Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00298

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03402 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-ийн хариуцагч И-т холбогдуулан гаргасан А- 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн автомашины өмчлөгч мөн болохыг тогтоож, тус тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А- нь 2019 оны 02 дугаар сарын 25-нд Sinotruk ZZ маркийн 88-52 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2021 оны 01 дүгээр сард тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солихоор эрх бүхий байгууллагад хандахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас бусдад шилжүүлэхийг хориглосон талаар мэдэгдсэн. Үүнийг тодруулахад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ганболд нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Ганболдын нэр дээр бүртгэлтэй 88-52 ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ДШМ/586 дугаартай магадлалд Д.Ганболдын өмгөөлөгч Г.Должинсүрэн бусдын нэр дээр байгаа тээврийн хэрэгслүүдийг хохиролд тооцсон нь буруу гэж гомдол гаргасан боловч эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурдаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 563 дугаартай тогтоолд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлт үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг Д.Ганболдын өмч гэж үзэн бусдад шилжүүлэхийг хянасан талаар Нийслэлийн Прокурорын газар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч зөвхөн шүүх уг автомашиныг А-ийн өмч гэж тогтоосон тохиолдолд шийтгэгдэх боломжтой гэсэн. Д.Ганболд нарын 4 хүнд холбогдох 19020034301165 дугаартай эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор зөвшөөрөл олгосны дагуу мөрдөгч автомашиныг бусдад шилжүүлэхийг хязгаарласан тогтоол үйлдсэн талаар мэдээгүй. Иймд 88-52 ОРА улсын дугаартай Sinotruck ZZ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь А- мөн болохыг тогтоож Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардлагад холбогдуулан тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт зааснаар 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Хишигсайханы Батхуягийг тогтоож, уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс холбогдох албан тушаалтанд явуулсан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-186/12510 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийг журамлан саатуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст болон Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2-165/7919, 2-165/7918 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 918 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 563 дугаар тогтоолоор Д.Ганболдын эзэмшлийн Роял групп ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 85-42 УБВ улсын дугаартай Nissan Datsun маркийн 61-47 УНИ улсын дугаартай Izuzi elf маркийн тээврийн хэрэгслүүд, мөн түүний нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай Mitsubishi pajero маркийн, 16-43 УНТ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн, 34-19 УНЭ улсын дугаартай Howo ZZ3257 маркийн 60-80 УНХ улсын дугаартай beiben ND5310 маркийн, 04-00 УБӨ улсын дугаартай Mercedens benz маркийн, 90-81 УБР улсын дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслүүд, 97-39 УН улсын дугаартай cheng gong маркийн шанагатай ачигч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эмералд резиденс хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсанд заагдсан 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-186/12510 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, төлбөрт суутгахаар заасан. Хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгөөс хохиролд тооцуулахаар даалгасан ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Д.Ганболд 2012 оны 06 дугаар сард уг тээврийн хэрэгслийг бусдад зарсан. Улмаар автомашин дамжиж зарагдсаар А- худалдаж авсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон. Төлбөр төлөгч шүүгдэгч Д.Ганболд нь 4 холбогдогчтой эрүүгийн хэргийн холбогдогч юм. Эрүүгийн хэрэгт авагдсан лавлагаа нь буруу байсан. А- нь уг тээврийн хэрэгслийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эзэмшил, өмчлөлдөө бүртгүүлж худалдаж авсан. Автомашиныг авснаас хойш прокурорын газраас эд хөрөнгийг битүүмжлэх буюу хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсны дагуу автомашин хохиролд тооцогдсон. Үүнийг А- мэдээгүй байсан бөгөөд 2022 онд автомашины тээврийн хэрэгслийн дугаарыг солихдоо битүүмжлэгдсэн болохыг мэдсэн. Анхан шатны шүүх А-ийг 88-52 ОРА тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, өмнөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хязгаарлалт тогтоосон эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг[D1]  бүхэлд нь хянаж, шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А- нь хариуцагч И-т холбогдуулан 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн автомашины өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ганболдын нэр дээр бүртгэлтэй ...88-52 ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ДШМ/586 дугаар магадлалаар 88-52 ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурдаж шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 563 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (1хх-ийн 220, 2хх-ийн 17, 32-33)

 

1.1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 563 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэхээр тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 799 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгожээ. (1хх-ийн 194-195)

 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгчийн санал гаргасныг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 3076 дугаар зөвшөөрлөөр 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3255 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих зөвшөөрөл олгосон байна. (1хх-ийн 198-199)

 

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-186/12510 дугаар албан бичгээр 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3255 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байна. Гэвч уг тээврийн хэрэгсэл өмчлөгч А- болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогджээ. Иймд дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч А- мөн болохыг шүүх дахин тогтоох үндэслэлгүй юм.

 

2. Нэхэмжлэгчийн 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын талаар.

 

Маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурдаж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлалаар шийдвэрлэгдсэн уг асуудлыг хянан шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй байна.

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заадаг бөгөөд уг иргэний нэхэмжлэл, гэм хорын хохирлын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар авч хэлэлцэх болохоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа, түүний үндсэн дээр гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, улмаар уг эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ иргэний хэргийн шүүхэд хуулиар олгогдоогүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ялтан, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргавал оролцуулна гэж заасан байгааг, уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн автомашины өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03402 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И-т холбогдох 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн автомашины өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч И- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.БАТЗОРИГ

 

 


 [D1]Энэ хоёрын аль нэгээр нь бичих үү?