Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2023/00243

 

 

 

 

 

 

 

 

2023 01 25 210/МА2023/00243

 

 

Ц- гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03196 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц- гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б нарт нарт холбогдуулан гаргасан

гэм хорын хохиролд 1,189,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57а байр, А хэсэг * тоот хаягт байршилтай 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн хөрөнгийг Электрик ком ХХК эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 10 минутад дээрээс ус алдсан тул орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 дуудлага өгсөн. Дуудлагын дагуу сантехникийн засварчин Г ирж манай дээд давхрын * тоот айлд орж үзээд ариун цэврийн өрөөний тосгуурын холигчийн уян холбоо задарч ус алдсан болохыг тогтоосон. Тухайн өдөр ус алдсанаас миний эд хөрөнгөд 756,560 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгосон болно.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээд айл болох * тоот оос дахин ус алдсан. Үүний хохирол 433,100 төгрөг болохыг мөн үнэлгээний байгууллагаар тогтоосон. Би анх нэхэмжлэл өгөхдөө * тоот ын өмчлөгчийг Б гэж ойлгож байсан бөгөөд ажиллагааны явцад тухайн орон сууцны өмчлөгч С болох нь тогтоогдсон тул буруутай этгээдээс нь надад учирсан 1,189,660 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б ы тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Б нь нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш. Харин С нь * тоот ын өмчлөгч боловч түүний буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.

3. Хариуцагч С ын тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 57а байрны * тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч ба тухайн орон сууцны сангийн тоноглол хэвийн, бусдад ямар нэг байдлаар гэм хор учруулах боломжгүй. Нэхэмжлэгч орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын гаргасан тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид учирсан хохирол нь миний буруугаас учирсан нь тогтоогдохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус орон сууц нийтийн орон сууцны зориулалтаар төлөвлөгдөн баригдсан бөгөөд үйлчилгээний зориулалтаар өөрчлөхдөө холболтын алдаа гаргасан байж болзошгүй болохыг дурдах нь зүйтэй байна гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: * тоот ын өмчлөгчөөс нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С аас 756,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 433,100 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С аас 22,708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц- д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С аас 759,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 433,100 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байхад шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Шүүх хөндлөнгийн байх зарчим, диспозитив зөрчин талуудын тайлбарыг үндэслэдэг бөгөөд шүүх өөрөөр зохигчдын гаргасан зарим нотлох баримт, тайлбарын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө талын баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц- нь хариуцагч Б нарт нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,189,660 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрчилгээгээр С нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө 57а байрны * тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх тул хариуцагч Б ыг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч биш болох талаар зөв дүгнэж, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр С ын өмчлөлийн дээрх орон сууцны ариун цэврийн өрөөний тосгуурын холигчийн уян холбоо задарч ус алдсаны улмаас Ц- гийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57а байр, А хэсэг * тоот хаягт байршилтай 215 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хохирол учирсан болох нь талуудын тайлбар болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 246 тоот албан бичиг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, үйл баримтыг зөв тогтоожээ. /хх5, 6-20/

5. Хариуцагч Б. Сувд нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4 дэх хэсэгт тус тус зааснаар өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглахдаа бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх үүргийн хүрээнд Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж үүргээ биелүүлээгүйгээс түүний өмчлөлийн орон сууцны ариун цэврийн өрөөний тосгуурын холигчийн уян холбоо задарч ус алдсанаас нэхэмжлэгч Ц- гийн эд хөрөнгөд хохирол учирчээ. Иймд тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг тэрээр хариуцан арилгах үүрэгтэй.

6. Хариуцагч С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...тухайн орон сууцны сангийн тоноглол хэвийн, бусдад ямар нэг байдлаар гэм хор учруулаагүй, тус орон сууц нийтийн орон сууцны зориулалтаар төлөвлөгдсөн баригдсан бөгөөд үйлчилгээний зориулалтаар өөрчлөхдөө холболтын алдаа гаргасан байж болзошгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

7. Хариуцагч С нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитойгоор үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учрахад хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан хохирол учирсан зэрэг нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч, хариуцагч С аас хохиролд 756,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 433,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

9. Нэхэмжлэгч нь дахин ус алдсаны улмаас 433,100 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба уг хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй тул шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ .

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН