Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00359

 

 

 

У- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04874 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л- ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,189,723,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбор, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, Э.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

У- ХХК нь Л- ХХК-д 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 300,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, мөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 150,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсанд байрлах 3,144 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг барьцаалсан. Зээлдэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хүүд 9,300,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүүд 9,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү 9,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180,000 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1,375 хоног өнгөрсөн. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт мөн оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хүүд 2,700,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 90,000 төгрөгийг төлсөн. Хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход нийт 796,570,000 төгрөг болсон. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, хүү 412,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,640,000 төгрөг, нийт 793,140,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр авсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 206,250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,320,000 төгрөг, нийт 396,570,000 төгрөг болно. Эдгээрийг нэгтгэвэл, нийт үндсэн зээл 450,000,000 төгрөг, зээлийн хүү 618,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,960,000 төгрөг, бүгд 1,189,710,000 төгрөг болно. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эхний гэрээний хувьд хүү 10,140,000 төгрөг, хоёрдугаар зээлийн гэрээний хувьд хүү 25,350,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,070,000 төгрөгийг тус тус нэмэгдүүлснээр хоёр зээлийн гэрээний үндсэн үүрэгт 450,000,000 төгрөг, зээлийн хүү 694,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,170,000, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 1,280,983,000 төгрөг болно. Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Л- ХХК нь У- ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-03092018 дугаартай зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөг зээлэх зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 17020 Дүнжингарав гудамж, 210 тоотод байрлах 3.144 м.кв, 600,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг Б.Өнөр-Утаст бэлнээр өгсөн. У- ХХК-ийн захирал н.Насанбуян нь Баянзүрх дүүрэг 2 хороо, Хоршооллын 13361, Б.Доржийн гудамж, 55 байр, 21 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг 100,000,000 төгрөгт тооцож, ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал байсан Ц.Булганд худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Б.Өнөр-Утас захирлаар нь бэлнээр 150,000,000 төгрөгийн авсан гэсэн баримтад гарын үсэг зурахыг шаардаж гарын үсэг зуруулан авсан. Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасны үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх талаар заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох ёстой. Гэтэл У- ХХК нь Л- ХХК-д зээлийн данс нээлгүйгээр 350,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр өгч, ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээний 100,000,000 төгрөгт тооцон мөнгөн хөрөнгө бус үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Мөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-05182018 дугаар зээлийн гэрээ байгуулахад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Булган нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр томилогдож улсын бүртгэлд бүртгүүлсэн. ЗГ-05182018 дугаар зээлийн гэрээг хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас байгуулсан нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хэлцэл гэж үзнэ. Учир нь: хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас нь гүйцэтгэх захирал н.Булганд банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй. Иймд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-03092018 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 05 сарын 18-ны өдөр ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л- ХХК-аас 1,189,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,273,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Л- ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан (17020) Дүнжингарав гудамж, 210 тоот хаягт байршилтай, 000648943 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206055956 улсын бүртгэлийн дугаартай, 3,144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж,

3.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,948,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л- ХХК-аас 6,176,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх Банк, зээлийн эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг үнэлж дүгнэхдээ Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж зааснаар тус харилцааг Иргэний хуулиас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулах байсан. Шүүх тусгайлан зохицуулсан хуулийн 20 дугаар зүйлээс 30 дугаар зүйл хүртэлх зээлийн үйл ажиллагаанд тавигдах хуулийн шаардлагыг тайлбарлан хэрэглэх ёстой байсан боловч зөвхөн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг дурдан Иргэний хуулийн 39-40 дүгээр зүйлээр зохицуулсан хүсэл зоригийн илэрхийлэл байна гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. У- ХХК нь данс нээж зээлдэгчид мөнгөн хөрөнгө буюу 450,000,000 төгрөг олгоогүй. 350,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин 100,000,000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгч 450,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан баримтад гарын үсэг зуруулсан. Мөн шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан нотлох баримтыг болон тайлбарыг хуульд заасан үндэслэлээр үгүйсгээгүй талаар дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... мөнгөн хөрөнгийг шилжүүлнэ... гэсэн болон Банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дэх хэсэг, 23 дугаар зүйл, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд тус тус заасныг нэхэмжлэгч хэрхэн ойлгож хэрэглэсэн, хуульд заасан шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн талаар энэ талын нотлох баримт хэрэгт авагдаагүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэсэгт зааснаар буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар шүүх буруу дүгнэсэн. Шүүх ...Хэлцэл хууль зөрчсөн байх нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн байхыг эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд энэ нь тухайн хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Тиймээс ...данс нээж зээл олгоно гэсэн зохицуулалтын дагуу зээлийг олгоогүй нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй... гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан хоёр зээлийн гэрээ нь Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зээлийн үйл ажиллагааны шаардлагыг хангаагүй хэлцэл байгааг шүүх үнэлж дүгнээгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Ц.Булган бус хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас байгуулсан буюу Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан ....хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл.... байна гэх татгалзлыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгт ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болон мөн оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдахад хариуцагч компанийн захирлаар Ц.Булган томилогдсон байсан гэх хариуцагчийн тайлбар, татгалзал баримтаар нотлогдоогүй бөгөөд дээрх зээлийн гэрээнд Л- ХХК гэсэн тамга дарж, хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас гэж гарын үсэг зурсан гэж үгүйсгэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Ц.Булганыг захирлаар томилсон бүртгэл 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн байна ... худалдан авагч Ц.Булган нь хариуцагч компанийн захирлаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үнэлсэн нь үндэслэлгүй.

Л- ХХК-д мөнгөн хөрөнгө бус үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг У- ХХК үгүйсгэж баримтаар няцаагаагүй.

Зээлдэгч Л- ХХК гэрээний үүргээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноо илэрхийлсэн. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор үүргээ биелүүлэх боломжгүй нь тодорхой байхад зээлдүүлэгч У- ХХК зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлж гэрээг цуцлах ёстой байтал зээлийн гэрээний хугацаа дуусахын өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3.3-т заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүй.

Хариуцагч удаа дараа сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид дурдсан зөрчлийг арилган дахин сөрөг нэхэмжлэл гаргасан байхад мөн татгалзаж, татгалзсан захирамжийг шүүх хуралдаан болохоос 20 минутын өмнө гаргаж хариуцагчид гардуулан өгсөн ба шүүх хуралдааны үеэр хариуцагч тал тухайн татгалзсан захирамжид гомдол гаргах эрхээр хангахыг хүссэн боловч хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Анхан шатны шүүх хуралдаанд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах 3,144 м.кв орон сууцны захиалагч нар буюу гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж буй талаар дурдагдсан бөгөөд шүүх гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн эсэхийг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Зээлдэгч нарт үүргийн дагуу кассын баримт үйлдэж 450,000,000 төгрөгийг олгосон. Данс нээх боломжгүй байсан. Мөн компанийн нэг хувьцаа эзэмшигч нь Б.Өнөр-Утас, Ц.Булган нар гэр бүлийн гишүүд ба нэгдмэл ашиг сонирхолтой. Шүүхээс гэрээ болон Компанийн тухай хууль хэрэг авагдсан нотлох баримтыг зөв үнэлсэн. Р.Булган, н.Насанбуян нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж 100,000,000 төгрөгт орон сууц шилжүүлэн өгсөн. Зээлдэгч гэрээний дагуу 450,000,000 төгрөг авсан талаар тэмдэглэлд тусгагдсан гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 06 дугаар сараас хойш зээлийн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, ийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч Л- ХХК-аас ЗГ03092018 дугаартай гэрээний үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүүд 412,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,640,000 төгрөг, ЗГ05182018 дугаартай гэрээний үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүүд 206,250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,320,000 төгрөг, нийт 1,189,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнэж зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзсэн атлаа хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхгүй байхаар хуульчилсан, талуудын хооронд байгуулсан гэрээгээр мөн энэ талаар харилцан тохирсон, хуулиар тогтоосон шаардах эрхээ хэрэгжүүлснийг буруутган дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

У- ХХК-аас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхлэх үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл Б.Өнөр-Утас, Ц.Булган нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан. Л- ХХК-ийн захирал Ц.Булгантай уулзахад ...Манай компани үйл ажиллагаандаа зориулж банкнаас бага хүүтэй зээл авахаар хөөцөлдөөд одоо хурлаар зээл шийдэгдэнэ. 2019 оны 12 дугаар сарын эхээр зээл олгох байсан боловч бүтээгүй. Хэрэв энэ зээл бүтэхгүй бол давхар бусад банкнаас зээл хөөцөлдөж байгаа одоогийн байдлаар хуулийн хэлтэс, эрсдэлийн хэлтсээр дамжин орж зээлийн нөхцөлөө бүрэн хангасан байгаа, Бид банкнаас хөрөнгө оруулалтын зээл авах гэж байгаа бөгөөд эхлээд уг авсан зээлээ бүгдийг төлж дуусгана, 2020 оны 04 дүгээр сараас төлөлтөө хийж эхлэх саналтай байна. Манай рестораны үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж байгаа ба бид бага багаар орж ирсэн санхүүжилтээ ресторанаа нээхэд зориулж хэрэглэсэн болно, мөн Л- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас нь Барьцаалагдаж буй барилга маань 85-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд 7 сардаа зээлээ төлж барагдуулна гэх мэтчилэн ярьж хүсэлт өгөн удаа дараа хойшлуулж байсан. Мөн талууд зээлийн төлбөрийн талаар тохиролцох санал гаргасан боловч хариуцагч нь хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утастай ярилцана гэж хугацаа их авдаг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хүсэлт гаргасан боловч эвлүүлэн зуучлагчаас Л- ХХК-тай холбогдож чадаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч тал санаатайгаар зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Л- ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд хамааралгүй, нэг сарын дараа Б.Насанбуян болон Ц.Булган нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээнд хамруулж тайлбарласныг анхан шатны шүүхэд няцааж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,270,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй. Шүүх зээлдэгч зээлээ төлөх боломжгүй 3 жил болсон байхад гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусахад нэхэмжлэл гаргаж зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаанаас үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч У- ХХК нь хариуцагч Л- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 450,000,000 төгрөг, зээлийн хүү 694,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,170,000 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, бүгд 1,280,983,000 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус ... гэж маргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч У- ХХК нь 300,000,000 төгрөгийг зээлдэгч Л- ХХК-д зээлдүүлэх, зээлдэгч нь 300,000,000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 30 хоногийн 3 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт тус тус заасантай нийцсэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлдүүлэгч У- ХХК нь зээлдэгч Л- ХХК-д дээрх зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болон хариуцагч Л- ХХК нь дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 9,360,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Дээрх ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн, 56.1.8 -д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ц.Булганыг 2018-04-ны өдөр захирлаар бүртгэсэн байх боловч зээлдэгч Л- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утасаас барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтад гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан, зээлдэгчийн анкетад Ц.Булганыг Л- ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн мэдээлэл тусгагдсан байна. (хх-ийн 78, 87)

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 412,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,640,000 төгрөг, нийт 793,140,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

1.2. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗГ05182018 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч У- ХХК нь 150,000,000 төгрөгийг зээлдэгч Л- ХХК-д зээлдүүлэх, зээлдэгч 150,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүгийн хамт 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хугацаатай буцаан төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул зээлдүүлэгч У- ХХК нь зээлдэгч Л- ХХК-д мөнгөн хөрөнгө буюу гэрээгээр тохиролцсон 150,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

1.2.а. Гэвч зээлдүүлэгч У- ХХК нь зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгч, харин 100,000,000 төгрөгт худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууц шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар болон 2018-06-26-ны өдрийн зээлдүүлэгч У- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Насанбуян, зээлдэгч Л- ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Булган нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогджээ. (хх-ийн 132)

Хариуцагч талаас ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүрэн олгоогүй, 50,000,000 төгрөгийг бэлнээр олгож, харин 100,000,000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгч 150,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан баримтад гарын үсэг зуруулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцсэн боловч гэрээний талууд зээлийн гэрээний зүйлийг үл хөдлөх хөрөнгөөр тооцож шилжүүлэхээр тохиролцох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт болон тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулга, зорилгод нийцээгүй, хууль зөрчсөн байгааг анхаараагүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

1.2.б.Дээр дурдсан байдлыг эрх зүйн үүднээс дүгнэж үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ05182018 дугаартай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний зарим хэсэг буюу 100,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагчийн тайлбар болон гомдолд дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байхаас гадна Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ББСБ-ын үйл ажиллагааны төрөлд зээлдэгчтэй арилжааны гэрээ байгуулах эрхийг олгоогүй тул нэхэмжлэгч У- ХХК хариуцагч Л- ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууц шилжүүлэн өгснийг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй.

Зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу 100,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр хариу төлбөр буюу зээлийн үнэ болох хүү, улмаар нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээх үндэслэлгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Л- ХХК нь орон сууцны үнээр тооцож зээлдүүлсэн гэх 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч У- ХХК-д төлөх үүрэгтэй.

 

1.2.в. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗГ05182018 дугаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч У- ХХК нь 50,000,000 төгрөгийг зээлдэгч Л- ХХК-д шилжүүлэн өгсөн тул дээрх зээлийн гэрээний энэ хэсгийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд энэ зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 67,650,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,530,000 төгрөг, нийт 131,180,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөгийн хамт 231,180,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

2.1. Анхан шатны шүүх Нэхэмжлэгч шүүхэд бичмэл нотлох баримт гаргахдаа хуулиар тогтоосон нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан байдлаар гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс 13,000 төгрөгийн зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хуулиар хүлээсэн үүрэг нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд хамаарахгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 13,000 төгрөгийн зардалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

2.2. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 210 тоот хаягт байршилтай, Л- ХХК-ийн өмчлөлийн 3,144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ. (1хх-ийн 14-15, 19-20)

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин шүүх Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсноос гадна хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдах этгээдийг томилоогүй байх тул зөвтгөж өөрчлөх нь зүйтэй.

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд хариуцагч Л- ХХК 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар буцаан төлөх үүрэг хэвээр үлдэж байгаа тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

4. Давж заалдах заалдах гомдлын талаар.

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр зээлийн гэрээний үүргийн хэмжээг тодорхойлсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийг тооцох ёстой гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

4.2. Нэхэмжлэгч У- ХХК болон хариуцагч Л- ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болон мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан үед хариуцагч компанийн төлөөлж Ц.Булган, Б.Өнөр-Утас нар оролцсон ба гэрээнд тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас гарын үсэг зурсан, мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэхээр зааснаас гадна тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж зааснаар зээлдүүлэгч У- ХХК нь мөнгөн хөрөнгийг зээлдэгч Л- ХХК нь бэлнээр олгосон болох нь тогтоогдсон тул данс нээж олгоогүй гэх үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

4.3. Хариуцагч Л- ХХК зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх ...хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагчийн татгалзалд хамаарахаар байна... гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.4. Хариуцагч 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон байтал нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч У- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч Л- ХХК-д зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар удаа дараа шаардлагыг хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй байна. (1хх-ийн 101-106)

 

4.5. Хариуцагч Л- ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 210 тоот хаягт байршилтай, өөрийн өмчлөлийн 3,144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Уг барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй байхаас гадна энэ талаар хэн алин нь хүсэлт гаргаж байгаагүй тул гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л- ХХК-аас ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 793,140,000 төгрөгийг, ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 131,180,000 төгрөгийг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөгийн хамт нийт 1,024,320,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК-д олгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04874 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л- ХХК-аас 1,024,320,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 256,663,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л- ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан (17020) Дүнжингарав гудамж, 210 тоот хаягт байршилтай, 000648943 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206055956 улсын бүртгэлийн дугаартай, 3,144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

3 дахь заалтын 6,176,700 гэснийг 5,279,550 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 614,315 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлсөн 6,176,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ