Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2023/00023

 

 

     

 

 

М.К-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00960 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****оршин суух М.К-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль (захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н)-д холбогдох, 

 

“Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-ы 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, монгол хэл-уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч М.К-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч төлөөлөгч А.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие 2020 онд Ховд Их сургуулийг монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2020 оны 9 дүгээр сараас эхлэн МУИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд түр багшилж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн багшийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлэн орж, 95 оноогоор тэргүүн байр эзэлж, тухайн орон тоонд томилогдох болзлыг хамгийн илүү оноогоор хангасан боловч, сонгон шалгаруулалтын үр дүнгээр 85 оноогоор 2 дахь байранд шалгарсан З.Кү гэх багшийг давуу байдал бий болгон томилж, 2021-2022 оны хичээлийн жилд М.К- намайг цагийн багшаар томилон ажиллуулсан.

1.2. Тус сургуулийн Монгол хэл уран зохиолын багш ажилтай Д.Ц өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн учир Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 50\Б дугаартай тушаалын 1 дэх заалтаар М.К- намайг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар үндсэн багшийн оронд томилсон.

1.3. Гэтэл өмнөх захирал ажлаас өөрчлөгдөж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн захирлаар түр томилогдсон А.Н зохих журмаар томилогдож үндсэн багшийн орон тоонд байнгын ажлын байранд багшаар ажиллаж байсан багш З.Кү, М.К- бид хоёрын орон тоог сул байгаа орон тоо хэмээн хууль бусаар зарлаж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр сонгон шалгаруулалт нэрээр сургалтын менежер, мэргэжлийн нэг багш оролцуулан шалгалт авсан дүр эсгэж өөрсдийн давуу байдал буй болгохоор санаархаж байсан бөгөөд энэ онд сургууль төгссөн шинээр багш мэргэжил эзэмшсэн гэх эмэгтэй Ч.О-ийг тэргүүн байр эзлүүлэн шалгаруулж миний ажиллаж байсан орон тоонд томилон, М.К- намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хувийн чөлөө авсан гэх О багшийн орон тоонд 3 сар буюу чөлөөний хугацаагаар томилон ажиллуулж байна.

1.4. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 50\Б дугаартай эрхийн акт (тушаал)-аар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, бүр мөсөн чөлөөлөгдсөн багш Ц-ийн сул орон тооны ажлын байранд томилогдсон.

1.5. Өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн багш Ц-ийн ажиллаж байсан ажлын байранд М.К- намайг томилон ажиллуулсан байхад уг орон тоог сул орон тоо хэмээн зарлаж, уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь бодит байдалд нийцэхгүй, бусдыг томилон ажиллуулах үүднээс дүр эсгэж сонгон шалгаруулалт явуулсан, шинээр томилогдсон О-т давуу байдал олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “Үл ялгаварлан гадуурхах”, 5.1.3-д заасан “дарамт, хүчирхийллийг хориглох”, 5.1.7-д заасан “шударга бус үйлдлийг хориглох” талаарх хөдөлмөрийн харилцааны суурь зарчмыг зөрчсөн үйлдэл гэж харж байна.

1.6. Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д зааснаар зөвхөн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал (захирал, эрхлэгч) болон төсвийн шууд захирагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар заасан. Мөн Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт...сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах гэж хуульчилсан учир “Сонгон шалгаруулалт”-ын тухай асуудал зөвхөн захирал, эрхлэгч гэх удирдах албан тушаалтан, төсвийн захирагч нарт хамааралтай байна.

1.7. Харин багш албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Багш гэх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах журам үгүй тул Сургуулийн захирал А.Н-ы зохион байгуулж явуулсан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалт хууль бус хүчингүй бөгөөд албан тушаалын байдлыг хэтрүүлсэн гэмт үйлдэл байхаас гадна эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл байхгүй учраас тест боловсруулах, шалгалтын комисс томилох, шалгалт авах, үнэлгээ өгөх зэрэг бүх үйлдэл, үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй байна.

1.8. Миний бие сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 50\Б дугаартай тушаалаар томилогдсон байхад хариуцагч А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “ажил олгогч...хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэх заалтыг, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах ба гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэснийг ноцтой зөрчиж, ажил олгогч үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг зөрчсөн байна.

1.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байхад хариуцагч А.Н нь өмнөх захирал У-ын ажилд томилох тушаал, шийдвэр хүчингүй хэмээн тайлбарлах юм. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт “...байгууллагын удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан тул захирал У-ын ажлаас өөрчлөгдсөн явдал ажилтан намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

1.10. Хариуцагч намайг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан Д.Ц багшийн оронд томилогдсон орон тооны ажлын байраас үндэслэлгүй чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хувийн чөлөөг түр хугацаагаар буюу 3 сараар авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-д заасан үндэслэлээр ажлын байрыг хэвээр хадгалагдаж байгаа ажилтны орон тоонд томилж, хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

1.11. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-ы 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, монгол хэл-уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус сургуулийн захирал байсан М.У- 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн шүүхээс нийтийн албанд ажиллах эрхээ 2 жилээр хасуулах ял сонсчхоод маш яаралтай 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ЕБС-ийн ажил эхлээгүй байхад хэд хэдэн тушаал гаргасан. Үүнд: Монгол хэлний багшаар М.К-г, Эрүүл мэндийн багшаар Х.А-г, Хими-биологийн багшаар Е.К-ийг, сургуулийн үйлчлэгчээр К.Ш-ийг, Дотуур байрны үйлчлэгчээр Х.З нарт тушаал гаргасан.

2.2. Тэрхүү тушаал нь 8 дугаар сарын 25-нд хүчин төгөлдөр үйлчлэх юм гэнэ. Энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчилтэй тушаал юм. 2022 оны 8 дугаар сарын 25-нд энэ хүн ажилд орсон гэх боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын 5 хоногийн цалин гаргаагүй. /8 сарын цалингийн цэс хавсаргав. Цалингийн цэс дотор М.К-н нэр нь байхгүй/  Энэ нь нэгэнт ял авсан юм чинь нэг л өдөр сумын Засаг дарга захирамж гаргаж магадгүй гэж бодоод хийсэн М.У- захирлын хууль бус үйлдэл юм.

2.3. Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сумын Засаг даргын захирамжаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Хэд хэдэн эцэг эх, залуу багш нар сонгон шалгаруулалт зарлахыг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хэд хэдэн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан. Энэ нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах” гэсэн заалтын дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Монгол хэлний багшийн орон тоонд 1-р байранд З.Кү, 2-р байранд Ч.О-, 3-р байранд М.К- нар орсон. З.Кү нь 2022 оны 9 дүгээр сарын 08-нд Монгол хэл-Уран зохиолын үндсэн орон тоонд (З.Кү нь 3 дугаар сарын 31-нд ажилд орсон болно.) Ч.О-, М.К- нар туршилтын журмаар 3 сар түр ажилд орсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 64.5 дугаар заалтыг мөрдөж нормативаар 7 хоногт 19 цаг хичээл зааж үндсэн цалингаа авч байгаа болно.

2.4. Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамт олон хэлэлцэж баталсан Хөдөлмөрийн дотоод журамд шинээр орсон багшийг сонгон шалгаруулалтаар авна. Мөн эхний 3 сар түр туршилтаар ажиллана гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5 дугаар заалтыг М.У- захирал зөрчсөн. Энэ нь хамт олныг үл тоосон хэрэг юм.

2.5. Нэхэмжлэгч М.К-н хэлж байгаа 2021 оны 11 дүгээр сарын 14-нд болсон сонгон шалгаруулалт бол цагийн багшийн сонгон шалгаруулалт байсан. Тэрхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн тестээр авсан шалгалт юм. Мөн энэхүү шалгалтыг Монгол хэл-Уран зохиолын заах аргын нэгдлийн ахлагч М.У- авсан болно. Энэ шалгалт нь тухайн хичээлийн жилд хамаатай. Учир нь, үндсэн багшийн орон тоо биш цагийн багшийн орон тоо юм.

2.6. М.У- захирал 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тушаал гаргасан боловч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа байсан. Миний бие биечлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг М.К- зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дугаар заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож, 9,10 дугаар сард цалин гаргасан болно. (9,10-р сарын цалингийн цэсийг хавсаргав).

2.7. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч М.К-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00960 дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-ы 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.К-г монгол хэл-уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4 Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2022/00960 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Энэ шийдвэр нь сургуулийн дотоод журмыг зөрчиж байгаа учир давж заалдах гомдол гаргаж байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

5.1. ...миний бие 2021 онд сонгон шалгаруулалтад орсон бөгөөд тухайн үед тестээр сонгон шалгаруулалт авсан. Тухайн сонгон шалгаруулалтад миний бие тэнцсэн тул дараагийн орон тоо гарахад намайг дэвшүүлэн ажиллуулах байх гэсэн бодолтой байсан. Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан У- багш 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр захирлаар томилогдсон А.Н захирал албан тушаалаа өгөхөөс өмнө Кү гэх хүнд тушаал гаргаад явсан. Миний бие Монгол Улсын Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Кү багшийн тухайд Орос, Монгол хэлний багш мэргэжлийг Орхон их сургуулиас төгссөн байна лээ. Би анх багшилж байгаа болохоор алдаж, онох зүйл байгаа байх. Багш ажлын байран дээр хөгжих ёстой.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. М.К-н хувьд 2021 оны 11 дүгэр сард Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн сонгон шалгаруулалтад гурван багштай өрсөлдөж, эхний байрыг эзэлж, тухайн сургуулийн Монгол хэл, уран зохиолын цагийн багшаар томилогдож байсан. Улмаар тасралтгүй ажиллаж байгаад Монгол хэлний үндсэн багшаар ажиллаж байсан У- гэх багш захирал болж дэвшин ажиллахад сонгон шалгаруулалтын үр дүнгээр М.К- томилогдох ёстой байсан боловч М.К-н дараах байрыг эзэлсэн Кү багшийг томилж, давуу байдал бий болгож байсан удаа байдаг юм байна. Дараа нь Ц гэх Монгол хэл, уран зохиолын багш өндөр настны тэтгэвэр тогтоолгоход М.К- сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн, өмнө нь цагийн багшаар ажиллаж байсан зэрэг туршлагыг нь харгалзан У- захирал түүнийг Ц багшийн орон тоонд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 50 дугаартай тушаалаар ажилд томилж байсан байна. У- захирал ажлаас чөлөөлөгдөж, шинээр томилогдсон А.Н ажилд томилогдмогц У- захирлын тушаалыг хүчингүй болгож, цагийн багш болгочихсон бөгөөд өнөөдрийн байдлаар цагийн багшаар ажиллаж байгаа. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар үндсэн багшийн орон тоонд сонгон шалгаруулалт өгөөгүй тул цагийн багшаар томилсон. Багш, ажилтныг сонгон шалгаруулалтын журмаар томилно гэж байгаа. Миний зүгээс уг тайлбарт нь дараах байдлаар эсрэг байр сууриа илэрхийлж байна.

6.2.Төрийн захиргааны албан хаагчийг Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад хамруулдаг.Төрийн үйлчилгээний салбараас Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор зөвхөн удирдлага буюу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулах журмаар томилдог байсан. Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол хүчингүй болж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрхийн актаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан буюу дарга, эрхлэгч, ерөнхий нягтлан бодогчийг сонгон шалгаруулахаар заасан. Багшийг сонгон шалгаруулах тухай зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам нь хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа эрхийн актуудтай нийцэж байх ёстой. Бага дунд боловсролын тухай хуульд багшийг сонгож авна гэж заасан нь сонгон шалгаруулалт явуулж томилох ойлголт биш. Нэгэнт тухайн мэргэжлээр суралцаж дипломоо авсан, багшийн эрхтэй тул сонгон шалгаруулалтад орохгүйгээр багшийн албан тушаалд томилогдох эрх зүйн орчин байгаа гэж үзэж байна. Сонгон шалгаруулалт авч байж томилно гэдэг нь Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан хэдий ч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Нөгөө талаар М.К- нь Ц гэх өндөр настны тэтгэвэр тогтоолгосон багшийн орон тоонд томилогдсон. Өөрөөр хэлбэл сул орон тоонд томилогдсон.

6.3. Тухайн үед У- захирал тушаал гаргасан атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг болохоос ажилтан үүрэг хүлээхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй" гэж тус тус заасан. Энэ үүргийн дагуу А.Н хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. А.Н-ы зүйгээс хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн боловч М.К- гэрээ байгуулахаас татгалзсан гэх тайлбар гаргаж байгаа. ...ажил олгогчийн зүгээс зөвхөн цагийн багшийн орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн тул гэрээ байгуулахаас татгалзсан. Түүнээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.К-н Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан “захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-ы 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, монгол хэл-уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

6. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч М.К-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ажил олгогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч  М.К- нь хариуцагч Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан  тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-ы 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, монгол хэл-уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэнийг хариуцагч  эс зөвшөөрч маргажээ. 

 

8. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

8.1. Нэхэмжлэгч М.К- нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж шалгаран тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаар 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сард цагийн багшаар ажиллаж, тус сургуулийн захирал М.У-ын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар өнөр насны тэтгэвэрт гарсан монгол хэл, уран зохиолын багш Д.Ц-ийн оронд бүр орон тоонд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Түүнчлэн анх М.К-г цагийн багшаар авч ажиллуулахад ажил олгогчоос сонгон шалгаруулж авсан талаар зохигч талууд маргаагүй байна.

8.2. Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.У- нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж,  захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон А.Н нь дээрх монгол хэл, уран зохиолын багшийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулж 1 дүгээр байр болсон З.Кү-ыг үндсэн багшаар томилж,  нэхэмжлэгч М.К-г 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багшаар түр авч ажиллуулах тухай тушаал гаргажээ.

8.3. Дээрх маргаан бүхий “Монгол хэл-Уран зохиолын багшийн орон тоо”-д сонгон шалгаруулалт зарлаж, З.Кү, Ч.О-, М.К- нар шалгалтад оролцож 3.Кү 1 байр, Ч.О- 2 байр болж, нэхэмжлэгч М.К-н нь эхний шалгалтад орж, дараагийн шалгалтад оролцоогүй, ажил олгогч нэхэмжлэгч М.К-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үйл баримт тогтоогджээ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хэрэгт цугларсан нотлох баримтууд хийгээд зохигчийн тайлбаруудад үндэслэгджээ.

 

9. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлд  дүгнэлт хийхдээ:

9.1. “…Нэхэмжлэгч М.К- Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн түр орон тоонд 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 6 дугаар саруудад ажилласан гэдгийг хариуцагч үгүйсгээгүй, түүнийг монгол хэл-уран зохиолын багшаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бүр томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйл, Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1.5-д тус тус зааснаар М.К-д туршилтын хугацаа хэрэглэх үндэслэл бий болоогүй, туршилтын хугацаа тогтоох хуулийн хугацаа өнгөрсөн, мөн урьд нь тус сургуульд багшаар ажиллаж байсан нэхэмжлэгч М.К-г туршилтын хугацаагаар ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтад нийцээгүй” гэж,

9.2. “Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь заалтад багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх захирлын хуулиар олгосон эрхтэй тул Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.У-ын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай тушаалаар урьд нь тус сургуульд монгол хэл, уран зохиолын багшийн түр орон тоонд ажиллаж байсан М.К-г тус сургуулийн монгол хэл-уран зохиолын багшаар бүр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй” гэж,

9.3. “Мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н нь нэхэмжлэгч М.К-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн 43.1.1-д заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэсэн заалтыг, мөн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасан туршилтын хугацаагаар ажиллуулах гэсэн заалтыг тус тус үндэслэл болгосон нь бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэж  хариуцагч А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийг зөрчсөн гэж өмнөх захирлын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж ажил олгогчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байх бөгөөд түүнийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн буруутгах, үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ