Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч: Б.Ө, Ц.Бнар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө, Ц.Бнарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705017080881 дугаартай хэргийг  2018 оны 10 дүгээр сарын 16–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Этүгэн Хөх Ус” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... 3 жил хорих ялыг 1 жил тэнсэж, хянан харгалзсаныг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, ...тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б, 1994 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 ахын хамт ..., тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ө, Ц.Бнар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” нэртэй бааранд иргэн Ж.Мг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Өын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....М, Д гэх манай хуурай ах, дүүтэйгээ гурвуулаа орж ирж манай баараар үйлчлүүлсэн. Намайг байнга дуудаад байсан. Д ахтай маргалдаж байхад М салгасан ба санаандгүй тохойдсондоо харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч М намайг цохихоор нь би зөрүүлээд цохьсон” гэв.

Хохирогч Ж.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би өөрийн найз Д, түүний төрсөн дүү Бямбаагийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “+25” нэртэй бааранд шөнө 02 цагийн үед орсон. Тэгээд баарны цаад талд байрлах пабад нь суугаад 1 шил 0,75 грамм архи уусан. Уг баарны зохион байгуулагч Ө гэх залууг Д дуудаад хоорондоо мэндлээд юм яриад манай ширээнд суусан. Тэгснээ Д нөгөө залууг өөрлүүгээ жоохон дөхөөд суучих гэхэд нөгөө залуу “чи намайг одоо сөхөр гэхийн байна л даа” гээд босч ирээд Дг шууд хоолойг нь боогоод сандал дээр хэвтүүлэхээр нь би боль гээд салгатал миний цамцны араас татаад намайг холдуулахаар нь хоорондоо танил хүмүүс юм чинь салчих байх гээд эхлээд зүгээр боль гэж хэлтэл улам боогоод, Дгийн нүүр нь улайгаад ухаан алдах гээд байхаар нь би нөгөө Ө гэх залууг араас нь тэврээд арагшаа татаж гарыг нь тавиулсан чинь тэр Ө гэх залуу эргэж над руу хараад миний баруун нүд рүү баруун гараараа тохойлдсон. Тэгсэн чинь өөр нэг хамгаалагч цоохор өнгийн хувцастай туранхай биетэй гарын булчин дээрээ шивээстэй залуу ирээд миний нүүр лүү шууд цохиход би газар унасан чинь дээр гарч сууж байгаад нүүр лүү дахин 2-3 удаа цохьсон. Тэгээд би болиоч гээд орилтол цаанаас хүмүүс ирээд салгасан. Тэгээд би босч иртэл Дг өөр нэг хамгаалагч залуу газар хэвтүүлчихсэн хөлийг нь мушгиад, Д хөл хугарлаа гээд орилж байсан. Тэгээд бид нар шууд тэндээс гараад цагдаад дуудлага өгсөн юм. ...Баттулга, Ө гэх хүмүүсийг огт танихгүй, тухайн өдөр анх удаа харсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-15, 75/,

Гэрч Г.Бмөрдөн байцаалтад өгсөн: “...манай баарны зохион байгуулагч Ө үл таних 3 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан ба хоёр залуу нь Ө луу дайраад байхаар нь Ө нэг залуугийн цээж рүү цохиход ширээн дээр арагшаа савж унасан. Тэгсэн чинь М гэх зөөгч нэг залууг барьчихсан гарыг нь өчөөд хэвтэж байсан. Тэгсэн чинь манайд хуучин ажиллаж байсан Т гэх залуу ирээд нэгийг нь цааш жийж унагаагаад газар унасан хойно нөгөө залуугийн нүүр лүү цохиод байсан. Тэгээд хамгаалагч нар ирэхээр нь би урд заал руу яваад удалгүй иргэж ирэхэд нөгөө хүмүүс салаад гарах  гээд явж байтал нэг биерхүү нь Өын салтаа руу өшиглөсөн чинь газар унаад, босоод ирэхэд нь нөгөөдүүл нь аваад гарсан. Би яг хэн гэдгийн мэдэхгүй, хамт явсан нэг залуугийн хоолойг нь боогоод буйдан дээр хэвтүүлээд дээр нь зогсоод багалзуурдаад байсан. Тэгсэн чинь нэг нь ирээд Өыг салгах гэхэд Ө тохойгоороо нөгөө залуугийн цээж рүү нь тохойлдож байх шиг байсан. Тэгээд Т ирээд нөгөө тохойлдуулсан залууг барьж аваад араас нь хоолойг нь боогоод арагшаа татаж газар унагаагаад нүүр лүү нь 2-3 удаа цохиж байсан. Манайд урьд нь ажиллаж байсан Т гэх залууд зодуулсан залуугийн амнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/,

Гэрч А.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...00-ын хажуу талд манай зохион байгуулагч Ө танихгүй 3 залуутай заамдалцаад зогсож байсан ба Ө намайг энэ хүмүүсийг салгаадах гэхээр нь би нэг залууг  нь очоод салгатал нөгөө үлдсэн 2 нь салсан. Тэгээд би буцаад гараад явах гэж байтал үүдний хэсгээр нөгөө 3 залуугийн нэг нь Ө ахын шанаа руу цохьсон чинь нөгөө залуугийн урдаас нь цээж рүү арагшаа түлхсэн. ...Намайг очсоноос хойш ямар нэгэн зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/,

Шинжээчийн 15102 тоот дүгнэлт: “...Ж.Мгийн биед дээд, доод уруулын салстад цус хуралт, язрал, дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Яллагдагчаар Б.Өын  мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг өнгөрч байхад би ажил дээрээ байж байхад гаднаас Д танихгүй 2 залуугийн хамт орж ирсэн. Тэгээд надтай уулзаад хойд талын зааланд суугаад нэг шил архи задлаад тэрнээсээ ууж байгаад намайг дуудахаар нь би очсон. Тэгээд Дтай юм ярьж байгаад намайг хоёр гараараа цээж рүү түлхсэн чинь  арагшаа унасан чинь дүү гэх нэг залуу ирээд хоолой боохоор нь би урдаас нь боосон. Тэгээд тэр 3 намайг тал талаас боох гээд зууралдаад байсан. Тэгээд би Дгийн дүү гэх нэг залууг сандал дээр хоолойг нь боож байгаад больсон юм. Тэгээд тэнд байсан хамгаалагч нар салгасан...” гэсэн мэдүүлэг  /хх-н 32-34, 76-77/,

Яллагдагчаар Ц.Б  мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “+25 ” нэртэй бааранд найзтайгаа уулзах гэж ирсэн...Тэгээд зөөгч Бат-Эрдэнэ, Т ахаа арын өрөөнд Ө ахыг гурван залуу боогоод байна гэж хэлсэн. Би гүйгээд очсон. Ө ах Д гэх хүнтэй заамдалцан зогсож байсан. Хамт байсан хоёр хүн нь Ө ахын араас хоолойг нь боосон, нөгөөх нь гарнаас нь бариад зогсож байсан. Би очоод М гэх хүний гарыг нь тавиулсан чинь миний цээж рүү 2-3 удаа цохьсон, би буйдан руу түлхсэн. Ө ах хажуунаас боль гэж хэлсэн. Та нар бөөнөөрөө дайрч байна уу гээд М гэх хүн өөдөөс дайраад байсан. Ингээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. М, Д гэх хоёр хүнийг аваад явсан. Би гэртээ харих гээд явсан. ...Ж.Мд учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Ө, М хоёрыг зодолдож байхад нь би салгаж буйдан руу түлхсэн. Түлхсэн түлхэлтэнд М унасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг  /хх-н 62, 80-81/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36, 60-61, 63-68/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ө, Ц.Бнар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” нэртэй бааранд иргэн Ж.Мг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэм буруутай болох  нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Мгийн: “...Уг баарны зохион байгуулагч Ө гэх залууг Д дуудаад хоорондоо мэндлээд юм яриад манай ширээнд суусан. Тэгснээ Д нөгөө залууг “өөрлүүгээ жоохон дөхөөд суучих” гэхэд нөгөө залуу “чи намайг одоо сөхөр гэхийн байна л даа” гээд босч ирээд Дг шууд хоолойг нь боогоод сандал дээр хэвтүүлэхээр нь би боль гээд салгатал миний цамцны араас татаад намайг холдуулахаар нь хоорондоо танил хүмүүс юм чинь салчих байх гээд эхлээд зүгээр боль гэж хэлтэл улам боогоод, Дгийн нүүр нь улайгаад ухаан алдах гээд байхаар нь би нөгөө Ө гэх залууг араас нь тэврээд арагшаа татаж гарыг нь тавиулсан чинь тэр Ө гэх залуу эргэж над руу хараад миний баруун нүд рүү баруун гараараа тохойлдсон. Тэгсэн чинь өөр нэг хамгаалагч цоохор өнгийн хувцастай туранхай биетэй гарын булчин дээрээ шивээстэй залуу ирээд миний нүүр лүү шууд цохиход би газар унасан чинь дээр гарч сууж байгаад нүүр лүү дахин 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-15, 75/, гэрч Г.Б: “...манай баарны зохион байгуулагч Ө үл таних 3 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан ба хоёр залуу нь Ө луу дайраад байхаар нь Ө нэг залуугийн цээж рүү цохиход ширээн дээр арагшаа савж унасан. Тэгсэн чинь М гэх зөөгч нэг залууг барьчихсан гарыг нь өчөөд хэвтэж байсан. Тэгсэн чинь манайд хуучин ажиллаж байсан Т гэх залуу ирээд нэгийг нь цааш жийж унагаагаад газар унасан хойно нөгөө залуугийн нүүр лүү цохиод байсан. ...Ө тохойгоороо нөгөө залуугийн цээж рүү нь тохойлдож байх шиг байсан. Тэгээд Т ирээд нөгөө тохойлдуулсан залууг барьж аваад араас нь хоолойг нь боогоод арагшаа татаж газар унагаагаад нүүр лүү нь 2-3 удаа цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/, шинжээчийн 15102 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар нь хохирогч Ж.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ө, Ц.Бнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө, Ц.Бнар нь хохирогч Ж.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө, Ц.Бнар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Мгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Ө, Ц.Бнарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал буюу урд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ө, Ц.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө, Ц.Бнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Ц.Бнарыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Ц.Бнар нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Ц.Бнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР