Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00361

 

 

 

 

Н-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03438 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н-гийн хариуцагч Ю-д холбогдуулан гаргасан 21,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагч Ю-, түүний өмгөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ю- нь Н-гаас 2017 оны 07 дугаар сард автомашин авах гэсэн юм 15,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн өмнөх зээлийн үлдэгдэл 3,600,000 төгрөгт нэмж 18,600,000 төгрөг болгон зээлж Toyota sai маркийн автомашиныг авсан. Түүнчлэн, Н-гаас утай гүмбэн явах зардал 1,600,000 төгрөг, вакум цонх хийлгэх хөлс 1,500,000 төгрөг зээлсэн. С.Оюун-Эрдэнэ нь Н-гаас 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 21,700,000 төгрөгийг зээлсэн. Зээлийг эргүүлэн төлөхийг 2018, 2019, 2020, 2021 онуудад шаардсан боловч эхэндээ төлнө төлнө гэж байснаа сүүлдээ манай дүүгээс зээлсэн мөнгө дутуу учраас чамд зээлсэн мөнгөө төлөхгүй гэж маргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ анх зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн О.Оюун-Эрдэнийг 21,700,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж түүнээс дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Н- Ю-д 2017 оны 07 дугаар сард автомашин авахад 15,000,000 төгрөг өгсөн нь тусламж байсан. Гэтэл зээлдүүлсэн гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 3,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан гэх тайлбар үндэслэлгүй. Утай гүмбэн явахдаа зардал 1,600,000 төгрөг аваагүй. Н-гийн эгч Д.Энхдаваа манай шинэ байшинг мялааж цонхны хаалт хийж өгье гэж вакум цонхны хөлс 1,500,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю-эс 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 266,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю-эс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,700,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 695 дугаар магадлалд үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, хэрэгт хамааралтад нөхцөл байдлыг тэмдэглэлд тусгаагүй талаар дүгнэлт өгч нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх зохигчийн хооронд харилцан ярианы бичлэгийг нотлох баримт цуглуулах хуульд заасан журам зөрчсөн тул үзлэгийн тэмдэглэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 21,700,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн. Шүүх хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.Талуудын хооронд дээрх 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан 2017 оны 10 дугаар сараас хойш Н-, Ю- нарын хооронд мөнгөн хөрөнгө харилцан шилжүүлж байсан дансны хуулгаас үзэхэд Н- нь 15,000,000 төгрөг зээлдүүлсэн бол дээрх хугацаанд уг мөнгөн хөрөнгийг суутгаж авах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна хэмээн дүгнэж зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас давсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Ю- Н-г мөнгөн хөрөнгө бэлэглэсэн гэж тайлбарласан боловч бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч талуудын маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Н- хариуцагч Ю-д холбогдуулан 21,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ...Ю- 2017 оны 07 дугаар сард автомашины авахад зориулж авсан 15,000,000 төгрөг зээлсэн ба өмнөх зээлийн үлдэгдэл 3,600,000 төгрөгийг нэмж, нийт 18,600,000 төгрөг зээлсэн, мөн аяллын зардал 1,600,000 төгрөг, вакум цонхны төлбөр 1,500,000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн тул хариуцагчаас нийт 21,000,000 төгрөг гаргуулна... гэж, хариуцагч ... аяллын зардлыг нэхэмжлэгчээр төлүүлээгүй, автомашин авахад өгсөн 15,000,000 төгрөг болон вакум цонхны төлбөр 1,600,000 төгрөгийг найзаас өгч буй дэмжлэг туслалцаа гэж ойлгож хүлээн авсан ... гэж тайлбарласан.

 

1.1. Нэхэмжлэгч Н- нь хариуцагч Ю-д автомашин авахад зориулж 15,000,000 төгрөг өгсөн, авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх эсхүл бэлэглэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч Ю- нь нэхэмжлэгч Н-гаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь бэлэг байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Н- нь автомашины төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч Ю-эс шаардах эрхтэй.

 

Зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамаарах тул тэдгээрийн тайлбарын агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1.2. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид зээлдүүлсэн 9,940,000 төгрөгөөс 3,600,000 төгрөг төлөгдөөгүй болон вакум цонхны үнэ 1,500,000 төгрөг, аяллын зардал 1,600,000 төгрөг, нийт 6,700,000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй ... гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Н- гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03438 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ