Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00287

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04955 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

“Б-” ХХК-д холбогдох,

 

Төлбөр тооцоо дуусан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, гуравдагч этгээд “В-” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь “В-” ХК-ийн зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ви Ай Пи Резиденс хотхоны барилгын гүйцэтгэгч “Б-” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулан, орон сууцыг өөрийн эзэмшилдээ хүлээн авч, өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байна.

1.2. “Б-” ХХК нь “В-” ХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан ба бетон зуурмагийн төлбөрт 100 хувь бартер арилжаагаар өөрийн барьж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ви Ай Пи Резиденс хотхоны ** блокийн ** дугаар орцны ** өрөө, **** м.кв, 00 тоот орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

1.3. “В-” ХК нь “Б-” ХХК-тай байгуулсан гэрээний хариу төлбөрт шилжүүлэн авсан дээр дурдсан байрыг “Д-” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт бартераар тооцон арилжаалахаар “Д-” ХХК-тай тохиролцсон.

1.4. Дээр дурдсан гэрээнүүдийн дагуу “Д-” ХХК-д шилжиж ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ви Ай Пи Резиденс хотхоны ** блокийн 2 дугаар орцны 4 өрөө, **** м.кв, 00 тоот орон сууцыг нэхэмжлэгч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “Д-” ХХК-аас худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт автомашин болон бэлэн мөнгө шилжүүлэх үүрэг хүлээж, гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн үүргээ бүрэн биелүүлж гэрээний төлбөрт 170,000,000 төгрөгийн үнэ бүхий Лексус /Lexus/ LX-570 маркийн авто машин, 70,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Прадо /Toyota Pra**o/ маркийн авто машин, 37,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Харриер /Toyota Harrier/ маркийн автомашиныг болон 23,000,000 төгрөгийг харилцагчийн дансанд шилжүүлж өгсөн.

1.5. “Д-” ХХК болон “В-” ХК-ийн зүгээс төлбөр тооцоо 100 хувь дууссан тул А-ын өмчлөлд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ви Ай Пи Резиденс хотхоны ** блокийн ** дугаар орцны ** өрөө **** м.кв 00 тоот орон сууцыг шилжүүлэх, тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй тухай албан тоотыг “Б-” ХХК-д өгсөн.

Нэхэмжлэгч тус албан бичиг болон 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу барилгын гүйцэтгэгч “Б-” ХХК-д удаа дараа гэрчилгээ гаргуулахаар биечлэн хандаж байсан боловч  хариу өгөөгүй бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр хандахад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, “манай компани “В-” ХК-аас тус байрыг хаашаа, хэнд шилжүүлэх тухай албан бичиг ирүүлсэн тохиолдолд гэрчилгээг гаргаж өгнө” гэсэн тайлбарыг өгч “В-” ХК-аас “Б-” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр илгээсэн 01/263 тоот албан бичгийн хуулбарыг гарган өгсөн. Ийнхүү “Б-” ХХК өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт болох “Төлбөр тооцоо дууссан тухай” албан тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.5-д заасны дагуу “Б-” ХХК нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тул буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /****/, Наадамчдын зам, Ви Ай Пи Резиденс хотхон, ** дугаар байр, ** тоот, **** м.кв талбайтай ** өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт болох “Төлбөр тооцоо дууссан тухай” албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б-” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулж, хариу төлбөрт нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /****/, Наадамчдын зам, Ви Ай Пи Резиденс хотхон, ** дугаар байр, ** дугаар орц, ** давхар ** тоот хаягт байрлалтай, **** м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг бартерт тооцуулж “В-” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/360 тоот албан бичгийг үндэслэн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г А-тай байгуулсан.

2.2. Гэрээг байгуулснаас хойш “В-” ХК нь тус байрны гэрчилгээг А-ын нэр дээр гаргахыг түр хойшлуулж өгөөч хэмээн мэдэгдсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/263 тоот албан бичигтээ “манай компанийн зүгээс А-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, түүнээс орон сууцны эзэмшлийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул өмнөх хүсэлтийг цуцалж, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “В-” ХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн.

2.3. Нэхэмжлэгч тус орон сууцны үнийн дүнд бартераар 3 ширхэг тээврийн хэрэгсэл, 23,000,000 төгрөгийг “Д-” ХХК-д шилжүүлсэн. “Д-” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г “В-” ХК-тай байгуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам/****/, Наадамчдын зам Ви Ай Пи Резиденс хотхон, *** дугаар байр, ** дугаар орц, ** давхар ** тоот хаягт байрлалтай, **** м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг төлбөрт бартераар өгөхөөр тохиролцсон. Энэхүү маргаанд манай компани хамааралгүй. А- 300,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг “Д-” ХХК-д өгсөн бол түүнээс шаардах эрхтэй.

А- болон “Б-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр VIP-19/95 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний хавсралтад уг үл хөдлөх хөрөнгийн үнийг 467,883,000 төгрөг, “В-” ХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн АГГ-19/07/01 гэрээний төлбөрт тооцуулна гэж дурдсан байдаг. А- дээрх гэрээний үүрэгт заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй. “В-” ХК нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаад гомдол гаргасан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд “В-” ХК-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

3.1. “В-” ХК 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1-100 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г “Д-т” ХХК-тай байгуулж, тус компаниас гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өөрийн үйл ажиллагаанд шаардагдах 406,125,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг худалдаж авахаар тохиролцсон. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд 2019 оны 1-100 тоот нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний дагуу өгсөн төлбөрийн илүү төлөлт 157,589,**2 төгрөгийн тооцоог харилцан баталгаажуулж, нэмэлтээр “Б-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олж авсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ви Ай Пи Резиденс хотхонд байрлах 491,877,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны байрыг арилжааны журмаар “Д-” ХХК-д шилжүүлж, нийт 649,466,**3 төгрөгийн түлшийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хуваарийн дагуу хүлээн авахаар болсон.

3.2. “В-” ХК нь Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт “Д-” ХХК-д арилжааны журмаар маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэн өгөхдөө “Д-” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн А-ын эзэмшилд шилжүүлсэн. Хэлбэрийн шаардлага хангах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Гэтэл орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй, “Д-” ХХК гэрээний үүргийг биелүүлээгүй тул “В-” ХК-ийн хувьд гэрээгээ цуцалж, гэрээний үүрэгт урьдчилан шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ви Ай Пи Резиденс хотхоны ** блок ** давхрын 00 тоот ** өрөө **** м.кв орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг “Д-” ХХК болон А-аас шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үндэслэл, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж дуусаагүй болох нь тогтоогдож байх тул хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Гуравдагч этгээд “Д-” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

4.1. “Д-” ХХК нь иргэн А-тай Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүннү моллын эсрэг талд байрлалтай Ви Ай Пи Резиденс хотхоны ** блок ** давхарт **** м.кв талбайтай нийтийн зориулалттай орон сууц авахаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулсан.

Тухайн орон сууцыг манай компани “В-” ХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан ба компанид бэлэн мөнгөний шаардлага гарсан тул худалдан борлуулахаар нийтэд зарласан. Тус зарын дагуу иргэн А- орон сууц худалдан авахаар ирж уулзсан ба тухайн үед байрны гэрчилгээ гаргаагүй байсан. Манай зүгээс гэрчилгээ нь Улсын комисс хүлээн авсны дараа гарна, хэрэв орон сууцны төлбөр тооцоог 100 хувь төлсөн тохиолдолд хөнгөлөлттэй үнээр зарах саналыг гаргасан. Үүний дагуу талууд хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан тохиролцож орон сууцын үнийг 300,000,000 төгрөг байхаар тохирсон. А- гэрээний үүргээ биелүүлж Лексус LX5708, Тоёота Харриер, Тоётоа Прадо маркийн авто машинуудыг 277,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн бөгөөд 23,000,000 төгрөгийг манай компанийн дансаар шилжүүлсэн. Энэ талаар 300,000,000 төгрөг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тухайн үед дээрх машинууд нь дөнгөж гаалиар орж ирсэн улсын дугаар аваагүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөрт 0000 УБЧ улсын дугаартай Тоёота Ланд Круизер маркийн 150 прадо автомашиныг аваагүй бөгөөд энэ нь тусдаа Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцогдсон

4.2. А- нь гэрээ байгуулах үедээ манай компанийг энэхүү орон сууцыг худалдах бүрэн эрх байгаа эсэхийг тодруулах зорилгоор удаа дараа “В-” ХК-ийн удирдлага, менежертэй манай компанийн төлөөллийг байлцуулан уулзсан бөгөөд “В-” ХК-аас танай компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөр тооцоог хийж болно гэсэн зөвшөөрөл авсны үндсэн дээр манай компанитай гэрээ байгуулж төлбөр тооцоог хийсэн. Энэ нь тус компанитай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болно” гэж оруулсан, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээс харагдана. Үүний зэрэгцээ А- “Б-” ХХК, “В-” ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг давхар хийх хүсэлтэй байсан тул компаниудаас зөвшөөрсний хүрээнд “Б-” ХХК-тай Орон сууц бариулах гэрээ, “В-” ХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

4.3. Хэрэгт “В-” ХК-аас Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж улмаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ***** дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гарсан. Улмаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх байр суурийг гуравдагч этгээд “В-” ХК илэрхийлсэн байна. Өнөөдрийн байдлаар дээр дурдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай “Д-” ХХК-д мэдэгдээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар Цагдаагийн байгууллагаас гэрчээр мэдүүлэг аваагүй, дуудаагүй болно. “Д-” ХХК нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд тухайн орон сууцыг худалдан борлуулж гэрээнд заасан орон сууцын үнийг бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Манай компани “В-” ХК-тай Газрын тос нийлүүлэх гэрээний төлбөр тооцоотой үүссэн маргаанд иргэн А-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хамааралгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг А-ын нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичиг болон төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг “Д-” ХХК-аас арилжааны гэрээний дагуу шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлэн авахдаа нийт 270,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг автомашин, 23,000,000 төгрөгийг “Д-” ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь “В-” ХК-аас өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг “Д-” ХХК-тай хийж, төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан ба 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/1 тоот “Д-” ХХК-ийн албан бичиг, Хаанбанкны дансны хуулгаар тус тус нотлогдоно.

6.2. “Д-” ХХК нь дээр дурдсан орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-ний дагуу “В-” ХК-аас шилжүүлэн авсан бөгөөд “В-” ХК нь барилгын гүйцэтгэгч болох “Б-” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний төлбөрт авсан байна.

6.3. “Д-” ХХК болон “В-” ХК-ийн зүгээс төлбөр тооцоо 100 хувь дууссан тул иргэн А-ын өмчлөлд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /****/, Наадамчдын зам *** байр, ** дугаар орц, ** дүгээр давхрын ** тоот хаягт байрлах **** м.кв, ** өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад татгалзах зүйлгүй, төлбөр тооцоо 100 хувь дууссан тул тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах тухай албан тоотыг “Б-” ХХК-д өгсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй шалтгаанаа хариуцагч “Б-” ХХК-аас шүүх хуралдаанд “тухайн орон сууцны барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байсантай холбоотой” гэж тайлбарласан ба хэрвээ улсын комисс хүлээн авсан байсан бол маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч А-ын нэр дээр “В-” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/300 тоот албан бичгийг үндэслэн гаргаж өгөх боломжтой байсан гэдэг.

6.4. Гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцыг ямар нэгэн эрхийн болон биет байдлын доголдолгүй, тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэсэн тайлбар, “Д-” ХХК болон “В-” ХК-аас тус тус төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг авч, “Д-” ХХК, “В-” ХК, “Б-” ХХК тус бүртэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Гэтэл гуравдагч этгээд “В-” ХК болон түүний удирдлага тухайн цаг хугацаанд маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчид ямар нэгэн эрхийн болон биет байдлын доголдолгүй орон сууц тул “Д-” ХХК-тай үнийг харилцан тохиролцож, төлбөрийг “Д-” ХХК-д төлснөөр орон сууцыг худалдан авах боломжтой гэсэн мэдээлэл, тайлбар өгч, зөвшөөрсөн тул нэхэмжлэгч “Д-” ХХК-тай харилцан тохирч, төлбөр тооцоог бүрэн барагдуулж, орон сууцыг эзэмшилдээ хүлээн авсны дараа одоо манай хоёр компанийн хооронд түлш нийлүүлэх гэрээний маргаан байгаа гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч өөрийн нэр дээр гаргуулан авахад саад учруулж байна. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг шударгаар олж авсан болно.

Хариуцагч “Б-” ХХК тухайн орон сууцны өмчлөх эрхийг зөвхөн “В-” ХК-ийн шийдвэрээр гаргана гэсэн байр суурийг тухайн цаг хугацаанд болон өнөөдөр ч илэрхийлсээр ирсэн. Тухайн үед хариуцагч нь гуравдагч этгээд “В-” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/300 тоот албан бичгээр өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг зөвшөөрсөн тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байхад гаргаж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж зааснаар “Б-” ХХК нь “В-” ХК-тай 19/07/39 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний төлбөрт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, “У1Р КезМепсе” хотхоны *** байр, ** тоот хаягт байрлах **** м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, “В-” ХК нь “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний үүрэгт “Д-” ХХК- д дээрх үл хөдлөх хөрөнгийг бартераар шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, “Д-” ХХК нь нэхэмжлэгч А-т бартераар 300,000,000 төгрөгт тооцон үл хөдлөх хөрөнгийг худалдсан үйл баримт зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Мөн үндэслэх хэсгийн 14-т “... Нэхэмжлэгч А- нь “Д-” ХХК-д Тоёота Харриер маркийн, *** арлын дугаартай /гаальтай/ тээврийн хэрэгслийг 37,000,000 төгрөгт, Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгт, Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 170,000,000 төгрөгт, тус компанийн захирал Э-гийн Хаанбанк дахь 5063328759 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг нийт 300,000,000 төгрөгт тус тус тооцон бартераар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилд шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно” гэж хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэсэн байна.

Харин үндэслэх хэсгийн 20-д “Өөрөөр хэлбэл дээрх Орон сууц захиалан бариулах болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ өөр өөр тодорхойлогдсон байхад нэхэмжлэгч 300,000,000 төгрөгт тооцон “Д-” ХХК-аас бартераар худалдан авсан, төлбөр төлөгдөж дуусан гэх тайлбар үндэслэлгүй” гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, ойлгомжгүй дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 22 дахь хэсэгт “...Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг “Д-” ХХК-д шилжүүлсэн талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно” гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдал болон нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т дүгнэсэн өөрийн дүгнэлтээ шууд буруутгасан, өөрийн өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, ойлгомжгүй дүгнэлт болсон.

6.6. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.3-т “Худалдан авагч тал нь байрны төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болно” гэсэн байх бөгөөд энэхүү гэрээг байгуулснаас хойш 4 хоногийн дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1/300 дугаартай албан бичгээр “В-” ХК-аас “Б-” ХХК-д “...иймд дээрх байрны гэрчилгээг А- /***/-ын нэр дээр шилжүүлж өгнө үү.” гэжээ. Дээрх нөхцөл байдлууд нь “В-” ХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг “Д-” ХХК-тай маргаан бүхий орон сууцны төлбөр тооцоо хийхийг хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоо дууссан тул өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийллээ бодитой, тодорхой гаргасан гэж үзэхээр байна.

6.7. Мөн нэхэмжлэгчийн “Б-” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 5.2-т “...Орон сууцыг Улсын комисс хүлээн авч, Захиалагч нь Гэрээний үнийг 100% бүрэн төлсөн болон ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг хариуцах хуулийн этгээдтэй “Ашиглалт үзүүлэх гэрээ”-г байгуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь орон сууцыг Захиалагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгнө” гэсэн нөхцөлөөр захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх тухай зохицуулсан бөгөөд энэхүү гэрээний захиалагч болох А-ын эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт нь тухайн үед талууд гэрээний үнийг бүрэн төлсөн болохыг хүлээн зөвшөөрснөө бодитоор хэрэгжүүлсэн гэж дүгнэхээр байна. Өмнө нь дурдсанчлан хэрвээ улсын комисс тухайн үед орон сууцыг хүлээн авсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах боломжтой байсан тохиолдолд “В-” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1/300 дугаартай албан бичгийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гарган өгөх боломжтой байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас тодорхой харагдана.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан ба “В-” ХК-ийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээндээ орон сууцны төлбөр тооцоо дууссан болохыг шууд ойлгохоор тодорхой заасан, албан тоотод өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг хүссэн, “Б-” ХХК-ийн тухайд орон сууцыг захиалагч нартаа хүлээлгэн өгөхдөө Орон сууцыг улсын комисс 100 хувь хүлээн авч, Захиалагч нь гэрээний үнийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцыг захиалагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн өгөхөөр гэрээндээ тодорхой байдлаар оруулж, нэхэмжлэгчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэн өгч байгаа нь “В-” ХК болон “Б-” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг орон сууцны төлбөр тооцоогоо дууссан болохыг хүлээн зөвшөөрч байсныг бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Хэрвээ “В-” ХК болон “Б-” ХХК-ийн зүгээс төлбөр тооцоог “Д-” ХХК-тай хийх, Д- ХХК-тай хийсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч гэрээндээ төлбөр тооцоо дууссан тухай тодорхой заалт оруулсан, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг зөвшөөрсөн албан тоот гаргасан, “Б-” ХХК- ийн зүгээр төлбөр тооцоо 100% бүрэн төлсөн нөхцөлд захиалагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх нөхцөлөөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн зэрэг нь маргаан бүхий орон сууцны төлбөр тооцоог дууссан болохыг хүлээн зөвшөөрч байсныг зориуд дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийг үндэслэлтэй, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Маргаантай холбоотой бүхий л нотлох баримтууд хэрэгт авагдсан. Манай компани хариуцагч биш, нэхэмжлэгч тал хариуцагчаа буруу тодорхойлсон байна.

7.2. Бид нар “В-” ХК-тай үндсэн гэрээг хийсэн. “В-” ХК-ийн “А- гэж хүний эзэмшилд шилжүүлж өгөх ёстой” гэх хүсэлт, гэрээний 5-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн.

Орон сууц захиалан бариулах гэрээний хавсралт 1, төлбөрийн нөхцөлд “467,800,000 төгрөгийг бартераар “В-” ХК-тай байгуулсан гэрээний төлбөрт тооцно” гэсэн байдаг. Гэтэл “Д-” ХХК нь А-тай 300,000,000 төгрөгийн бартерын гэрээ хийгээд асуудал үүсгэчихсэн учраас “В-” ХК-аас бид нарт 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн хүсэлтэд “А- үүргээ биелүүлэхгүй байгаа учраас “Д-” ХХК үүргээ биелүүлэхгүй байна. Тийм учраас бид нарын нэр дээр эхлээд шилжүүлж өгнө үү” гэсэн байсан. Бид хариуд нь “Бид нарт татгалзах зүйл байхгүй. Гэхдээ та нарыг хоорондын маргаанаа эцэслэн шийдвэрлэсний дараа шилжүүлнэ” гэж хэлсэн.

7.3. А-ын хувьд бид нарын зүгээс үүргээ биелүүлээд явж байгаа бөгөөд манай байранд орчихсон байгаа. Одоо өмчлөлийг нь хэрэгжүүлэх гэхээр цаана нь “Д-” ХХК, “В-” ХК, А- нарын хооронд үргэлжилсэн харилцаа үүсчихсэн байгаа юм. А- манай компанийг хариуцагчаар татаад явж байх хооронд “В-” ХК нь “Д-” ХХК-ийг эрүүгийн журмаар шалгуулсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “Энэ нь А-тай холбоогүй юм байна. “Д-” ХХК-тай холбоотой гээд гомдол гаргасан.

7.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд төлбөр төлсөн байх, эдийн болон эдийн бус зөрчилгүй байх зэрэг шаардлагууд байдаг. Гэтэл асуудал нь эдийн болон эдийн бус зөрчилтэй, мөн төлбөрийг шууд манай компанид төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Гуравдагч этгээд “В-” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь “Б-” ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг бид нар бүрэн төлсөн учраас эзэмшилдээ авсан байгаа.

Анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 467,000,000 төгрөгийн хэлцэл бүрэн хийгдсэн эсэх дээр “Энэ хэлцэл нь хэрэгжээгүй юм байна. Энэ хэлцэл дангаараа бие даасан хэлцэл биш юм байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үнэн зөв байсан гэж бид нар үзэж байна. Энэ хэлцлийн цаана нь халхлагдаж буй хэлцэл буюу суурь хэлцлүүд нь “В-” ХК, “Д-” ХХК-тай байгуулсан түлш нийлүүлэх гэрээ, “В-” ХК, “Б-” ХХК хоёрын хооронд байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгаа.

8.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар А- болон “Д-” ХХК гэх хуулийн этгээдийг оролцуулж, орон сууцыг буцаан авах шаардлагыг гаргаж байсан. Нэмэлт гэрээ, Түлш нийлүүлэх гэрээг “В-” ХК, “Д-” ХХК-тай байгуулсан. Энэ гэрээний үнийн дүнд нь бартераар орон сууц шилжүүлж өгөхөөр тохирч, бодит эзэмшлийг “Д-” ХХК-ийн хүсэлтээр А-т шилжүүлж өгсний дараа “Д-” ХХК огт үүргээ биелүүлээгүй. Үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзаж, энэ талаар мэдэгдлүүдээ хүргүүлж, улмаар өөрийнхөө өгсөн зүйлийг буцааж авах шаардлага гаргасан. Энэ хугацаанд “Д-” ХХК ор сураггүй алга болсон. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Д-” ХХК хаяг дээрээ байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан бөгөөд тухайн захирамж нь хэрэгт авагдсан. Бид нарын хооронд суурь хэлцэл байхгүй болчихсон учраас гуравдагч этгээд компани нь “Д-” ХХК-аас орон сууцаа буцааж авах эрх зүйн үр дагавар үүссэн. Байраа авах гэхээр тухайн байранд нь А- гэдэг хүн байгаа бөгөөд А-ыг байрнаас нь гаргаж чадахааргүй асуудал үүсчихсэн байна.

8.3. Байрны үнийг “В-” ХК нь 491,877,000 төгрөгөөр тооцсон. Нэхэмжлэгч өөрөө 300,000,000 төгрөгийн бэлэн мөнгө болон машин оролцуулан бартераар авсан байдаг. Гэтэл тухайн байрыг үүсгэсэн компани нь тухайн байрыг 467,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч залилуулах байдлаар гэрээ хийсэн гэдгээ өөрөө ухамсарлаж, ойлгох ёстой байтал эсрэгээр тухайн байрны гэрчилгээг шилжүүлж авах гээд хандаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

8.4. Гуравдагч этгээд “В-” ХК-ийн зүгээс “байраа залилуулсан, бэлэн урьдчилгаа өгсөн” гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаагийн байгууллага “Д-” ХХК-ийг хайгаад өнөөдрийг хүртэл олдоггүй. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр “Д-” ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргасны дагуу төлөөлөгч нь хүрээд ирснээс харахад нэхэмжлэгч нь “Д-” ХХК-тай байнгын харилцаатай байх бөгөөд өгсөн зүйлээ буцааж авах боломжтой байхад заавал тухайн байрны эрхийн гэрчилгээг гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнө нь анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн асуудал дээр хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үндэслэлтэй байсан боловч гомдлын хурлаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байсан гэж харж байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан Төлбөр тооцоо дуусан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхийг  даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. “Б-” ХХК, А- нар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр VIP-19/95 дугаар “Орон сууц захиалан бариулах” нэртэй гэрээг байгуулж, гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам /****/, Наадамчдын зам *** байр, ** дугаар орц, ** дүгээр давхрын ** тоот хаягтай **** м.кв, ** өрөө орон сууцыг 467,883,000 төгрөгөөр буюу “В-” ХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн АГГ-19/07/39 тоот гэрээний төлбөрт тооцуулахаар харилцан тохиролцсон байна. 

“В-” ХК нь “Б-” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлснээр уг гэрээний зүйл болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах боломжтой болсон боловч А-т уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх нөхцөл нь “Д-” ХХК болон “В-” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй шалтгаант холбоотой байна.  

 

3.2. Иймд “В-” ХК болон А- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  ХАГ-01/25 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг бодитоор байгуулагдсан гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл “В-” ХК болон А- нарын хооронд байгуулагдсан гэрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд орших Ви Ай Пи Резиденс орон сууцны ** блок ** дугаар орцны **** м.кв талбайтай ** давхрын 00 тоот орон сууцыг 491,877,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон боловч энэ гэрээний талууд уг орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зоригийг илэрхийлээгүй, зөвхөн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой баримт бүрдүүлэхэд зориулсан агуулгатай баримт гэж дүгнэх юм.    

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тэрээр “В-” ХК-д орон сууцны төлбөрт 491,877,000 төгрөгийг төлөөгүй байна. 

 

4. “Д-” ХХК болон “В-” ХК нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1-100 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, тус гэрээнд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан “В-” ХК нь гэрээний төлбөрт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ви Ай Пи резинденс хотхоны 00 байрны ** давхрын **** м.кв талбайтай орон сууцыг өгөх, “Д-” ХХК нь уг байрны үнэ болон өмнөх тооцооны үлдэгдэл нийт 649,466,**2 төгрөгийн дүнгийн хэмжээнд гэрээнд заасан хуваарийн дагуу түлш нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Тэдгээрийн хооронд байгуулагдсан арилжааны гэрээгээр “В-” ХК-д ирээдүйд бий болох буюу “Б-” ХХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд өөрийн өмчлөлд ирэх  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Д-” ХХК-д шилжүүлэх харилцаа үүссэн байна.

Харин “Д-” ХХК нь “В-” ХК-ийн өмнө 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1-100 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбогдуулан “В-” ХК нь өөрийн өмчлөлд ирэх үл хөдлөх эд хөрөнгийг “Д-” ХХК-т шилжүүлэхээс татгалзжээ.  

 

5.1. “Д-” ХХК, А- нар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан, тус гэрээгээр “Д-” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүннү моллын эсрэг талд байрлалтай, Ви Ай Пи резиденс хотхоны ** давхарт байрлах *** м.кв, ** өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг 170,000,000 төгрөгийн үнэ бүхий Лексус 570 маркийн автомашин болон 80,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгөөр арилжихаар тохиролцжээ.  

 

5.2. “Д-” ХХК болон А- тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар нэхэмжлэгч А- нь гуравдагч этгээд “Д-” ХХК-д 170,000,000 төгрөгийн үнэлгээтэй Лексус 570 маркийн автомашин, 70,000,000 төгрөгийн Тоёота Прадо маркийн автомашин, 37,000,000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота Харриер маркийн автомашиныг, 23,000,000 /20,000,000 + 3,000,000/ төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Э-гийн Хаан банкны дансанд тус тус шилжүүлжээ. Уг актад “Д-” ХХК нь “В-” ХК-тай хамтран ажиллах 1-100 тоот гэрээний дагуу шилжсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ви Ай Пи резиденс хотхоны *** дугаар байрны ** тоот, **** м.кв орон сууцыг А-т 300,000,000 төгрөгөнд борлуулахаар тохирсон гэж тэмдэглэгдсэн боловч уг орон сууц “Д-” ХХК өмчлөлдөө шилжүүлж аваагүй байна. 

 

Харин 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/30 дугаар албан бичигт дурдсанаар Б.Хатанбаатар нь 37,000,000 төгрөгийн үнэлгээтэй *** арлын дугаартай Харриер маркийн автомашиныг Ви Ай Пи резиденс хотхоны 1 дүгээр блок, *** давхар, *** тоотын *** м.кв,** өрөө байрны үнэд оролцуулан авсан гэсэн нь мөн энэ маргаанд хамаарахгүй байна.

 

6. Дээрхээс дүгнэвэл, А- нь “Д-” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүннү моллын эсрэг талд байрлалтай, Ви Ай Пи резиденс хотхоны ** давхарт байрлах **** м.кв, ** өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг “Д-” ХХК-аас шаардах боломжтой. Харин тэрээр “Б-” ХХК, “В-” ХК, “Д-” ХХК-аас тус тус дээрх орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхийг тус тус шилжүүлэн авсан гэх байдал тогтоогдохгүй байх ба энэ агуулгаар тэдгээр компаниудтай гэрээ байгуулаагүй байна.

 

7. Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Б” ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой бүртгэл хийхэд шаардагдах төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг буюу тодорхойлолт гаргуулахыг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА