Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2023/00020

 

 

   

 

 

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/01012 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Д.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Б.К-, Б.С- нарт холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг, Харганатын услалтын систем 152 дугаар талбайд байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг иргэн Б.К-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Ц сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/106 дугаартай захирамжаар Ц сумын нутаг Харганатын услалтын систем 152 дугаар талбай гэх газар байршилтай 1 га буюу 10000 м.кв талбайтай газрыг хадлангийн зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшиж байна. Сумын газрын даамал дээрх захирамжийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Тухайн газрыг 1993-1999 онуудад газар эзэмших гэрчилгээгүй хадаж ирсэн.

1.2.1999 онд миний эцэг Д-ийн нэр дээр гэрчилгээтэй байсан ба аав Д нас барсны дараа 2016 оноос тухайн газар миний нэр дээр шилжиж эзэмшлийн гэрчилгээ шинээр авсан. Миний эзэмшлийн газартай залгаа иргэн Б.К-ий дүү Б.С- гэгчийн эзэмшил газар байдаг. Б.К- нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж миний эзэмшлийн газрын талыг жилийн жилд хадаж авдаг.  

1.3. Би энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж 2021 оны 8 дугаар сард сумын Засаг даргад хандахад сумын Засаг дарга маргааныг газар дээр нь шийдвэрлүүлэхээр газрын даамал Т.Нурбек, багийн Засаг дарга Д.Ермек, Ү.Мерей нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Надад эзэмшүүлсэн газрын хэмжээ ёсоор өргөн нь 33 метр, урт нь 303 метр газар байх ёстой. Ажлын хэсэг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр газар дээр ирж хэмжилт хийхэд миний газрын өргөн 19 метр гарсан. Тухайн үед Б.К- нь надад бас газар эзэмших гэрээ байгаа, авч ирж үзүүлнэ гэж яваад ирээгүй. Ажлын хэсэг түүнийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь тодорхой шийдвэр гарахгүй яваад өгсөн.

1.4. Ажлын хэсэг тодорхой шийдвэр гараагүй учир би 2022 оны 6 дугаар сард сумын Засаг даргад дахин өргөдөл гаргасан. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сумын Засаг засаг даргын өрөөнд ажлын хэсгийн хурал болж миний өргөдлийг авч хэлэлцсэн. Тухайн хуралд Б.К- мөн оролцсон, тухайн хурлаас К-, М, А нарын гэрчилгээг үзэхээр, 149, 150, 151, 153, 154, 155 дугаар бүхий хадлангийн талбайн гэрчилгээг олох, олсны дараа ажлын хэсэг дахин хуралдахаар шийдвэрлэсэн. Дараа нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг дахин хуралдаад нэрсийн жагсаалтын дагуу бүх хүмүүсийн талбайд хэмжилт хийж, гэрчилгээ шалгах шийдвэр гаргасан.

1.5. Тэрний дагуу Ц сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/198 дугаартай захирамжаар талбайг хэмжиж, иргэний гомдлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг тухайн өдөр талбайд хэмжилт хийхэд С-ын эзэмшил газрын өргөн 31м, К-ий эзэмшил газрын өргөн 15м, миний эзэмшил газрын өргөн 19м болох нь тогтоогдсон. Ажлын хэсгээс тухайн маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу гарсан учир эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан.

1.6. Миний бие захирамж ёсоор өргөн нь 33 метр, уртаашаа 303метр газар эзэмших ёстой. Гэтэл Б.К-, Б.С- нар нь миний эзэмшлийн газрын өргөнөөс 14 метр газрын хадланг жил бүр хадаж авч байгаагаас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Иймд миний хууль ёсоор эзэмшиж байгаа Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг Харганатын услалтын систем 152 дугаар талбай-д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг иргэн Б.К-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.

 

2.Хариуцагч Б.К-ий тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Ц сумын Харганатын услалтын систем гэх хадлангийн талбайг сумын захиргаанаас 1998 оноос эхлэн хувийн хадлангийн талбай болгон сумын иргэдэд тарааж өгсөн. Уг талбайгаас Б.К- надад болон миний дүү Б.С- нарт 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн сумын Засаг даргын 19 тоот шийдвэрээр тус бүрд 1 га нийт 2 га газрыг хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Б.К-, Б.С- бид хоёр уг хадлангийн талбайг ашиглан чулууг түүж, усалж, тордож 24 дэх жилдээ хадлан авч хууль ёсоор эзэмшиж байна. Уг газрыг эзэмшүүлэхдээ иргэдэд уртаашаа 150 метр, өргөн нь 33 метр байхаар жагсаалтаар эзэмшүүлсэн.

2.2. Д.Г- нэхэмжлэлдээ “...би захирамж ёсоор өргөн нь 33 м, уртаашаа 303 м газар эзэмших ёстой, одоо уг газрын 19 м болж хэмжээндээ хүрэхгүй байна...” гэх маргаан үүсгэжээ. Бодит байдалд Б.К- миний эзэмшиж буй хадлангийн талбай нь иргэн Д.Г-ийн эзэмшиж буй гэх газартай ямар нэгэн давхцалгүй. Тухайн үед иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалтын 151-т Х.С, 152-т Т.Д (Г-ийн эцэг), 153-т Б.С-, 154-т Б.К- нарын нэрс байгаа. Энэхүү жагсаалтаас үзэхэд Т.Д-ийн эзэмшлийн газар Б.К- миний хадлангийн талбайтай давхцах боломжгүй, Т.Д-ийн дээд талд Х.С, доод талд Б.С- нарын хадлангийн талбай байгаа юм. Хэрвээ давхцал байсан бол Д.Г-өөс өнгөрсөн 23 жил яагаад маргаагүй вэ.

2.3. Иймээс нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “Хадлангийн талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хамтран хариуцагч Б.С-ын тайлбар, татгалзал:  

3.1.Баян-Өлгий аймгийн Ц сумын Харганатын услалтын систем гэх хадлангийн талбайг Ц сумын захиргаанаас 1998 оноос эхлэн хувийн хадлангийн талбай болгон сумын иргэдэд тарааж өгсөн. Уг талбайгаас Б.С- миний ах Б.К- нарт 1999 оны дугаар сарын 29-ний өдрийн сумын Засаг даргын 19 тоот шийдвэрээр тус бүрд 1 га нийт 2 га газрыг хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Б.К-, Б.С- бид хоёр уг хадлангийн талбайг ашиглан чулууг түүж, усалж, тордож 24 дэх жилдээ хадлан авч хууль ёсоор эзэмшиж байна. Уг газрыг эзэмшүүлэхдээ иргэдэд уртаашаа 150м, өргөн нь 33м байхаар жагсаалтаар эзэмшүүлсэн.

3.2. Д.Г- нэхэмжлэлдээ “...би захирамж ёсоор өргөн нь 33м, уртаашаа 303м газар эзэмших ёстой, одоо уг газрын 19 м болж хэмжээндээ хүрэхгүй байна” гэх маргаан үүсгэжээ. Бодит байдалд Б.С- миний эзэмшиж буй хадлангийн талбай нь нэхэмжлэгч Д.Г-ийн эзэмшиж буй гэх газартай ямар нэгэн давхцаагүй. Тухайлбал, тухайн үед иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалтын 151-т Х.С, 152-т Т.Д (Г-ийн эцэг), 153-т Б.С-, 154-т Б.К- нарын нэрс байгаа. Энэхүү жагсаалтаас үзэхэд Т.Д-ийн эзэмшлийн газар Б.С- миний эзэмшлийн хадлангийн талбайтай хил залгаа байгаа боловч Б.С- миний хадлангийн талбай Г-ийн эзэмшлийн хадлангийн талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй гэж үзэж байна. Хэрвээ давхцал байсан бол Д.Г- өнгөрсөн 23 жилд  яагаад маргаагүй вэ.

3.3.Иймээс нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Д.Г-ийн Хадлангийн талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/01012 дугаар шийдвэрээр:

4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг Харганатын услалтын систем 152 дугаар талбай-д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг хариуцагч Б.К-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.К-, Б.С- нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

5.1. Анхан шатны шүүхээс П.Г-ийн нэхэмжлэлтэй Б.К-, Б.С- нарт холбогдох “Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг “Харганатын услалтын систем 152 дугаар талбай”-д байршилтай өргөн нь 33 метр, урт нь 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг иргэн Б.К-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай талаас үнэлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Баян-Өлгий аймгийн Ц сумын Харганатын услалтын систем гэх хадлангийн талбайг Ц сумын захиргаанаас 1998 оноос эхлэн хувийн хадлангийн талбай болгон тус сумын иргэдэд тарааж өгсөн. Уг хадлангийн талбайгаас тус сумын иргэд Б.К-, Б.С- нарт 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Ц сумын Засаг даргын 19 тоот захирамжаар тус бүрд 1 га нийт 2 га газрыг хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Б.К-, Б.С- нараас уг хадлангийн талбайг ашиглан чулууг түүж, усалж, тордож 24 дэх жилдээ хадлан авч ашиглаж байна. Уг газрыг анх иргэдэд эзэмшүүлэхдээ урт нь 150 м, өргөн нь 33 м байхаар жагсаалтаар эзэмшүүлсэн. Д.Г- нэхэмжлэлдээ “...Би захирамж ёсоор өргөн нь 33, 303 м газар эзэмших ёстой, одоо уг газрын 19 м учраас” гэх маргаан үүсгэжээ. Бодит байдалд Б.К-, Б.С- нарын эзэмшиж буй хадлангийн талбай нь иргэн Д.Г-ийн эзэмшиж буй гэх газартай давхцаагүй. Тухайлбал тухайн үед иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалтын 151-т Х.С, 152-т Т.Д \Г-ийн эцэг\, 153-т Б.С-, 154-т Б.К- нарын нэрс байгаа. Энэхүү жагсаалтаас үзэхэд Т.Д-ийн эзэмшил газарт Б.К-, Б.С- нарын хадлангийн талбай ямар нэгэн байдлаар давхцах боломж байхгүй. Хэрвээ давхцал байсан бол Д.Г- өнгөрсөн 23 жилд яагаад маргаан гаргахгүй байгаа вэ. Иймээс анхан шатны шүүх хариуцагч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй гэж үзэж байна.

 

5.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр маргаан бүхий хадлангийн талбайд үзлэг хийхэд нэхэмжлэгч Д.Г- уг үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй буюу чухам өөрийн эзэмшлийн хадлангийн газар нь иргэн Б.К-, Б.С- нарын газартай хэдэн метр давхардсан гэдгийг нотолж чадаагүй. Шүүхээс газар дээр нь хийсэн үзлэгээр Б.К-ий хадаж авсан гэх 154 дугаартай хадлангийн талбайн нь урт нь 303 метр, өргөн нь 31 метр нийт талбайн хэмжээ 9393 м.кв, хариуцагч Б.С-ын хадаж авсан гэх 143 дугаартай хадлангийн талбай нь урт нь 303 метр, өргөн нь 28 метр нийт талбайн хэмжээ 8484 м.кв байв. Мөн нэхэмжлэгч Д.Г- нь үзлэгийн ажиллагаанд оролцоогүй тул хариуцагч Б.К-ий зааж харуулснаар нэхэмжлэгч Д.Г-ийн тавьсан чулуунаас хариуцагч Б.К-ий талбайн баруун урд булан хүртэл буюу 152 дугаартай хадлангийн талбайг хэмжихэд өргөн нь15метр, урт нь 303 метр байв” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд Д.Г-ийн дээд талд 151-р дугаартай талбайд газар эзэмшдэг Х.С-ны газрыг хэмжиж үзээгүй, нэхэмжлэгч Д.Г- өөрийн эзэмшлийн гэх хадлангийн талбайгаас чухам хэдэн метр нь Б.С-, Б.К- нарын хадлангийн талбайтай давхацсан гэдгийг газар дээр нь нотолж чадаагүй тул шүүхээс хийсэн уг үзлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй буюу эргэлзээтэй гэж нотлох баримт гэж үзэж байна.

5.4. Хариуцагч Б.К-, Б.С- нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан нь нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Б.К-, Б.С- нарын газар эзэмших эрх нь дуусгавар болсон нь Д.Г-т уг газрыг эзэмшүүлэх эрх үүсэхгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

5.5. Иргэн Б.Д, түүний эхнэр О нарын хүсэлтээр нэр бүхий иргэдийн хадлангийн талбайн маргааныг Ц сумын Засаг даргын зүгээс удаа дараа шалгасан боловч Б.Д-ийн эзэмшлийн гэх хадлангийн талбай нь иргэн Б.К-, Б.С- нарын эзэмшлийн газартай хэчнээн метр давхацсан эсэхийг тогтоож чадаагүй, уг маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй сумын Засаг даргын санаачилгаар хийгдсэн хурлын тэмдэглэл, бусад бичиг баримтуудыг нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нэг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.6. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тухайн үед 1 га газар хуваарилаад өгсөн байсан. Гэвч Б.С-, Б.К- нарт тус тусад нь газар өгсөн тухай нотлох баримт байхгүй. Хамгийн гол нь хариуцагч нарт тухайн газраас газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа эсэх асуудал нь яригдах ёстой. Өмнө нь 1996 онд 20 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн гэрчилгээ олгосон. Гэтэл тухайн хугацаа нь дууссан. Өнөөдрийн байдлаар Б.К-, Б.С- нарт газар эзэмшүүлсэн эрхийн акт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, харин хариуцагч нарын татгалзал нотлогдоогүй тул Д.Г-ийн хариуцагч Б.К-, Б.С- нарт холбогдуулан гаргасан “хадлангийн зориулалттай талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            8. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг харьцуулан судлахад хэрэгт ач холбогдол бүхий дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

            - Нэхэмжлэгч Д.Г- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын нутагт байршилтай, Харгантын услалтын систем-152 дугаар талбай гэх газрыг хадлангийн зориулалтаар эзэмшдэг нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000660928 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 30 жилийн хугацаатай олгосон гэрчилгээгээр;

- Уг гэрчилгээг Ц сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжийг үндэслэж болгосон байдал;

            - Д.Г- нь Ц сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дээрх газрыг эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан;

            - 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн газрын даамлыг оролцуулан маргаан бүхий газрыг хэмжихэд “Г-ийн газрыг хэмжихэд гектарын өргөн нь 19м байсан” гэх маргааныг урьдчилан шийдвэрлэх үеийн тэмдэглэл;

            - 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн газрын даамал болон хөрш залгаа хадлангийн газар эзэмшигч иргэдийг оролцуулан маргааныг урьдчилан шийдвэрлэх хурлын тэмдэглэлд “О /Г-ийн эхнэр гэх/: Миний хувьд хадлангийн талбайн хэмжээ 1га-д хүрэхгүй байна. Энэ маргаан үүсэж 5 жил боллоо. Хадлангийн газрын гэрчилгээтэй, гэрчилгээндээ 1га газрыг 30 жилийн хугацаатай олгосон гэрчилгээг 2016 онд авсан. Энэхүү газрыг маань шийдвэрлэж өгнө үү. К- та гэрчилгээг аваад ир, гэрчилгээ үзэж үнэхээр үнэн бол танд гомдолгүй, бусад хэлбэрээр газраа шийдвэрлүүлнэ” гэх, “Т.Айтуган /Сумын Засаг дарга/: ... К-, С- гэдэг 2 хүний нэр дээр гэрчилгээ байгаа гэдэгт итгэхгүй байна. Гэрчилгээг олох хэрэгтэй. О та шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэх, “Шийдвэрлэсэн нь: К-, М, А гэдэг хүмүүсийн гэрчилгээг үзэхээр болсон. 149, 150, 151, 153, 154, 155 дугаар бүхий хадлангийн талбайн гэрчилгээг олох, олсны дараа ажлын хэсэг дахин хуралдахаар шийдвэрлэв” гэж тусгасан байдал;

            - Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр захирамж болон түүний хавсралтаар 1999 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03-13-2009 дугаар гэрчилгээг хариуцагч Б.С-т “Баян-Өлгий аймгийн Ц сумын нутагт байршилтай, Харгантын услалтын систем-153 дугаар хадлангийн талбайг 15 жилийн хугацаагаар”, 1999 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03-13-2008 дугаар гэрчилгээгээр хариуцагч Б.К-д “154 дүгээр хадлангийн талбайг мөн 15 жилийн хугацаагаар” тус тус эзэмшүүлсэн бөгөөд гэрчилгээний хугацаа тус тус дуусгавар болсон;

            - Шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн маргаан бүхий хадлангийн талбайд үзлэг хийсэн тэмдэглэлээр “Хариуцагч Б.К-ий хадаж буй 154 дүгээр хадлангийн талбайн урт 303м, өргөн нь 31 м, нийт талбайн хэмжээ 9393м.кв байв, хариуцагч Б.С-ын хадаж буй 153 дугаартай хадлангийн талбайн урт 303м, өргөн нь 28м, нийт талбайн хэмжээ 8484 м.кв байв, Д.Г-ийн тавьсан чулуу гэх чулуунаас Б.К-ийн талбайн баруун урд булан хүртэл 15 м зайтай байв” гэж тогтоогдсон нөхцөл байдал;

- уг үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан бүдүүвч зураг зэргийг зохигчийн тайлбартай харьцуулан үзээд нэхэмжлэгч Д.Г- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын нутагт байршилтай, Харгантын услалтын систем-152 дугаартай хадлангийн талбайг эрх бүхий албан тушаалтны шийдвэр, зохих гэрчилгээ, гэрээгээр хууль ёсоор эзэмшдэг боловч түүний эзэмшиж буй талбайн хэмжээ гэрчилгээ, гэрээнд заасан 1га буюу 10.000 м.кв хэмжээнд хүрэхгүй, уртаашаа 303м, өргөн нь 19м, нийт 5757 м.кв хадлангийн талбайг бодитоор эзэмшдэг ба түүний хууль ёсоор эзэмшиж буй талбайгаас өргөнөөр 15м, уртаашаа 303м хэмжээтэй талбайг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж буй нь тогтоогдсон байна.

 

            9. Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу талуудаас гаргаж өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл нь Ц сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, маргааныг урьдчилан шийдвэрлэх үед үйлдэгдсэн болон шүүхийн үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг зэргээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг Харганатын услалтын систем 152 дугаар талбай-д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг хариуцагч Б.К-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

            10. Хариуцагч нар татгалзлаа Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр захирамж, 1999 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03-13-2009 дугаар, 1999 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03-13-2008 дугаартай тус тус 15 жилийн хугацаатай олгосон гэрчилгээнүүдэд үндэслэсэн боловч тус газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хугацаа дуусгавар болсон тул хариуцагч нарыг дурдсан хадлангийн талбайг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэхгүй. Тиймээс хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

11. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Гэтэл хариуцагч Б.К-, Б.С- нарын 1999 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2014 онд дуусгавар болсон буюу тэдгээрийн газар эзэмших эрх хууль ёсны бус тохиолдолд Б.К-, Б.С-  нарын “Г-ийн эзэмшиж буй газартай давхцаагүй” гэх хариу тайлбар үндэслэлгүй. Нөгөө талаар, хариуцагч Б.К-, Б.С- нарын одоогоор эрхийн гэрчилгээгүйгээр, хууль бусаар, бодитоор эзэмшиж буй хадлангийн талбай нь нэхэмжлэгчийн хууль ёсоор, эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй талбайд өргөнөөр 15м орсон байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад баримт тэмдэглэлээр тогтоогдсон тул хариуцагч нарыг энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн эзэмшвэл зохих талбайг хууль бусаар буюу эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

12. Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

13. Хуульд зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/01012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

                                   

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК