Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00281

 

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00281

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04958 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Орц, гарц гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, хариуцагчийн төлөөлөгч И.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/101 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 332 м.кв газар эзэмшдэг. Гэтэл Б ХХК нь А-ын үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, ТБТЭ ХХК-ны баруун талын *** тоот газартаа орох орц, гарц болох 65 м.кв газраас 15 м.кв газрыг ТҮЦ-ээр хааж үйл ажиллагаа явуулах аргагүй болгон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн.

Улмаар орц, гарцаа чөлөөлүүлэх талаар холбогдох байгууллагад удаа дараа хандсан бөгөөд Нийслэл, дүүргийн газрын албанаас тухайн компанид эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, илүү талбай ашиглаж байгаа зөрчил гаргасан тул газар чөлөөл гэсэн мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч маргаан гаргаж, орц гарцыг чөлөөлөөгүй.

Иймд Б ХХК-ийн захирамжаар олгогдсон газраасаа илүү эзэмшиж, байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж орц, гарц гаргахыг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар захирамжаар газар эзэмших зөвшөөрөл авсан. А- нь бидний тохижуулсан газарт 2001 онд ирж буусан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дараа газрыг эзэмшиж эхэлсэн ба өмнө авсан хүний газраас орц, гарц гаргуулах үндэслэлгүй.

Хариуцагч хашаа бариагүй тул нэхэмжлэгч өөрийн газар руу чөлөөтэй нэвтэрч байгаа. Нэхэмжлэгч орц, гарц гаргахыг даалгах шаардлага гаргасан ч аль хэсгээр нь гаргуулах нь ойлгомжгүй, үүнийг тодруулах шаардлагатай юм.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-д өөрийн эзэмшлийн 1332202266 нэгж талбарын дугаартай газраас илүү гаргаж ашиглаж байгаа газрыг чөлөөлөх замаар нэхэмжлэгч А-ын эзэмшлийн 1332202*** нэгж талбарын дугаартай газарт орц, гарц гаргахыг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах, үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь үзлэг хийж хэмжих тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан. Энэ нь нотлох баримтад тулгуурлан мэтгэлцэх, маргааны бодит нөхцөл байдлыг тогтоох боломжийг олгоогүй. Учир нь нэхэмжлэгч хэд хэдэн захирамжаар газар эзэмшдэг бөгөөд нэхэмжлэлд дурдсан захирамжаар гарц, орц гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн шүүгчээс татгалзах хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн.

4.2. Шүүх маргааны бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Б ХХК нь нэхэмжлэгчийг ирэхээс өмнө уг газрыг эзэмшиж байсан бөгөөд ТҮЦ буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зориулалттай байшин нь анх байсан газраа л байгаа, гэтэл нэхэмжлэгч хариуцагчаас сүүлд ирж хариуцагчийн байшинтай залгаж байшин барьсан атлаа хариуцагчийг байшингаа холдуулах ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гарц орц гарах тухай асуудал нь хариуцагчийн байшинг холдуулах замаар орц гарц гарах талаар дурдаагүй, өөр газраар орц гарц гаргах боломжтой бөгөөд асуудлыг газар дээр нь үзлэг хийх замаар тодруулах шаардлагатай байсан.

4.3. Шүүх үйл баримтыг буруу дүгнэсэн. Газар эзэмших захирамжийн талаар шүүхэд хандаагүй байна гэж шүүх дүгнэсэн хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Нийслэлийг Засаг даргад хандсан бөгөөд хариу ирээгүй бөгөөд хариу ирэхээр шүүхэд хандах эсэх асуудал шийдэгдэнэ.

4.4. Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт нь газрын албанд байгаа бөгөөд хэрэгт байгаа баримт, газрын албаны хувийн хэрэгт байгаа баримт нар зөрүүтэй байдаг, баримтыг засварласан талаар хариуцагч хэлдэг.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Баталгаажсан кадастрын зураг хэрэгт авагдсан. Би өөрийн газраас тасалж, орц, гарц гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан эхлэхэд татгалзал байхгүй гэсэн атлаа шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан. Шүүгч хууль ёсны дагуу шийдвэр гаргасан. Би өөрийн газраа ашиглах эрхтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан өөрийн эзэмшиж буй газарт зөвшөөрөлгүй байрлуулсан эд зүйлийг нүүлгэх, орц, гарц гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, ТБТЭ-н баруун талд А- нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01110-А/289/2021 тоот захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар нэгж талбарын 1332202*** дугаартай, 326 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг /хх 32/,

Б ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар нэгж талбарын 1332202266 дугаартай, 512 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь тус тус тогтоогдсон, дээрх газрууд нь хөрш залгаа байршилтай талаар зохигч маргаагүй /хх 159/.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг 15 м.кв газрыг чөлөөлүүлэх, эсхүл 3.5 метр газрыг чөлөөлүүлэх замаар орц, гарц гаргахыг даалгах гэж зөрүүтэй тодорхойлсныг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу болжээ.

Түүнчлэн хөрш залгаа газруудын аль хэсгээр ямар хэмжээтэй газарт орц, гарц гаргах нь тодорхой бус, ойлгомжгүй байхад анхан шатны шүүх уг үйл баримт, үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүйгээс гадна шийдвэрийг албадан гүйцэтгэх боломжгүй болгожээ.

 

3.2. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзал, тайлбараа нотлох, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж маргаан бүхий газар үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/27613 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Шүүхийн зүгээс маргаан бүхий газарт үзлэг хийснээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт нэвтрэх орц, гарц бодитоор хаагдсан эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон үйлдэл, эс үйлдэл гаргасан эсэх үйл баримтыг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хаана, ямар шалтгааны улмаас зөрчигдсөн нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/2165 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01-08/3357 дугаар албан мэдэгдэл, кадастрын зураг зэргээр нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газартаа нэвтэрч үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлтэй.

 

4. Дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй ба хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш гаргасан татгалзах хүсэлтийг шүүгч хүлээн аваагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04958 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ