгээс эхлээд автомашинд холбогдох маргааныг шийдвэрлүүлж, дараагаар нь гэр бүлийн маргааныг шийдвэрлүүлэх байр сууриа илэрхийлсэн. Энэ хүрээнд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ч.М-Д холбогдуулан автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган М ХХК нь өөрийн өмчлөлийн өргөгч машиныг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил хэргийн шаардлагаар Ч.М-ын нэр дээр түр шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буцаан шилжүүлэхээр тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа шилжүүлээгүй. Манай компани уг тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байна. гэж тайлбарласан. Хариуцагч Ч.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, гуравдагч этгээд Б.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн компанийн нэр дээр 20,000,000 төгрөгийн зээл авч өргөгч машиныг худалдаж авсан. Зээлийг бүрэн төлж дуусгасан учир тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. Тээврийн хэрэгслийн даатгал, бусад төлбөрийг бид төлж ирсэн гэж маргасан.

3. Анхан шатны шүүх хариуцагч автомашины үнийг төлсөн гэх баримтгүй, ашиглаж байх хугацаандаа зээлийн төлбөр, татвар, даатгалыг төлж байсан нь өмчлөлдөө шилжүүлэн авах үндэслэл болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2021/01729 дугаар захирамжаар Б.М-ын нэхэмжлэлтэй Ч.М-Д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй үндэслэлэээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн /хх-ийн 59-60/, шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2022/09748 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна. /хх-ийн 86/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргана. Гэвч Б.М-ын нэхэмжлэлтэй Ч.М-Д холбогдох дээрх иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй буюу түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Б.М-ын нэхэмжлэлтэй Ч.М-Д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт маргааны зүйл болох автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар маргаантай тохиолдолд энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжтой эсэхэд анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

5. Дээрх байдлыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН