Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/02810

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/02810

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ч/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК/РД: / холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой ******* би 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр*******ХХК-тай сарын 1,500,000 төгрөгөөр цалинжиж ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Говьсүмбэр аймгийн Чойр салбар дахь МЧХ-1,2 Талбайн эрхлэгч албан тушаалд ажилд орсон. Говьсүмбэр аймгийн Чойр хотод байрлаж ажилладаг байсан. 2022 оны 6 дугаар сараас миний цалинг 2,000,000 төгрөг болгож нэмсэн.

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Зүрх өвдөөд ажлаас чөлөө авч Улаанбаатарт ирж, шинжилгээ, үзлэгийн цаг зэргээс шалтгаалан cap гарангийн хугацаанд саатсан. Улсын гуравдугаар төв эмнэлэгт 12 дугаар сарын 24-ний өдөр хэвтэн эмчлүүлж 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Зүрхний хагалгаанд орсон. Эмнэлгээс гарч хагалгааны дараах гам барьж гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлж байсан, үүнтэй холбоотой эмчийн магадлагаа бичиг баримтуудыг ажилдаа хүргүүлсэн. Би ажиллах хугацаандаа сахилгын болон өөр бусад зөрчил гаргаж байгаагүй болно. Хамт ажиллаж байсан хүмүүс үүнийг мэднэ.

Гэтэл хүнд өвчний улмаас хагалгаанд орж эмчлүүлж байх хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын ЗТ-22/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан бөгөөд энэ тухай надад мэдэгдээгүй, Миний бие хагалгааны дараах гам барьж байх хугацаанд ажлаас холбогдож ажлаас халсан тухай мэдэгдсэн миний хувьд тушаалтай танилцах боломж байгаагүй мөн 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр миний бие дахин өвдөж 2022 оны 2 д сарын 1-ны өдөр Ковид-19 цар тахлын шинжилгээ эерэг гарч 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хөл хорионы дэглэм сахих шаардлагатай болсон. 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тушаалаа авахаар Ерөнхий нягтлантай холбогдоход тушаалаа авч болно Тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зураад аваарай гэж хэлсэн. Энэ тухай Файсбуук цахим хаягаар харилцсан баримт хавсаргав.

Ингээд 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсны дараа ажлаас халагдсан тушаалаа гардан авч танилцахад Үндэслэл хэсэгт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэх заалтыг дурдсан боловч энэ заалт нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалт болно.

Тушаалын Нэг дэх хэсэгт Байгууллага болон түүний салбар, нэгж орон тооны цомотгол хийгдсэн тул... гэж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 болон 60.4-т заасны аль нь болохыг дурдаагүй байна. Миний ажиллаж байсан Арвин зам ложистикс" ХХК-ийн Чойр салбар нь татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэв намайг орон тооны цомхтголоор халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 60,4-т зааснаар адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах ёстой байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар халах шийдвэр гаргах гэж байгаагаа надад мэдэгдэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Түүнчлэн ээлжийн амралтын мөнгө, лист/Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж/ зэргийг миний дансанд шилжүүлэлгүй өр төлбөрт суутгаж авсан. Өвчтэй байх хугацаанд цалин хөлс олголгүй ажлаас хапсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154, 155, 156 дугаар зүйлүүдэд зааснаар тус маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан боловч Арвин зам ложистикс ХХК нь 156 дугаар зүйл заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс" байгуулаагүй мөн 155 дугаар зүйлд заасан Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Сүхбаатар дүүргийн хувьд байгуулагдаагүй байдалтай байгаа тул тус хуулийн 154 дугаар зүйл 154.2.1, 158 дугаар зүйл 158.2, 158.2.2-т тус тус зааснаар ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш эмнэлэгт байсан. Тэр хүн шууд ажилдаа орчих байсан. Урьд нь хувийн харилцаа байсан байж болно. Талбай эрхлэгчийн ажлаас эхэлж халж байгаа нь асуудалтай.

Сарын дундаж цалингаар тооцож үзсэн. Ажлын 22 хоногоор бодохоор 242 өдөр болж байна. 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хэрэг маргаан шийдвэрлэж дуусах өдөр хүртэлх цалин 22,000,000 төгрөг болж байна.

Иймд*******ХХК намайг үндэслэлгүй ажлаас хапсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цапинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Г.*******ийн өмгөөлөгч А.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь ажлаас халсан тушаал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэнэ. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Ажлаас халсан тушаал үндэслэлгүй. Орон тоо цомхотгосон тушаал гаргаагүй. Тэгэхээр орон тоо цомхотгосон зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч*******ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч Б.Оюунболд тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд хандан гаргасан иргэн Г.*******ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлд хариуцагч*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар би дараах тайлбарыг гаргаж байна.

Г.*******ийг 2021 оны 02 сарын 01-ний өдөр тус компанийн талбайн эрхлэгчээр томилон ажиллуулсан. Ажилд авах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг байсан.

Арвин зам ложистик ХХК нь УБТЗ ХНН-тэй 2021 оны 03 сарын 17-ны өдөр ТГ/21/085 тоот Түрээсийн гэрээ байгуулан Говьсүмбэр аймаг, Чойр өртөөний МЧХ-н 20,500 м2 талбайтай нийтийн хэрэглээний зам дагуу ачиж буулгах хашаажуулсан талбайг 1 м2 талбайг 250 төгрөгөөр нийт сарын төлбөр 5,125,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, түүхий нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Дээрх гэрээний дагуу компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан хэдий ч 2021 оны 12 сарын 16-ны өдөр УБТЗ ХНН-ийн 03/2264 тоот албан бичгээр түрээсийн гэрээний үнийг нийт 1м2 талбайг 7,000 төгрөг нийт 82,200,000 төгрөгөөр түрээслэх, түрээсийн гэрээний хугацаа сунгах болсон гэх мэдэгдлийг ирүүлсэн. Бидний зүгээс үнийн саналыг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөх боломжгүй учир түрээсийн үнийг буруулах талаар санал гаргасан хэдий ч хүлээж аваагүй. Тиймээс аргагүйн эрхэнд түрээсийн өндөр үнийн шахалт дарамтанд орж түрээсийн гэрээ дуусгавар болж, компанийн үйл ажиллагаа дампуурсан юм.

Компанийн цорын ганц үйл ажиллагаагаа явуулж байсан Говьсүмбэр аймаг дахь Чойр салбарын түрээсийн талбайг УБТЗ ХНН нь өөрийн мэдэлд авах болсноор тус компани нь иргэн Г.*******ийн ажлын байрыг цомхотгоос өөр аргагүйд хүрсэн юм. Мөн иргэн Т.******* гэлтгүй бусад ажилчдынхаа ажлын байрыг цомхотгоод байгаа юм.

Коронагийн хүнд үед харин ч урамшуулал олгож, цалин нэмсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 1000 төгрөгийн үнэтэй ус маргааш 20,000 төгрөг болох жишээний байгаа. Ажил тийм болоход зогсоно шүү дээ. Ажлаас халсан үндэслэл нь манай талбайгаас 500 тонн нүүрс алга болсон. Өөрийн дуудсан боловч очих шаардлагагүй гэсэн. Ямар ч хариуцлага байхгүй. Оноос өмнө ачих үүрэг хүлээсэн. 500 тоннын нүүрсийн асуудлаар шүүхэд хандана. Болохгүй бол утсаар ярих ёстой байсан. Утасруу нь залгахаар авдаггүй. Сарын хугацаанд залгасан. Хариуцлага гэдгийг ярих ёстой.

Иймээс компанийн ажлын байрыг цомхотгож, Г.*******ийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эрүүл мэндийн яамны 2022 оны 02 дугаар 23-ны өдрийн Эмнэлэгийн магадлагаа, Улсын гуравдугаар эмнэлэгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №1/269 тодорхойлолт, УГТЭ-ийн Өвчний түүхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан*******ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №03/2264 Гэрээний төлбөрийн талаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №10/742 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №ТГ/21/85 Түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЗТ-22/04 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗТ-22/04 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗТ/22-05 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЗТ-22/06 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч*******ХХК-д холбогдуулан Чойр салбар дахь МЧХ-1, 2 талбайн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч*******ХХК нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Чойр салбар дахь МЧХ-1, 2 Талбайн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн орон тооны цомхотгол хийгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болгосон болох нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.1аж ахуйн нэгж ... салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэж заасан.

 

Хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/2022 он/ 166 дугаар зүйлийн 166.1Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/2022 он/ 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар тушаалыг гаргахдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргах үүрэгтэй байсан боловч тус тушаал нь хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийг/1999 он/ үндэслэл болж гарсан байх тул хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзнэ.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1аж ахуйн нэгж, байгууллага ... ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;, 80.4Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1 ... 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ... шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасан.

Хариуцагч нь Чойр салбар дахь МЧХ-1, 2 Талбайн эрхлэгч ажлын байр цомхотголд орсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар төмөр замтай № ТГ/21/85 Түрээсийн гэрээ байгуулсан болох нь № ТГ/21/85 Түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ ТГ/21/85 Түрээсийн гэрээний 4-ийн 4.1.1-т заасан 20,500 м.кв талбай болон замын нэг сарын төлбөр нийт 5,445,000 төгрөг байсан боловч нэг талын санаачлагаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 82,200,000 төгрөг болсонтой холбоотой талууд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс № ТГ/21/85 Түрээсийн гэрээг дуусгавар болгосон болох нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна.

 

Түрээсийн төлбөр огцом нэмэгдсэнтэй холбоотой хариуцагч нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж Чойр салбар дахь МЧХ-1, 2 Талбайн эрхлэгчийн ажлын байрыг цомхотгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь ТГ/21/85 Түрээсийн гэрээний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Чойр салбар дахь МЧХ-1, 2 Талбайн эрхлэгчийн ажлын байр хасагдсан болох нь ТГ/21/85 Түрээсийн гэрээний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна.

 

Гэвч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/2022 он/ 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 80.1.1 дэх заалтад заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар тушаал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарчээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/2022 он/ 43 дугаар зүйлийн 43.2Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/2022 он/ 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчсөн байна.

 

Хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗТ-22/01 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн/2022 он/ 43 дугаар зүйлийн 43.2, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг зөрсөн байх тул хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Чойр салбар дахь МЧХ-1, 2 Талбайн эрхлэгчийн ажлын байранд эгүүлж тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу ажлын 18/арван найм/ хоног, 10/арав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт хариуцагчаас нийт 13,616,576/2,000,000+700,000+1,076,030=3,776,030, 3,776,030:3=1,258,676, 1,258,676:22=57,212, 10x1,258,676=12,586,760, 57,212x18=1,029,816, 12,586,760+1,029,816=13,616,576/ /арван гурван сая зургаан зуун арван зургаан мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 8,383,484/22,000,000-13,616,576=8,383,484/ /найман сая гурван зуун наян гурван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна. гэж заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 21-ын 1-ийн 1даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 21-ын 1-ийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;, 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:, 2-ын 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ын 1, 21-ын 1-ийн 1, 21-ын 1-ийн 7-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан нийгмийн даатгалын албан журмын даатгуулагчид хамаарч байх ба харин хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ийг хариуцагч Арвин зам ложистик ХХК-ийн Чойр МЧХ 1, 2 талбай эрхлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч Арвин зам ложистик ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,616,576/арван гурван сая зургаан зуун арван зургаан мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, хариуцагч Арвин зам ложистик ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, үлдсэн 8,383,484/найман сая гурван зуун наян гурван мянга дөрвөн зуун наян дөрөв төгрөгийн олговрыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226,032 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ийг хариуцагч Арвин зам ложистик ХХК-ийн Чойр МЧХ 1, 2 талбай эрхлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч Арвин зам ложистик ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,616,576/арван гурван сая зургаан зуун арван зургаан мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, хариуцагч Арвин зам ложистик ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, үлдсэн 8,383,484/найман сая гурван зуун наян гурван мянга дөрвөн зуун наян дөрөв төгрөгийн олговрыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Арвин зам ложистик ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226,032 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ