Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00303

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00303

 

 

Г.хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02810 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.х

Хариуцагч: х ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагчийн төлөөлөгч Б.б, хариуцагчийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г.х 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр х ХХК-тай сарын 1,500,000 төгрөгөөр цалинжиж ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Говьсүмбэр аймгийн Чойр салбар дахь МЧХ-1,2 Талбайн эрхлэгч албан тушаалд ажилд орсон.

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Зүрх өвдөөд ажлаас чөлөө авч, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 12 дугаар сарын 24-ний өдөр хэвтэн эмчлүүлж 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зүрхний хагалгаанд орсон. Эмнэлгээс гарч хагалгааны дараах гам барьж гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлж байсан. Үүнтэй холбоотой эмчийн магадлагаа бичиг баримтуудыг ажилдаа хүргүүлсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр х ХХК-ийн гүйцэтгэх захирлын ЗТ-22/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан бөгөөд энэ тухай надад мэдэгдээгүй. Би хагалгааны дараах гам барьж байх хугацаанд ажлаас холбогдож ажлаас халсан тухай мэдэгдсэн. Надад тушаалтай танилцах боломж байгаагүй.

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ковид-19 цар тахлын шинжилгээ эерэг гарч 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хөл хорионы дэглэм сахих шаардлагатай болсон. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тушаалаа авахаар Ерөнхий нягтлантай холбогдоход ...тушаалаа авч болно тооцоо нийлсэн актад гарын үсэг зураад аваарай гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурж тушаалтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг дурдсан боловч энэ заалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалт.

1.2 х" ХХК-ийн Чойр салбар нь татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Сүхбаатар дүүргийн хувьд байгуулагдаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цапинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Г.хийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн талбайн эрхлэгчээр томилон ажиллуулсан. х ХХК нь УБТЗ ХНН-тэй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ТГ/21/085 тоот Түрээсийн гэрээ байгуулан Говьсүмбэр аймаг, Чойр өртөөний МЧХ-н 20,500 м.кв талбайтай нийтийн хэрэглээний зам дагуу ачиж буулгах хашаажуулсан талбайг 1 м.кв талбайг 250 төгрөгөөр нийт сарын төлбөр 5,125,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан хэдий ч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УБТЗ ХНН-ийн 03/2264 тоот албан бичгээр түрээсийн гэрээний үнийг нийт 1 м.кв талбайг 7,000 төгрөг нийт 82,200,000 төгрөгөөр түрээслэх, түрээсийн гэрээний хугацаа сунгах болсон гэх мэдэгдлийг ирүүлсэн. Тиймээс аргагүйн эрхэнд түрээсийн өндөр үнийн шахалт дарамтанд орж түрээсийн гэрээ дуусгавар болж, компанийн үйл ажиллагаа дампуурсан.

2.2 Компанийн цорын ганц үйл ажиллагаагаа явуулж байсан Говьсүмбэр аймаг дахь Чойр салбарын түрээсийн талбайг УБТЗ ХНН нь өөрийн мэдэлд авах болсноор тус компани нь Г.хийн ажлын байрыг цомхотгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.хийг хариуцагч х ХХК-ийн Чойр МЧХ 1, 2 талбай эрхлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч х ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,616,576/арван гурван сая зургаан зуун арван зургаан мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.хт олгож, хариуцагч х ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, үлдсэн 8,383,484/найман сая гурван зуун наян гурван мянга дөрвөн зуун наян дөрөв төгрөгийн олговрыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Г.хийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226,032 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 х ХХК-ийн төлөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг Т.от нэг жилийн хугацаатай олгосон. Гэтэл шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр товлосон боловч хариуцагч компанийн гүйцэтгэх захиралд мэдэгдээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.от утсаар мэдэгдсэн байх боловч хурал болох тухайн өдөр Короновирусын халдвар авсан тухайгаа мэдэгдсэн. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй хуралд оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааныг хэлж хурал хойшлуулах тайлбар, хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэсэн.

Мөн хариуцагчийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй бөгөөд хэргийн материалтай танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

4.2 Анхан шатны шүүх хариуцагчийн орон тоо цомхотгосон үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа хариуцагч хүчингүй болсон хуулийн заалтын баримтлан тушаал гаргасан гэх хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд техникийн алдаа гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг бичсэнийг шүүх хуралдаанд мэдсэн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй ба энэ нь нэхэмжлэгчээс бусад ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаал бүхий баримтаар нотлогдоно. Энэ нь хуучин хуулийг баримтлан халсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн тушаалд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль гэж тухайлан зааж бичээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь ирж оролцсон байдаг. Гүйцэтгэх захирал нь шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж байна. Хурлыг цааш үргэлжлүүлсэн. Хурал оролцохдоо эрх, үүрэгтэй танилцаж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хэргийн материалтай танилцсан. Хуулийг ойлгоогүй буюу буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Байгууллагын орон тоо бүтэц өөрчлөгдсөн тухай яригдаж байна. Хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Ажлаас халагдсан тушаалыг гардаж аваад 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогч ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан маргааны гол зүйл тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүх хэлэлцдэг. Энэ асуудал дээр хариуцагч тал 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж тушаал гаргасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г.х нь хариуцагч х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн 25 дугаар талд хариуцагч х ХХК-аас Т.от 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр итгэмжлэл олгосон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй, хариуцагчийн төлөөлөгч хуралдаанд оролцсон байна. /хх 28/ Хариуцагчийн төлөөлөгч Б.бод эрх, үүрэг тайлбарлан гарын үсэг зуруулсан баримт авагдсан байх боловч хэргийн материал танилцуулаагүй байна.

3.1 Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.бод хэргийн материал танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангана.

Иймд мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН