Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1119

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   Б.Ө, Ц_Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.Ө, Ц_Б нарын өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, Ц_Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох эрүүгийн 1705017080881 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-ийн Ө

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

 

2. Х овгийн Ц-ын ББагануур дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөн суллагдсан,

 

Б.Ө, Ц_Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “+25” нэртэй бааранд иргэн Ж.Мягмарсүрэнг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ө, Ц_Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ө, Ц_Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Ц_Б нарыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Ц_Б нар нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Тухайн хэрэг болдог өдөр Даваажанцантай юм яриад байж байхад, тэрээр намайг хоёр гараараа цээж рүү түлхэхээр нь би арагшаа унасан. Тэгэхэд дүү нь гэх залуу миний хоолойг боохоор нь би урдаас нь боосон. Тал талаас намайг боох гээд зууралдаад байсан. Би хохирогч Мягмарсүрэнг зодоогүй. Энэ асуудлыг анхнаас нь байцаагчид хэлж, камерийн бичлэгийг өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй. Намайг буруутгаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Тухайн өдөр Ө- ахын араас нэг хүн нь боож, нөгөө нь гараас нь барьсан байдалтай зогсож байсан. Би очоод Мягмарсүрэн гэх хүний гарыг нь тавиулсан чинь, миний цээж рүү 2-3 удаа цохихоор нь би буйдан руу түлхсэн. Тэд нар бөөнөөрөө дайрч, Мягмарсүрэн гэх хүн өөдөөс дайраад байсан. ... удалгүй цагдаа ирсэн. Би хэн нэгнийг цохиогүй. Ө , Мягмарсүрэн хоёрыг зодолдож байхад нь би салгаж буйдан руу түлхэхэд Мягмарсүрэн унасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар өөрсдөө гомдлоо гаргасан. Ө ын хувьд Даваажанцантай ноцолдох үед Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар нь тохойлдсон гэдэг. Энэ үйлдлийг Ө  “санаатайгаар учруулаагүй” гэж өмнө нь ч мэдүүлдэг, мөн хохирогчийн мэдүүлгээс ч харагддаг. Камерын бичлэгийг мөрдөн байцаагчид өгсөн боловч хэрэгт байхгүй байдаг. Иймд Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин хохирогч Ж.Мягмарсүрэн “гаран дээрээ шивээстэй залуу буюу Баттулгыг намайг зодсон” гэж мэдүүлдэг. Б  ч өөрөө Мягмарсүрэнгийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Ө, Ц_Б нарт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ө, Ц_Б нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд зохих ялыг халдаасан. Хохирогчийн “гарандаа шивээстэй залуу цохисон, мөн баруун гараараа нүүрэн тус газар тохойлдсон” гэх мэдүүлгээр Б.Ө, Ц_Б нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогддог. Энэ нь мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь тогтоогддог. Уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмчээс мэдүүлэг авсан. Иймд шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Б.Ө, Ц_Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “+25” нэртэй бааранд иргэн Ж.Мягмарсүрэнг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Мягмарсүрэнгийн “...намайг “ална шүү, цаашаа бай” гэж хэлээд баруун гарандаа шивээстэй залуу гарч ирээд “чи муу яасан овоо хулгайч вэ” гээд малгайнаас татаад газар унагаад, миний цээжин дээр гарч суугаад нүүр, нүд, ам, хамар, луу 4-5 удаа гараараа цохисон. Баруун нүд хөхөрч шалбарсан, хавдартай байсан. Үүнийг Ө  учруулсан, харин шүд хөдөлсөн, хамрын нуруу өвчтэй, хүндүүртэй, дээд, доод уруулын дотор тал язарсан, үүнийг шивээстэй залуу учруулсан” /хх-ийн 11-12, 75/ , гэрч Б.Бямба-Очирын “...Ө- гэх залуу манай ахтай юм ярьж байснаа гэнэт манай ахын хоолойг боогоод, хажуу талын ширээ луу шахаад унагаасан. Ө-г би салгахаар Ө-гийн гараас нь татахад, намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд Ө-г заамдаж авсан” /хх-ийн 17/ , гэрч А.Даваанямын “...би буцаад гараад явах гэж байтал үүдний хэсгээр нөгөө 3 залуугийн нэг нь Ө  ахын шанаа руу цохиход нөгөө залуугийн урдаас нь цээж руу арагшаа түлхсэн” /хх-ийн 19-21/ , гэрч Г.Бат-Эрдэнийн “...Ө  нэг залуугийн цээж руу цохиход ширээн дээр арагшаа савж унасан. Тэгсэн чинь Мийгаа гэх зөөгч нэг залууг нь барьчихсан гарыг нь өчөөд хэвтэж байсан. Ө ыг салгах гэхэд Ө  тохойгоороо нөгөө залуугийн цээж рүү нь тохойлдож байх шиг байсан” /хх-ийн 22-24/ , шүүгдэгч Б.Ө ын “...Даваажанцантай юм ярьж байхад намайг хоёр гараараа цээж рүү түлхсэн чинь арагшаа унасан. Тэгэхэд дүү нь гэх нэг залуу ирээд хоолой боохоор нь би урдаас нь боосон. Тэгээд тэр 3 намайг тал талаас боох гээд зууралдаад байсан. Тэгээд би Даваажанцангийн дүү гэх нэг залууг сандал дээр хоолойг нь боож байгаад больсон. ...Харин би Даваажанцан болон түүний дүүгийнх нь хоолойг боосон, намайг ч гэсэн боож байсан” /хх-ийн 34, 76-77/, шүүгдэгч Ц.Б-н “...ороход Ө  ах Даваажанцан гэх хүнтэй заамдалцан зогсож байсан. Би очоод Мягмарсүрэн гэх хүний гарыг нь тавиулсан чинь миний цээж рүү 2-3 удаа цохисон, би буйдан руу түлхсэн. Би Ж.Мягмарсүрэнд учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 62, 80-81/ гэсэн  мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 15102 дугаартай “...Ж.Мягмарсүрэнгийн биед дээд, доод уруулын салстад цус хуралт, язрал, дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26/ болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.Ө, Ц_Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Шүүгдэгч Б.Ө “ гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгах”-ийг хүссэн, шүүгдэгч Ц.Б “нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгуулийн ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгөх”-ийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

 Хавтаст хэрэгт буй  хохирогч Ж.Мягмарсүрэнгийн “...Баруун нүд хөхөрч шалбарсан, хавдартай байсан. Үүнийг Ө  учруулсан” /хх-11-12, 75/, гэрч Б.Бямба-Очирын “...Ө- гэх залуу ... гэнэт манай ахын хоолойг боогоод, хажуу талын ширээ лүү шахаад унагаасан” /хх-17/, гэрч Г.Бат-Эрдэнийн “...Ө ыг салгах гэхэд Ө  тохойгоороо нөгөө залуугийн цээж рүү нь тохойлдож байх шиг байсан” /хх-22-24/,гэсэн мэдүүлэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 15102 дугаартай дүгнэлтийн талаар шинжээч эмч Т.Чимэд-Очироос: дээд, доод уруулын салстад цус хуралт,язрал,дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун нүдний зовхины зулгаралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт,тархи доргилт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг асуухад “тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна”  гэсэн хариулт зэргээс үзэхэд  шүүгдэгч Б.Ө нь  шүүгдэгч Ц.Б тай бүлэглэн  Ж.Мягмарсүрэнгийн биед  хөнгөн хохирол учруулсан  байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохирсон, хохирогч, гэрч нарын  мэдүүлэг ноцтой зөрүүгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримт нотлогдсон байна.

 

Давж заалдах шатны шүүхээр Б.Ө, Ц_Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ тал дээр шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэл бий болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заажээ.

 

 Б.Ө, Ц_Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан тул Б.Ө, Ц_Б нарт холбогдох эрүүгийн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож   шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулан, шүүгдэгч Б.Ө ын “хэргийг цагаатгуулах”-ыг хүссэн, шүүгдэгч Ц.Б-н “ялыг өөрчилж, торгуулийн ял оногдуулах”-ыг хүссэн   давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад /хх-71-72/  хохирогч Ж.Мягмарсүрэнгийн нэрийг  Б.Даваажанцан гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч   яллах дүгнэлтэнд хохирогч Ж.Мягмарсүрэнгийн нэр зөв бичигдсэн тул хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй болохыг тэмдэглэж, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.5  дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “шүүгдэгч  Б.Ө, Ц_Б нарт тус тус холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр  тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Б.Ө, Ц_Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

                           ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ